Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 496

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн __________ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________  дугаарын регистртэй, М.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 3-р сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр замын вокзалын авто зогсоол дээр хохирогч Д.Э-ыг архины шилээр цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ:

“...Вокзал дээр Э-ыг цохисон нь үнэн. Э-тай маргалдаж байхад намайг мөрлөөд өвөр тэмтрээд байсан. Тэгээд би уурлаад араас нь дуудаад цохисон...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч М.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хамтран амьдрагч А.Бтэй гэртээ байхдаа жоохон маргалдаад, гэрээсээ 10:00 цагийн үед гараад Барс зах дээр ирж, хуучин хамт ажиллаж байсан хүмүүстэй нэг шил 500 граммын Хараа нэртэй архи авч хуваан уугаад тэр өдрөө Барс зах дээр хамт ажиллаж байсан хүмүүстэй байж байгаад орой 18:00 цагийн үед дэлгүүрээс нэг шил 750 граммын Хараа нэртэй архи аван ганцаараа тал хүртэл нь ууж байгаад, талыг нь гэртээ харьж уухаар Вокзал орчим явж байхдаа хохирогч залуутай яг юунаас болж маргасан юм мэдэхгүй, маргаад би өвөртөө байсан тал Хараа нэртэй архиа гаргаж ирэн баруун гартаа барьж байгаад хохирогч залуугийн толгой орчим нь нэг удаа цохиод зугтаасан. Тэгээд Вокзалаас хойш гүйж байгаад нэг орон сууцны гадна саадан доор орон нуугдаж байгаад баригдсан. Тухайн хохирогч залуугийн биед учирсан гэмтэл нь миний гартаа барьсан архины шилээр цохисноос үүссэн. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, ямар ч маргаан болоогүй байхад бусдын эрүүл мэндэд нь хохирол учруулсан асуудалдаа маш их харамсаж байна, цаашид өөрийн үйлдлээ ухамсарлаж дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэх мэдүүлэг /хх-н 49-50, 69-70/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Э-ы өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өөрийнхөө цахим үнэмлэхээ хугацаагүй болгох сунгалт хийхэд 6 хувь цээж зураг, мөн хаягаа сольсон тэмдэглэл хийлгэх шаардлагатай гэсэн болохоор Вокзал орж найз Б-д зураг болон бусад бичиг баримтаа эгчрүүгээ Говьсүмбэр аймагруу явуулахаар ирсэн. Тэгээд эхлээд Вокзал орхоосоо өмнө Хар хорин зах дээр буугаад үсээ засуулаад явж байтал манай багын найз Б охинтойгоо явж байхтай нь таараад бичил хороолол орж Бгийн охиныг гэрт нь оруулж өгөөд нэг аяга цай уучихаад Бгийн хамтаар гэрээс нь гарч, гэрийнх нь ойролцоо байдаг нэг паабад орж 2, 2 пиво, хоёр зуун грамм архитай уучихаад, би Вокзал орох ажилтай гээд явсан. Тэгээд Бгаас салаад Вокзал орж орон нутаг ордог явдаг таксинууд орж Б-тэй уулзан бичиг баримтаа өгөөд Вокзалын автобусны буудлаас автобусанд суух гээд явж байхад Вокзалын автобусны буудлын 2 түргэн үйлчилгээний төвийн голд 2 нөхөр сууж байсан бөгөөд би буудал дээр ирээд автобус ирэхгүй байсан тул таньдаг жолооч нараар 25-р эмийн сангийн автобусны буудал орж автобусанд суух санаатай алхаж байтал нөгөө түргэн үйлчилгээний цэгийн голд сууж байсан хоёр хүний нэг болох бор дээлтэй ах нь миний араас гарнаас бариад татсан. Тэр үед би яах гээд байгаа юм бэ гэсэн чинь нөгөө хүн зүгээр явсан. Тэгээд би буцаад алхаж байтал нөгөө хүн дахиад миний араас татахаар нь би гайхаад эргээд хартал, тэр дээлтэй хүн надад архи уух уу гэсэн. Тэр үед би нөгөө хүнд юу яриад байгаа юм гэж хэлээд гараа татаад эргээд явж байтал миний танил таксинд явдаг Хатнаа гэх залуу Э- ахаа араас чинь гэсэн.

Тэр үед би гайхаад эргээд миний толгой дээр нөгөө дээлтэй архи уух уу гээд байсан хүн архины шилээр цохисон. Тэр үед миний толгой манараад толгойн дээрээс архи, цус гараад байх үед нөгөө дээлтэй нөхөр миний толгойруу цохисон архины шилнийхээ хүзүүгээр нь миний зүүн хацар орчим зоочихоод зугтаачихсан. Тэр үед би нүүрээ дараад доошоо суусан байхад Төмөр замын цагдаа нар камераар харлаа гээд ирэх үед манай танил таксинд явдаг залуучууд тэр хүнийг хөөж байгаад нэг байрны сааданд ороод нуугдчихсан байсныг олсон гэсэн. Тэгээд тэр өдрөө цагдаа нар бүртгэж аваад би гомдол гаргасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 31-32/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Хын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 15-ны 21 цаг өнгөрч байхад миний бие вокзалын зогсоол дээр машинтайгаа очоод зогсож байтал нутгийн ах Э- ах нэг бор дээлтэй үл таних хүнтэй хамт гарч ирсэн. Тэгээд байж байтал бор дээлтэй ахтай маргалдаад байсан. Тэгсэн гэнэт нөгөө бор дээлтэй ах архины шилээр толгой хэсэг рүү нь цохиод зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн:

“...3507 дугаартай шинжээчийн дүгнэлт дээрх зүүн ухархайн ясны доод ханын хугарал гэх хамрын яс доод талын шинэ хуучин хавсарсан 0,5 см зөрүүтэй хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-н 72/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 3507 тоот: 

1. Д.Э-ы биед зүүн хацарт шарх, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн ясны доод ханын хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, баруун шанаа, эрүүний баруун буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Зүүн хацрын шарх нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

6. Зүүн хацрын шархны сорви ердийн явцаараа арилахгүй гэх дүгнэлт /хх-н 38/,

 

            - Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 20-21/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/

-ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 55/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч М.Б нь 2019 оны 3-р сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар төмөр замын вокзалын авто зогсоол дээр хохирогч Д.Э-ыг архины шилээр цохиж биед зүүн хацарт шарх, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн ясны доод ханын хугарал, хамрын ясны хугарал, тархи доргилт, баруун шанаа, эрүүний баруун буланд зулгаралт гэмтэл бүхий биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч М.Бийн “...Би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ... Вокзал орчим явж байхдаа хохирогч залуутай яг юунаас болж маргасан юм мэдэхгүй, маргаад би өвөртөө байсан тал Хараа нэртэй архиа гаргаж ирэн баруун гартаа барьж байгаад хохирогч залуугийн толгой орчим нь нэг удаа цохиод зугтаасан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Э-ы “...Би 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ... эргээд миний толгой дээр нөгөө дээлтэй архи уух уу гээд байсан хүн архины шилээр цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Хын “...2019 оны 3 дугаар сарын 15-ны 21 цаг өнгөрч байхад миний бие вокзалын зогсоол дээр машинтайгаа очоод зогсож байтал нутгийн ах Э- ах нэг бор дээлтэй үл таних хүнтэй хамт гарч ирсэн. Тэгээд байж байтал бор дээлтэй ахтай маргалдаад байсан. Тэгсэн гэнэт нөгөө бр дээлтэй ах архины шилээр толгой хэсэг рүү нь цохиод зугтаасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 3507 тоот дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч М.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Д.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хэргийн 73 дугаар талд авагдсан хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...99037561 дугаарын утсаар холбогдоход би очиж чадахгүй наад хэргээ хаавал хаа...” гэсэн гэх тэмдэглэл мөрдөгч үйлдсэн байх тул шүүгдэгч М.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Д.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бусад зардлаа нотлох бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч М.Бэд 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч М.Бэд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Э- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бусад зардлаа нотлох бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ