Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 508

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч И.Хонгор нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн прокурорын газраас Н.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902002680139 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____ дугаарын регистртэй, Н.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон Зоорь гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж авч, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 26 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Бийн өгсөн:

“...Би 2019 оны 4-р сарын 04-ний өдөр 20 цагийн үед Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 25-р эмийн сангийн урд талын автобусны буудлын орчим явж байхад энгийн хувцастай цагдаа нар ирээд намайг барьсан. Цагдаа нарт баригдах үед миний куртикны халаасанд хар өнгийн ууттай мансууруулах өвс байсан юм. Тэр өвсийг 2019 оны 4-р сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Толгойтын Ногоон Зоорь гэдэг газарт очиж түүсэн юм. Би өмнө нь 2018 оны зун Ногоон зооринд ажилладаг байхдаа тэнд уг өвс ургаж байхыг нь харсан юм. 2019 оны 4-р сарын 02-ны өдөр уг өвсийг хэрэглэж үзэх сонирхол төрөөд, тэнд ургаж байсныг санаад очиж түүсэн юм. Би тэнд ургаж байсан өвснүүдийн ихэнхийг нь түүсэн. Одоо тэнд энэ ургамал бараг байхгүй байхаа. 2019 оны 4-р сарын 02-ны өдөр уг өвсийг түүгээд энэ хар уутанд нь хийгээд өөрийн өмсөж байсан куртикны халаасанд хадгалж байсан юм. Би уг өвсийг өөрөө хэрэглэх гэж түүсэн. Энэ өвсийг түүсэн талаар надаас өөр хэн ч мэдэхгүй. Би уг өвсийг түүсэн талаар хэнд ч хэлээгүй. Түүсэн өвснөөс 2019 оны 4-р сарын 03-ны өдөр тамхины цаасанд хийж хэрэглэсэн. Уг өвснөөс татах үед надад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байсан. Би өмнө нь 2018 оны зун мөн адил Ногоон Зоорийн тэндээс түүж хэрэглэж байсан. Тэр үед түүсэн өвснөөс хэрэглэх үед их аз жаргалтай болсон юм шиг мэдрэмж төрж байсан. Тэрнээс хойш хэрэглэхгүй байж байгаад 2019 оны 4-р сарын 02-ны өдөр тэр өвснөөс дахин хэрэглэх сонирхол төрөөд нөгөө газраас нь очиж түүсэн юм. Би уг өвсийг түүх, хэрэглэхийг хууль бус гэдгийг мэдэж байсан. Гэхдээ ийм аюултай түвшинд шалгана гэж бодоогүй. Би өөрийн гэм бурууг ойлгож ухамсарлаж байгаа. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би уг өвсний талаар интернет, цахим сүлжээнээс мэдэж авсан. Тийм болохоор ургаж байхыг нь хараад шууд таньсан юм. Өөрийн гаргасан алдаагаа залруулж цаашид зөвөөр амьдарч чадна...” гэх мэдүүлэг /хх-н 31, 40-41/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Химийн шинжээчийн 2291 тоот:

1. Шинжилгээнд хар өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйл 26 граммыг ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн гялгар ууттай бор ногоон өнгийн ургамал мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

3. Делта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /хх-н 19-20/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Химийн шинжээчийн 2293 тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн “Бадамдорж УШ 96022633” гэж хаягласан хуванцар савтай 90 мл орчим шээсийг хуванцар саванд хийн битүүмжлэн ирүүлсэн байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “Бадамдорж УШ 96022633” гэж хаягласан хуванцар савтай шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн.

3. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /хх-н 22-23/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Химийн шинжээчийн 2510 тоот:

1.2.3. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “190200268 Н.Б” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол /delta 9 tethrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэх дүгнэлт /хх-н 25-26/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 649 тоот:

1.Н.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Н.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3. Н.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

4. Н.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны блон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Н.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.Н.Б нь одоогоор мансуурах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна.

7. Н.Б нь одоогоор мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна гэх дүгнэлт /хх-н 28-29/

 

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 4-5/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 6-7/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 14, 16/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 32-33/

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 46/        

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 51/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ногоон Зоорь гэх газраас Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж авч, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 26 граммыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Бийн “...Би ...тэр өвсийг 2019 оны 4-р сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Толгойтын Ногоон Зоорь гэдэг газарт очиж түүсэн юм. ...хар уутанд нь хийгээд өөрийн өмсөж байсан куртикны халаасанд хадгалж байсан юм...” гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Химийн шинжээчийн 2291 тоот дүгнэлт, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Химийн шинжээчийн 2293 тоот дүгнэлт, 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Химийн шинжээчийн 2510 тоот дүгнэлт, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нийслэлийн прокурорын газраас Н.Бид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул шүүгдэгч Н.Бийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид 1 жил 5 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байгаа боловч түүний үйлдсэн гэмт хэрэг болох мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар асар их сөрөг нөлөө ихтэй гэж үзэж шүүгдэгч Н.Бид 01 /нэг/ жил хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бид 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Бийн цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан уутны хамт 26 грамм жинтэй /шинжилгээ хийгдсэний дараа 25.3 грамм жинтэй болсон/, мөн Бадамдоржийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад шинжилгээнд зориулж дээж болгон авсан 1.3481 грамм жинтэй /шинжилгээ хийгдсэний дараа 1.2002 грамм жинтэй болсон/ “өвс” гэх нэршилтэй ногоон өнгийн ургамал мэт зүйлс зэргийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Н.Бид авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Бид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ