Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 480

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Л.А,

хохирогч Н.Тнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___________ тоот, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______________дугаарын регистртэй, Л.А-

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Л.А нь 2018 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Фаяр” баарны үүдэнд Н.Т-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хананы этмойд хөндий рүү цөмөрсөн, хоншоор ясны их бие, гайморовын хөндийн урд хананы зөрүүтэй хугарал, этмойд болон гайморовын хөндийн шингэн хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Тмэдүүлэхдээ:

“...Би цагдаагийн байгууллагад 1 жилийн өмнө өргөдөл өгөөд одоо л Амархүүтэй уулзаж байна. Хохирол төлбөрийн мөнгө гэж аваагүй. Гомдол санал байхгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Агийн өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал манай байрны дүү Д, С нар утсаар дуудаад 18 цаг болж байхад гэрээсээ гарсан. Тэгээд хамт сагс тоглож байгаад хороолол орж шоудахаар болоод Улаака/ нэрийг нь мэдэхгүй/, А, Т нартай нийлээд хорооллын эцэст байрлах Фаяр бааранд 23 цагийн үед орсон. Бааранд ороод 1 шил архи авч хувааж уусан. Би бага зэрэг л уусан байсан. Ингээд байж байтал баарны үүдэнд С гэх найз маань тэр бааранд үйлчлүүлж байсан нэг залуутай маргалдаад хоорондоо цохилцсон. Тэр 2 бие биедээ гэмтэл учруулахаар зүйл болоогүй. Тэгэхээр нь би гүйж очоод боовон чихтэй туранхай шар залууг нь барьж аваад нүүрний хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгтэл хамгаалагч нар ирээд салгаад цагдаа дуудсан. Энэ үед надтай зодолдсон боовон чихтэй залуу зугтаахаар нь араас нь очоод /Фаяр баарны ертөнцийн зүгээр урд талд байрны орцны үүдэнд/ барьж аваад цээж гар хэсэгт нь 2-3 удаа өшиглөсөн нүүрээ дарчихсан байхаар нь гараараа нүүр нүд хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэгээд цохихоо болиод баарны үүдэнд очтол цагдаа хүрч ирээд боовон чихтэй залуу бид 2-ыг аваад явсан. Тэр шөнө эрүүлжүүлэгдсэн. Маргааш нь 7-р хорооны хэсгийн байцаагч дээр очиж уулзсан. Надад ямар нэг хэрэгт шалгагдаж байгаа талаар хэн ч хэлээгүй. Би гэртээ байхгүй эгчийндээ байсан бөгөөд цагдаагаас дуудсаныг мэдээд ирж уулзаж байна.

Манай урд талын байранд амьдардаг С гэх найз дүүтэй маргалдаж зодолдож эхлэхээр нь би өмөөрөөд тэр Т гэх залууг зодчихсон юм. Надтай хамт явсан найзууд Тг цохиж зодоогүй. Би л ганцхан цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 49-52/

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.Т-гийн өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би ажлаа тараад харьж явсан. Тэр үед 00 цаг болж байсан бөгөөд хорооллын эцсийн Фаяр баарны гадаа Гансүх Б хоёртой таарсан. Тэр үед Б 4-5 залууд зодуулчихлаа гэж байсан. Ингээд салаад гэртээ очих гээд явж байтал араас залгаад зодуулчихлаа шүү дээ гээд байхаар нь буцаж очсон. Тэгээд би очоод Бд зодсон хүмүүсээ олчих гэсэн. Бын биед гэмтэл учраагүй байсан. Тэгтэл Фаяр баарны араар тойроод байрны дундуур ордог гарцан дээр зодсон гэх залуучууд нь зогсож байсан. Б 1 залууг нь бариад авсан. Би нэг залууг нь бариад авсан. Тэгээд зодолдож байтал Г ирээд баарны хамгаалагч нар бас ирээд салгасан. Тэгээд бид нар харих гээд зам дагаад алхаж байтал бид нартай зодолдсон залуучуудын ах нар нь гэх 5 залуу гарч ирсэн. Тэгтэл тэр залуучуудын зүүн талд зогсож байсан бусдаасаа өндөр туранхай залуу миний эрүү рүү хөлөөрөө өшиглөсөн. Би нүүрээ дараад доошоо суусан. Тэр 5 залуугийн 2 нь Быг хөөгөөд явчихсан байсан. Үлдсэн 3 нь байсан бөгөөд Амархүү гэх залуу намайг энд тэндгүй цохиод л байсан. Бусад нь цохихгүй хараад зогсож байсан. Амархүү гэх залуу сүүлд намайг цохих үедээ зүүн нүдрүү цохиод энэ гэмтлийг учруулсан. Надад гомдол санал байхгүй. Амархүү миний хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-39/,

 

Мөрдөн байцаалтад гэрч А.Гын өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал Б утсаар залгаад хорооллын эцэст байрлах ЦЭ пабд хүрээд ирээч гэсэн. Тэгээд би гэрээс гараад 21 цагийн үед уг газар нь явж очиход Б ганцаараа пиво ууж байсан. Тэгээд хамт суугаад пиво уусан. Тэгээд би үүдэнд нь гараад зогсож байтал араас Б гарч ирээд намайг нэг залуу өдөөд түлхээд байна гэсэн. Тэгэхээр нь одоо явъя гэж хэлээд зогсож байтал Т таарсан. Тэгээд бид 3 нийлээд юм яриад зогсож байтал Быг паб дотор мөрлөсөн гэх залуу гараад ирсэн. Тэгтэл Тд Б хандан “энэ намайг мөрлөөд байсан залуу байна” гэж хэлээд нөгөө залуутай маргалдсан. Тэгтэл Т хажуунаас нь очоод тэр залуугийн нүүр рүү нь 1 удаа шанаадсан. Тэгтэл нөгөө Тгийн өөдөөс дайраад би дундуур нь салгах гэж ороод нэг цохиулаад баарны хамгаалагч нартай нийлж салгасан. Одоо ямар хамгаалагч нар байсныг мэдэхгүй байна. Ингээд явах гэтэл Ттэй зодолдсон залуутай хамт явж байсан залуучууд Быг хөөсөн бөгөөд Б зугтаагаад алга болчихсон. Тэгээд Т бид 2 дөнгөж пабын үүднээс холдоод явах гэтэл Тгийн цохиж авсан залуутай хамт явж байсан залуучууд Трүү дайраад нэг залуу нь цохиж зодоод байсан. Яг хаана нь хэрхэн цохисныг сайн хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Зодуулсаны дараа цагдаа нар ирээд зодсон залууг нь аваад явсан юм. Тэр залууг Амархүү гэж байсан санагдаж байна. Тэр залуу хар өмдтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 20-21/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Бын өгсөн:

“...Би 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажил дээрээ байж байгаад Гтой нийлж караоке орохоор болоод Гыг утсаар дуудсан. Тэгээд Ган- Очирыг ирэхээр нь би Цэ пабын үүдэнд гарч уулзтал хоёулаа PC тоглох уу гэсэн. Тэгэхээр нь бааранд орчихоод явья гэж хэлсэн. Ингээд Фаяр бааранд сууж байхад нэг залуу намайг мөрлөөд гарахаар нь бага зэрэг муудалцаад салсан. Тэгтэл дахиад намайг өдөөд байсан юм. Ингээд би Гыг ширээн дээр сууж байхад нь очоод энд нэг залуу өдөөд зодоон болох гээд байна гэж хэлсэн. Тэгээд Г бид 2 гарахаар болоод үүдэнд очиход Ттэй таарсан. Ингээд бид 3 нийлээд баарны үүдэнд юм яриад зогсож байтал надтай мөрлөлцөөд маргалдаад байсан залуу гадаа гараад ирсэн. Тэгэхээр нь би Тд хандан надтай маргалдсан залуу энэ байна гэтэл Т цуг очьё гэсэн. Ингээд би Ттэй хамт өөдөөс нь явж очоод чи түрүүн яагаад байсан бэ гэж хэлтэл надруу дөхөөд ирэхээр нь би түлхсэн. Тэгтэл Т тэр залуугийн толгойруу нь гараараа цохиод авсан. Тэгтэл цаанаас нилээд хэдэн залуучууд гарч ирээд нэг залуу нь гартаа барьсан пивоны шилээ хагалаад надруу далайхаар нь зугтаагаад дэлгүүрийн араар тойроод гараад иртэл хамгаалагч залуучууд гараад ирчихсэн салгаж байсан. Би Г, Т 2 дээр очих гэтэл Г чи найзын шинжгүй пизда гэхээр нь би яваад өгсөн юм. Т хэнд хэрхэн цохиж зодуулахыг нь хараагүй. Нүүр ам нь хавдаад аймаар болсон байсныг маргааш нь харсан...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн шинжээчийн ... тоот: 

  1. Н.Т--н биед зүүн нүдний ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн, хоншоор ясны их бие, гайморовын хөндийн урд хананы зөрүүтэй хугарал, этмойд болон гайморовын хөндийн шингэн хуралдалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4 Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлт /хх-н 41/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/

- байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 60/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.А нь 2018 оны 5 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Фаяр” баарны үүдэнд Н.Т-тэй маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод хананы этмойд хөндий рүү цөмөрсөн, хоншоор ясны их бие, гайморовын хөндийн урд хананы зөрүүтэй хугарал, этмойд болон гайморовын хөндийн шингэн хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Агийн “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ...С гэх найз дүүтэй маргалдаж зодолдож эхлэхээр нь би өмөөрөөд тэр Т гэх залууг зодчихсон юм...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Н.Т-гийн “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ...Амархүү гэх залуу сүүлд намайг цохих үедээ зүүн нүдрүү цохиод энэ гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-н 35-39/,

 

гэрч А.Гын “...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ...Т бид 2 дөнгөж пабын үүднээс холдоод явах гэтэл Тгийн цохиж авсан залуутай хамт явж байсан залуучууд Трүү дайраад нэг залуу нь цохиж зодоод байсан. Яг хаана нь хэрхэн цохисныг сайн хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Зодуулсаны дараа цагдаа нар ирээд зодсон залууг нь аваад явсан юм. Тэр залууг Амархүү гэж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Бын “...Би 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ...би Ттэй хамт өөдөөс нь явж очоод чи түрүүн яагаад байсан бэ гэж хэлтэл надруу дөхөөд ирэхээр нь би түлхсэн. Тэгтэл Т тэр залуугийн толгойруу нь гараараа цохиод авсан. Тэгтэл цаанаас нилээд хэдэн залуучууд гарч ирээд нэг залуу нь гартаа барьсан пивоны шилээ хагалаад надруу далайхаар нь зугтаагаад дэлгүүрийн араар тойроод гараад иртэл хамгаалагч залуучууд гараад ирчихсэн салгаж байсан. Би Г, Т 2 дээр очих гэтэл Г чи найзын шинжгүй пизда гэхээр нь би яваад өгсөн юм. Т хэнд хэрхэн цохиж зодуулахыг нь хараагүй. Нүүр ам нь хавдаад аймаар болсон байсныг маргааш нь харсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч Л.Агийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба уг гэмт хэрэг 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дууссан байна.

 

Иймд шүүгдэгч Л.Аг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Л.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Н.Т-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 39 дүгээр талд хохирогч Н.Т“...Амархүү миний хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг, 68 дугаар талд авагдсан хавтас хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...санал гомдол нэхэмжлэх зүйлгүй байхгүй...” гэсэн, шүүх хуралдаанд “...Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг зэргийг харгалзан шүүгдэгч Л.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Л.А-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Тнь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ