Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 5393

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 00 тоотод үйл ажиллагаа явуулдаг “ЭДТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Москвагийн гудамж-9, Эндлесс төв 503, 504 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “ТЭЗҮ” холбогдох иргэний хэргийг хянаад:

6,820,060 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “ЭТД” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЭТД” ХХК нь “ТЭЗҮ” ХХК-тай харилцан тохиролцсоны дагуу аман хэлэлцээрээр “ЭДТ” ХХК нь бетон зуурмаг нийлүүлэх, “ТЭЗҮ” ХХК нь бетон зуурмагийг хүлээн авах, үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Тохиролцсон бетон зуурмагийг худалдагч тал нь хуваарийн дагуу худалдан авагч талд нийлүүлж дууссан боловч худалдан авагч төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй юм. 2016 оны 02 сарын 16-ны өдөр талуудын харилцан тохиролцож тооцоо нийлсэн актаар “ТЭЗҮ” ХХК  нь нэхэмжлэгч “ЭДТ” ХХК-д төлөх 5,206,200 төгрөгийн үлдэгдэлтэй гарсан. Уг актаар талууд 0,2 хувийн алдангийг харилцан тохиролцсон. Алдангийг төлбөр төлж дуусах ёстой байсан 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцохоор тохиролцсон бөгөөд хариуцагч “ТЭЗҮ” ХХК-ийн төлөх алдангийн хэмжээ хуульд заасан хувь хэмжээгээр буюу нийт 1,613,860 төгрөг байна. Хариуцагчаас удаа дараа төлбөр төлөхийг шаардахад төлөхгүй байгаа учир шүүхэд хандаж энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд нэхэмжлэгч “ЭТД” ХХК-д бетон зуурмаг худалдсаны төлбөрийн үлдэгдэл болох 5,206,200 төгрөг түүний алданги болох 1,613,860 төгрөг нийт 6,820,060 төгрөгийг хариуцагч “ТЭЗҮ” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ТЭЗҮ” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “ЭТД” ХХК 6,820,060 төгрөг нэхэмжилсэнээс 5,220,060 төгрөгийг төлсөн үлдэх 600,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулна гэжээ.

Нэхэмжлэгч   “ЭТД” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: “ТЭЗҮ” ХХК нь нэхэмжлэлийн дагуу 6,220,060 төгрөгийн цемент өгсөн бөгөөд үлдэгдэл 600,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.        

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ЭТД” ХХК нь хариуцагч “ТЭЗҮ” ХХК-д холбогдуулан 6,820,060  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “ТЭЗҮ” ХХК нь 5,220,060 төгрөгийн үнэд цемент өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага 5,220,060 төгрөгөөр багасгаж, үлдэх 600,000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч “ТЭЗҮ” ХХК нь төлөхийг хүлээн зөвшөөрч төлбөрийг 2016 оны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч “ЭДТ” ХХК нь “ТЭЗҮ” ХХК-иас 6,820,060 төгрөг нэхэмжилсэнээс нэхэмжлэлийн шаардлагаа 5,220,060 төгрөгөөр багасгаж, үлдэх 600,000 төгрөгийг хариуцагч “ТЭЗҮ” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  Баянгол дүүргийн татварын хэлтсийн  2602002965 тоот данснаас 62,040 төгрөгийг, хариуцагч “ТЭЗҮ” ХХК-иас  62,040 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ЭДТ” ХХК-д олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

                                           ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА