| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/05886/И |
| Дугаар | 210/МА2025/02219 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02219
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09058 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүрэг 341,137,279 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******-тай 2024 оны 04 сарын 18-ны өдөр 2024-TU-JSSM-020 дугаар нүүрс тээвэрлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан. *******-ийн нүүрсийг Өмнөговь аймгийн Ноён суманд орших Баруун Ноён Уул нүүрсний уурхайгаас гэрээлэгч ******* нь БНХАУ-ын Сэкэ боомт руу контейнераар хүргэх тээвэрлэлтийг хариуцахаар үүрэг хүлээсэн. Уурхайгаас хүргэх цэг хүртэлх 2024-TU-JSSM-020 дугаартай гэрээний дагуу нэг тонн нүүрсийг 150 юаниар тооцож *******-ийн нүүрсийг тээвэрлэж байсан.
******* нь тогтоосон хугацаанд чанарын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр нүүрсийг тээвэрлэж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн боловч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж тээврийн үнийг төлөөгүй.
Талууд 2025 оны 05 сарын 20-ны өдөр тооцоо нийлж 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж нэхэмжлэгч тал *******-аас 685,840.93 юанийн авлагатай болохыг баталгаажуулсан. Гэрээнүүдийн 11 дүгээр зүйлийн 11.3-т ...захиалагч тал нүүрс худалдан авагчаас төлбөрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор нэхэмжлэхийн дагуу зохих үнийн дүнг шилжүүлнэ, 15 дугаар зүйлийн 15.1-т ...зөрчил гаргасан тал зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бөгөөд ийнхүү зөрчлийг арилгах тухай мэдэгдлийг нөгөө талаас аваад хуанлийн 14 хоног өнгөрсөн боловч арилгаагүй бол гэрээнээс татгалзахаар заасан.
******* нь *******-ийн баталгаат шуудан руу төлбөрөө төлөхийг шаардаж и-мэйл илгээсэн бөгөөд ******* нь өнөөдрийг хүртэл хугацаанд төлбөрөө төлөөгүй байна.
Иймд *******-аас нүүрс тээвэрлэсэн тээврийн хөлс болох 685,840.93 юань буюу Монгол банкны 2025 оны 05 сарын 26-ны өдрийн хаалтын ханшаар тооцож 341,137,279 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* болон *******-ийн хооронд 2023 онд байгуулсан 2023-TU-ZXYL-004 дугаартай нүүрс экспортын гэрээний дагуу ******* аймгийн ******* сумын нутагт байрших Баруун Ноён уул нэртэй уурхайгаас нүүрс тээвэрлүүлэх гэрээ тусад нь байгуулсан.
*******-тай 2024 оны 04 сарын 18-ны өдөр нүүрс тээвэрлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд ойролцоогоор 4 тэрбум төгрөгийг дээрх нүүрс тээврийн гэрээний дагуу төлсөн.
Харин ******* нь гэрээний 10.3-т заасан үүргээ зөрчиж 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Шивээ хүрэн боомтоос 56 км орчимд *******-ийн мэдүүлсэн Е-00833 тоот гаалийн мэдүүлгээр нүүрс тээвэрлэж явсан *******-ийн 8231УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын буруутай үйлдлээс уг автомашин онхолдож зам тээврийн осол гаргаснаас *******-д 19.250 тонн нүүрс асгарч 3,591,631 төгрөгийн хохирол хохирол учирсан.
Тухайн өдөр асгарсан 19.250 тонн нүүрсний бодит хохирлыг тооцохдоо 1 тонн нүүрсийг 395 юанаар тооцсон буюу нийт 7604 юань болсон бөгөөд Монгол банкны тухайн өдрийн ханшаар 1 юань 472.35 төгрөгтэй тэнцэж байсан.
Мөн нэхэмжлэгч нь 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 21 цагийн үед Шивээ хүрэн боомтоос 76 км орчимд *******-ийн мэдүүлсэн Е-06366 тоот гаалийн мэдүүлгээр 5937 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж явсан жолооч *******ийн буруутай үйлдлээс болж уг автомашин онхолдож зам тээврийн осол гаргаснаас *******-д 15.600 тонн нүүрс асгарч 4,001,740 төгрөгийн хохирол учирсан. Тухайн өдөр асгарсан 15.600 тонн нүүрсний бодит хохирлыг тооцохдоо 1 тонн нүүрсийг 535 юанаар тооцсон буюу нийт 8346 юань болсон бөгөөд Монгол банкны тухай өдрийн ханшаар 1 юань 479.48 төгрөгтэй тэнцэж байсан. Дээрх 2 нүүрс тээвэрлэж явсан автомашины осол болон нүүрсийг буцааж ачихад зөрүү үүссэн талаар Шивээхүрэн боомт дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн дүгнэлт болон ослын үед газар дээр байлцаж протоколд гарын үсэг зурсан нэхэмжлэгч талын ажилтнуудын гарын үсгээр давхар нотлогдоно.
Эхний зам тээврийн ослын үед *******-д учруулсан хохирлыг тогтоосон талуудын хооронд 2025 оны 02 сарын 08-ны өдрийн протоколд Гаалийн улсын байцаагч *******, *******-ийн менежер *******, ******* нар болон зөрчил гаргасан жолооч ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан. Хоёр дахь зам тээврийн ослын үед *******-д учруулсан хохирлыг тогтоосон талуудын хооронд 2025 оны 09 сарын 25-ны өдрийн протоколд Гаалийн улсын байцаагч *******, *******-ийн менежер ******* нар болон зөрчил гаргасан жолооч ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан.
Мөн дээрх зөрчлийг Шивээ хүрэн боомтын Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн гаалийн шалгалтын дүгнэлт, 2024 оны 09 сарын 21-ний өдрийн гаалийн шалгалтын дүгнэлтээр тус тус давхар тогтоогдсон. Иймд 341,137,279 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,593,371 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 341,137,279 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,863,636 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,863,636 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
******* нь гэрээний 10.3-т заасан үүргээ зөрчиж 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 17 цагийн үед шивээ хүрэн боомтоос 56 км орчимд *******-ийн мэдүүлсэн е-00833 тоот гаалийн мэдүүлгээр нүүрс тээвэрлэж явсан *******-ийн 8231 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын буруутай үйлдлээс уг автомашин онхолдож зам тээврийн осол гаргаснаас болж *******-д 19.250 тонн нүүрс асгарч 3,591,631 төгрөгийн, 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 21 цагийн үед шивээ хүрэн боомтоос 76 км орчимд *******-ийн мэдүүлсэн е-06366 тоот гаалийн мэдүүлгээр 5937унн улсын дугаартай тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж явсан жолооч *******ийн буруутай үйлдлээс болж уг автомашин онхолдож зам тээврийн осол гаргаснаас *******-д 15.600 тонн нүүрс асгарч 4,001,740 төгрөгийн хохирол тус тус учирсан ...дээрх зөрчлийг шивээ хүрэн боомтын гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2024 оны 02 сарын 08-ны өдрийн гаалийн шалгалтын дүгнэлт, 2024 оны 09 сарын 21-ний өдрийн гаалийн шалгалтын дүгнэлтээр тус тус давхар тогтоогдсон.
Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтуудыг нотлох баримтын гаргаж өгсөн байтал нотлогдохгүй, мөн нэхэмжлэлд дурдсан хугацаанд хамаарахгүй үеийн төлбөрийг хариуцагч нэхэмжлэлийн дүнгээс хасуулах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 7,593,371 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хэргийн 21 дүгээр талд 2025 оны 03 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн тээвэрлэлтийн төлбөр тооцоог баталгаажуулсан акт, албан бичиг авагдсан байгаа. Хариуцагч тал тус актыг хүлээн зөвшөөрч, компанийнхаа тамга тэмдгийг дарсан бөгөөд анхан шатны шүүх хуралдааны үед тухайн актын талаар маргахгүй гэж тайлбарлаж байсан атлаа одоо энэ талаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг нь ойлгохгүй байна. ******* зөвхөн манай компанид биш өөр олон компаниудад өр төлбөртэй учир тухайн компанийн давж заалдах шатны шүүхэд хандаж байгааг хугацаа авч байгаа үйлдэл гэж бодож байна.
Хариуцагч тал 7,593,371 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг боловч үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан нүүрс тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 341,137,279 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, тооцооны үлдэгдлийн баталгаанд заасан тээврийн хөлсийг төлөөгүй гэж тайлбарласан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, нэхэмжилсэн 341,137,279 төгрөгөөс хохирол 7,593,371 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэсэн тайлбар гаргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
4. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч *******-ийн хооронд 2024 оны 04 сарын 18-ны өдөр нүүс тээвэрлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь захиалагч буюу хариуцагч талын нүүрсийг гэрээлэгч талын тохирсон цэгт контейнероор тээвэрлэж хүргэх, тээвэрлэлтийн үнэ Баруун Ноён уул уурхайгаас хүргэх цэг хүртэлх тээврийн үнэ нь тонн тутамд 150 юань байхаар талууд харилцан тохиролцсон. /хх-9-18/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардах эрхийн талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
6. Хэргийн 21 дэх талд авагдсан Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтаар 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 685,840.93 юанийн авлага гарсныг баталгаажуулж, баримтад *******-ийн нягтлан бодогч *******, *******-ийн нягтлан бодогч ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан болохыг анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-21/
Дээрх Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтын талаар талууд маргаагүй.
7. Иймд анхан шатны шүүх Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үндэслэн 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны тээвэрлэлтээс үүссэн төлбөр 685,840.93 юань буюу 341,137,279 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
8. Хариуцагч нь хариу тайлбар болон давж заалдах гомдлын үндэслэлдээ нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчиж, 2024 оны 02 сарын 05-ны өдөр Шивээ хүрэн боомтоос 56 км орчимд *******-ийн мэдүүлсэн Е-00833 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын буруутай үйлдлээс болж уг автомашин онхолдож зам тээврийн осол гарснаас болж 19.250 тонн нүүрс асгарч хариуцагчид 3,591,631 төгрөгийн, мөн 2025 оны 09 сарын 23-ны өдөр Шивээ хүрэн боомтоос 76 км орчимд нэхэмжлэгчийн мэдүүлсэн 5937 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч *******ийн буруутай үйлдлээс болж машин онхолдож, зам тээврийн осол гарснаас 15.600 тонн нүүрс асгарч хариуцагчид 4,001,740 төгрөг, нийт 7,593,371 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжлэлийн шаардлагаас 7,593,371 төгрөгийг хасуулах агуулгаар тайлбарлаж маргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаас 7,593,371 төгрөгийг хасаж тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8.1. Талууд 2024 оны 04 сарын 18-ны өдрөөс 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчээс тээвэрлэлтийн гэрээний хугацааны нийт үүргийг бус зөвхөн талуудын хооронд үйлдэгдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа баримтыг үндэслэж 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны тээвэрлэлтийн хөлсийг шаардсан гэж дүгнэнэ.
Тиймээс шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийх нь хуульд нийцэх бөгөөд хариуцагчийн тайлбарт дурдсан 2024 оны 02 сарын 05, 2025 оны 09 сарын 23-ны өдрүүдэд үүссэн хохирол гэх 7,593,371 төгрөг нь харилцан тооцох үүрэгт хамаарахгүй байна.
9. Хариуцагч нь тээвэрлэлтийн гэрээний явцад гарсан зам тээврийн осолтой холбоотойгоор учирсан гэх дээрх хохирлоо жич нэхэмжлэхэд энэ магадлал саад болохгүйг дурдаж, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна.
10. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 380.1 дэх хэсэгт гэж илүү бичсэн нь техникийн шинжтэй алдаа байх тул энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/09058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136,444 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Ж.ЛХАГВАСҮРЭН