Баян-Ө**** аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж, Нэхэмжлэгч: Баян-Ө**** аймгийн Ө**** сумын ** дугаар багийн оршин суугч, М***** овогт Х.Нын нэхэмжлэлтэй, Хариуцагч: Баян-Ө**** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад ; Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Ө**** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай Х.Ныг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгох, Х.Ныг аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин болон төрийн өөр байгууллагад ажилласан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах тухай тай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Х.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х, гуравдагч этгээд аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Серик, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншук нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр томилогдон ажиллаж ирсэн ба аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажлыг болон албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцсан эрх бүхий албан тушаалтны ажил үүргийг тус тус давхар гүйцэтгэдэг байсан. Төрийн жинхэнэ албанд буюу төрийн захиргааны албан тушаалд 2009 оноос эхлэн тасралтгүй ажилласан тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч юм. Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Х.Тилеген нь томилогдсон өдрөөс хойш намайг удаа дараа дуудаж, үүрэгт ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргахаа амаар мэдэгдсэн ба миний бие тус шийдвэрийг зөвшөөрөх боломжгүй тухайгаа хэлсэн юм. Би Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажилтай холбоотой 2016 оны жилийн эцсийн тайлан, судалгаа холбогдох баримт материалуудыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлэхээр 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн 5 хоног Улаанбаатар хотод ажиллаж, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр ирэхэд мөн өдөр намайг ажлаас чөлөөлснийг 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдсэн. Уг тушаалд төрийн жинхэнэ албан хаагч надтай тохиролцсон мэтээр Төрийн албаны тухай хуулийн 22.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлөх тухай шууд шийдвэр гаргасан нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ. Тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг хэрэглэсэн тохиолдолд шилжүүлэн ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага бий болсон байх ёстой, гэтэл ийм нөхцөл байгаагүй юм. Мөн төрийн өөр байгууллагад шилжүүлэн ажиллуулах тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, түүний зөвшөөрлийг авсан байх ёстой бөгөөд энэ талаар надтай тохиролцоогүй, шилжүүлэн ажиллуулах талаар тохиролцож гэрээ байгуулсан, эсхүл би бичгээр хүсэлт гаргаагүй байхад дур мэдэн шийдвэр гаргасан. Мөн Баян-Ө**** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Х.Ныг ажлаас нь чөлөөлөх тухай 02 дугаар тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээд болох намайг татан оролцуулаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн оролцогчийг сонсох зэрэг үйл ажиллагааг хийлгүй шийдвэр гаргасан нь илт хууль бус үйлдэл юм. Ийнхүү миний хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар ноцтойгоор зөрчсөн тул уг тушаалыг хүчингүй болгож, аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин болон төрийн өөр байгууллагад ажилласан хугацааны цалингийн зөрүүг гаргуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье. Би 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажилгүй байсан учир ямар нэгэн цалин аваагүй. Харин 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн нэгэнт төрийн өөр байгууллагад ажиллаж төрөөс цалин авч байгаа учраас давхар цалин авах боломжгүй гэж үзэж, цалингийн зөрүүг гаргуулахыг хүсэж байна. Би хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байхад цалингийн сүлжээний ТЗ-6-4 шатлалаар цалинжиж байсан. Мөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажлыг давхар гүйцэтгэсний 30 хувийн нэмэгдэл урамшуулал, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг хариуцсан эрх бүхий албан тушаалтны ажлыг хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл, зэрэг дэвийн 20 хувийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны 5 хувийн нэмэгдэл авч, сард нийт 1.258.834 төгрөгийн цалин хөлс авч байсан юм. Би өчигдрийн байдлаар хавтаст хэргийн материалтай танилцахад цалин хөлсний асуудлаар улсын байцаагчийн акт авагдсан байсан бөгөөд үүнийг надад өнөөдрийг хүртэл албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Улсын байцаагч н.Тамара нь нэг удаа надад санхүүгийн хяналт шалгалт хийж байна гэж миний цалин хөлсний талаар асууж байсан, улсын байцаагчийн акт гаргасан тухай надад албан ёсоор мэдэгдээгүй юм. Уг актад цалингийн сүлжээний шатлалыг буруу олгосон гэж бичсэн байна, цалингийн сүлжээний тухайн шатлалын цалинг ажилласан жилийг харгалзан тооцож олгох талаар хуулийн зохицуулалт байхгүй. Надад цалинг хэрхэн, яаж, ямар байдлаар олгосон нь ажилтан миний буруу биш, ажил олгогчийн эрхийн асуудал тул ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүүг 1.258.834 төгрөгөөр тооцоолж шийдвэрлэж өгнө үү гэв. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Нын нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Х.Ныг ажлаас бүрмөсөн чөлөөлөөгүй, зөвхөн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэний албан тушаалаас нь чөлөөлж, мэргэжлийн дагуу Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр шилжүүлэн томилсон юм. Энэ талаар Х.Нын өөрт нь мэдэгдэж Тамгын газрын дарга миний бие, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга нартай хамт байж ярилцан амаар тохирч, Х.Н өөрөө зөвшөөрсөний үндсэн дээр Байгаль орчин аялал жуулчлалын газарт мэргэжилтнээр шилжүүлэн томилсон ба Х.Н нь одоо тус газарт мэргэжилтнээр ажиллаж байгаа тул эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл түүнийг ажлаас нь халаагүй, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжүүлэн ажиллуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Түүний цалин хөлсний талаар улсын байцаагч н.Тамарагийн акт болон хавтаст хэрэгт авагдсан нягтлан бодогчийн гэрчийн мэдүүлэг зэргээр ажилласан хугацаанд авсан цалин нь буруу олгогдож байсан нь нотлогдож байгаа. Бид нэхэмжлэгч Х.Ныг ямар нэгэн байдлаар цалин хөлсөөр хохируулахгүйгээр өөр төрийн байгууллагад шилжүүлж ажиллуулж байгаа тул түүний эрх ашиг нь хөндөгдөөгүй, цалин хөлсөөр хохироогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв. Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Засаг даргын Тамгын газрын Төрийн захираа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсаны ахлах мэргэжилтний сул орон тоонд томилогдсон, намайг уг албан тушаалд томилох үед урьд ажиллаж байсан Х.Н нь өөр байгууллагад шилжиж ажиллахаар болсон гэж мэдэгдсэн ба уг ажлын байр сул байсан. Х.Ныг уг албан тушаалаас 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтийн дагуу чөлөөлж, мэргэжлийн дагуу Байгаль орчин, аялал жуучлалын газарт мэргэжилтнээр шилжүүлэн томилсон байна. Нэгэнт уг албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж мэргэжлийн дагуу өөр ажилд шилжин томилогдсон тул түүний эрх зөрчигдөөгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв. ҮНДЭСЛЭХ нь: Баян-Ө**** аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан нэхэмжлэгч Х.Ныг эрх бүхий этгээдээс Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн байх ба энэхүү шийдвэрийг хүчингүй болгож,урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. 1.Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болох зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулахаас өмнө шилжүүлэн авч байгаа төрийн байгууллагад тухайн албан тушаалын чиг үүргийг хэрэгжүүлэх албан ажлын зайлшгүй шаардлага гарсан байх, уг албан тушаалд шилжин ажиллахыг төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрсөн байх шаардлагатай бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч зөвшөөрсөн гэдгийг албан тушаалтны шаардлага, нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийнх нь хүсэл зоригийн дагуу хүсэлтээ бичгийн хэлбэрээр гаргасан байхыг ойлгох юм. Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд ажил олгогчийн санаачлагаар нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлсөн, ажлаас чөлөөлсний дараа хариуцагчаас 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 3-02/298 дугаартай албан бичгээр аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын даргад хандаж түүнийг мэргэжилтнээр авч ажиллуулахыг санал болгосноор томилох эрх бүхий этгээдээс мөн өдөр тус газрын аялал жуулчлалын мэргэжилтний сул орон тоонд нэхэмжлэгчийг томилсон үйл баримтууд тогтоогдсон. Нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3-02/298, 05 дугаар сарын 31-ний өдрийн 3-02/1058 дугаартай албан бичгүүд, мөн өдрийн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын 04 дугаартай тушаал, тус газрын дарга Х.Айбекийн шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж, төрийн өөр байгууллагад ажилд томилох үед Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэл үүсээгүй нь тогтоогдож, нэхэмжлэгчээс төрийн өөр байгууллагад ажиллахыг зөвшөөрч хүсэлт гаргасан нь үгүйсгэгдэж байна. Гэрч тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Айбекээс шүүхэд өгсөн мэдүүлэгдээ ...манай байгууллагад мэргэжилтний сул орон тоо гарсан ба уг орон тоонд Х.Ныг авч ажиллуулахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас санал болгосон, мэргэжил нь тохирсон учраас зөвшөөрч томилсон. Манай байгууллагын хувьд Х.Ныг ажиллуулах албан ажлын зайлшгүй шаардлага гараагүй,түүнийг шилжүүлэн ажиллуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй гэжээ. Төрийн өөр байгууллагад буюу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсныг Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэл үүссэн гэж үзэхгүй бөгөөд энэ тохиолдолд хуулийн 17 дугаар зүйлд зааснаар уг сул орон тоог нөхөх, тухайн ажлын байранд ажилтныг төрийн жинхэнэ албан тушаалд авах асуудал зохицуулагдсан. Дээрх байдлаар нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалаас чөлөөлөх хуульд заасан үндэслэл үүсээгүй, нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлөгдөх талаар хүсэлт гаргаагүй байхад түүнийг ажлаас нь чөлөөлж, төрийн өөр байгууллагад ажиллуулахаар санал болгосон хариуцагчийн үйлдэл нь нэхэмжлэгчийн эрхийг хууль бусаар зөрчсөн, Төрийн албаны тухай хуульд нийцээгүй гэж дүгнэлээ. Хариуцагч талаас нэхэмжлэгч төрийн өөр байгууллагад мэргэжилтнээр ажиллаж байгаа, эрх ашиг нь хөндөгдөөгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын чиг үүргээс өөр чиг үүрэг бүхий, ТЗ-5 ангилал зэрэглэлийн албан тушаалд томилон ажиллуулсан, өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтний албан тушаалаас мэргэжилтний мэргэжилтний албан тушаалд томилон ажиллуулснаар урьд авч байсан цалин хөлс нь буурсан зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул энэ талаарх нэхэмжлэгч талын маргааныг үндэслэлтэй гэж үзээд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ...хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчим болон хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус зөрчиж гаргасан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан маргаан бүхий албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ. 2. Дээрх байдлаар нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан түүний ажилгүй байсан хугацааны болон төрийн өөр байгууллагад ажилласан хугацаанд төрөөс цалин хөлс авч байсныг харгалзан энэ хугацааны цалин хөлсний зөрүүг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгч маргаан бүхий албан тушаалд ажилласан хугацаанд түүний албан тушаалын цалинг эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 198 дугаар тушаалаар 645.556 төгрөгөөр тогтоосон байх ба энэ нь Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоол ёсоор цалингийн сүлжээний ТЗ-6-4 шатлалын цалинд хамаардаг байна. Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүний нийтлэг жишгийг батлах тухай 105 дугаар тогтоол ёсоор аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн байхаар тогтоосноор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай тушаалаар нэхэмжлэгчид салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэсний үндсэн цалингийн 30 хувийн нэмэгдэл / энэ нь 193.667 төгрөг/ олгохоор шийдвэрлэжээ. Мөн энэхүү шийдвэрээр нэхэмжлэгчийг Авилгын эсрэг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.5-д зааснаар албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх хадгалах,эрх бүхий албан тушаалтнаар томилж, энэхүү ажил үүргийг хавсран гүйцэтгэсний үндсэн цалингийн 40 хувьтай тэнцэх хэмжээний цалингийн урамшуулал /энэ нь 258.222 төгрөг/ /олгохоор шийдвэрлэсэн нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай журмын Гуравын 3.1-д заасан ...Нийтийн албаны удирдлага нь тухайн байгууллагын захиргаа, хуулийн асуудал эрхэлсэн албаны эрх бүхий албан тушаалтанд мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах ажлыг тушаал, шийдвэрээр хариуцуулан томилж, түүнд албан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшуулал олгох талаарх зохицуулалттай нийцсэн байна. Дээрх төрлийн нэмэгдэл хөлснөөс гадна нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т зааснаар төрийн алба хаасан хугацааны 5 хувийн нэмэгдэлд 32.278 төгрөг, зэрэг дэвийн 20 хувийн нэмэгдэлд 129.111 төгрөг авч, сарын нийт цалин хөлсөд 1.258.834 төгрөг, улиралд нэг удаа олгодог хоолны үнийн хөнгөлөлт 36000 төгрөгийн хамтаар зарим сард 1.294.834 төгрөгийн цалин хөлс авдаг байсан нь гэрч аймгийн Засаг даргын Тамгын газрын ня-бо Д.Бекболатын мэдүүлэг болон тус байгууллагын ажилчдын 2016 оны 8, 9 сарын цалингийн хүснэгт, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн 2016 оны цалингийн бичилтийн хэсгийн баталгаат хуулбар бүхий баримтаар тогтоогдож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн цалин хөлсөд 2016 оны 10 дугаар сараас эхлэн өөрчлөлт орж цалингийн хэмжээ буурч, энэ үеэс эхлэн ажлаас чөлөөлөгдөх хүртэл нэхэмжлэгч цалингийн сүлжээний ТЗ-6-3 шатлалаар цалинжсан байх энэ талаар гэрч болох тус байгууллагын ня-бо Д.Бекболатаас мэдүүлэхдээ ...2016 оны 09 сарын 28-ны өдрийн 18-03/40 дугаартай улсын байцаагчийн актын холбогдох хэсгээр Х.Над ажилласан өмнөх хугацаанд илүү цалин авсан гэж үзэж, цалингийн зөрүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн, уг акт ёсоор Х.Н нь 2016 оны 10 дугаар сараас эхлэн цалингийн ТЗ-6-2 шатлалаар цалинжих ёстой байсан боловч ажил олгогчоос уг актын дагуу цалин дахин тогтоосон шийдвэр гараагүй, тухайн үед Х.Н маргасан учраас ТЗ-6-3 шатлалын цалин олгосон, 40 хувийн нэмэгдлийг улсын байцаагчийн акт ёсоор 15 хувь болгож, бусад нэмэгдлүүдийн хэмжээг хэвээр олгож, нийт 1.043.237 төгрөгний цалин, улиралд нэг удаа олгодог хоолны үнийн хөнгөлөлт 36000 төгрөгийн хамтаар зарим сард 1.079.237 төгрөгийн цалин авч байсан гэжээ. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин болон төрийн өөр байгууллагад ажилласан хугацааны цалингийн зөрүүг цалингийн сүлжээний ТЗ-6-4 шатлалаар тооцоолж дээр дурьдсан нэмэгдлүүдийн хамтаар сарын цалин хөлсөө 1.258.834 төгрөгөөр тодорхойлж нэхэмжилсэн байна. Цалингийн зөрүүг төлүүлэх тухай 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 18-03/40 дугаартай улсын байцаагчийн актын талаар тухайн актыг тогтоосон улсын байцаагч Р.Тамарагаас гэрчийн мэдүүлэг авах замаар тодруулахад Х.Н нь Засгийн газрын 2002 оны 195 дугаар тогтоол ёсоор түүний ажилласан хугацаа нь 6-11 жилд хамаарч байгаа тохиолдолд цалингийн сүлжээний ТЗ-6-2 шатлалаар цалинжих ёстой байсан, түүний албан тушаалын цалингаас гадна авч байсан нийт нэмэгдлийн хэмжээ нь цалингийн 95 хувь байгаа нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 3-т заасан бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн 40 хувиас хэтрэхгүй талаарх зохицуулалттай нийцээгүй, иймээс акт тогтоосноос хойшхи хугацаанд албан тушаалын цалинг ТЗ-6-2 шатлалаар, бусад нэмэгдлүүд нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 3-т зааснаар олгогдох ёстой гэжээ. Маргаан бүхий албан тушаалд нэхэмжлэгч анх 2013 онд томилогдсон байх ба Засгийн газрын 2002 оны 195 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төрийн захиргааны албан хаагчийн цалингийн сүлжээнээс үзэхэд албан тушаалын ТЗ-6 зэрэглэлийн 4 дэх шатлалын цалинг 6-11 жил ажилласан төрийн захиргааны албан хаагчид олгохоор заасан байх боловч энэхүү шийдвэрийг Засгийн газрын 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байна. Бусад нэмэгдлийн хувьд Засгийн газрын 1995 оны 96 дугаартай Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай тогтоолын 3 дахь заалтаар төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь төрийн захиргааны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн, төрийн үйлчилгээний албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоожээ. Нэхэмжлэгч дээрх байдлаар салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэснээр авдаг албан тушаалынх нь цалингийн 30 хувьтай тэнцэх нэмэгдэл, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журам батлах тухай журмын Гуравын 3.1-т зааснаар ...мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих, тайлагнах ажлыг гүйцэтгэснээр олгогдсон албан тушаалынх нь цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл урамшуулал нь Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолд заасан нэмэгдэлд хамаарахгүй бөгөөд эдгээр нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 3-ын б-д зааснаар нэмэгдэл хөлсөд хамаардаг байна. Мөн энэхүү журмын 3-ын в-д зааснаар нэмэгдэлд хөдөлмөрийн нөхцөлийн, ажилласан /төрийн алба хаасан хугацааны/ хугацааны, албан ажлын онцгой нөхцөлийн, цол, зэрэг дэвийн, ...нэмэгдлүүд орно гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн хувьд түүний авч байсан зэрэг дэвийн болон төрийн алба хаасан хугацааны нэмэгдлүүд нь Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын үйлчлэлд хамаарахаар байгаа энэхүү тогтоолоор нэмэгдэл хөлсний нийт хэмжээний талаар зохицуулаагүй байх тул захиргааны албан хаагчийн хувьд нэмэгдэл хөлсний нийт хэмжээг Засгийн газрын уг тогтоолын 3 дахь заалтын дагуу тодорхойлох нь буруу гэж үзлээ. Маргаан бүхий албан тушаалд ажиллаж байх хугацааны нэхэмжлэгчийн цалин хөлс нь дээрх байдлаар албан тушаалын цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдлээс бүрдсэн байх ба төрийн алба хаасан хугацааны 5 хувийн нэмэгдэл болон зэрэг дэвийн 20 хувийн нэмэгдлийн хэмжээ 161.389 төгрөг байгаа нь түүний албан тушаалын цалин болон бүх төрлийн нэмэгдлийн хэмжээний 40 хувь болох 322.778 төгрөгнөөс хэтрээгүй буюу Засгийн газрын 1995 оны 96 дугаар тогтоолын 3-т заасныг зөрчөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүүг маргаан бүхий албан тушаалд ажиллаж байх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлс болох 1.258.834 төгрөгөөр тооцоолж шийдвэрлэх нь зүйтэй байна. Харин улиралд нэг удаа олгодог гэх хоолны үнийн хөнгөлөлтийн 36000 төгрөг нь Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 4-т зааснаар ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд орохгүйг дурьдах нь зүйтэй. Маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрийн өөр байгууллагад мэргэжилтнээр томилогдон ажилласан байх тул ажилгүй байсан хугацаа болох 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 17 хоногт урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 995.357 /есөн зуун ерөн таван төгрөг гурван зуун тавин долоон төгрөг/, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс энэхүү маргааныг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн өдрийг оролцуулж, 5 сар ажлын 15 хоногт төрийн өөр байгууллагад мэргэжилтнээр ажилласан хугацааны цалингийн зөрүүг сард тухайн байгууллагад цалингийн сүлжээний ТЗ-5-2 шатлалаар 540.033 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлийг 10 хувиар тооцоолж 54.003 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэлийг 20 хувиар 108.007 төгрөгөөс тус тус бүрдсэн бага цалин хөлс авсныг харгалзан энэ хугацаанд оногдох цалинг урьд авч байсан маргаан бүхий албан тушаалын цалин хөлсний хэмжээнээс хасахад цалин хөлсний зөрүү 3.205.884 төгрөг гарсаныг хэрэг авагдсан нотлох баримтад үндэслэн тооцоолж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорболон төрийн өөр байгууллагад бага цалинтай ажил хийснээр урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговортнийт 4.201.241 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1,106.3.7,106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 22 дугаар зүйлийн 22.1, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Ө**** аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Х.Ныг ажлаас чөлөөлөх тухай 02 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Х.Ныг аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болон төрийн өөр байгууллагад бага цалинтай ажил хийснээр урьд авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговорт нийт 4.201.241 /дөрвөн сая хоёр зуун нэг мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгч Х.Над олгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.РИЗА |