| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/07045/И |
| Дугаар | 210/МА2026/00018 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00018
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/08058 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
*******, ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 21-ний өдөр байгуулсан 2022-05-21 дугаартай түрээсийн гэрээгээр ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* байрны ******* тоот барилгын нийт 230 м.кв талбайгаас хоёр давхар дахь 152 м.кв талбайг нь сургалтын үйл ажиллагааны зориулалтаар ашиглаж, гэрээний хугацаа 2025 оны 06 дугаар сард дуусгавар болж, талбайг хүлээлгэсэн өгсөн. Гэрээний хугацаанд түрээсийн гэрээний 3.4-т заасан өмнөх түрээслэгч ******* болон түрээслүүлэгч буюу ******* нарын хоорондын түрээсийн гэрээний хугацаанд хийгдсэн засварын зардал 30,000,000 төгрөг, ******* талбайг хүлээн авснаас хойш түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр 10 сая төгрөгийн засвар хийсэн тул нийт 40,000,000 төгрөгийн үнэ бүхий засварын ажил хийгдсэн. Иймээс энэхүү засвар, тохижилт нь тухайн барилгаас салгаж болохгүйгээр суурилагдсан бөгөөд мөн хэмжээ, үнэлэмжээр түрээслүүлэгчийн буюу өмчлөгчийн эд хөрөнгө нэмэгдсэн болно. Тиймээс гэрээ болон хуульд зааснаар засварын хийгдэж тоноглогдсон талбайн засварын зардлыг ашигласан хугацааны элэгдэл хорогдол зэргийг тооцон харилцан тохиролцохоор *******тай утсаар болон биечлэн уулзалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул ийнхүү шүүхэд хандаж буй болно. Иймд түрээсийн талбайд хийсэн засварын зардал нийт 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгчийн хувьд түрээсийн гэрээний хугацааны элэгдэл хорогдлыг тооцоод нэхэмжлэлийн үнийн дүнгээ 50 хувиар бууруулж 20,000,000 төгрөг болгож бууруулж хариуцагчтай тохиролцох боломжтой гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Түрээсийн гэрээний асуудлаас үүдэлтэй засварын зардал шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээ нь зөвхөн *******тай хийсэн гэрээгээр хязгаарлагдахгүй юм. Анх ******* нь ******* ХХК-тай 2021 оны 12 сарын 18-ны өдөр 21/02 дугаартай түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай /2021.01.15-2024.01.15/ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаас хойш ******* ХХК-ийн захирал ******* нь 2022 оны 05 сарын 20-ны өдрөөр гэрээг дуусгаж, 2022 оны 05 сарын 21-ний өдөр түүний найз болох ******* нь түрээсэлж үйл ажиллагаа явуулах саналтай 2022-05-21 дугаартай түрээсийн гэрээг 3 талт гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа 2022 оны 06 сарын 15-ны өдрөөс 2025 оны 06 сарын 15-ныг дуустал 3 жилийн хугацаатай байгуулсан. Энэ хугацаа үндсэндээ дуусаад түрээслэгч тал талбайг хүлээлгэн өгсөн. Бидний хооронд засвар хийсний төлбөр тооцооны асуудал ороход ч байгаагүй гарахад ч яригдаагүй ба үүний дагуу бид түрээслэгчийн барьцааг бүрэн буцаан олгосон. Харин барьцаа төлбөрийг өгөх ёсгүй байсан, түрээсийн байрыг зассан нэрээр өмнөхөөс нь дордуулсан байхаас гадна, эвдэж, гэмтээсэн олон гэмтлийн хохирлыг хэн шийдэх талаар миний эхнэр надаас шаардаж байсан. Гэрээний 5.1.3-т заасны дагуу өөрийн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн засан сайжруулалтыг хийж болно, гэхдээ барилгын хийцэд өөрчлөлт оруулахгүй гэдгээр зөвшөөрч, гэрээний 5.1.4-т хугацаа дуусахад талбайд хийсэн засвар тохижилтыг буулгаж, анх хүлээж авсан байдлаар хүлээлгэж өгнө эсвэл талууд харилцан тохиролцож засвар тохижилтын байгаа байдлаар нь үлдээж болно гэсний дагуу бид тохиролцсон гэж үзээд барьцаа хөрөнгийг бүтнээр нь буцааж өгсөн байдаг. Хэрвээ бид тохироогүй, маргаантай байсан бол анхны байдлаар тохижилтыг хүлээн авахаар шаардах байснаас гадна, салгаад авч явах боломжтой тохижилтыг аваад явахыг зөвшөөрсөн ч түрээсийн байранд байсан үүдний шкаф нь манай өмч байтал тохижуулсан гэх ойлголтоор нэхэмжлэлд байгааг эсэргүүцэж байна, нэхэмжлэлээ тодруулах нь зүйтэй гэж үзэж байна. Гэрээг дүгнээд дууссан байтал шүүхээр засварын зардал нэхэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд харин ч бидний чанартай материалаар хийсэн байсан ариун цэврийн өрөөг буцаан хуучинд нь оруулах, хана туурга хагарсан цуурсан, хадаасны нүхээр дүүрсэн, шаланд үүсгэсэн гэмтлийн зардлыг барьцаанаас хасаж тооцоогүй, дахин засвар хийх шаардлагатай болгосон тул сөрөг нэхэмжлэл гарган нэхэмжлэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4, 324 дүгээр зүйлийн 324.2, 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч *******д холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 2022 оны түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ нэхэмжлэгчид буюу түрээслэгчийн эзэмшилд шилжүүлсэн талбай нь хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь бус зарим хэсэг буюу бие даасан объект биш, бие даасан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй хэсгийг түрээслүүлсэн байгааг анхаараагүй.
Хэрэв анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн бол засварын зардалд төлсөн төлбөрөөс гадна нэхэмжлэгчийн 3 жилийн хугацаанд түрээсийн төлбөрт төлсөн нийт 252,000,000 төгрөгийг буцаан гаргуулах үр дагаврыг шүүх шийдвэрлэх ёстой. Түүнчлэн ашиглалтын зардалд төлсөн төлбөрүүд ч үүнд хамаарна. Гэвч хууль зүйн үр дагаврыг дүгнэлгүйгээр орхигдуулсан.
...Нэхэмжлэгч ******* болон гэрч ******* нь хоорондоо найз биш бөгөөд түрээсийн талбайн зараар танилын хүрээгээрээ хоорондоо холбогдсон хүмүүс бөгөөд зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь хоёр талын гэрээ бөгөөд эрх, үүрэг зохицуулалт нэг бүр нь хоёр талд харилцан хамаарлаас ангид байх боломжгүй.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар шаардах эрхтэй. Учир нь хөлслүүлэгчийн буюу түрээслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын зардлыг гэрээний хугацаа дуусгавар болсны дараа шаардах нь зүй ёсны асуудал бөгөөд актаар тухайн хөрөнгийг хүлээлгэж өгсөн нь засан сайжруулалтыг шаардах эрхийг хязгаарлах хязгаарлахгүйн дээр тухайн хөрөнгийг түрээслэгч саатуулан барих эрхгүй болно.
Анхан шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн атлаа гэрээний зохицуулалтыг иш татах, улмаар түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг үндэслэж дүгнэлт хийж, маргаан бүхий харилцааны зохицуулалтыг хольж дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг үгүйсгэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Талууд гэрээгээр тохиролцсоныхоо дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн ба үүний дагуу гэрээгээ дүгнэсэн. Барьцаа буюу 21,000,000 төгрөгийг хариуцагчийн зүгээс бүрэн буцааж төлсөн. Засварын 30,000,000 төгрөгийг ******* болон өмнөх түрээслэгч нарын хооронд өгч авсан асуудал юм. Энэ төлбөрийн асуудал хариуцагчид хамааралгүй. 3 жилийн хугацаа дууссаны дараа ******* гэрээгээ дүгнэж дуусгавар болгосон. Гэрээ дуусгавар болох үед засварын асуудлын тухай ярилцсан. 3 жилийн өмнө хийсэн засвар нь сайн чанартай засвар хийгдсэн. Гэрч 85,000,000 төгрөгийн засвар хийгдсэн ба 30,000,000 төгрөгийг ******* хүлээн зөвшөөрч төлнө гэх тохиролцоо хийсэн тухай мэдүүлсэн. Тухайн үед хариуцагч объектоо хүлээж авахад засвар хийх шаардлагатай болж, муудсан байсан. Гэрээ дүгнэх үедээ салгаж авч явах боломжтой зүйлийг авч явж болно гэж зөвшөөрсөн. Харин хананд хийсэн шохой, шалны паркет, дрож зэргийг салгахад цавуутай тул дахин ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсэх талаар ярилцсан. Тухайн үед буцааж янзлахад зардал гарах учраас энэ байдлаар нь хүлээж авъя гэх байдлаар тохиролцож, харилцан ярьсан ба үүний дагуу гэрээгээ дүгнэж дуусгавар болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийн үндэслэлээ түрээсийн гэрээний хугацаанд түрээслүүлэгчийн зөвшөөрлөөр хийгдсэн салгах боломжгүй засан сайжруулалтын зардлыг гаргуулна гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээг дүгнээд дууссан байтал засварын зардал нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, салгаад авч явах боломжтой тохижилтыг аваад явахыг зөвшөөрсөн ч түрээсийн байранд үлдээсэн гэсэн тайлбар гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч талуудын маргаанд хамааралтай Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.
4. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* болон ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 21-ний өдөр 2022-05-21 дугаартай түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* нь ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж ******* байр ******* тоот хаягт байршилтай, 230 м.кв талбайтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зарим хэсэг 152 м.кв талбайг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад 3 жилийн хугацаагаар шилжүүлэх, түрээслэгч ******* нь сард 7,000,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
5. Хариуцагч *******гийн өмчлөлийн ******* дүүрэг, ******* гудамж ******* байр ******* тоот хаягт байршилтай, үйлчилгээ зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь нийт 230 м.кв болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд үүнээс 152 м.кв талбайг нэхэмжлэгч *******ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, түрээслүүлсэн байна.
Түрээсийн гэрээний зүйл болох 152 м.кв талбайн хувьд тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй тул талууд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлага тавигдахгүй бөгөөд гэрээ хүчин төгөлдөр байна.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх түрээсийн гэрээг зохих байгууллагад бүртгүүлээгүй нь талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй, анхан шатны шүүх энэ талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.
6. Түрээсийн гэрээний 3 жилийн хугацаа дуусаж, цааш сунгагдаагүй тул талууд 2025 оны 06 сарын 10-ны өдөр акт үйлдэж түрээсийн талбайг хүлээлцсэн, уг актаар түрээслэгч түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй болохыг талууд зөвшөөрсөн байх ба энэ талаар зохигч маргаагүй.
Харин нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний хугацаанд хийгдсэн засан сайжруулалтын зардлыг нэхэмжилсэн нь маргааны зүйл болжээ.
7. Зохигчийн тайлбар болон гэрч *******ийн мэдүүлгээр 2022 оны 05 сарын 21-ний өдрийн 2022-05-21 дугаартай түрээсийн гэрээ байгуулагдахаас өмнө 2021 оны 12 сарын 18-ны өдөр хариуцагч ******* өөр этгээдэд талбайг түрээсэлж, түрээсийн гэрээг 3 жилийн хугацаатай байгуулсан боловч тухайн гэрээ 2022 оны 05 сарын 20-ны өдөр цуцлагдсан байна. Ийнхүү гэрээ цуцлагдсаны дараа нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд түрээсийн гэрээ байгуулагдах үед өмнөх түрээслэгч *******ийн түрээсийн талбайд хийсэн засан сайжруулалтын зардал 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* төлөхөөр талууд харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.
Үүнтэй холбоотойгоор түрээсийн гэрээний 3.4-т Түрээслэгч нь өмнөх түрээслэгч *******д заслын зардал болох 30,000,000 төгрөгийн төлбөрийг 2022 оны 06 сарын 15 буюу түрээсийн хугацаа эхлэх өдөр нэрлэсэн банкны харилцах дансанд шилжүүлнэ гэж тусгаж, нэхэмжлэгч ******* 30,000,000 төгрөгийг *******д 2022 оны 06 сарын 15-ны өдөр өгсөн нь хэргийн 118 дахь талд авагдсан шилжүүлгийн баримтаар тогтоогджээ.
8. Тодруулбал өмнөх түрээслэгчийн түрээсийн талбайд өөрийн зардлаар хийсэн засан сайжруулалтын зардал 30,000,000 төгрөг болж, гэрээ цуцлагдсантай холбоотой уг зардлыг дараагийн түрээслэгч болох нэхэмжлэгч ******* төлөхөөр тохиролцсоныг түрээслүүлэгч буюу хариуцагч ******* хүлээн зөвшөөрч, дээрх нөхцөлөөр гэрээ байгуулсан байх тул гэрээ байгуулах үед түрээсийн талбай буюу нэхэмжлэгчийн хөрөнгөнд энэ хэмжээний засан сайжруулалт хийгдсэн, тухайн зардлыг нөхөн төлөхтэй холбоотой асуудлаар талууд тохиролцсон гэж үзнэ.
9. Түүнчлэн түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1-д Түрээслэгч түрээсийн талбайг зөвхөн гэрээнд заасан сургалтын зориулалтаар эзэмшиж, ашиглана, 5.1.3-т Түрээслэгч түрээслүүлэгчийн зөвшөөрлийн дагуу өөрийн үндсэн үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн түрээсийн талбайд засан сайжруулалтыг барилгын хийцлэлд өөрчлөлт оруулалгүй хийж болно, 5.1.4-т Түрээслэгч түрээсийн гэрээ дуусгавар болоход түрээсийн талбайд хийсэн засвар тохижилтыг буулгаж, анх хүлээн авсан байдлаар хүлээлгэн өгнө эсвэл талууд харилцан тохиролцож засвар тохижилтын зарим хэсгийг үлдээж болно гэж тусгажээ.
9.1. Нэхэмжлэгч ******* түрээсийн гэрээний хугацаанд эд хөрөнгөнд тодорхой засан сайжруулалт хийснийг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд үүнийг түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хийсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
9.2. Хариуцагч талаас түрээсийн эд хөрөнгөнд хийсэн засан сайжруулалтаас салгаад авч явах боломжтой зүйлийг нь аваад явахыг зөвшөөрсөн гэсэн боловч өөрийн татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүйгээс гадна хавтаст хэргийн 13 дахь талд авагдсан 2025 оны 06 сарын 10-ны өдрийн Түрээсийн талбай хүлээлцэх акт-д түрээслэгч нь гэрээний зүйл болох 152 м.кв талбай болон засвараар хийгдсэн салгаж болохгүй эд зүйлсийн хамт 2025 оны 06 сарын 10-ны өдөр ямар нэгэн биет байдлын доголдолгүйгээр түрээслүүлэгчид хүлээлгэн өгөв гэж тусгасан байдлаас үзэхэд түрээслүүлэгч нь түрээсийн талбайг засан сайжруулалтын хамт түрээслэгчээс хүлээн авсан нь тогтоогдож байна.
9.3. Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг гэрээний дагуу эзэмшиж, ашиглаж байсны хувьд Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хадгалах, арчлах, засан сайжруулах зэрэгт зарцуулсан зардлаа шаардах эрхтэй бөгөөд энэ нь эд хөрөнгийг зориулалтаар нь ашиглахад гаргасан зайлшгүй шаардлагатай зардлыг эзэмшигч ямар нэгэн хязгаарлалтгүйгээр бүрэн хэмжээгээр буюу гаргасан зардлын хэмжээгээр өмчлөгчөөр төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзнэ.
10. Тиймээс нэхэмжлэгч нь гэрээ дуусгавар болсонтой холбоотой засан сайжруулалтын зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 289.2.5-д заасанд нийцсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
11. Харин нэхэмжлэгч нь өмнөх түрээслэгчийн хийсэн засан сайжруулалтын зардал 30,000,000 төгрөгөөс гадна түрээсийн гэрээний хугацаанд 10,000,000 төгрөгийн засвар хийсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон боловч хэргийн 108-117 дахь талд авагдсан баримтаар энэ хугацаанд засварын зардалд нийт 7,325,000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдож байна.
Дээрх байдлаар тооцож үзэхэд засан сайжруулалтын зардалд нэхэмжлэгч 37,325,000 төгрөг нэхэмжлэх эрхтэй байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд эд хөрөнгийн элэгдэл хорогдлыг тооцоод нэхэмжлэлийн шаардлагаа 50 хувиар бууруулах боломжтой гэх тайлбар болон хэргийн нөхцөл байдал, эд хөрөнгийн ашиглалт, элэгдэл хорогдлыг тооцон нэхэмжлэлийн шаардлагаас 3/1 хувиар тооцож 12,441,666 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж нэхэмжлэгчид олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
12. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 324 дүгээр зүйлийн 324.1, 326 дугаар зүйлийн 326.1 дахь хэсэгт заасныг баримталсан нь хэрэглээний хувьд оновчгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
13. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/08058 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.2.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 12,441,666 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,558,334 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******гаас 214,016 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Ж.ЛХАГВАСҮРЭН