Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 506

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч М.Мөнхзул,

шүүгдэгч З.Б, түүний өмгөөлөгч С.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас З.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________ дугаарын регистртэй, З.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элит караоке баарны гадна иргэн И.Д-гийн нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Бгийн өгсөн:

“...2019 оны 4-р сарын 13-ны өдөр 20 цаг өнгөрч байхад найзууд болох М, Б нарын хамт Өргөө кино театрын баруун талд байрлах элит нийтийн караокед орсон. Караокед ороод хүний 2,2 шил боргио пиво, 1 шил 0,75 литрийн хараа архи авч уусан. 23 цаг өнгөрч байхад караокений гадна гарч тамхи татсан юм тэгээд буцаад караокеруу орох гэж байхад эрэгтэй эмэгтэй 2 хүн зөрөөд гарч байхаар нь би эрэгтэйгээс нь тамхи байна уу гэж асуутал тамхи байхгүй гэсэн тэгээд тэр ахтай маргалдсан тэр ах намайг цохихоор нь би зөрүүлээд цохих гэж байгаад хамт явсан эмэгтэйгийнх нь баруун хөмсөг хэсэгрүү нь 1 удаа гараараа цохисон юм...” гэх мэдүүлэг /хх-н 34-35/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч И.Д-гийн өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 12-ны орой 23 цагийн орчимд Элит нэртэй караокед найз Г-ийн хамт орж үйлчлүүлсэн. Элит караокед Г- бид хоёр 1 шил 0,5 литрийн архи авч хувааж уусан. Караокеноос 00 цаг 40 минутын орчим гарч байхад хажуу ширээнд сууж байсан 3 залуугийн нэг нь манай найз Г-оос тамхи асуусан. Г- тамхи өгөөгүй юм. Тэгтэл тэр Г-оос тамхи гуйдаг залуу миний нүүр лүү 2 удаа цохисон. Би цохиулангуутаа цагдаа дуудсан. Намайг жижигхэн биетэй шар залуу цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 18-20, 37/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Бын өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр найз Б, М нарын хамт Өргөө кино театрын баруун талд байрлах Элит нэртэй караокед 21 цагийн орчимд орж үйлчлүүлсэн. Караокед ороод 1 шил 0,75 литрийн Соёрхол архи хүний 1,1 шил пиво уусан Б гарчихаад ороод ирье гээд гараад явсан юм удаа ч үгүй байж байтал зөөгч эмэгтэй гадаа танай найз чинь эмэгтэй хүн цохьчихлоо гэхээр нь М бид хоёр гартал нэг эмэгтэй хүний нүүрлүү цохьчихсон гээд байж байсан би Бгээс чи цохисон юмуу гэхэд би нөхөртэй нь муудалцаж байгаад цохьчихлоо гэж надад хэлсэн. Удалгүй цагдаа ирээд Бг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Г-ийн өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр манай багын найз Д бид хоёр өргөө кино театрын хажууд байрлах Элит караокений нийтийн зааланд 23 цаг өнгөрч байхад орж үйлчлүүлсэн юм. Бид 2-ыг ороход 3 залуу дуулж байсан. бид 2 ороод 0,5 литрийн Соёрхол нэртэй архи аваад 40 гаруй минут дуулж уусан. Дуулж дуусаад 00 цаг өнгөрч байхад гарах гэтэл нэг жижигхэн залуу ирээд надаас тамхи байна уу гэхээр нь тамхи авч чадахгүй юм бол тамхи татаж яадаг байнаа гэсэн чинь Д намайг татаад явъя явъя гэсэн бид хоёр хаалгаар гарах гэтэл тамхи асуудаг жижиг биетэй залуу намайг араас татаад нэг удаа цохисон тэгэхээр нь би эргэж хараад цохих гэтэл хий цохисон. Д голоор орж зодоон салгах үед жижигхэн биетэй шар залуу нь манай найз Дгийн толгой, нүүр хөмсөгрүү нь 2 удаа цохисон чинь Дгйин хөмсөгнөөс нь цус гоожоод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 4634 тоот: 

1. И.Д--н биед баруун хөмсөгт шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мнэдийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 8/,

- хохирогчийн хүсэлт /хх-н 46/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 24/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 26/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 31/

 зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч З.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Элит караоке баарны гадна иргэн И.Д-гийн нүүрэн тус газар цохиж биед баруун хөмсөгт шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч З.Бгийн “...2019 оны 4-р сарын 13-ны өдөр ... тэр ах намайг цохихоор нь би зөрүүлээд цохих гэж байгаад хамт явсан эмэгтэйгийнх нь баруун хөмсөг хэсэгрүү нь 1 удаа гараараа цохисон юм...” гэх мэдүүлэг, 

хохирогч И.Д-гийн “...Г-оос тамхи гуйдаг залуу миний нүүр рүү 2 удаа цохисон. Намайг жижигхэн биетэй шар залуу цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Бын “...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ... Б гарчаад ороод ирье гээд гараад явсан юм удаа ч үгүй байж байтал зөөгч эмэгтэй гадаа танай найз чинь эмэгтэй хүн цохьчихлоо гэхээр нь М бид хоёр гартал нэг эмэгтэй хүний нүүррүү цохьчихсон гээд байж байсан би Бгээс би цохисон юмуу гэхэд би нөхөртэй нь муудалцаж байгаад цохьчихлоо гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Г-ийн “...Д голоор орж зодоон салгах үед жижигхэн биетэй шар залуу нь манай найз Дгийн толгой, нүүр хөмсөгрүү нь 2 удаа цохисон чинь Дгйин хөмсөгнөөс нь цус гоожоод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн 4634 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч З.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч З.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн насанд хүрээгүй хохирогч И.Д-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэргийн 46-р талд хохирогч И.Д- нь “...З.Бгээс эмчилгээний зардалд 500.000 төгрөг авсан, хохирол гомдолгүй болсон...” гэх хүсэлт гаргаж өгснийг харгалзан шүүгдэгч З.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч З.Бд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нь хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан, хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч З.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч З.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Бг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол З.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ