Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 161

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,  
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Бы Мт холбогдох эрүүгийн....... дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.М

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн .... сумын ... дүгээр багийн нутагт иргэн Д.Нгийн гарыг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
         
     Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт: “…мэдүүлэг өгөхгүй…” гэв.

     Шүүгдэгч Б.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Архиа ууж дуусгаад сууж байтал Н, Т ахыг дээрэлхэх гээд хэл амаар доромжлоод байсан юм. Тэгэхээр нь би Нг “чи боль, настай хүнийг битгий дээрэлхээд бай” гэж хэлэхэд Н намайг тоохгүй байгаад байсан. Миний үгийг сонсохгүй байгаад байхаар нь би Нг дагуулаад тэр хашааны буланг тойроод айлгах санаатай нэг архины шил хагалаад дээшээ өргөх гэтэл Нгийн зүүн гарыг зүсчихсэн... Өөрийнхөө гэм бурууг ухаарч ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-60 дугаар хуудас,

     Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13 дугаар хуудас/,

          Хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр... Т ах бид хоёр согтуудаа маргалдсан... Тэгтэл М хажуунаас “Та хоёр битгий маргалдаад бай, Н чи настай хүнтэй битгий маргалдаад байгаач” гэж хэлж байсныг санаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь М миний зүүн гарыг зүсчихсэн байсан. Би цус алдаж хэсэг зуур ухаан алдсан байсан...Миний гарт 8 удаагийн оёдол тавьсан...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 6-8 дугаар хуудас/,

     Гэрч Д.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхээгийн морины жүчээний тэнд явж байтал М таараад Нг сум руу оруулаад өгчих гэхээр нь Нг ганцааранг нь суулгаад сумын төв орж ирсэн... Нг сум руу аваад явах үед Н зүүн гараа боосон байсан... М зүссэн. Өөрөө ч хэлж байсан. Нг Т ахтай муудалцаад байхаар нь зүсчихлээ гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

           Гэрч Ш.Цын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 сарын 16-ны өдөр ... 13 цагийн орчимд Сумын эмнэлгээс над руу залгаад “Н гэдэг хүн цус их алдсан ухаангүй байдалтай эмнэлэгт хүргэгдэж ирлээ, та хүрээд ир” гэж хэлэхээр нь би сумын төв рүү орж ирсэн...3үүн гарандаа 8 удаа оёдол тавиулж 2 литр дусал залгуулж хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

           Гэрч Т.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н миний өөдөөс юу гээд байгаа нь мэдэгдэхгүй олон юм яриад байсан... Тэгтэл М Нг дагуулаад хашааны булан тойрч байгаа харагдсан. Тэгээд булан тойроод буцаж ирэхдээ Нгийн гар цус болчихсон хүрээд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

           Шинжээчийн ... дугаартай: “...Д.Нгийн биед зүүн алганы гадна хажуу хэсгийн шарх тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 4 дүгээр багийн нутагт иргэн Д.Нгийн гарыг шилээр зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

            Иймд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй тул Бы Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

    Шүүгдэгч Б.Мын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заажээ. Хохирогч Д.Н нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

    Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хөрөнгө, бусад орлого олох боломж, прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь торгуулийн ялыг 6 сарын хугацаанд төлж улсын орлогод оруулахаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

           Хавтаст хэргийн 8 дугаар хуудаст хохирогч Д.Н нь “...Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Бы Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.


 

                                   ДАРГАЛАГЧ                   Н.АДЪЯА