Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02164

 

 

     

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Энэбиш, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/13777 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: даатгалын нөхөн төлбөр 4,386,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөр 4,386,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь даатгуулагч санаатайгаар даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн гэж эс зөвшөөрч, талууд маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

4. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 2023 оны 11 сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн, 6654УБУ улсын дугаартай, Lexus rx450 маркийн тээврийн хэрэгслийг 62,000,000 төгрөгийн үнэлгээгээр даатгуулах, даатгалын хураамжид жил бүр 558,000 төгрөг төлөх, даатгагч ******* нь гэрээнд заасан эрсдэл бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.

5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ цахимаар байгуулагдсан, гэрээ байгуулагдсан үйл баримтыг зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдсонгүй. Мөн даатгалын гэрээний дагуу даатгуулагчаас даатгалын хураамж төлөгдсөн талаар зохигч маргаагүй байна.

 

6. Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материал, *******-ийн 2024 оны 08 сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлан зэрэг бичгийн баримт, зохигчийн тайлбараар даатгалын гэрээний хүчинтэй хугацаанд буюу 2024 оны 08 сарын 22-ны өдөр нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн 6654УБУ улсын дугаартай, Lexus rx450 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа ******* дүүргийн ****** хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр эмнэлгийн зүүн талын авто зам дээр 9654УАВ улсын дугаартай, Toyota prius маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан, үүний улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд 4,740,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

7. Даатгалын гэрээгээр үндсэн эрсдэлд зам тээврийн хөдөлгөөний бүх төрлийн ослыг хамааруулахаар заасан хэдий ч даатгалын гэрээний 3.1.1-д даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохгүй байхаар заасан, дээрх тохиролцоо нь гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцнэ.

 

Нэхэмжлэгч ******* нь тухайн тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөнөөс гадна мөн Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтаар баталсан Замын тэмдэглэл-ийн 1.3-т хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ: 1.1. хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, 1.4-т 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно гэснийг зөрчиж замын зорчих хэсгийн хэвтээ үргэлжилсэн цагаан зураасыг давах үйлдэл гаргаснаас осол гарсан болох нь зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, зам тээврийн ослын үеийн гэрэл зургаар тогтоогдож байна.

 

8. Иймд даатгуулагч даатгалын тохиолдол бий болгох нөхцөл орчныг бүрдүүлсэн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй, хариуцагч ******* нь даатгалын нөхөн төлбөрийг нэхэмжлэгч *******т олгохоос татгалзсан нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, даатгалын гэрээний 3.1.1-д заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 23-ны өдрийн 197/ШШ2025/13777 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,126 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН