| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0443/И |
| Дугаар | 416 |
| Огноо | 2016-08-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 416
Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө “Скайтел” ХХК /РД:2576376/-ийн
Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр хороо Баянзүрх 2-672 тоотод оршин суух Зөөлөн овогт Гүрбазарын Алтанцэцэг, /РД:НЮ85012666/-т холбогдох Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 105.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Алтанцэцэг нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч Эрдмийн оргил сургуультай 2013 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн Б/Ө-002 дугаар худалдах худалдан авах гурван талт гэрээнд хамрагдан гар утас зээлээр худалдан авсан билээ. Гэтэл Эрдмийн оргил сургуулийн багш Г.Алтанцэцэг нь хүлээсэн үүргээ үл биелүүлэн төлбөрийн үлдэгдэл болох 100.000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Иймд Эрдмийн оргил сургуулийн багш Г.Алтанцэцэгээс төлбөрийн үлдэгдэл 100.000 төгрөг, нотариатын зардал 5.000 төгрөг нийт 105.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлага 105.000 төгрөгийг төлж барагдуулна. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Г.Алтанцэцэгт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 105.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Алтанцэцэг нэхэмжлэлийн шаардлага 105.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаатай холбогдуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.275 төгрөгийг, хариуцагч Г.Алтанцэцэгээс 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Скайтел” ХХК /РД:2576376/-ийн нэхэмжлэлтэй Зөөлөн овогт Гүрбазарын Алтанцэцэгт /РД:НЮ85012666/ холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 105.000 /нэг зуун таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.Алтанцэцэг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 /дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Г.Алтанцэцэгээс 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол Шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ