Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2026/0084

 

М.Э***ын нэхэмжлэлтэй, ***

аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн

Хуралд холбогдох захиргааны

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   М.Батсуурь

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                     Д.Батбаатар    

                                        П.Соёл-Эрдэнэ                            

Илтгэгч шүүгч:         Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2026/0021 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2026/0259 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г***, өмгөөлөгч О.Мөнхболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  А.А***, Б.Б***, гуравдагч этгээд Ө.М***, О.М***, А.Э*** нарыг оролцуулж,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0284 дүгээр  хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан үндэслэл байгаа эсэхийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

М.Э*** нь *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан “*** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” *** дүгээр тогтоолын Ө.М***, О.М***, А.Э*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” *** дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар тухайн Хурлын төлөөлөгчид нэр дэвшин сонгогдсон (нэхэмжлэгч) М.Э*** нарын нэр бүхий 40 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг тогтоолын жагсаалтын 4 дэх хэсгээр Б*** сумаас нэр дэвшсэн А***ийн Э***ын, 39, 40 дэх хэсгээр Э*** сумаас нэр дэвшсэн Ө***ын М***, О***ийн М*** нарын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч баталжээ.

2.2.Үүнээс өмнө гуравдагч этгээд Ө.М***, О.М***, А.Э*** нар нь тус тусын сумынхаа иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон, холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн байсан.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

“... *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн Ө.М***, О.М***, мөн Б*** сумын иргэдийн төлөөлөгчөөр бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн А.Э*** нарыг маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэж бүрэн эрхийг нь давхар хүлээн зөвшөөрсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг зөрчсөн, хууль бус. Энэ нь миний эрх, хууль ёсны эрх ашгийг давхар зөрчсөн. Миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэр дэвших боломжоо хаалгуулсан учир нэр дэвшиж чадаагүй, шударгаар нэр дэвших тэгш боломжийг хаасан. Хурал хүчин төгөлдөр бус болно гэдгийг удаа дараа сануулж байсан боловч хуралдаан даргалагч бидний асуултад тодорхой хариулт өгөхгүй хурлын дэгийг зөрчсөн тул хурлыг орхин гарсан. Ардчилсан нам нь хууль бусаар ирц бүрдүүлсэн.  Тогтоолыг хууль бус бүрэлдэхүүнээр гаргасан. Хуульд заасан төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлж чадахгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчүүлж байна … Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “... *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ө.М***, О.М*** нар нь Э*** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 07, А.Э*** нь Б*** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөгдсөн. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь төлөөлөгч М.Э***ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцох, санал хэлэх, санал хураалгах, иргэдийг төлөөлөх эрх, үүргийг зөрчөөгүй. ... Хуралдаан хуулийн болон хурлын дэгийн дагуу явсан хүчин төгөлдөр юм. Хурлын даргыг олонхын саналаар сонгодог ..., хуулийн дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны дэг батлагдаж явсан. Хурлын даргад нэр дэвших гээд хүсэл зоригоо илэрхийлээд байхад нь дэвшүүлэхгүй байсан үйл баримт байхгүй. Хурал орхиж гарсан гэдгээ хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй,  хүндэтгэн үзэх шалтгаан биш. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

5.Гуравдагч этгээд Ө.М*** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Би аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1079 хүний буюу хамгийн олон хүний санал авсан, сумандаа өргөдлөө өгч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгосон. М.Э*** нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өөрийгөө дэвшүүлээгүй, санал хураалтад оролцоогүй. Миний хувьд энэ хүний эрхийг боож хаасан зүйл болоогүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6.Гуравдагч этгээд О.М*** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...Э***  сумын 5 дугаар тойрогт нэр дэвшиж 316 хүний саналаар мандатын нэгээр гарсан. Мөн *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 35 дугаар тойрогт нэр дэвшиж мандатын хоёроор 998 хүний саналаар гарч, хоёр шатны мандатын анхдугаар хуралдаанд оролцож бүрэн эрхээ баталгаажуулж аль шатанд төлөөлөгч хийх сонголтоо хийж хүсэлтээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өгсөн. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хуралдаж миний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг дуусгавар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

7.Гуравдагч этгээд А.Э*** нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “... Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгох, сонгогдох эрхээ эдлээд аль алинд нь сонгогдсон. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.

8.Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2026/0021 дүгээр шийдвэрээр “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, 46 дугаар зүйлийн 46.7, 46.8, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч М.Э***ын *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” *** дүгээр тогтоолын Ө***ын М***, О***ийн М***, А***ийн Э*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:

8.1.“...Нэхэмжлэгч М.Э***ыг *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад нэрээ дэвшүүлэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх, мөн хариуцагч, гуравдагч этгээд нараас болон өөр бусад этгээдээс түүнийг Хурлын даргад нэрээ дэвшүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан гэх нөхцөл байдлууд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй …

8.2.Хуулийн зохицуулалт, Хурлын дэг болон тогтоогдсон нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч нь анхдугаар хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр орхин гарсан бөгөөд тухайн хуралдаанаар “төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд “эсрэг” санал буюу “төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөхгүй” санал өгсөн. Мөн хуралдаанаар “Хурлын дарга”-д нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нэхэмжлэгч нь өөрийн нэрээ дэвшүүлээгүй, бусад төлөөлөгчдөөс түүний нэрийг дэвшүүлээгүй бөгөөд тухайн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхэд “эсрэг” санал буюу “Хурлын даргад нэр дэвшүүлэх” асуудлыг хэлэлцэхгүй санал өгсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

8.3.Маргаан бүхий *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр тогтоолоор “*** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч” баталсан, уг тогтоолоор “Хурлын даргад нэр дэвшүүлэх” асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд анхдугаар хуралдааны *** дугаар тогтоолоор “Хурлын даргаар Н.Э***ыг сонгож” баталсан, уг тогтоолтой нэхэмжлэгч маргаагүй тул маргаан бүхий *** дүгээр тогтоолын гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн “Хурлын даргад нэрээ дэвшүүлэх” эрх сэргэх боломжгүй. Үүнээс гадна, Хурлын даргын захирамж, Хурлын дэгд “анхдугаар хуралдаанаар Хурлын даргыг сонгох” асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоосон байхад нэхэмжлэгч тухайн асуудлыг хэлэлцэхэд оролцоогүй нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, 39.1.4, 53 дугаар зүйлийн 53.2-т заасан эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй бөгөөд түүний энэ эрхэд хариуцагч, гуравдагч этгээд нар болон бусад этгээдээс саад учруулаагүй байна.

8.4.Иймээс, маргаан бүхий *** дүгээр тогтоолын Ө.М***, О.М***, А.Э*** нарт холбогдох хэсэг нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 46 дугаар зүйлийн 46.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.2-т тус тус заасныг зөрчөөгүй ...

8.5.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2-т зааснаар Хурлын даргыг сонгох асуудлыг зөвхөн Хурлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэх зохицуулалтай бөгөөд Хурлын даргыг сонгосон *** дугаар тогтоолтой нэхэмжлэгч маргаагүй. Үүнээс үзвэл, Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоолоос гуравдагч этгээд нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор “хурлын даргыг сонгосон тогтоол” хүчингүй болох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн тодорхойлж байгаа нэхэмжлэлийн шаардлагаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх боломжгүй..., нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...” гэх зэргээр дүгнэжээ.  

9.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2026/0259 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

10.Нэхэмжлэгч М.Э***, түүний өмгөөлөгч Д.Батболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

10.1.“... Сонгуулийн үр дүнд *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргах үед Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх” гэсэн хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчиж иргэн О.М***, Ө.М***, А.Э*** нарыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар бүрэн эрхийг нь зөвшөөрөн, улмаар сумын Засаг даргаар нэр дэвшсэн байх үед нь илт хууль бус захиргааны акт гаргаж, бүрэн эрхийг нь давхар зөвшөөрч, аймгийн Хуралд хууль бус олонхыг бүрдүүлсэн. Энэхүү хууль бус олонх аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг томилсон төдийгүй, аймгийн Засаг даргад тэрхүү олонхын намын дарга Л.Т***ийг нэр дэвшүүлэн томилуулж орон нутгийн эрхийг бүхэлд нь хууль бусаар аваад байна. Дурдан буй хууль бус шийдвэрүүдийн үр дүнд Ө.М***, А.Э*** нар аймгийн Засаг дарга Л.Т***ийн шийдвэрээр сумын Засаг даргаар тус тус томилогдсон.

10.2.Иймд нэхэмжлэгч миний бие дээрх шийдвэр болох *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр тогтоолын Ө.М***, О.М***, А.Э*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах буюу илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасан. Гэтэл уг нэхэмжлэл бүхий захиргааны хэргийг шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэт нэг талыг баримталж, хууль зүйн болон бодит байдлын үндэслэлгүй шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх маргааны дотоод агуулга буюу маргаан бүхий акт, давж заалдах гомдлыг дүгнэлгүй, миний нэхэмжлэл бүхий хэргийг өөр хэрэгтэй нэгтгэх шаардлагатай гэж үзэж магадлал гаргасан.

10.3.Гэтэл талууд маргааныг нэгтгэх эсэх талаар огт маргаагүй юм. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр тогтоолын Ө.М***, О.М***, А.Э*** нарт холбогдох хэсэг нь хуулийн хориглосон хэм хэмжээг зөрчсөн буюу тухайн этгээдүүдэд холбогдуулан шийдвэр гаргах ямар ч эрх зүйн үндэслэлгүй байхад хууль зөрчин гарсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус акт юм. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье.” гэжээ.

11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, А.Б*** нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

11.1.“... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй, …харин давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж үзэж байна. Учир нь М.Э*** нь *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр тогтоолын Ө.М***, О.М***, А.Э*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг 2 удаа хянан хэлэлцэж, нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 123/ШШ2025/0071, 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ/2026/0021 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

11.2.Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 3 удаа хянан хэлэлцэж, нэхэмжлэгч М.Э***ыг Д.Б*** нарын нэхэмжлэлтэй хэргээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл ижил тул тухайн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах талаар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс асууж, тодруулсан, тэмдэглэлд тусгагдсан... Тус шүүх хуралдаанаас буюу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШТ2025/0259 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

11.3.Үүний дараа нэхэмжлэгч М.Э***, Д.Б*** нарын нэхэмжлэлтэй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэрэгт хүсэлт гаргаж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 123/ШШ2025/0031 дүгээр захирамжаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж хэргийг нэг бол тусгаарлуулах, нэг бол нэгтгүүлэх магадлал гаргаж хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд удаа дараа буцааж шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

12.Гуравдагч этгээд нараас “давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу” гэсэн агуулгатай талуудын гаргасан гомдлыг дэмжиж оролцов.

13.Хяналтын шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр хүлээн авсан болно.

ХЯНАВАЛ:

14.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч болон хариуцагч талын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

15.Давж заалдах шатны шүүх “Д.Б*** нарын нэр бүхий 19 төлөөлөгчийн нэхэмжлэлтэй хэрэг болон М.Э***ын нэхэмжлэлтэй хэргийн нэхэмжлэлийн шаардлага агуулгын хувьд адил, тэдгээрийг нэгтгэн шийдвэрлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг зөрчсөн” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

16.Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Аль нэг захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн маргаантай хэрэг байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг шүүх нэг ажиллагаагаар нэгтгэн хэлэлцэж болно” гэж заасан нь шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтын харилцан хамаарал, процессын хэмнэлт зэрэг хэрэгцээ шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр хэргийг нэгтэн шийдвэрлэх эсэхийг шийдвэрлэх бүрэн эрхийн зохицуулалт юм.

17.Энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч М.Э*** нь анх Д.Б*** нарын нэр бүхий 19 иргэдтэй хамтран *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн ***, ***, ***, ***, *** дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад (2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр) нэхэмжлэлээсээ татгалзаж, бие даан нэхэмжлэл гаргасан.

18.Тэрбээр *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” *** дүгээр тогтоолын Ө.М***, О.М***, А.Э*** нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ “эдгээр нэр бүхий иргэд нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь дуусгавар болоогүй байхад аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оролцож, хууль бусаар ирц бүрдүүлсэн нь хууль зөрчсөн, үүний улмаас миний Хурлын даргад нэр дэвших, тэгш шударгаар өрсөлдөх, төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлэх боломж хязгаарлагдсан” гэж тодорхойлжээ.

19.Үүнээс үзвэл, нэхэмжлэгч болон нэр бүхий иргэдийн нэхэмжлэлийн шаардлага, маргаж буй үндэслэл, сэргээлгэхээр зорьж буй эрх ашиг нь ялгаатай, нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр бие даан нэхэмжлэл гаргасныг шүүх тусгаарлан шийдвэрлэсэн байхад, давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтын агуулга, зорилгыг өөрөөр тайлбарлан, холбогдох хэргүүдийг зайлшгүй нэгтгэн шийдвэрлэх ёстой мэтээр дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан нь буруу байна. Өөрөөр хэлбэл, энэ үндэслэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т заасан анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэх нөхцөлийг бүрдүүлэхгүй.

20.Иймд, шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 221/МА2026/0259 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.БАТСУУРЬ  

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Д.МӨНХТУЯА  

                           ШҮҮГЧИД                                                         Д.БАТБААТАР 

                                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ 

                                                                                                         Г.БАНЗРАГЧ