| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/02967/И |
| Дугаар | 210/МА2025/02226 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02226
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07920 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******од холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: тээврийн хэрэгслийг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь *******-тай 2021 оны 01 сарын 22-ны өдөр хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 80,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Тухайн үед 8071 УНЧ улсын дугаартай Toyota land cruiser маркийн, арлын JTMHU09J8B5054770 дугаартай автомашин нь *******-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан. Дээрх зээлийн гэрээг анх 3 сарын хугацаагаар байгуулж, гэрээний хугацааг харилцан тохиролцсоноор сунгасан боловч зээлийн төлбөр болон хүү огт төлөхгүй байсан. Иймд тухайн автомашины өмчлөх эрхийг надад шилжүүлсэн.
Гэвч автомашины эзэмшлийг *******-ийн толгой компани *******-ийн ажилтан гэх ******* нь шилжүүлэхгүй, өөрийн өмч гэж маргалдаж, биетээр хүлээлгэж өгөхөөс татгалзаж, одоог хүртэл хууль бусаар *******ийн өмчлөлийн автомашиныг эзэмшилдээ байлгасаар байна. *******-ийн зүгээс *******тэй харилцан тохиролцсоны дагуу автомашин эзэмших эрхийг *******д шилжүүлсэн, бодит байдалд автомашин тус байгууллагын эзэмшилд байхгүй байгаа нь үнэн. Иймд тухайн компанитай маргаангүй болсон гэж үзэж, бодит байдалд эзэмшилдээ байлгаж, хууль ёсны дагуу өмчийн эзэн болсон *******д автомашиныг өгөхөөс зайлсхийж, маргаж байгаа *******ын хууль бус эзэмшлээс автомашинаа гаргуулахаар нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт тус тус зааснаар өөрийн өмчлөлийн зүйлээ *******ийн эрхийг зөрчиж байгаа этгээдээс шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн *******ийн өмчлөлийн автомашиныг хууль бусаар өөр этгээд эзэмшиж байгаад аливаа авто осол, эсхүл зөрчил гаргаж, төлбөр торгууль ногдуулсан тохиолдолд өмчийн эзэн болох ******* хариуцлага хүлээхийг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.7 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас өмчлөлийн зүйл, түүний үр төл, үр шим устсан, гэмтсэний эрсдэлийг өмчлөгч хариуцна гэж заасан байх тул *******ын хууль бус эзэмшилд байлгах нь *******д дээрх эрсдэлийг бий болгож байна.
Анх 2020 оны 02 сарын 19-ний өдөр ******* бонд гаргана гээд бондод нь 60,000,000 төгрөг, түүний барьцаа хөрөнгөд нь дээрх автомашиныг *******ийн нэр дээр шилжүүлсэн. *******-ийн захирал ******* нь төлбөрийг 2023 оны 06 сарын 31-ний өдрийн дотор төлөхгүй бол тээврийн хэрэгслийг *******ийн эзэмшилд шилжүүлнэ гэсэн. Түүнээс хойш дахин уулзах гэтэл хайж олоогүй. Одоо автомашин хариуцагч *******од байгаа учир *******-ийг оролцуулах шаардлагагүй.
Иймд хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс *******ийн өмчлөлийн 8071 УНЧ улсын дугаартай Toyota land cruiser маркийн, арлын JTMHU09J8B5054770 дугаартай автомашиныг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 7081 УНЧ улсын дугаартай, Toyota Land cruiser маркийн автомашиныг 2012 оноос хойш тасралтгүй эзэмшсээр ирсэн. Өөрийн өмчлөлийн автомашиныг өөрт хамааралгүй өрийн төлбөрт тооцож шилжүүлэхийг зөвшөөрөхгүй. *******ийн нэхэмжлэл, түүнд хавсаргасан хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ, *******-д гаргасан хүсэлт зэрэгт дурдагдсан 8071 УНЧ улсын дугаартай автомашин нь *******ын тээврийн хэрэгсэл мөн эсэх буюу нэг автомашины талаар яригдаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа ч дараах тайлбарыг гаргаж байна.
7081 УНЧ улсын дугаартай автомашин нь 2011 онд үйлдвэрлэгдэж, 2012 онд Монгол Улсад орж ирсэн. Тухайн үед ******* нь *******-ийн охин компанид ажиллаж байсан бөгөөд ажилдаа гаргаж байгаа хичээл зүтгэлийг үнэлж, компаниас шагнасан. Автомашиныг лизингээр авч, төлбөрийг компани хариуцан төлж барагдуулаад *******ын дээр автомашиныг шилжүүлсэн. Үүнээс хойш одоог хүртэл ******* уг автомашинаа тасралтгүй өмчилж, ашиглаж, техникийн үзлэг, татвар хураамж, торгуулиа өөрөө төлдөг. 2018 онд *******-ийн нэг охин компанид үйл ажиллагааны зардал хэрэг болж, нөгөө охин компани болох *******-аас зээл авах шаардлага гарч, зээлийн барьцаанд *******ын автомашиныг тавьсан. Тухайн үед *******-ийн захирал ******* манай байгууллагад санхүүгийн шалгалт ордог, барьцаа хөрөнгөгүй зээл гаргаж болохгүй гэж тайлбарлан шилжүүлж байсан.
2020 онд ******* захирал утсаар залгаад цирк дээр автомашинаа унаад хүрээд ир, хүнд автомашиныг нь харуулна, чи өөрийгөө жолооч нь гэж хэлээрэй гэсэн. Тухайн үед энэ нэхэмжлэлд дурдсан хаалттай өрийн бичиг хийгдсэн байж магадгүй юм. Өөрөөр *******ын автомашиныг бусдын өрийн бичгийн барьцаанд барьцаалсан талаар мэдэгдээгүй.
Нэхэмжлэлд дурдсан үндсэн гэрээ болох хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээний дагуу бодитоор 60,000,000 төгрөгийг *******-д хэзээ шилжүүлсэн, өрийн бичгийн эргэн төлөлтийг мөн хэрхэн төлсөн, хэдэн төгрөгийн төлбөр үлдсэн зэрэг үүргийн гүйцэтгэлийн мэдээлэл тодорхойгүй. Үүнээс гадна ******* нь *******-тай маргаангүй гэх боловч тухайн ББСБ-аас нэхэмжлэлд нь дурдсан зарим ойлгомжгүй зүйлсийг тодруулах шаардлагатай. Үндсэн үүрэг гүйцэтгэгч болох *******-аас тайлбар, тодруулга авах нь зүйтэй. ******* нь 2023 оны 06 сард ажлаас гарсан. *******-аас буцааж авахаар хөөцөлдөж эхэлж байсан. Өнөөдрийг хүртэлх автомашины татвар оношилгоо, төлбөр тооцоо бүх зүйлийг өөрийнхөө зүгээс хувь данснаасаа төлдөг байсан. Тухайн тээврийн хэрэгсэл *******ын эзэмшлийнх гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******од холбогдуулан гаргасан 7081 УНЧ улсын дугаартай, Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль зөрчсөн.
Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэхдээ ...гэрээний талууд болох *******, ******* нь үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах талаар харилцан тохиролцож, маргаан бүхий тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан гэж үзэхээр байна ... *******-ийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн өмчлөх эрх нэхэмжлэгчид шилжсэн гэж хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэх боломжгүй.
Энэ тохиолдолд Хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээ, 2023 оны 05 сарын 11-ний өдрийн хүсэлт, баримтыг *******-аас *******д тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн, *******д өмчлөх эрхийг үүсгэсэн гэрээ, хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэж хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасныг зөрчсөн.
Дээрх 2021 оны 01 сарын 22-ны өдөр байгуулсан 010121 дугаар хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээний дагуу ******* нь төлбөрийн үүргээ биелүүлээгүй, төлбөрөө төлж барагдуулаагүй, 2023 оны 05 сарын 30-ны өдрийн байдлаар төлбөрөө төлөөгүй талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогддог, мөн тус ББСБ нь үүргээ биелүүлээгүй учраас одоог хүртэл 7081 УНЧ улсын дугаартай автомашин нэхэмжлэгчийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа болох нь нотлогдож байна.
Гэтэл нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, бодитоор гаргуулан авахыг хүсэж байгаа 7081 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *******-д бус, хариуцагч *******ын ашиглалтад байгаа болохыг олж мэдсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гарган маргаж байгаа ба хариуцагч ******* нь тухайн автомашины өмчлөлөөс бус, *******-ийн өмчлөлөөс нэхэмжлэгч *******ийн нэр дээр өмчлөх эрх шилжсэн тул хариуцагч *******ын хувьд нэхэмжлэгч ******* нь хууль ёсны өмчлөгч гэж тооцогдохоор хуульд заасан тул үүний дагуу өмчлөгчийн хувьд шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэлээ шүүхэд гаргасан.
Тодруулбал хариуцагчаас ...дээрх 7081 УНЧ улсын дугаартай автомашин нь анхнаасаа өөрийнх нь өмч байсан, ажиллаж байсан компаниас нь урамшуулж, зээлээр авч өгөөд, төлбөрийг нь өөрөө төлж дуусгаад, ******* зээл гаргахад барьцаа хэрэгтэй гэхээр нь шилжүүлж өгсөн... гэх зэргээр татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлан маргадаг боловч тэрхүү нөхцөл байдлаа нотлоогүйн зэрэгцээ хэрэв тэр нь үнэн байсан ч гэсэн анх нэхэмжлэгч *******ийн хувьд тэрхүү нөхцөл байдлыг нь мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд өмчлөх эрхийг шилжүүлэн авах үед улсын бүртгэлд 7081 УНЧ улсын дугаартай автомашин нь *******-ийн өмчлөлд бүртгэлтэй байсныг үндэслэн өмчлөх эрхийг гэрээний дагуу шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2, 111.2.1, 111.2.3-т тус тус заасныг анхаарч үзэлгүйгээр, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу *******-ийн захирал ******* нь төлбөрийн үүргээ 2023 оны 06 сарын 20-ны өдрийн дотор гүйцэтгэнэ, хэрэв чадаагүй тохиолдолд төлбөрийн үүрэгтээ автомашиныг шилжүүлэн өгөхөөр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан байхад шүүхээс түүнийг харгалзан үзээгүй нь хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн хариуцагчийн хувьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбарыг гаргасан боловч тэрхүү татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийнхээ хүрээнд нотолж чадаагүй бөгөөд тэрхүү татгалзлын үндэслэлд дурдсан асуудлаараа *******-аас хохирол шаардах болон бусад асуудлаар нэхэмжлэл гарган маргах эрх нь нээлттэй бөгөөд хариуцагч *******ын хувьд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу өөрийн өмчлөлийн автомашиныг шаардан гаргуулахаар шаардах эрхтэйн зэрэгцээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар 7081 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч ******* мөн болох нь нотлогдож байгаа бөгөөд тэрхүү өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл одоо ч хүчинтэй, түүнтэй маргасан этгээд байхгүй тул хариуцагч нь уг тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эзэмшиж байна гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь *******ийн нэр дээр шилжсэн боловч энэ нь өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ, хэлцлийн үндсэн дээр бус, харин барьцаа буюу үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэлцлийн хүрээнд шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Ийм нөхцөлд тухайн тээврийн хэрэгсэлтэй холбоотойгоор хаалттай өрийн бичгийн төлбөрийг төлсөн эсэх, төлбөрийн үлдэгдэл хэд байгаа зэрэг асуудлууд яригдах ёстой. Гэвч ******* нь уг хэрэгт хариуцагчаар оролцоогүй тул эдгээр асуудлууд яригдаагүй. Мөн нэхэмжлэгч нь тодорхой хэмжээний төлбөрт уг тээврийн хэрэгслийг тооцон авч, барьцааны эрхээ хэрэгжүүлж байна гэх агуулгаар нэхэмжлэл гаргаагүй бөгөөд харин Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус эзэмшлээс эд хөрөнгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Иймээс нэхэмжлэгч нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч биш, харин барьцаалагч гэж үзэх боломжтой. Хэрэв барьцаалагч байсан бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэлийн шаардлага гаргах нь хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч тал фидуцийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байна. Хэрэв фидуцийн гэрээ байгуулсан гэж үзвэл *******-тай байгуулсан гэрээний дагуу барьцааны эрх үүссэн гэж ойлгогдоно. Энэ тохиолдолд мөн адил шаардах эрх нь *******-ийн эсрэг хэрэгжих ёстой байтал барьцааны асуудлаар шилжүүлж авсан эд хөрөнгийг өмчлөх эрхийн шинжтэйгээр шууд шаардаж байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7.2-т заасан зохицуулалт үүнийг нотолж байна. Түүнчлэн хариуцагч төлбөрийг төлсөн гэх үндэслэл дурдагдаж байгаа боловч уг төлбөр нь тээврийн хэрэгслийн үнийг төлсөн төлбөр биш, харин хаалттай өрийн бичгийн үнийг төлсөн төлбөр болох нь тодорхой байна. Мөн *******-тай холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх тайлбар өгсөн боловч уг асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн болохыг нотлох ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Мөн тээврийн хэрэгслийг хариуцагчийн нэр дээр огт шилжиж байгаагүй гэх тайлбар өгсөн боловч хариуцагч *******ын нэр дээр зээл авсан, зээлийн төлбөр төлсөн дансны хуулга, мөн тээврийн хэрэгслийн дүйцсэн лавлагаагаар уг тээврийн хэрэгсэл нь хариуцагч *******ын нэр дээр байсан нь тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн эзэмшил хууль бус биш болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан хариуцагчийн хууль бус эзэмшлээс 8071 УНЧ улсын дугаартай, Toyota Land cruiser маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгүүлснээр өмчлөх эрхийг олж авсан гэж тайлбарласан.
Хариуцагч нь тээврийн хэрэгслийг худалдан авч, 2012 оноос хойш тасралтгүй эзэмшсээр ирсэн, *******-аас зээл авах шаардлага гарч, зээлийн барьцаанд миний тээврийн хэрэгслийг тавьсан байсан, энэ талаар надад мэдэгдээгүй гэж эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн боловч зарим дүгнэлт оновчгүй болсныг залруулж, нэмж дүгнэх боломжтой гэж үзэв.
4. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар *******, *******-ийн хооронд 2021 оны 01 сарын 22-ны өдөр 010121 дугаартай хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******-ийн гаргасан хаалттай өрийн бичгийг ******* худалдан авах, гэрээний хугацаанд үндсэн төлбөр, өгөөжийг ББСБ-аар төлүүлэх, өрийн бичгийн тоо ширхэг: 60 ширхэг, нэгж өрийн бичгийн үнэ: 1,000,000 төгрөг, нийт үнэ 60,000,000 төгрөг, хугацаа: 3 сар, жилийн хүү: 21.6 хувь, өрийн бичгийн барьцаа хөрөнгө: ******* нь өөрийн өмчлөлийн 8071 УНЧ улсын дугаартай, Toyota land cruiser 200 маркийн автомашиныг худалдан авагчид унах нөхцөлтэй барьцаалж, ББСБ нь хаалттай өрийн бичгийг эргүүлэн төлмөгц худалдан авагч нь барьцаа хөрөнгийн эзэмшлийг ББСБ-д шилжүүлэхээр тохиролцсон. /хх-6-7/
4.1. Гэрээний талууд Хаалттай өрийн бичгийн эргэн төлөх хуваарь гэсэн хоёр талын гарын үсэг, тэмдэг бүхий бичгийн баримтаар хаалттай өрийн бичиг, түүний өгөөжийг *******-аас нэхэмжлэгч *******д төлөх хуваарийг гаргасан. /хх-7/
4.2. 2023 оны 05 сарын 11-ний өдөр *******ээс *******-д хүсэлт гаргаж, хүсэлтдээ 2021 оны 01 сарын 22-ны өдөр 010121 дугаартай гэрээгээр 60,000,000 төгрөг болон 2021 оны 03 сарын 03-ны өдрийн 010621 дугаартай гэрээгээр 20,000,000 төгрөгийг, мөн тус ББСБ-ын захирал *******тэй миний эхнэр ******* нь 2021.01.22-ны өдөр 20,000,000 төгрөгийг тодорхой хугацаа хүүтэйгээр тус тус байгуулан хамтран ажилласан ... уг гэрээнүүдийг 2023 оны 05 сарын 20-ны өдрийн дотор дуусгавар болгож, тооцоо нийлэхийг хүсье ... 2021 оны 01 сарын 22-ны өдрийн 010121 тоот гэрээний барьцаа хөрөнгө болох 8071 УНЧ улсын дугаартай, Toyota land cruiser 200 маркийн автомашиныг миний эзэмшилд яаралтай хүлээлгэн өгнө үү гэж дурдсан, уг баримтын зүүн доод талд 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлбөрөө төлөхгүй тохиолдолд машинаа шилжүүлэхээр тохиролцов, 2023-05-11 гэж тэмдэглэж ерөнхий захирал ******* гарын үсэг зуржээ. /хх-15/
4.3. Улмаар 2020 оны 02 сарын 19-ний өдөр 8071 УНЧ улсын дугаартай, Toyota land cruiser200 маркийн автомашин улсын бүртгэлээр *******-аас нэхэмжлэгч *******д шилжжээ. /хх-30-31/
5. Үүнээс үзвэл *******, ******* нарын хооронд 2021 оны 01 сарын 22-ны өдөр хаалттай өрийн бичиг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор маргааны зүйл болох 8071 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоосон боловч энэ талаар маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар дүгнэлт хийсэн нь буруу болжээ.
6. Тодруулбал, 8071 УНЧ улсын дугаартай, Toyota land cruiser 200 маркийн автомашины өмчлөх эрх улсын бүртгэлээр нэхэмжлэгч *******д шилжсэн үйл баримт нь *******-ийн мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хийгдсэн буюу Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ гэрээний харилцаанд үндэслэгдсэн гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-гээр зээлдүүлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах, эсхүл фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авах сонголтын аль нэгийг хэрэгжүүлэх боломжтой байдаг боловч нэхэмжлэгч фидуцийн зүйл болох автомашиныг бодитоор гаргуулан авах сонголтыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд үндсэн үүрэг болох *******-тай байгуулсан гэрээний дагуу үүссэн үндсэн үүргийг тодорхойлохгүй үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэгжүүлэхээр шаардах эрхгүй.
Тиймээс энэ талаар хариуцагч *******ын гаргасан үндсэн гэрээ болох 60,000,000 төгрөгийг *******-д хэзээ шилжүүлсэн, эргэн төлөлтийг хэрхэн төлсөн, хэдэн төгрөгийн төлбөр үлдсэн зэрэг үүргийн гүйцэтгэлийн мэдээлэл тодорхойгүй гэх татгалзал, тайлбар үндэслэлтэй.
8. Дээрх агуулгаар нэхэмжлэгч ******* тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь түүнийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзэх үндэслэл болохгүй, энэ үндэслэлээр хариуцагч *******оос тухайн автомашиныг гаргуулахаар шаардах эрхгүй гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.
9. Иймд анхан шатны шүүх хариуцагч *******од холбогдох 70-81 УНЧ улсын дугаартай, Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг *******ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх тул хариуцагч ******* нь 80-71 УНЧ улсын дугаартай, Toyota Land cruiser маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар эзэмшиж байгаа агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.
10. Нэхэмжлэгч *******, *******-ийн хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүссэн харилцаа нь уг маргаанд хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч ******* нь *******-тай тооцоо нийлж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэхэд энэ магадлал саад болохгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/07920 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Ж.ЛХАГВАСҮРЭН