| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/00777/И |
| Дугаар | 210/МА2026/00017 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00017
|
|
|
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/07942 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* 2014 оноос *******ын даргаар ажилласан. Энэ хугацаанд ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэж байсан. Гэтэл удирдах дээд байгууллага болох Радио телевизийн үндэсний сүлжээ Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын тушаалаар удаа дараа ажлаас хууль бусаар чөлөөлж, тухай бүр нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосноор ажил үүргээ өнөөг хүртэл гүйцэтгэсэн.
*******-ын захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар *******ыг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэж байна. Учир нь *******ыг шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орж байсанд болон санал шүүмжлэл гаргаж ажилладагт тус газрын удирдлага ихээхэн таагүй ханддаг, ажлаас халах өө хайдаг байсан. Уг шийдвэрээр *******ыг Баян-Өлгий аймгийн 6282БӨҮ улсын дугаартай автомашиныг Хөвсгөл аймгийн нэр дээр шилжүүлж аваагүй, уг автомашины дугаарыг цэнхэр болгоогүй, өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Автомашины дугаарыг цэнхэр болгоогүй, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байсан гэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл биш байна.
Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчиж ялгаварлан гадуурхаж, дарамт үзүүлэн ажлаас хууль бусаар чөлөөлөхдөө хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тайлбарлах, танилцуулах үүргээ биелүүлээгүй. Иймд *******ын хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тул Баянгол дүүрэг дэх хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан боловч эвлэрч зохицоогүй. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон *******-ын захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн Б/195 дугаар тушаалыг хүчингүй болгож *******ыг *******ын даргын ажилд буцаан тогтоож өгнө үү.
Тухайн үеийн дээд удирдлага нар *******ыг ажлаа сайн хийдэг гэж дүгнэсэн байхад хамгийн сүүлийн захирал 2024 оны 08 сарын 01-ний өдөр өмнөх удирдлагатай хийсэн гэрээг дүгнэхгүйгээр өөр хүчингүй болсон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаараа танилцуулж мэдэгдэхгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш баримт бүрдүүлж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* ажил албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
******* Баян-Өлгий аймагт ашиглагдаж байсан 6882БӨҮ улсын дугаартай автомашиныг *******т шилжүүлэн өгснийг хувийн хэрэгцээнд хэрэглэж, албаны цэнхэр дугаар аваагүй, ажлын хэрэгцээнд хэрэглээгүй үйлдлийг гаргасан болох нь 2024 оны 10 сард хийсэн *******-ын шалгалтаар тогтоогдсон. 2024 оны 09 сарын 30-ны 09:10 цагт *******-ын захирал болон захирлын зөвлөлийн 4 гишүүд хүлээгээд ирэхгүй байсан тул ажилтнуудаар нь утсаар холбоо бариулж дуудуулахад 1 цагийн дараа буюу 12 цагт албаны 6282БӨҮ улсын дугаартай автомашиныг жолоодон ажил дээрээ ирсэн. Шалгалтын явцад тэрээр *******ын даргын албан тушаалыг хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэж чадахгүй болох нь тогтоогдсон.
Уг шалгалтын тайлангаар ******* нь төрийн албан хаагчийн ёс зүй харилцааны соёлгүй, манлайлах ур чадваргүй, ажлын зохион байгуулалтгүй, хамт олны уур амьсгалыг бүрдүүлдэггүй, байгууллага, ажилчдын нийгмийн баталгааг хангадаггүй, ажилтнуудыг байгууллагын соёлд суралцуулдаггүй зөрчлүүд илэрсэн. *******ын байгууллагын албан бланкийг хуульд заасны дагуу ашигладаггүй, ноорог байдлаар ашигласан талаар баримтыг хавсаргав. Иймд *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь хууль зөрчөөгүй.
Хамт олноос нь 2014, 2021, 2024 онуудад нийт 3-4 удаа өргөдөл, хүсэлт өгсөн нь үнэн. Өргөдлийн гол агуулга нь *******ыг өглөө ажилдаа ирдэггүй, машиныг хувьдаа ашигладаг, хамт олны буруу үлгэр дуурайлалтай, байгууллагын өнгө үзэмжид анхаардаггүй гэх мэт гомдлууд байсан. 2024 оны 09 сарын 30-ны өдөр шалгалтаар очиход 9 цагт ажилдаа ирээгүй байсан ба 12 цагийн үед дуудуулж байж 6282БӨҮ дугаартай тээврийн хэрэгслийг унаж ирсэн. Улмаар 2024 оны 10 сарын 10-ны өдөр захирлын тушаалаар *******т цалин бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Энэ байдал нь засагдаагүй байсан учраас 12 сарын 10-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг хариуцагч *******-ын *******ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч *******т буцаан олгож, хариуцагч *******-аас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүх нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон Албаны автомашиныг өөрийн байгууллагын нэр дээр бүртгүүлж, улсын дугаарыг цэнхэр болгоогүй, албаны автомашиныг өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байсан гэсэн үйл баримтад өөр өөр дүгнэлт хийсэн. Анхан шатны шүүх тухайн тээврийн хэрэгсэл Хөвсгөл аймгийн нэр дээр бүртгэгдсэн, байгууллагын удирдлагаас хийсэн шалгалтаар уг автомашинтай холбоотой зөрчил илрээгүй буюу нэхэмжлэгч ийм зөрчил гаргасан нь нотлогдоогүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн.
...Нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байхдаа дээр дурдсан зөрчил гаргаснаа ойлгож, хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл бөгөөд харин ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж маргасныг шүүх нотлогдоогүй гэж үзэж болохгүй юм.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д *******аас хувиарлагдсан уг 6282БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг байгууллагын нэр дээр шилжүүлэх, дугаар солих зэрэг үүрэг нэхэмжлэгч *******ын хариуцаж, гүйцэтгэх ажил үүрэг мөн болохыг, тийнхүү солиогүй нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил мөн болохыг хариуцагч тал нотолж чадсангүй гэсэн нь өмнөх тодорхойлох хэсэгтэйгээ зөрчилдөж байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4 дэх хэсэгт дурдагдсан хариуцагч талаас гаргасан нотлох баримт болох нэхэмжлэгч албаны тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээндээ ашиглаж 2 удаагийн үйлдлээр Улаанбаатар болон Булган аймгийн нутаг дэвсгэрт зорчихдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас торгуулийн шийтгэл хүлээсэн зөрчлийн талаарх... https://smartcar.mn/vehicle/pealtv цахим сайтад авагдсан 68-28 БӨҮ дугаартай тээврийн хэрэгслийн мэдээлэл-тэй холбоотой асуудалд шүүх ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч үүнийг үгүйсгээгүй байхад хариуцагч, нэхэмжлэгчийн албаны тээврийн хэрэгслийг удаа дараа хувийн хэрэгцээнд ашигласныг нотолж чадсангүй гэж дүгнэх боломжгүй юм.
Талуудын хооронд байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон гэх дүгнэлтэд хүрснээр ажил олгогчийн, ажилтныг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг бүхэлд үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд зөвхөн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг зөрчсөн үндэслэлд хамааруулж ажлаас чөлөөлөөгүй байна.
Мөн дээрх гэрээ дуусгавар болсон нь ажилтны гаргасан зөрчил буюу Баян-Өлгий аймгийн 6282БӨҮ улсын дугаартай автомашиныг Хөвсгөл аймгийн нэр дээр шилжүүлж аваагүй, уг автомашины дугаарыг цэнхэр болгоогүй, өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан үйл баримтыг үгүйсгэх, түүний хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам бусад хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлээгүйг зөвтгөх үндэслэлийг бий болгохгүй юм.
Ажил олгогч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө баримталсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10,Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 65 дугаар зүйлийн 65.4.1, 65.4.3, 65.4.4, 80 дугаар зүйлийн 80.1.5, *******-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.10, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.15, 12 дугаар зүйлийн 12.4.6-д тус тус заасан үндэслэл хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүх хэргийг тал бүрээс бүрэн судалж, бодит нөхцөлийг тогтоох зарчим алдагдсан гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч талын гаргасан гомдол бүхэлдээ үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үнэн, зөв дүгнэлт хийж, хуулийг баримталсан учир хариуцагч талын анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж тайлбарлаж буй нь үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд хариуцагч талаас нэхэмжлэгчийг ажлаас халсан тушаалтай холбоогүй зүйлсийг дурдаж байна. Ажлаас халсан тушаалд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг зөрчиж гэж тодорхой бичсэн байдаг ба өөр үндэслэл байдаггүй. Гэвч онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, дүгнэгдсэн байдаг. ******* 2023 оны 08 сарын 01-ний өдрөөс өөр төрлийн хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан. Нэг хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллахгүй гэдгийг хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ойлгохгүй байна гэж харж байна.
Мөн үйл баримтын талаар үндэслэлгүй зүйлсийг дурдаж байна. Нэхэмжлэгч 2014 оноос хойш уг байгууллагад ажиллаж байгаа. 3 дахь удаагаа нэхэмжлэгчийг ажлаас халж байна. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгодог гэх хандлага үзүүлж, ялгаварлан гадуурхаж, дарамт шахалт үзүүлдэг гэх нөхцөл байдлыг нэхэмжлэлдээ дурдсан. Ажлаас халах үедээ хууль ёсны үндэслэл гаргадаггүй бөгөөд сүүлд нь тодорхой тооны этгээдүүдээр матаас бичүүлдэг.
Уг байгууллага нь муудсан автомашинуудыг аймагт өгдөг. Уг муудсан автомашиныг засч авахаар буцаан татдаг. ******* Улаанбаатар хот руу чухал ажлаар ирсэн гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч эвдэрсэн байсан автомашиныг засуулан ирсэн байдаг. Хөвсгөл аймгийн улсын дугаар, албаны цэнхэр дугаар авах эсэх нь нэхэмжлэгчээс шалтгаалахгүй. 2024 оны 04 сард автомашиныг бүртгүүлэх зорилгоор аймгийн автотээврийн төвд албан бичиг өгсөн. Гэвч Баян-Өлгий аймгийн зөвшөөрөлгүй байна гэж бичгийг буцаасан. Хэргийн материалд байх ******* гэх этгээд *******ын эхнэр гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Үүнийг хариуцагчийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн эхнэр өөр этгээд байдаг. Иймд хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийг хэт гуйвуулж, огт холбоо хамааралгүй зүйлсийг тайлбарлаж буй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ялгаварлан гадуурхаж, дарамт үзүүлэн ажлаас халсан, автомашины дугаарыг цэнхэр болгоогүй, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байсан гэсэн нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болохгүй гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... ******* албаны автомашиныг хувийн хэрэгцээнд хэрэглэж, албаны цэнхэр дугаар аваагүй, мөн нэхэмжлэгч нь төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёлгүй, манлайлах ур чадваргүй, ажлын зохион байгуулалтгүй зэрэг алдаа зөрчил гаргасан нь илэрсэн гэж тус тус тайлбарлан, маргажээ.
3. ******* нь хөдөлмөрийн эрхийн маргааны талаарх гомдол гаргасныг Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 01 сарын 14-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр талууд хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэхээр харилцан тохиролцоогүй үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байх ба тэрээр уг шийдвэрийг 2024 оны 01 сарын 22-ны өдөр хүлээж аваад мөн сарын 28-ны өдөр шүүхэд гомдлын шаардлага гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт нийцсэн.
4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарт үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. *******-ын даргын 2020 оны 03 сарын 31-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар *******ыг *******ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон.
4.2. Ажил олгогч нь ажилтантай Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ /огноогүй/, 2023 оны 08 сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, 2024 оны 01 сарын 15-ны өдөр мөн үр дүнгийн гэрээ байгуулсан. /хх-8-15, 116, 112/
4.3. *******-ын захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн Б/195 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 65 дугаар зүйлийн 65.4.1, 65.4.3, 65.4.4, 80 дугаар зүйлийн 80.1.5, Радио телевизийн үндэсний сүлжээ Улсын төсөвт үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.10, хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.15, 12 дугаар зүйлийн 12.4.6-д заасныг тус тус үндэслэн *******ыг онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 12 сарын 25-ны өдрийн зөвшөөрлөөр Баян-Өлгий аймгийн 6282БӨҮ улсын дугаартай Субару форестер автомашиныг Хөвсгөл аймгийн нэр дээр шилжүүлж аваагүй, уг автомашины дугаарыг цэнхэр болгоогүй, өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлжээ. /хх-6/
5. Зохигчийн хооронд хөдөлмөрлөх эрхийн харилцааг хууль бусаар дуусгавар болгосон эсэх асуудлаар маргаан өрнөсөн байх ба анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн хариуцагч *******-ын захирлын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн Б/195 дугаартай тушаалд заасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарахгүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заасан. Хөдөлмөрийн сахилгын зөрчил нь үйлдэл, үр дагаврын шинжээрээ ялимгүй эсхүл ноцтой байдаг ба ялимгүй зөрчлийн хувьд хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд заасан үндсэн үүргийг зөрчих боловч үр дагавар нь бага байдаг бол ноцтой зөрчил нь хөдөлмөрийн гэрээ болон хуульд заасан үндсэн чиг үүргийг зөрчих байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх хохирол учруулж болохуйц үр дагавар үүсгэдэг байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 12 сарын 25-ны өдрийн шийдвэрээр 6282БӨҮ улсын дугаартай Субару форестер автомашиныг *******аас *******т шилжүүлсэн.
Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах талаар *******аас тус аймгийн Автотээврийн төвд хандан 2024 оны 04 сарын 15-ны өдөр 05 дугаар албан бичиг гаргасан боловч хүргэгдээгүй байна. Харин *******ын 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 10, *******ын 2024 оны 11 сарын 15-ны өдрийн 26 тоот албан бичгийг үндэслэн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хийж, уг тээврийн хэрэгсэлд 4975ХӨВ улсын дугаар олгогдсон үйл баримт хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 10 сарын 01-ний өдрийн 135 дугаар албан бичиг нотлох баримтаар тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр гарахаас өмнө тушаалд заасан автомашиныг Хөвсгөл аймгийн нэр дээр шилжүүлж аваагүй, уг автомашины дугаарыг цэнхэр болгоогүй гэх зөрчил арилсан байжээ.
Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
7. Хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 12.4.2-т Байгууллагын автомашиныг зориулалтын бус ажилд хэрэглэх, байгууллагын эд хөрөнгийг шамшигдуулах, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.2.6-д Үүрэгт ажил, албан тушаалаа урвуулан ашигласан, өөртөө давуу тал олж авсан, хувийн зорилгодоо байгууллагын эд хөрөнгө, тоног төхөөрөмж, хэвлэмэл хуудас тамга, тэмдэг, үнэт цаас зэргийг ашигласан тохиолдолд тус тус ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор тусгасан байна.
Хэргийн оролцогчдын гаргасан тайлбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг болон зарим ажилчдын гаргасан бичгийн гомдол зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч автомашиныг хувийн хэрэгцээнд ашиглаж байсан гэж үзэх үндэслэлтэй, гэхдээ ёс зүйн хувьд зохимжгүй үйлдэл байгаа хэдий ч хөдөлмөрийн гэрээнд заасан ажил олгогчийн итгэлийг эвдсэн үйлдэл гэж үзэх боломжгүй.
Мөн хэрэгт авагдсан https://smartcar.mn цахим сайтаас татаж авсан 6828БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас торгуулийн шийтгэл хүлээсэн зөрчлийн талаарх лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтууд нь нэхэмжлэгч *******ыг хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн, ажил олгогчийн итгэлийг эвдсэн үйлдэл гаргасан гэх үйл баримтыг нотолсон ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэхгүй. Иймээс уг нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шидйвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцэж байна.
8. Түүнчлэн нэхэмжлэгч нь албаны автомашиныг хувийн хэрэгцээндээ ашигласны улмаас байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, эд хөрөнгийн алдагдал, хохирол хүлээсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
9. Мөн Радио телевизийн үндэсний сүлжээ Улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийг шалгах шалгалтыг 2024 оны 09 сарын 30-ны өдөр *******т явуулж, 2024 оны 10 сарын 03-ны өдөр тус байгууллагын Захиргаа, дотоод үйл ажиллагааны үнэлгээний тайлан гаргаж, уг тайлангаар 9 төрлийн зөрчил илрүүлсэн, уг тайланд 6282БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй тухай болон автомашиныг хувьдаа ашигласан гэх зөрчил тусгагдаагүй байна. /хх-104-111/
Дээрх шалгалттай холбоотойгоор өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн цахим хуралд оролцоогүй, ажлын хэсэг тухайн аймагт албан томилолтоор ажиллахад ажлын байранд байгаагүй, ажлын цагийг мөрдөн ажилладаггүй гэх зөрчил гаргасан гэж үзэж нэхэмжлэгч *******т газрын захирлын 2024 оны 10 сарын 10-ны өдрийн №Б/155 дугаар тушаалаар үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-102/
Тиймээс нэхэмжлэгчийг автомашиныг хувийн хэрэгцээндээ ашиглах байдлаар ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь эрх бүхий этгээдийн хийсэн хяналт шалгалт болон дотоод хяналт шалгалтын дүгнэлтээр илрээгүй гэж үзэх үндэслэлтэй ба анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасныг тухайн тохиолдолд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
10. Хариуцагч талын тушаалд баримталсан хуулийн заалтууд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Учир нь, ажил олгогчийн тушаалд баримталсан хуулийн зохицуулалтууд нь эрх бүхий албан тушаалтны тушаал, эрх зүйн акт гаргахтай холбоотой, талуудын маргаанд хэрэглэгдэх хамааралтай хуулийн зохицуулалтууд биш байх тул энэ талаар холбогдох хуульд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/07942 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ж.ЛХАГВАСҮРЭН