| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/13522/И |
| Дугаар | 210/МА2025/02227 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02227
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/15202 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/04702 дугаар шийдвэрээр *******ээс 75,000,000 төгрөг гаргуулж *******д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 12 сарын 12-ны өдрийн 25260103 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, *******ын өмчлөлд бүртгэлтэй, ******* дүүргийн ******* тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 04 сарын 08-ны өдрийн 240/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2025 оны 04 сарын 22-ны өдрийн 25260103/3 дугаар тогтоолоор хураасан байна.
Эдгээр ажиллагааны талаар зохигч гомдол гаргаагүй.
5. Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилж, хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгч ******* 250,000,000 төгрөгөөр, төлбөр авагч ******* 210,000,000 төгрөгийн үнийн санал гаргаж, хөрөнгийн үнэлгээг талууд тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 05 сарын 12-ны өдрийн 5/102 дугаар тогтоолоор *******-ийг шинжээчээр томилжээ.
Дээрх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна.
6. Шинжээч *******-ийн үнэлгээчин *******ын 2025 оны 05 сарын 19-ний өдрийн үнэлгээний тайланд үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 233,485,000 төгрөгөөр тогтоосон байна.
6.1. Шинжээч хөрөнгийн үнэлгээг тодорхойлохдоо ******* дүүргийн ******* байр ******* тоот хаягт байршилтай, 12 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн байршил, шинж байдал зэргийг харгалзан үзэж орлогын хандлагын аргаар 219,749,000 төгрөг, зах зээлийн жишиг үнийн аргаар 233,485,000 төгрөг гэж үнэлж, үүнээс зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч, эцсийн үнэлгээг тогтоосон байна. /хх-95/
6.2. Нэхэмжлэгч дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгө автобусны буудалд ойрхон, түрээслүүлэх боломжтой байдлыг шинжээч харгалзан үзээгүй гэснийг хүлээж авах үндэслэлгүй. Учир нь шинжээч үнэлгээ тогтоохдоо ойролцоо байрлалтай, ижил зориулалт, зэрэглэл бүхий барилгын түрээсийн үнийг судалж, хөрөнгийн сарын түрээсийн орлогыг тооцсон бол мөн ижил байршил, шинж чанар бүхий 4-н орон сууцны зах зээл дээр худалдаалагдах үнийн мэдээлэлтэй жишиж харьцуулах байдлаар үнэлжээ. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан хөрөнгийн үнэлгээ бодитой байх, мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд энэ хуулиар болон олон улсын стандартаар тавигдах шаардлагад нийцсэн байх гэснийг зөрчөөгүй байна.
7. Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин буюу *******-ийн захирал ******* гарын үсэг зурж, компанийн тэмдгээр баталгаажуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт Үнэлгээний хуулийн этгээд нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг эрхэлнэ, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж тус тус заасанд нийцсэн байх тул үнэлгээний тайланд үнэлгээчин гарын үсэг зураагүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
8. Түүнчлэн нэхэмжлэгч нь шинжээч зах зээлийн ханшаас хэт бага үнээр үнэлсэн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй.
9. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэж хуульд заасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *******-ийн үнэлгээчин *******ыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх түүнийг дуудаж, шүүх хуралдаанд оролцуулжээ.
9.1. Ийнхүү шүүх хэргийн оролцогчийн дагуу дуудагдан ирсэн гэрчийг шинжээч гэж тодорхойлж, улмаар шүүх хуралдааны танхимаас гаргалгүйгээр шүүх хуралдааны бүх үе шатуудад байлцуулж мэдүүлэг авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт Шүүх хуралдаанд дуудагдсан гэрчийг шүүх хуралдааны танхимаас түр гаргана, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Мэдүүлэг өгч эхлээгүй байгаа гэрч шүүх хуралдааны ажиллагаа явагдаж байх үед шүүх хуралдааны танхимд байж болохгүй гэснийг тус тус зөрчсөн.
9.2. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж зааснаар гэрч *******ын мэдүүлэг нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Тодруулбал анхан шатны шүүх гэрчээс мэдүүлэг авахтай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй байхаас гадна шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль зөрчиж авагдсан гэрчийн мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.
10. Шүүх шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлд шинжилгээг шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэх журмыг заасан бөгөөд хөрөнгийн үнэлгээг шүүх шинжилгээний байгууллагын шинжээчээс өөр этгээдээр хийлгэж байгаа тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан эсэхийг шүүх дүгнэх нь зөв бөгөөд анхан шатны шүүх зөвхөн Шүүх шинжилгээний тухай хуулийг зөрчөөгүй гэх агуулгаар дүгнэлт хийснийг дээрх байдлаар залруулна.
11. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт 1 дэх заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5, 54 дүгээр зүйлийн 54.4 дэх хэсэг, 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримталсан нь хэрэглээний хувьд оновчгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн 197/ШШ2025/15202 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ж.ЛХАГВАСҮРЭН