| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 181/2023/04963/И |
| Дугаар | 210/МА2025/02126 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02126
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/07465 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,952,567,324.02 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ*******-1, ЗБ*******-2 дугаартай ипотекийн гэрээний зүйлээр, БДГ*******-1, БДГ*******-2 тоот батлан даалтын гэрээнүүдээр тус тус хангуулах тухай нэхэмжлэлтэй,
*******ын ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалсан *******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах, ******* ХХК-ийн зээл олголтын шимтгэл 23,000,000 төгрөг, үндэслэлгүйгээр суутган авсан 1,231,946 төгрөг, нийт 24,231,946 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч ******* ХХК болон ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* ХХК нь 2022 оны 05 сарын 17-ны өдөр 31******* дугаар хөрөнгө оруулалтын зээлийн гэрээг *******тай байгуулж 2,300,000,000 төгрөгийн зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан.
31******* дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож 2022 оны 05 сарын 17-ны өдөр 35*******-1 дугаар ипотекийн гэрээгээр *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар, ******* дүүргийн ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 207.4 м.кв авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар, ******* дүүргийн ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 185 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын эзэмшлийн улсын бүртгэлийн ******* дугаар, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай эзэмших эрхийн газрын хамт тус тус барьцаалсан.
36*******-2 дугаар ипотекийн гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай, 2093 м.кв үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж хаягт байршилтай, 1391 м.кв талбайтай, *******нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхийн газрын хамт тус тус барьцаалсан.
БДГ*******-1, БДГ*******-2 дугаар батлан даалтын гэрээгээр ******* ХХК, ******* ХХК-ууд нь батлан дааж өөрийн эд хөрөнгө, дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцаж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үүрэг хүлээсэн болно.
ЗГ******* дугаартай зээлийн гэрээний хугацаа 2027 оны 05 сарын 18-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж хугацаандаа төлөөгүй 222 хоног хэтрүүлэн банкийг хохироож байна. Зээлийн гэрээний 4.2-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж нэхэмжлэл гаргаж байна. 2023 оны 09 сарын 27-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөр 2,214,814,814.82 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 272,316,033.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,311,294.41 төгрөг, даатгалын төлбөр, 2,463,893.28 төгрөг. Иймд ******* нь ******* ХХК, ******* нартай байгуулсан зээлийн гэрээний төлбөрт нийт 2,494,906,036.26 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
2024 оны 05 сарын 22-ны өдрийн байдлаар 265,060,879.58 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн хэмжээ нийт 2,759,966,915.84 төгрөг болгон нэмэгдүүлж, үндсэн зээл 2,214,814,814.82 төгрөг, үндсэн хүү 523,603,461.45 төгрөг, нэмэгдүүлсэн xүү 16,620,853.01 төгрөг, даатгалын төлбөр 4,927,786.56 459 төгрөг, хэтэрсэн 459 хоног, нэхэмжилж байгаа дүн 2,759,966,915.84 төгрөг, 2024 оны 11 сарын 07-ны өдрийн байдлаар 192,600,408.18 төгрөгөөр нэмэгдүүлэн нэхэмжлэлийн хэмжээ нийт 2,952,567,324.02 төгрөг болгон нэмэгдүүлсэн.
Иймд ******* ХХК, ******* нараас үндсэн зээл 2,214,814,814.82 төгрөг, үндсэн хүү 702,038,651.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,246,137.63 төгрөг, даатгалын төлбөр 6,467,719.86 төгрөг, хэтэрсэн 904 хоног, нэхэмжилж байгаа дүн 2,952,567,324.02 төгрөг гаргуулж өгнө үү.
3Г******* дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 36*******-1, 35*******-2 дугаартай ипотекийн гэрээнүүдээр барьцаалсан хөрөнгөөр, БДГ*******-1, БДГ*******-2 дугаартай батлан даалтын гэрээнүүдээр тус тус хууль тогтоомжийн дагуу хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:
Банк ******* ХХК-д хөрөнгө оруулалтын зээл олгосон болохоос *******д ямар нэг зээл олгоогүй. Иргэнийхээ хувьд зээл авах хэрэгцээ шаардлага байгаагүй. Гэтэл банк зээлийн гэрээнд компанийн зээлд компанийг төлөөлөх эрхтэй этгээд болохын хувьд *******гээр гарын үсэг зуруулах үедээ хоёр удаа зуруулсан ба ийнхүү хоёр удаа гарын үсэг зурсны үр дагаварт зээлийг *******гээс шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар ******* нь зээлийг хувийн дансандаа хүлээж аваагүйгээс гадна компанийн дансанд олгох талаар хүсэл зоригоо илэрхийлж банканд хандаж байсан удаагүй юм. Иймд ******* нь компанийн өмнөөс зээлийг хариуцах үүрэггүй гэж үзэж байна.
******* нэхэмжлэлдээ зээлдэгч ******* ХХК болон ******* нараас 2,494,906,036.26 төгрөг гаргуулахаар шаардсан байх боловч хэнээс хэдэн төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь ойлгомжгүй, тодорхой биш байх тул ******* хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Банк *******д хандаж, зээл төлөх талаар, гэрээ цуцлах талаар мэдэгдэл ирүүлж байгаагүй болно. Зээлийн гэрээний 3 дугаар хэсэгт зээлдэгчийн үүргийг заасан бөгөөд гэрээнд зааснаар зээлдэгч гэдэг бол зөвхөн ******* ХХК юм. Зээлийн гэрээний 3.1.1-3.1.11 хүртэл зээлийг эргэн төлөхтэй холбоотой бүх үүргийг ******* ХХК-д хариуцуулсан байдаг. Иймд *******ны зээлийн төлбөр 2,494,906,036.26 төгрөгийг ******* ХХK болон ******* нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас *******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
*******тай 2022 оны 05 сарын 17-ны өдөр ЗГ******* дугаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 2,300,000,000.00 төгрөгийн зээлийг жилийн 17.4 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зориулалтаар ******* ХХК зээлж авсан. 2022 оны 05 сард ковидын улмаас хөл хорио цуцлагдаагүй, хил гааль хаалттай хэвээрээ байсан ба манай компанийн хувьд ажилтнуудын цалинг олгож, нийгмийн даатгал, татварын зардлыг төлж байсан. Гэтэл Монгол Улсын хилээр орж ирэх бараа материалын төрөл заасан Засгийн газрын шийдвэр гарсан ба уг төрөлд нь манай оруулж ирж буй бараа материал тоног төхөөрөмжийн төрөл хамаарахгүй байх тохиолдол гарсан. ******* хотхон дахь салбарыг аялал жуулчлалаар ирсэн хүмүүст зориулж нээж байсан боловч 2022 онд аялал жуулчлал зогссон, энэ нь борлуулалтын орлогод шууд нөлөөлсөн.
2023 онд ч ковидын нөлөө үргэлжлэх төлөвтэй байсан. Байдал ийм байсан учраас зээлийн гэрээний дагуу үндсэн төлөлт хийх нь хүндрэлтэй байсан учраас хүүгийн төлөлт хийх хугацааг нэмж, үндсэн төлөлт хийх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн агуулгатай хүсэлтээ илэрхийлж банктай уулзсан.
Зээлдэгчийн хувьд улам хүнд байдалд орохгүйн тулд нөхцөл байдал сайжрахгүй нь тодорхой харагдах болсон үеэс байнга банктай очиж уулзаж байсан. Том зээлд ганц ч удаа бүтцийн өөрчлөлт оруулахгүйгээр шууд гэрээг цуцалж шүүхэд хандана гэдэг банкны хувьд маш ойлгомжгүй үйлдэл. Их хэмжээний өр төлбөр хуримтлагдсан хойно гэрээг цуцлах талаар гэнэт шийдвэрлэж шүүхэд дуудсаныг ойлгохгүй байна. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөхөд зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч ихээхэн хэмжээгээр буруутай гэж үзэж байна. Иймд нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан хураамжийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
4. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч талд уг гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байна. ******* нь 2021 оны 10 сарын 20-ны өдрийн *******ос *******д олгосон итгэмжлэлийг үндэслэсэн. Гэвч уг итгэмжлэлийг ******* *******наас зээл авахад зориулж *******д олгоогүй. ******* 2021 оны 10 сард олгосон зориулалт заагаагүй, үүргийн хэмжээг заагаагүй итгэмжлэлийг үндэслэн *******ын үл хөдлөх хөрөнгүүдийг түүнд мэдэгдэлгүй, бичгийн зөвшөөрөл, хүсэлт авалгүйгээр барьцаалсан нь хуульд нийцэхгүй байна. Эдгээр үндэслэлээр *******-ийн нэхэмжлэлийн шаардлагаас ипотекийн 35*******-1 дугаартай гэрээний дагуу *******ын өмчлөлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: ...миний бие ээлжийн амралттай байгаа учир оролцох боломжгүй байна гэжээ.
6. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг зөрчсөн талаар зээл авахад зориулж итгэмжлэлийг ******* *******наас *******д олгоогүй болох нь илэрхий байхад *******ын өмчлөлийг үл хөдлөх хөрөнгүүдийг ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
*******ын итгэмжлэл зээлийн гэрээ байгуулахаас 1 жилийн өмнө хийгдсэн, Итгэмжлэлээр олгосон бүрэн эрх хэсэгт *******-д хандаагүй, зээлийн хэмжээ зээлийн зориулалт заагаагүй байдаг. *******гийн *******наас авсан их хэмжээний зээлд зориулагдаагүй болно. Гэвч банк хуульд заасан аль ч боломжийг ашиглалгүйгээр *******тэй ипотекийн гэрээ байгуулсан. *******ын үл хөдлөх эд хөрөнгөд шударга бусаар хандаж, *******тэй барьцааны гэрээ байгуулсан. Учир нь ковидын хөл хорио цээрийн улмаас зээлийн гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэлтэй болж байгаа талаар ******* удаа дараа банканд мэдэгдэж, зээлийн гэрээний хугацааг сунгуулах талаар хүсэлт гаргаж байхад банк нэг ч удаа хүсэлтийг нь хүлээж авч, харилцагчдаа боломж олгоогүй байдаг. Гэтэл банк нэг ч удаа зээлдэгч талд боломж олголгүйгээр шууд л шүүхэд хандаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь *******ын үл хөдлөх эд хөрөнгүүдэд анхнаасаа шударга бусаар хандаж, эрхгүй этгээдтэй гэрээ байгуулсан гэж үзэж болохоор байна. Банк *******г төлөөлөх бүрэн эрхгүй гэдгийг мэдэж байсан тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар ******* шаардах эрхтэй.
Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байгаа талаар 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 35*******-1 дугаартай ипотекийн гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Ипотекийн гэрээний барьцаа хөрөнгийн талаар харилцан тохиролцсон үнэлгээ гэх хэсэгт улсын бүртгэлийн ******* дугаартай, 207.4 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 262,6 сая төгрөгөөр, ******* дугаартай, 185 м.кв талбайтай хувийн сууцыг 322,5 сая төгрөгөөр, ******* дугаартай 700 м.кв талбайтай газрыг 8.9 сая төгрөгөөр үнэлж барьцаалсан. Гэтэл барьцаалж буй хөрөнгүүдийн үнэлгээний талаар өмчлөгч *******д банк мэдэгдээгүй бөгөөд итгэмжлэл дээр барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар дурдаагүй, банктай тохиролцох эрхийг *******д олгоогүй. Энэ тохиолдолд банк *******той барьцаа хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй гэж үзнэ.
Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр *******, ******* нарын хооронд 2022 оны 05 сарын 17-ны өдөр байгуулсан гэх 35*******-1 дугаартай ипотекийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалсан *******ын өмчлөлийн *******, *******, ******* дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч болон улсын бүртгэлийн байгууллага даалгаж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* ХХК нь 2022 оны 05 сарын 17-ны өдөр *******-тай зээлийн гэрээ байгуулж, 2,300,000,000 төгрөгийн зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар 17.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаанд тодорхой хэмжээний төлөлтүүдийг төлсөн. ******* зээл олголтын шимтгэл нэрээр 23,000,000 төгрөг төлүүлсэн бөгөөд манай компанид зээл олгохын тулд 23,000,000 төгрөгийн бодитой зардал гараагүй тул үндэслэлгүйгээр суутган авсан. ******* ХХК-д зээл олгохтой холбоотой яг хэдэн төгрөгийн зардал гаргасан нь тодорхой байж тэр хэмжээний мөнгөө зээл олгосны шимтгэл гэж авах ёстой. Гэтэл 2.4 тэрбум төгрөгийн 1 хувийг шууд суутган авч, үлдэх хэсгийг зээлдүүлэгчид олгосон, мөн 2.4 тэрбум төгрөг бүтэн олгосон мэт энэ үнээс хүү тооцож байгаа нь шударга бус байна.
Мөн түүнчлэн ******* нь лоан чарж нэрээр 4 удаа 307,986 төгрөгөөр зээлийн данснаас нийт 1,231,946 төгрөгийн төлөлт авсан. Иймд үндэслэлгүйгээр ******* ХХК-аас зээл олголтыг шимтгэл гэж 23,000,000 төгрөг, ямар ч үндэслэлгүйгээр зээлийн төлөлт дээр нэмж суутган авсан 1,231,946 төгрө, нийт 24,231,946 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,928,632,480.8 төгрөгийг гаргуулж *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,934,843.22 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нар нь зээлийн гэрээний төлбөр 2,928,632,480.8 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд, барьцааны зүйл болох хариуцагч ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 2093 м.кв тайлба бүхий, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж хаягт байршилтай, 1391 м.кв/га/ талбайтай, *******нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхтэй газар, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 207.4 м.кв талбай бүхий, авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн ******* гудамж, *******тоот хаягт байршилтай, 185 м.кв хэмжээ бүхий, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын эзэмшлийн Улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, ******* нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай зуслангийн газар, эзэмших эрхийн газрын хамт худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд Батлан даалтын гэрээний дагуу ******* ХХК, ******* ХХК нарын эд хөрөнгө, мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч *******ын Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр барьцаалсан *******ын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлэхийг улсын бүртгэлийн газарт даалгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн 24,231,946 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 15,306,888 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 279,110 төгрөг, хариуцагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК, ******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 14,801,112 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
9. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар төлөөгүй хэмжээгээр гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй гэж дүгнэсэн атлаа хариуцагч талын гэрээ цуцалсан талаар мэдэгдэж шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласныг хүлээн авч нэхэмжлэгч нь шүүхэд 2023 оны 10 сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ******* зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар, зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхээс албан ёсны шүүхийн шийдвэр гарч албажаагүй, хэрэг хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлгүй юм.
...Анхан шатны шүүхээс Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлагад хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. ...Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд заасан зээлийн хүү 17.4 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн гэрээнд 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхийн хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хууль болон гэрээнд зааснаар хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явц удааширснаас шалтгаалан нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн. Гэтэл шүүхээс дүгнэхдээ 2023 оны 10 сарын 23-ны өдрийн нэхэмжлэлээс хойш нэмэгдүүлсэн шаардлагын үндсэн хүү болох 429,722,617.96 төгрөгийг төлөх нь үндэслэлтэй гэж дүгнэсэн боловч талуудын хооронд байгуулагдсан ЗГ******* дугаартай зээлийн гэрээний 2.5, 3.1.3, 5.1 дэх заалтуудад тусгасан нэмэгдүүлсэн хүү болох 23,934,843.22 төгрөгийг хасаж дүгнэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
10. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК болон ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
1 дүгээр хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан *******-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд иймд зээлийн гэрээний 4.2-д заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргаж байна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ******* нэг талын санаачилгаар зээлийн гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө цуцалсан байх бөгөөд тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас нэхэмжилсэн байдлаар уг нэхэмжлэлийг гаргасан байдаг. Тиймээс анхан шатны шүүхийн дүгнэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал нь 2023 оны 10 сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд үүнээс хойших нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
11. Хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
******* ХХК-д зээл олгохтой холбоотой яг хэдэн төгрөгийн зардал гаргасан нь тодорхой байж тэр хэмжээний мөнгөө зээл олгосны шимтгэл гэж авах ёстой. Гэтэл 2.4 тэрбум төгрөгийн 1 хувийг шууд суутган авч, үлдэх хэсгийг зээлдүүлэгчид олгосон, мөн 2.4 тэрбум төгрөг бүтэн олгосон мэт боловч тухайн мөчид буцаагаад 23,000,000 төгрөгийг шилжүүлэн авч зээлийг бүтэн олгоогүй. Энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавьсан боловч шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож Монголбанкийг шинжээчээр томилуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.
Зээлийн шимтгэлийн хэмжээ нь гагцхүү бодит зардалд нийцсэн байх ёстой бөгөөд хэрэгт байгаа баримтаар банк 1 хувийн зээлийн шимтгэл авах эрхтэй гэдгээ нотлоогүй. Зээлийн шимтгэлийг тогтооход зээлийн бүтээгдэхүүний төрөл, онцлогоос шалтгаалж тодорхой шалгуур үзүүлэлтийг баримталсан, бодит зардалд нийцсэн, Монголбанкнаас баталсан журмын дагуу энэ талаарх мэдээллийг хүргүүлсэн, холбогдох аргачлалыг нийтэд ил тодорхой байлгах мэдээлсэн зэрэг ач холбогдол бүхий баримтууд хэрэгт ******* гаргаж өгөөгүй юм. Гэтэл шүүх шийдвэрийн 15 дугаар талд 23,0 сая төгрөгийн шимтгэл авсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж 23,000,000 төгрөгийг ******* ХХК-аас гаргуулж шийдсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх ёстой, нотлох баримтад үндэслэх ёстой гэж үзэж байна.
Мөн ******* нь лоан чарж нэрээр 4 удаа 307,986 төгрөгөөр зээлийн данснаас нийт 1,231,946 төгрөгийн төлөлт авсан байна. Зээлийн бус төлбөрийг зээлдэгч тал суутган төлүүлж байгаа нь банк хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Даатгалын төлбөр төлөх нь зээлийн гэрээний харилцаанаас тусдаа гэрээний харилцаа юм. Ийм эрхийг өөртөө олж авсан бол энэ нь гэрээний шударга ёсны зарчим, тэгш эрхийн зарчим зэргийг зөрчсөн зөрчил гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
12. Хариуцагч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******гийн зээл хүссэн хүсэлт, зээлийг компанийн дансанд олгохыг зөвшөөрсөн баримт, зээлийн судалгаанд ******* гэж хувь хүний орлогыг оруулан тооцсон баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн. Гэвч ******* энэ талаар баримт байхгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд хэрэг дотор ямар ч баримт гаргаж өгч мэтгэлцээгүй. ******* *******гээр зээл төлүүлэх тухай шаардлагаа нотолж чадаагүй байхад шүүх ******* ХХК, ******* нараас 2,928,632,480 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Хуульд эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцох журамтай байхад гэрээнд гарын үсэг зурсан гэдгээр *******д иргэнийх нь хувьд зээлийг хариуцуулж шийдэж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ тохиолдолд шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан.
*******-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой биш байсан буюу *******гээс хэдэн төгрөг шаардаж байгаа нь тодорхой бус байсан. Гэвч шүүх нэхэмжлэлийг тодруулалгүйгээр хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний 2.1.5-д ******* ХХК-ийн ******* тоот дансанд зээлийн олголтыг хийсэн. Тиймээс зээлийн гэрээ болон Иргэний хуульд заасан журмын дагуу ******* ХХК болон *******-ийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. *******гийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан этгээд биш юм. Иймд *******гээс зээлийн төлбөр шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
13. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Шүүх *******ос *******д олгосон итгэмжлэл, итгэмжлэлийн үндсэнд байгуулсан ипотекийн гэрээ зэрэг баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасан журмын зөрчсөн. Учир нь, гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэснээс үзэхэд итгэмжлэлд *******наас авах 2.3 тэрбум төгрөгийн зээлийн талаар дурдаагүй, ипотекийн гэрээ байгуулах талаар тусгаагүй байгаа нь энэ талаар бүрэн эрх *******д олгоогүй болох нь тодорхой харагдаж байна.
Шүүх утга найруулгын хувьд ойлгомжгүй, хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг илт гуйвуулсан дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
*******анд хандаагүй зээлийн хэмжээ, зээлийн зориулалт заагаагүй, барьцаа хөрөнгийн үнэ тохирох эрх олгоогүй зэрэг тодорхой бус агуулгатай итгэмжлэлийн үндэслэн ипотекийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Банк Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасны *******тэй барьцааны гэрээ байгуулахаас татгалзах эсхүл *******ос тодруулах, дахин итгэмжлэл өгөх боломжтой эсэхийг тодруулж үзэх боломжтой байсан. Гэвч шүүх ...итгэмжлэлд үл хөдлөх хөрөнгүүдийн барьцаалах талаар нэрлэн заасан байна гэсэн өнгөц дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Итгэмжлэлээр эрх олгож барьцаалахыг зөвшөөрсөн байх, 2,4 тэрбум төгрөгийн зээлд барьцаалахыг зөвшөөрсөн байх гэдэг нь өөр өөр эрсдэл бүхий үр дагавар үүсгэнэ. ******* 2.4 тэрбум төгрөгийн зээлийг ******* ХХК төлж чадах эсэх талаар эргэлзэх эрхтэй, ийм хэмжээний зээлд барьцаалж байгааг мэдэх эрхтэй, энэ нь барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлж болох эрсдэлийг банк тооцож улмаар итгэмжлэлийг хэлцлийн агуулгад нийцүүлэн дахин авах, ядаж тодруулж үзэх үүрэгтэй. Гэвч банк Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг зөрчиж ямар нэг шалтгаанаар эс үйлдэхүй гаргаж, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2,3 дахь заалтад өөрчлөлт оруулж, *******ын өмчлөлийн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
14. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
Хэрэгт авагдсан ******* тоот харилцах дансны хуулгаас үзвэл банк 2,300,000,000 төгрөгийн зээлийн олголтыг бүтэн дүнгээр хийсэн тул тухайн зээлийг дутуу хийсэн гэж тайлбарлаж байгаа хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Мөн лоан чарж гэх 4 удаагийн гүйлгээгээр 307,986 төгрөгийг буюу нийт 1,200,000 төгрөгийн таталт хийсэн нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Хэрэгт хавсаргаж өгсөн бизнесийн хөрөнгө, зээлийн даатгалын гэрээнд ******* болон ******* ХХК нар гарын үсэг зурсан тул тухайн мөнгийг банк нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.
Шимтгэлийн тухайд Иргэний хууль болон Банкны тухай хууль, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийг тус тус үндэслэж, зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээний 2.1.6-д зээлийн үнийн дүнгийн 1 хувь болох 23,000,000 төгрөгийг авна гэж заасан. Энэ талаар талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс харагдаж байгаа тул хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
*******гийн гаргасан давж заалдах гомдлын тухайд бид *******г иргэн хүний хувиар хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, хамтран үүрэг гүйцэтгэгч гэх үндэслэлээр зээлийн гэрээний харилцаанд оруулсан. ******* нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн харилцаанд орохыг хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Мөн тухайн зээлийн хугацаа хэтрэлтийн мэдэгдлийг ******* иргэн хүнийхээ хувиар хүлээж авсан талаарх баримт хэрэгт авагдсан. Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох ба үүргээ бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасныг үндэслэн ******* ХХК болон ******* нараас зээлийн гэрээний үүргийг, *******ос банктай байгуулсан Ипотекийн гэрээний үүргийг, ******* ХХК болон ******* ХХК нараас батлан даалтын гэрээний үүргийг нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан.
*******д холбогдох итгэмжлэлийн тухайд банк Япон Улсын Элчин сайдын яамаар дамжуулан 2021 оны 10 сарын 03-ны өдөр авсан итгэмжлэлийг үндэслэж, Ипотекийн гэрээг байгуулсан бөгөөд тухайн гэрээг байгуулахдаа *******ын өмчлөлийн 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө болон 1 ширхэг газрыг барьцаалсан. Иймд тухайн итгэмжлэлээр ямар эд хөрөнгө барьцаалсныг ******* мэдэх боломжтой байсан гэж дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,952,567,324 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ*******-1, ЗБ*******-2 дугаартай ипотекийн гэрээний зүйлээр, БДГ*******-1, БДГ*******-2 дугаартай батлан даалтын гэрээнүүдээр тус тус хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагч ******* ХХК зээлийн гэрээний үүрэг зөрчигдөхөд зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгч буруутай үндэслэлээр нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба нэхэмжлэгч үндэслэлгүйгээр зээл олголтын шимтгэл гэж 23,000,000 төгрөг, мөн 4 удаагийн гүйлгээгээр 1,231,946 төгрөг, нийт 24,231,946 төгрөг авсныг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл,
хариуцагч ******* нь барьцааны гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн тул хүчин төгөлдөр бус гэж маргаж, энэ үндэслэлээр өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг нэхэмжлэгч болон улсын бүртгэлийн байгууллагад даалгах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан,
хариуцагч ******* банк ******* ХХК-д хөрөнгө оруулалтын зээл олгосон болохоос хувь хүнд ямар нэг зээл олгоогүй тул зээлдэгч биш гэж маргаж,
хариуцагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-уудаас нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой тодорхой үндэслэлээр тайлбар гаргаж, маргаагүй байна.
4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ.
4.1. ******* нь ******* ХХК, ******* нартай 2022 оны 05 сарын 17-ны өдөр ЗГ******* дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь 2,300,000,000 төгрөгийг, жилийн 17.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай ******* ХХК, ******* нарт зээлдүүлж, ******* ХХК, ******* нар гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу зээл, хүү төлөх, хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлээс зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон. /1хх-10-13/
4.2. Нэхэмжлэгч ******* нь гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу 2,300,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-ийн зээлийн ******* тоот дансанд 2022 оны 05 сарын 18-ны өдөр олгосон.
4.3. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *******, ******* нар нь 2022 оны 05 сарын 17-ны өдөр ЗБ*******-1 дугаар ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээгээр *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 207.4 м.кв авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 185 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, *******ын эзэмшлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай эзэмших эрхийн газрыг, /1хх-15-20/
мөн *******, ******* ХХК нар 2022 оны 05 сарын 17-ны өдөр ЗБ*******-2 дугаар ипотекийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаар, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хаягт байршилтай, 2093 м.кв үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ******* ХХК-ийн эзэмшлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж хаягт байршилтай, 1391 м.кв талбайтай, *******нэгж талбарын дугаартай үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхийн газрын хамт тус тус барьцаалсан. /1хх-21-23/
4.4. ******* нь ******* ХХК, ******* ХХК-тай 2022 оны 05 сарын 17-ны өдөр БДГ*******-1, БДГ*******-2 дугаар батлан даалтын гэрээ тус тус байгуулж, уг гэрээгээр үүрэг гүйцэтгэгчийг нийт 2,300,000,000 төгрөгийн зээл, түүн дээр нэмж зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд төлөх хүүний төлбөрийн хамт хугацаанд нь бүрэн төлнө гэдгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол батлан даагч өөрийн эд хөрөнгө, аливаа дансан дахь мөнгөн хөрөнгөөр хариуцахаар үүрэг хүлээсэн. /1хх-23/
4.5. Дээрх ипотекийн гэрээний зүйл болох улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 207.4 м.кв авто засварын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 185 м.кв хувийн сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө, улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 700 м.кв талбайтай, ******* нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай эзэмших эрх зэрэг хөрөнгө, эрх нь хариуцагч *******ын өмчлөл, эзэмшилд байгаа болох нь тус тус хэргийн баримтаар тогтоогдсон. /1хх-26, 27, 33-37/
5. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг талууд тохиролцсон гэж зөв дүгнэжээ.
Мөн нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үздэг бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 сарын 17-ны өдрийн зээлийн гэрээнд хариуцагч ******* хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, бичгийн гэрээнд гарын үсэг зурснаар үүргийн харилцаа үүссэн байна.
Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн ба нэхэмжлэгч ******* нь түүнээс зээлийн гэрээний үүрэг шаардсан нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө хариуцагчийн дансанд шилжсэн, хариуцагчаас үндсэн зээлд 85,185,185.18 төгрөг, хүүгийн төлбөрт 270,074,076.06 нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 125,887.37 төгрөг, даатгалын төлбөрт 2,463,893.28 төгрөг нийт 357,849,041.89 төгрөгийн зээлийн төлбөр төлсөн үйл баримтын талаар маргаагүй. /1хх-231/
8. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, мөн хуулийн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан.
9. Хариуцагч ******* ХХК, ******* нар нь зээлийн гэрээгээр тохиролцсон хуваарьт заасан хугацааг зөрчиж, үндсэн зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор төлөөгүй, 2023 оны 09 сарын байдлаар зээлийн үндсэн төлбөрт 383,333,333.31 төгрөг төлөхөөс 85,185,185.18 төгрөг, хүүгийн төлбөрт 478,656,251.33 төгрөг төлөхөөс 270,074,076.06 төгрөг төлсөн нь зээлийн гэрээ болон хуульд зааснаар үүргийн ноцтой зөрчилд тооцогдож байх ба зээлийг төлөх талаар нэхэмжлэгчээс 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 07/1116 дугаар мэдэгдлийг хүргүүлж, зээл, зээлийн үндсэн хүү, хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөхтэй холбоотой зөрчлийг арилгах талаар сануулж байсан боловч үүргийн зөрчил арилаагүй тул зээлийн гэрээг цуцалж шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт нийцсэн байна.
10. Нэхэмжлэгч анх үндсэн зээлийн төлбөр 2,214,814,814.82 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 272,316,033.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5,311,294.41 төгрөг, даатгалын төлбөр 2,463,893.28 төгрөг нийт 2,494,906,036.26 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 05 сарын 22, 2024 оны 11 сарын 07-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 2024 оны 11 сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 2,214,814,814.82 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 702,038,651.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 29,246,137.63 төгрөг, даатгалын төлбөр 6,467,719.86 төгрөг, нийт 2,952,567,324.02 төгрөг гаргуулахаар шаардсан.
11. Анхан шатны шүүх зээлдэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гэрээ цуцлагдсан, нэхэмжлэгч гэрээ цуцлагдсанаас хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 23,934,843.22 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Учир нь нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 сарын 17-ны өдрийн ЗГ******* дугаартай, зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх боловч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд шилжүүлэн авсан уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол ...гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааж, зээлийн гэрээний 3.1.3-д Зээлдэгч зэлийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ... нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж тохиролцсон тул хариуцагчаас зээлийг эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах нэхэмжлэгчийн эрхийг анхан шатны шүүх гэрээ цуцлагдсан хугацаагаар хязгаарласан нь үндэслэлгүй болжээ.
12. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас үндсэн зээлийн төлбөр 2,214,814,814 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 702,038,651 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 29,246,137 төгрөг, даатгалын төлбөр 6,467,719 төгрөг, нийт 2,952,567,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Мөн анхан шатны шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь заалтыг тогтоох хэсэгт баримтлаагүй алдааг шийдвэрт өөрчлөлт оруулж залруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
13. Талуудын байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байх ба анхан шатны шүүхээс хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.
14. Хариуцагч ******* нь ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх тус сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Тодруулбал, хариуцагч ******* нь 2021 оны 10 сарын 20-ны өдрийн итгэмжлэлүүдээр ******* дүүргийн ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 185 м.кв хувийн сууцны зориулалттай /*******/ гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, мөн ******* дүүргийн ******* гудамж *******тоот хаягт байршилтай, 207.4 м.кв авто засварын зориулалттай /*******/ гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө, ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж *******тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаар бүхий 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газар зориулалттай /*******/ гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг зээлийн барьцаанд тавих, зээлийн гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээг бүртгүүлэх цуцлах, гэрчилгээг хүлээн авах бүрэн эрх-ийг хариуцагч ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч буюу өөрийн төрсөн эх *******д олгож, итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай үйлджээ.
Уг итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавих шаардлагыг хангасан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр байна. /1хх-38-43/
15. Дээрх итгэмжлэлүүдийг үндэслэн нэхэмжлэгч ******* нь *******тэй үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцэж байх тул талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 05 сарын 17-ны өдрийн ЗБ*******-1, ЗБ*******-1, ЗБ*******-2 дугаартай ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй тул энэ талаарх хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.
16. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК-уудтай 2022 оны 05 сарын 17-ны өдрийн ЗГ******* дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар БДГ*******-1, БДГ*******-2 дугаар батлан даалтын гэрээ тус тус байгуулсан, талуудын хооронд байгуулсан гэрээ Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасантай нийцжээ.
Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарах бөгөөд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт заасан. Харин үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2 дахь хэсэгт зохицуулсан байна.
17. БДГ*******-1, БДГ*******-2 дугаар батлан даалтын гэрээний 2.2-т Үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний дагуу зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй бол батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцлага хүлээнэ. Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардаж болно гэж зааснаас үзэхэд батлан даагч нар нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг хүлээхээр гэрээгээр тохиролцсон гэж үзнэ.
Түүнчлэн батлан даагч ******* ХХК, ******* ХХК нь нэг хувьцаа эзэмшигчтэй, аль алиных нь гүйцэтгэх захирал хариуцагч ******* болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас өөрт холбогдох хэсэгт үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.
Тиймээс барьцаа хөрөнгүүд хүрэлцэхгүй, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулснаар үүрэг дуусгавар болохгүй тохиолдолд батлан даалтын гэрээний дагуу ******* ХХК, ******* ХХК-ийн эд хөрөнгө, мөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар зохигч гомдол гаргаагүй.
18. Зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1 хувиар тооцож шимтгэл авахаар заасан, гэрээний уг нөхцөлийг хариуцагч зөвшөөрч гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлд шимтгэл тооцох харилцааг хуульчилсан байхаас гадна Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 23-ны өдрийн А203 дугаар тушаалаар батлагдсан журмын 1 дүгээр зүйлийн 1.3.17 дахь заалтад шимтгэл гэдгийг санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй үнийн дүнгийн тодорхой хувийг хэлнэ гэж заагаад мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1-т харилцагчаас авах шимтгэл хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно, 4.2-т банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг гэрээнд заавал тусгана гэжээ.
Иймээс нэхэмжлэгч нь зээлийн гэрээндээ 1 хувийн шимтгэл авахаар тусгасныг хариуцагч хүлээн зөвшөөрч шимтгэлд 23,000,000 төгрөгийг төлсөн байх тул бодитой зардал гараагүй тул үндэслэлгүйгээр суутган авсан гэх үндэслэлээр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй, энэ талаарх хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
19. ******* ХХК, ******* болон хариуцагч ******* ХХК нарын хооронд бизнесийн даатгалын гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр барьцаа хөрөнгүүдийг даатгуулж, хариуцагч даатгалын хураамжийг сар тутам төлөхөөр тохиролцсон, үүний дагуу зээлийн данснаас тухайн хугацаанд суутган авсан 1,231,946 төгрөгийн төлбөрийг буцаан шаардах эрхгүй, энэ үндэслэлээр хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/07465 дугаар дугаартай шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК, ******* нараас 2,952,567,324 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,
4 дэх заалтын 14,801,112 гэснийг 14,920,786 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ******* ХХК-аас төлсөн 279,110 төгрөг, хариуцагч *******гээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 277,624 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Ж.ЛХАГВАСҮРЭН