Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 463

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Ц.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Ат холбогдох эрүүгийн _____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _____________ дугаарын регистртэй, Ц.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ХД-2-57 тоот гэртээ хамтран амьдрагч Ц.Аийг үсдэж, хэвлий, нүүр тус газар нь цохиж баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, зулайн хуйх, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Амэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.А-ын өгсөн:

“...Тухайн өдөр ажлаасаа тараад шөнийн 24 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирээд эхнэртэйгээ ус байхгүй байна гэж маргалдахад эхнэр юу ч дуугарахгүй хэвтээд байсан. Тэгэхээр нь би 3 удаа нүүр лүү нь алгадаж дараа нь үсдэж 1 алгадсан. Тэгээд маргалдаж байгаад бид 2 ээж, аав дээр байгаа хүүхдүүдээ авахаар болоод Налайх руу такси бариад явсан. Тэгээд Налайх руу явах замдаа дэлгүүрээс архи аваад уусан. Тэгээд Налайх дээр очиж хүүхдээ аваад цаашаа Тэрэлж рүү явсан. Тэгээд Тэрэлжээс бас нэг хүүхдээ аваад буцаад хот руу явсан. Тэгээд гэрийн гадаа ирэхэд эхнэрийн эгч нь ирсэн байсан ба цагдаа дуудсан. Би өөрийн гаргасан үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 22, 35-36/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Аийн өгсөн:

“...Тухайн өдөр би гэртээ байхад нөхөр Азбаяр гаднаас согтуу 01 цагийн үед орж ирсэн. Тэгээд гэрт ус байхгүй байна гээд хэрүүл маргаан эхэлсэн. Тэгээд би ус уумаар байна яагаад усгүй байгаа юм гээд гэрээс гараад хашаан дотор орилоод байсан. Тэгээд дараа нь гэрт ороод намайг үсдэж чирээд толгой руу 3-5 удаа цохисон дараа нь гэдэс рүү элэгдсэн, тэгээд нүүр лүү нэг удаа цохисон. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Л.Оийн өгсөн:

“...Тухайн үед гэртээ унтаж байсан тэр шөнө манай хүргэн Азбаяр согтуу ирчихсэн бололтой гадаа маргалдаад байх шиг байсан. Тэр үед Азбаяр усаа авч чадахгүй арчаагүй юмнууд гээд орилоод байсан. Тэгээд шуугилдаж байгаад чимээгүй болцгоосон...тэгсэн чинь Ариунцэцэг гэрээсээ нүд нь хавдчихсан нүүр хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад танай дүү Шархаднаас гараад ирсэн юм шиг урдаас хашхираад байсан. Хохь чинь гэж хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

- Хохирогчийн хүсэлт /хх-н 43/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ___ тоот: 

1. Ц.А-н биед баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зулайн хуйх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 19/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуудас /хх-н 26/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 27/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Ань согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ХД-2-57 тоот гэртээ хамтран амьдрагч Ц.Аийг үсдэж, хэвлий, нүүр тус газар нь цохиж баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар, зулайн хуйх, дагзны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч  Ц.А-ын өгсөн“...2019 оны 4-р сарын 22-ны шөнө 01 цагийн үед БГД-ийн 11-р хороонд байдаг гэртээ орсон чинь манай эхнэр уурлаад байсан тэгээд бид 2 маргалдсан. Тэгээд би гараараа 2-3 удаа нүүр лүү нь алгадаад дараа нь үсдээд дарсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Ц.Аийн өгсөн “...гэрт ороод намайг үсдэж чирээд толгой руу 3-5 удаа цохисон дараа нь гэдэс рүү элэгдсэн, тэгээд нүүр лүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Л.Оийн өгсөн “...Ариунцэцэг гэртээ нүд нь хавдчихсан нүүр нь хөхөрчихсөн байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн шинжээчийн ___ тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Ц.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Аийн “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/, хүсэлт /хх-н 43/ зэргийг харгалзсан шүүгдэгч Ц.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.А-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Ц.А-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ