| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/05002/И |
| Дугаар | 210/МА2026/00026 |
| Огноо | 2025-12-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2026/00026
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/08684 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь өвлүүлэгч *******, ******* нарын хууль ёсны өвлөгч юм. *******ын эх ******* нь өвчний улмаас 2021 оны 09 сарын 04-ний өдөр нас барж, улмаар хоёр сарын дараа *******ын эцэг ******* нь 2021 оны 11 сарын 16-ны өдөр нас барсан. ******* нь өөрийн эцэг, эхийн амьд сэрүүн байхдаа эдэлж хэрэглэж байсан өвлөгдөх эд хөрөнгөд буюу эцэг *******, эх ******* нарын тус бүрийн эд хөрөнгөд өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч ******* нь 2022 оны 09 сарын 02-ны өдөр бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, гэрчилсэн байдаг. *******ын эцэг *******, эх ******* нар нь дундаасаа хоёр хүүхэдтэй бөгөөд том хүү *******, бага охин ******* юм. *******ын эцэг *******, эх ******* нар нь амьд сэрүүн байхдаа өөрсдийн эд хөрөнгийг ямарваа нэгэн байдлаар гэрээсэлж байгаагүй ба Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-т заасны дагуу ******* болон дүү ******* нар хууль ёсны өвлөгч юм. Гэтэл Нийслэлийн тойргийн нотариатч ******* нь дүү *******ын нэр дээр 2024 оны 04 сарын 22-ны өдөр бүртгэлийн ******* дугаар, 2024 оны 04 сарын 24-ний өдөр бүртгэлийн ******* дугаар, 2024 оны 11 сарын 15-ны өдөр бүртгэлийн ******* дугаар өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэлгүйгээр түүнд гарган өгсөн. Ингэхдээ, Иргэний хуулийн 531 дүгээр зүйл, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.6, 43 дугаар зүйл, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалаар баталсан Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн байх ба өвлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа тухайн өвлөгдөх эд хөрөнгөд өөр бусад хууль ёсны өвлөгч байгаа эсэхийг нягталж шалгаагүй буюу хууль ёсны өвлөгч *******ыг эх *******ы өвлөгдөх эд хөрөнгөд өв хүлээн авахаас татгалзсан мэтээр энэхүү хууль бус нотариатын үйлдлийг хийсэн.
Иймд, 2024 оны 04 сарын 22-ны өдөр бүртгэлийн ******* дугаар, 2024 оны 04 сарын 24-ний өдөр бүртгэлийн ******* дугаар, 2024 оны 11 сарын 15-ны өдөр бүртгэлийн ******* дугаар Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон Нийслэлийн тойргийн нотариатч *******гийн хууль бус үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
******* нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.2, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйл, нотариатын үйлдэл хийх зааврын 8-р зүйл болон Монголын нотариатчидын танхимын 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 301 дугаартай албан бичиг, бусад холбогдох бичиг баримт, цахим өвийн лавлагааг тус тус үндэслэн хуульд заасны дагуу өвлүүлэгч нарын хууль ёсны өвлөгч болох охин *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох *******ийн хүсэлтийн дагуу *******т ногдох хөдлөх эд хөрөнгө дээр өвлөх эрхийн гэрчилгээг хуульд заасан үндэслэл журмын дагуу олгосон.
Нотариатчидын цахим өвийн программаас талийгаач нарын эд хөрөнгө дээр хүсэлт гаргасан өвлөгчийн мэдээллийг шүүж үзэхэд ******* нь *******ын өв хөрөнгө дээр хүсэлт гаргасан байдаг бөгөөд *******ы хөрөнгө дээр гаргасан гэх ******* дугаартай өв хүлээн авах хүсэлт нь цахим программаас гарч ирээгүй болно. Монголын нотариатчидын танхимын 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 301 дугаартай албан бичигт ... Өвлүүлэгч *******, *******ын нарын өвлөгдөх эд хөрөнгөд өвлөгч *******ыг төлөөлж ******* өв хүлээн авах хүсэлт гаргасныг нийслэлийн тойргийн нотариатч ******* 2022 оны 08 сарын 20-ны өдөр бүртгэлийн 0318-0325 дугаарт бүртгэж гэрчилсэн байна... гэж дурдсан байх бөгөөд ******* нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргасан болох нь нотлогдож байна.
Мөн ...Өвлүүлэгч *******ын өвлөгдөх хөрөнгөд ******* өв хүлээн авах хүсэлт гаргасныг Нийслэлийн тойргийн нотариатч ******* 2022 оны 09 сарын 02-ны өдөр бүртгэлийн 0391 дугаарт бүртгэж гэрчилсэн байна. Өвлүүлэгчдийн өвлөгдөх хөрөнгөд өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гаргасан, нотариатаас өвлөх эрхийн гэрчилгээ олгосон, гэрээслэл үйлдсэн эсэхийг танхимын өвийн нэгдсэн бүртгэлээс шүүж үзэхэд бүртгэгдээгүй байна... гэж уг тодорхойлолтоор ирүүлсэн ба ******* нь өвлүүлэгч *******ы эд хөрөнгийг өвлөн авахаар гаргасан гэх ******* дугаартай хүсэлтийн талаар огт дурдагдаагүй учир Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвлүүлэгч *******ы эд хөрөнгө дээр *******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцож өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох бичиг баримтыг үндэслэн хууль ёсны өвлөгч болох охин *******т олгосон болно.
Өвлүүлэгч нарын *******-д эзэмшдэг данс, дансны үлдэгдлийн талаарх 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн баримтыг үндэслэн хууль ёсны өвлөгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ийн хүсэлтийн дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон ба гэрчилгээ олгох үед хуульд заасан хугацаанд тухайн хөрөнгө дээр ******* нь өв хүлээн авах хүсэлт гаргаагүй байсан учир Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр *******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцож өвлөх эрхийн гэрчилгээг *******т олгосныг дурдах нь зүйтэй.
Иймд ******* нь өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо хуульд заасан үндэслэл, журмын дагуу олгосон учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар 2024 оны 04 сарын 22-ны өдрийн бүртгэлийн ******* дугаар, 2024 оны 04 сарын 24-ний өдөр бүртгэлийн *******, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн ******* дугаарт тус тус бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 772,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг зөрчсөн, өөр өвлөгч байгаа эсэхийг тодруулах, тэр нь татгалзах эсэхийг тодруулах үүрэгтэй байсан, энэ үүргээ зөрчсөн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Шүүх өвлөхөөс татгалзсан гэж хуулийн үүднээс тооцогдох тэрхүү зохицуулалт, тайлбарыг огт анхаарч үзээгүй, хууль хэрэглээний хувьд ч энэхүү нэгэнт тодорхой зохицуулалтыг хэрэглээгүй, эс хэрэгссэн талаар шийдвэртээ дурдаагүй.
...Шүүх зайлшгүй хүндэтгэн үзэх үндэслэлээр нэг жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгох ёстой бол, хүсэлт гаргах эрх бүхий бусад өвлөгч нараас татгалзал, зөвшөөрөл авч гэрчлэх тухай хуульчилсан болохыг анхаарч үзээгүй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацаа хэтрүүлснийг шүүх өөрийн үзэмжээр, нэхэмжлэгчийн талд ашигтай байдлаар тайлбарлаж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэн нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлгүй гэж үзнэ.
Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.2, 8.6-д зааснаар нотариатч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн хүүхдийн лавлагааг өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлт гаргасан тал болох өвлөгч *******аас авч шалгах үүрэгтэй байх бөгөөд уг үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн нь анхан шатны хуулийг буруу хэрэглэж үндэслэл муутай шийдвэр гаргасан.
Нотариатч ******* нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг үндэслэж өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Өөрөөр хэлбэл өвлүүлэгчийн төрүүлсэн болон үрчилсэн хүүхдийн лавлагааг авсан, ******* гэж өвлөгч байгааг мэдсэн, мэдэх боломжтой байсан ч өв хүлээн авагч өв хүлээн авах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй бол нотариатч өв хүлээн авагчийг заавал олж тогтоон татгалзлыг бичүүлж авах үүрэг хүлээхгүй юм.
Нотариатч нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгч өөрөө хүсвэл татгалзах хүсэлт гаргах эрхтэй ба хүсэлт гаргасан тохиолдолд өөрт оногдох хэсгээ хэнд шилжүүлэхээ заагаагүй бол түүний татгалзлыг нотариатч гэрчлэх бөгөөд татгалзсан этгээдэд оногдох хувийг Иргэний хуулийн 533 дугаар зүйлийн 533.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны өвлөгчдийн аль нэг нь өөрт ногдох хэсгийг хэнд олгохыг заалгүй өвлөхөөс татгалзсан, эсхүл өвлөх эрхээ алдсан бол түүнд ногдох хэсгийг хууль ёсны бусад өвлөгчдөд тэгш хуваан олгоно.
Нэхэмжлэгч *******ын хувьд хуульд заасан хугацаанд ******* банкны дансанд байгаа мөнгөн хөрөнгийг өвийн журмаар хүлээн авах хүсэлт гаргаагүй нь Монголын нотариатчдын танхимын 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 301 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нотлох баримт болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй 2024 оны 11 сарын 15-ны өдөр ******* бүртгэлийн дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг зөрчсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гарсан гэж үзэж байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээ нь хүчингүй болсноор эрх, хууль ёсны ашиг сонирхол нь ноцтой хөндөгдөх этгээд болох өвлөгч *******ыг гуравдагч этгээдээр татан оролцуулах, эсхүл хамтран хариуцагчаар татан оролцуулж шүүхэд үгээ хэлэх, мэтгэлцэх эрхийг нь хангаагүй, өвлөх эрхийг нь зөрчсөн.
Хан-Уул дүүргийн тойргийн нотариатч ******* нэг хүсэлтийг нь гэрчилсэн хэрнээ Нотариатчдын танхимын дэргэдэх өвийн мэдээллийн нэгдсэн санд яагаад бүртгүүлж оруулаагүй, энэ талаар хууль зүйн дүгнэлт хийлгүй бүхэлд нь ерөнхий байдлаар хамруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
4.2. Нэхэмжлэгч ******* нь, *******ын нэгэн адил Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1.1-д заасанчлан яг ижил тэнцүү эрхтэй, хууль ёсны нэгдүгээр ээлжийн өвлөгч юм. Гэтэл хуульд заасан хугацаанд буюу өвлүүлэгчийг нас барснаас хойш нэг жилийн дотор хүсэлтээ зохих ёсоор гаргаж, нотариатчид хүсэл зоригоо илэрхийлж, улмаар өвлөх эрхээ хэрэгжүүлсэн өвлөгч *******т олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болговол 100 хувь *******т олгогдох ёстой гэсэн үг үү. Хэрэв нотариатчид хууль ёсны өвлөх эрхтэй бүх этгээдийг олж тогтоох үүрэг хүлээлгэвэл, энэ нь бодит байдалд хэрэгжих ямар ч боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа юм. Учир нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар, иргэний эрх үүргийг гагцхүү хүсэл зоригийн үндсэн дээр хүсэл зоригоо бодитоор, хангалттай, тодорхой илэрхийлж байж хэрэгжүүлэх боломжтой болохоос эрх бүхий этгээд хэдийгээр хууль зүйн хувьд тэрхүү боломж олгогдсон байсан ч, бодит үйлдлээрээ, эс үйлдэхүйгээрээ эрхээ хэрэгжүүлэх, олж авахаас татгалзаж байхад нотариатч хүчээр дуудаж авчирч өвлүүлэх ямар ч боломжгүй юм.
Иргэний хуульд нэрлэн заасан нэгдүгээр ээлжийн хууль ёсны өвлөгч гэж тодорхойлсон этгээдүүд нь адил тэгш хэмжээгээр өвлөх эрхтэй. ******* нь хуулийн хугацаанд хүсэл зоригоо илэрхийлсэн байхад, түүний нэр дээр олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээг бүхэлд нь хүчингүй болгох бус, *******ын өвлөх эрх зөрчигдсөн нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах буюу *******т өвлөгдөх хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орж, тэрхүү өөрчлөлт орж байгаа хэмжээгээр нэхэмжлэгчийг өвлөгчөөр нэмж оруулах боломжтой байсан. Гэтэл шүүх ******* огт өвлөх эрхгүй харин ******* дангаараа өвлөх эрхтэй мэтээр шийдэх нь хууль хэрэглээний нэгдмэл байдалд харш зүйл болсон гэж үзэж байна.
Хуульд тоочсон хууль ёсны өвлөгч гэх ойлголт нь эдгээр субъект нь хуулийн дагуу өвлөх эрхтэй болохыг тоочиж байгаа жагсаалт, харин өвлөх эрхээ эдлэх эсэх нь хүсэл зоригоо илэрхийлэх, хүсэх эсэхээс нь хамаарч өөр өөр үндэслэл журмаар хэрэгждэг. Эдгээр ялгаа онцлогийг шүүх анхаарч үзсэнгүй.
Манай тохиолдолд нэхэмжлэгч нь тодорхой хөрөнгүүд дээр хүсэлтээ гаргаж байсан, бусад хөрөнгийг мэдэхгүй гэх шалтгаанаар хүсэлтээ гаргаагүй, эсхүл хүсэлтийг нь бүртгэж авсан нотариатчийн алдаанаас юм уу Монголын Нотариатчдын Танхимын өвийн бүртгэлийн ажилтны алдаанаас юм уу Өвийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байж болох бол энэ тал дээр явагдсан ямар нэг ажиллагаа байхгүй, шүүх хангалттай нотлох баримт цуглаагүй байхад хэргийг хэлэлцүүлсэн гэж үзэхээр байна. Ядаж өвлөх эрхийн гэрчилгээ нь хүчингүй болж эрх нь хөндөгдөж байгаа ******* хамтран хариуцагч, гуравдагч этгээд, эсхүл ядаж гэрч юм уу ямар ч байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч ******* хууль ёсны өвлөгчдийн 1 бөгөөд тухайн эд хөрөнгө 2 өвлөгчтэй. Хуульд заасны дагуу 2 өвлүүлэгч буюу аав, ээж нь эд хөрөнгийг өвлөх үүрэг хүлээн авах хүсэлтээ 2022 оны 09 дүгээр сард 2 өвлөгчийн хэн алины нэр дээр гаргаж өгсөн. ******* болон ******* нотариатч нарын Нотариатын тухай хуульд заасан буруутай үйл ажиллагаанаас болж ******* гэх хүнд олгогдох өв хүлээн авах хүсэлтэй холбоотой мэдээлэл нотариатчийн танхимд очоогүй буюу хүсэлтээ өгсөн байхад бүртгэл хийгдээгүй орхигдуулсан байдаг. Бид хөөцөлдсөний эцэст алдааг нь олж холбогдох баримтыг нотариатчийн танхимаас авхуулсан. *******ын хувьд 2 өвлүүлэгч нарыг өвлөгдөх тэргүүнд хуульд заасан хугацаанд өвлөх эрхийн хүсэлт гаргасан гэх тодорхойлолт авсан. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн хувьд хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ илэрхийлж байсан. ******* нотариатчийн хувьд Иргэний хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 онд баталсан Нотариатын үйлдэл хийх зааварт заасан журмыг баримтлаагүй гэж харж байгаа. Учир нь нотариатын үйлдэл буюу өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо нотариатч бусад өвлөгч нар байгаа эсэх, хэрэв байгаа тохиолдолд өв хүлээн авах хүсэлтээс татгалзсан эсэх талаарх холбогдох хүсэлтийг бичүүлж авах үүрэгтэй байдаг. Гэтэл энэ үүргээ биелүүлэлгүйгээр шууд өмнө нь гаргасан нотариатчийн танхимын алдаатай баримт бичгийг үндэслэж, 11 өв хүлээн авах хүсэлтийн гэрчилгээг гаргаж өгсөн нь хуульд нийцэхгүй гэж харж байна. ******* нь *******ын дүү бөгөөд *******ын нэхэмжлэлтэй, *******т холбогдох өвийн маргаан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа буюу дээрх 2 өвлүүлэгч нарт өвлөгдөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан явж байгаа. Тухайн маргаан нь нотариатын үйлдэл хийх журмын 14.7-д заасан маргаантай холбоогүй. Өөрөөр хэлбэл, *******ын хувьд ******* гэдэг хүн өв хүлээн авах эрхээсээ татгалзсан учраас би тухайн эд хөрөнгийг өвлөнө гэж маргадаг. Үндсэн хуульд заасны дагуу хүн баталгаатай эд хөрөнгийг өвлөх эрхтэй бөгөөд тухайн эрхээ хэнтэй ч хуваалцдаггүй. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн оролцогч шаардлага, татгалзал, хэргийн хүсэлт, гомдлоо шүүх хуралдаан эхлэхийн өмнө тавих эрхтэй. 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч Н.Жамьян гуравдагч этгээдээр *******ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Шүүх хөндлөнгийн байр сууринаас буюу нэхэмжлэгч болон хариуцагч талын шаардлага, татгалзлын талаарх гаргаж өгсөн баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх учиртай. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал тухайн үед энэ талаар ямар нэгэн тайлбар, татгалзал гаргаж байгаагүй атлаа одоо анхан шатны шүүх процесс ажиллагаа зөрчсөн гэх агуулгыг тайлбарлаж байгаа нь хууль зүйд нийцэхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2024 оны 04 сарын 22-ны өдрийн бүртгэлийн ******* дугаарт, 2024 оны 4 сарын 24-ний өдөр бүртгэлийн *******, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн ******* дугаарт тус тус бүртгэгдсэн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч өвлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу олгосон гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Хэрэгт авагдсан нас барсны болон төрсний гэрчилгээ, улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн төрсний бүртгэлийн, төрөл садангийн, нас барсны бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар ******* 2021 оны 09 сарын 04-ний өдөр, ******* 2021 оны 11 сарын 16-ны өдөр тус тус нас барсан, *******, ******* нар нь тэдний хүүхдүүд мөн болох нь тогтоогдсон. /хх-6,9,12,30,34/
4. Мөн хэргийн баримтаар өвлүүлэгч *******, ******* нарын өвлөгдөх хөрөнгөд өв хүлээн авах хүсэлтийг *******аас 2022 оны 09 сарын 02-ны өдөр гаргасныг нийслэлийн тойргийн нотариатч ******* хүлээн авч, өв хүлээн авах хүсэлт бүртгэлийн ******* дугаарт, *******аас 2022 оны 08 сарын 20-ны өдөр гаргасныг нийслэлийн тойргийн нотариатч ******* хүлээн авч, өв хүлээн авах хүсэлтийн ******* дугаарт, 2024 оны 04 сарын 22-ний өдөр гаргасан хүсэлтийг нийслэлийн тойргийн нотариатч ******* хүлээн авч, өв хүлээн авах хүсэлтийн ******* дугаарт тус тус бүртгэсэн байна. /7,8,10-20, 22, 24, 26, 28, 38, 40, 42, 44/
5. Нотариатч ******* нь 2024 оны 04 сарын 22-ны өдөр
1/ бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******, ******* нарын хамтран эзэмшдэг Хас банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 26,256,960 төгрөгөөс өвлүүлэгч *******ад ногдох 50 хувиас 25 хувийг *******т өвлүүлсэн, /хх-21/
2/ Мөн өдөр бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******, ******* нарын хамтран эзэмшдэг Хас банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 26,256,960 төгрөгөөс өвлүүлэгч *******д ногдох 50 хувийг *******т өвлүүлж, *******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон, /хх-23/
3/ бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******, ******* нарын хамтран эзэмшдэг Голомт банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 23,485,000 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс өвлүүлэгч *******д ногдох 50 хувийг *******т өвлүүлж, *******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон, /хх-25/
4/ бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******, ******* нарын хамтран эзэмшдэг Голомт банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 23,485,000 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс өвлүүлэгч *******ад ногдох 50 хувийг *******т өвлүүлж, *******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон, /хх-27/
5/ бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******ын эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 27,888,000 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс 50 хувийг *******т өвлүүлж, /хх-29/
6/ бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******ы эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны ******* дугаар дансанд байсан 15.11 ам.доллар, ******* дугаар дансанд байсан 13,943 төгрөг, ******* дугаар дансанд байсан 4,562.94 төгрөг нийт 69,425.70 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс 100 хувийг *******т өвлүүлж, *******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон, /хх-57/
7/ бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******, ******* нарын хамтран эзэмшдэг Хас банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 10,660.46 юань буюу 4,946,240 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс өвлүүлэгч *******д ногдох 50 хувийг *******т өвлүүлж, *******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон, /хх-39/
8/ бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******, ******* нарын хамтран эзэмшдэг Хас банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 10,660.46 юань буюу 4,946,240 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс өвлүүлэгч *******ад ногдох 50 хувийн 25 хувийг *******т өвлүүлж, /хх-41/
9/ бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******ы эзэмшдэг Хаан банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 25,126.68 юань буюу 11,658,464 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс 100 хувийг *******т өвлүүлж, *******ыг өв хүлээн авахаас татгалзсанд тооцогдсон, /хх-43/
10/ 2024 оны 11 сарын 15-ны өдөр бүртгэлийн ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******ын эзэмшдэг *******-ны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 233,185.54 юань, *******-ны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 282,174.81 юанийн хөрөнгийг тухайн дансанд хүсэлт гаргасан өөр өвлөгч байхгүй гэж 100 хувь *******т өвлүүлж,
11/ мөн өдөр ******* дугаарт өвлөх эрхийн гэрчилгээгээр өвлүүлэгч *******ы эзэмшдэг *******-ны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 247,644.11 юанийн хөдлөх хөрөнгийг тухайн дансанд хүсэлт гаргасан өөр өвлөгч байхгүй гэж 100 хувь *******т өвлүүлж, өвлөх эрхийн гэрчилгээ тус тус олгосон байна. /хх-46/
6. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч зарим нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх мөн хуульд заасан зохицуулалтад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар алдааг залруулан дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч ******* болон ******* нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу нас барагчийн төрсөн хүүхдүүд буюу хууль ёсны өвлөгч тул тэдгээр нь өвлүүлэгчийн хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
8. Талууд, хууль ёсны өвлөгч нарт өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл хуульд нийцсэн эсэх талаар маргажээ.
9. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт Өв нээгдсэн газрын нотариатч өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Иргэний хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ олгоно гэж заасан. Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2, 8.2.13-т өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт бичгийг үндэслэн хууль ёсны өвлөх эрхийн гэрчилгээ олгохоор журамласан байна.
10. Нотариатч ******* 2024 оны 04 сарын 22-ны өдөр бүртгэлийн *******, *******, ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгч *******, ******* нарын аль алиных нь өв хүлээн авах хүсэлтийг үндэслэн өвлүүлэгч *******, ******* нарын хамтран эзэмшдэг Хас банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 26,256,960 төгрөг, Хас банкны ******* дугаар хадгаламжийн дансанд байсан 10,660.46 юань буюу 4,946,240 төгрөг, өвлүүлэгч *******ын эзэмшдэг Худалдаа хөгжлийн банкны ******* тоот хадгаламжийн дансанд байсан 27,888,000 төгрөгийн хөдлөх хөрөнгөөс *******т ногдох хэсгийг өвлүүлж, тус тус өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь Нотариатын тухай болон холбогдох заавар, журмыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүх хүчингүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
11. Харин хариуцагч ******* нь 2024 оны 04 сарын 22-ны өдрийн бүртгэлийн *******, *******, *******, *******, *******, 2024 оны 04 сарын 24-ний өдөр бүртгэлийн *******, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль ёсны бусад өвлөгч нараас өвийн хөрөнгөтэй холбоотой өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэхийг дээрх зааварт заасны дагуу бүрэн гүйцэд лавлах ажиллагаа хийхгүйгээр, хууль ёсны өвлөгч буюу нэхэмжлэгч *******ыг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэж *******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль, нотариатын үйлдэл хийх зааварт нийцээгүй байна.
Учир нь, нэхэмжлэгч *******ын хувьд өвлүүлэгч *******, ******* нарын өвлөгдөх хөрөнгүүдэд өв хүлээн авах хүсэлтийг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд буюу 2022 оны 09 сарын 02-ны өдөр нотариатад гаргасан болох нь нийслэлийн тойргийн нотариатч *******гийн бүртгэлийн ******* дугаар Өв хүлээн авах хүсэлт, Нотариатчдын танхимын 2026 оны 04 сарын 30-ны өдрийн 403 дугаартай албан бичгээр тогтоогдсон. /хх10-12, 50/
12. Хариуцагч ******* тайлбартаа Нотариатчдын танхимын 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 301 дугаартай албан бичигт ******* нь өвлүүлэгч *******ы эд хөрөнгийг өвлөн авахаар гаргасан гэх ******* дугаарт бүртгэлтэй хүсэлтийн талаар огт дурдаагүй ...цахим өвийн программаас талийгаач нарын эд хөрөнгө дээр хүсэлт гаргасан өвлөгчийн мэдээллийг шүүж үзэхэд гарч ирээгүй гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотариатын үйлдлийг зөвтгөх, цаашлаад өв хүлээн авах хүсэлтээ хугацаандаа гаргасан нэхэмжлэгчийн үйлдлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
13. Нотариатын танхимаас *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д явуулсан 2024 оны 04 сарын 11-ний өдрийн 301 дугаартай албан бичигт ******* өв хүлээн авах хүсэлт гаргасныг нийслэлийн тойргийн нотариатч ******* 2022 оны 09 сарын 02-ны өдөр бүртгэлийн ******* дугаарт бүртгэж гэрчилсэн талаар дурдаагүй нь нэхэмжлэгч *******ыг өв хүлээн авахаас татгалзсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.
Тодруулбал, нотариатч ******* нь Нотариатын танхимын итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн албан бичгийн үнэн зөвийг нягтлах, хууль ёсны бусад өвлөгч нараас энэ талаар тодруулах, нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг өөрөө хянаж нягтлах үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.
14. Үүнээс үзвэл хариуцагч буюу нотариатч ******* нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.6-д заасны дагуу нотариатын үйлдэл хийхээс татгалзах байтал 2024 оны 04 сарын 22-ны өдрийн бүртгэлийн *******, *******, *******, *******, *******, 2024 оны 04 сарын 24-ний өдөр бүртгэлийн *******, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус байх тул дээрх нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
15. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ******* болон зохигчдын хэн аль нь гуравдагч этгээдээр оролцох, хамтран хариуцагч оролцуулах хүсэлтийг гаргаж байгаагүй ба энэ тохиолдолд шүүх санаачилгаараа гуравдагч этгээд болон хамтран хариуцагчийг оролцуулах боломжгүй тул *******ыг гуравдагч этгээдээр оролцуулах, эсхүл хамтран хариуцагчаар татан оролцуулж шүүхэд үгээ хэлэх, мэтгэлцэх эрхийг нь хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
16. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж заасан бөгөөд анхан шатны шүүхэд хэргийн оролцогчид хөөн хэлэлцэх хугацааны талаар тайлбар гаргаж мэтгэлцээгүй тул нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлснийг шүүх өөрийн үзэмжээр нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарласан гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
17. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад шаардах эрхэд хамааралгүй Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг баримталсан нь хэрэглээний хувьд оновчгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/08684 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2024 оны 04 сарын 22-ны өдрийн бүртгэлийн *******, *******, *******, *******, *******, 2024 оны 04 сарын 24-ний өдөр бүртгэлийн *******, 2024 оны 11 сарын 15-ны өдрийн ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг тус тус хүчингүй болгож, 2024 оны 04 сарын 22-ны өдрийн бүртгэлийн *******, *******, ******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын 772,200 гэснийг 561,600 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 842,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Ж.ЛХАГВАСҮРЭН