| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/18579/И |
| Дугаар | 210/МА2026/00032 |
| Огноо | 2025-12-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2026/00032
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/14591 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
3,858,600 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2020 оны 10 дугаар сараас 2025 оны 08 дугаар сар хүртэлх 59 сарын дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 3,858,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, зарим төлбөрийг төлсөн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж өөрчилсөн байхад анх нэхэмжилсэн хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг дээрх байдлаар залруулан дүгнэв.
3. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 421-424, 426-428, 430 дугаар байруудад ******* үйл ажиллагааг явуулдаг байх ба ******* нь 424 дүгээр байрны 5 тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна.
3.1. *******-ны бүх гишүүдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг 65,400 төгрөгөөр тогтоожээ.
Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,111,800 төгрөг төлсөн.
4. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.
Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт сууц худалдан авагч нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг худалдагч болон холбогдох байгууллагуудаас магадлах үүрэгтэй бөгөөд уг үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг өөрөө бүрэн хариуцна гэж заасан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг магадлах үүрэгтэй тул орон сууцны өмчлөгчөөр хэзээ бүртгэгдсэн эсэхээс үл хамааран дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй.
Түүнчлэн, *******-ийн өмчилж буй орон сууцны өмнөх өмчлөгч нь тухайн компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох *******байсан тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан үүргийг ******* биелүүлэх боломжгүй байсан гэж дүгнэх боломжгүй.
4.1. Харин хөөн хэлэлцэх хугацааны талаарх хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэслэлтэй.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан.
Хариуцагч нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төлбөр төлсөн тул үүнд үндэслэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар тоолоход 2021 оны 05 дугаар сараас хойших хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Үүнээс өмнөх хугацааны шаардах эрхээ нэхэмжлэгч алдсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөөгүй.
4.2. Иймд 2021 оны 05 дугаар сараас 2025 оны 08 дугаар сар хүртэлх 51 сарын дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 3,335,400 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 1,111,800 төгрөгийг хасч тооцон үлдэх 2,223,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгоно.
Үүнтэй холбоотой тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт орно.
4.3. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан зохицуулалт баримталсан байгааг хасна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх сууцыг өөрийн өмчлөлдөө шилжүүлэхээс өмнө уг сууцтай холбоотой биелэгдээгүй үүрэг байгаа эсэхийг магадлах үүргийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон алдааг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 197/ШШ2025/14591 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар *******-иас 2,223,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,635,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтад 34,375.4 гэснийг 50,528 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Т.БАДРАХ