| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2024/07489/И |
| Дугаар | 210/МА2025/01661 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01661
2025 10 01 210/МА2025/01661
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06348 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-д холбогдох
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, алтайн гудамж 215 дугаар байр, 63 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 107,992,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч ******* болон хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-ийн хооронд 2019 оны 08 сарын 26-ны өдөр “Орон сууцны захиалгын гэрээ” байгуулагдаж, хариуцагч нь Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, “*******” барилгын 14 давхрын 63, 64 тоотын 46.36 м.кв, 49.83 м.кв тус бүр 2 өрөө орон сууцыг 2021 оны 01 дүгээр улиралд багтаан захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжлэгч төлбөрийг сар бүр хэсэгчлэн 5,000,000 төгрөгөөр төлж байр ашиглалтад оронгуут үлдэгдлийг төлөхөөр тохирсны дагуу нэхэмжлэгч ******* нь 144,285,000 төгрөгийг орон сууцны үнэд бүрэн төлсөн талаарх хэрэг тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж, дээд шатны шүүхүүдээр хянагдсан.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 210/МА2023/01802 дугаар магадлалаар хэргийг шийдвэрлэхдээ Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, “*******” барилгын 14 давхрын 63 тоотыг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг даалгаж, харин 64 тоотыг өөр хүний өмчлөлд шилжсэн шалтгаанаар шаардах эрхгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй. Мөн 64 тоот орон сууцанд тооцож төлсөн 74,745,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгох талаар дурдаагүй болно.
“Дарцагт ноёд групп” ХХК-аас шүүхийн шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, “*******” барилгын 14 давхрын 63 тоот орон сууцаа авах гэсэн боловч өөр айл амьдарч байгаа айлаа зохицуулчхаад өгнө гээд өнөөдрийг хүртэл бичиг баримтыг нь гаргаж өгөөгүй, бидний эзэмшилд шилжүүлж өгөөгүй байна. Иймд хариуцагчийн хууль бус эзэмшлээс 63 тоот орон сууцыг чөлөөлж өгнө үү.
1.2. Мөн 64 тоот 49.83 м.кв 2 өрөө орон сууцны үнэд төлсөн 74,745,000 төгрөгөө буцаан авах гэхэд шүүхийн шийдвэрээр заагаагүй гэж хэлсэн. Хариуцагч нь манай мөнгийг бүтэн 3 жилийн турш хүүгүй ашиглаж байна. Хэрэв уг мөнгөн хөрөнгийг банкны хугацаагүй хадгаламжид хадгалуулсан бол 15,247,980 төгрөгийн орлого олох байжээ. Тухайн 63 тоот 2 өрөө орон сууцаа өөрийн өмчлөлд авсан бол хамгийн бага үнийн дүнгээр тооцоход сарын 1,000,000 төгрөгөөр хөлслүүлж, өнөөдрийг хүртэл 12,000,000 төгрөгийн орлого олох боломжтой байсан. Түрээсийн төлбөрийн зах зээлийн үнэ цэнийг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-аар үнэлүүлэхэд 18,000,000 төгрөгөөр тооцсон тул уг нэхэмжлэлийн шаардлагаа 6,000,000 төгрөгөөр ихэсгэж байна.
1.3. Хариуцагч 74,745,000 төгрөгийг төлсөн тул уг шаардлагад холбогдох хэсгээс татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:
2.1. Тухайн 64 тоот орон сууцны асуудлыг шүүхээр нэгэнт шийдвэрлэсэн. Бидний зүгээс орон сууцны зөрүү мөнгийг төлсөн.
2.2. Түүнчлэн 63 тоот орон сууцны өмчлөгч ******* өөрөө байгаа атлаа ойлгомжгүй нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 227 дугаар зүйлийн 227.1 дахь хэсэгт заасныг баримтлан *******ын нэхэмжлэлтэй “Дарцагт ноёд групп” ХХК-д холбогдох Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай тогтоол гарснаас хойш олох байсан орлого 33,247,980 төгрөг гаргуулах, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, алтайн гудамж 215 дугаар байрны 63 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар 74,745,000 төгрөгийг хариуцагч нь төлсөн тул 74,745,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа ******* татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг өмнө нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэх агуулгаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
4.3. Мөн *******-ийн сайтад тавигдсан нийтэд илэрхий мэдээлэлд тусгаснаар 30,000,000 болон түүнээс дээш үнийн дүнтэй хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 6,80 хувь гэж зарлагдсан байхад шүүх баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
4.4. Хариуцагч нэхэмжлэлийг сайн дураар биелүүлсэн байхад улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилаагүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 33,247,980 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч тал нь хариуцагч талыг 3 жилийн хугацаанд 74,745,000 төгрөгийг эргэлдүүлж ашиг олсон гэх байдлаар ханддаг. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрөө тодорхойгүй. Өөрөөр хэлбэл олох ёстой байсан орлого гэж шаардаж байгаа боловч гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хууль зүйн үр дагаврыг нэхэж байна уу эсхүл шүүхийн шийдвэрээс гарсан үр дагаврыг нэхэж байна уу гэдэг нь тодорхойгүй. Дээр дурдсан 74,745,000 төгрөгийг шүүх шийдвэрлээгүй учраас бид авч чадаагүй бөгөөд авсан тохиолдолд ашиг олох байсан гэж тайлбарладаг. Гэтэл тухайн 74,745,000 төгрөгийг шүүхээс ч юм уу төл гэх албан ёсны шийдвэр байхгүй учраас хариуцагч тал нь энэ дээр ямар нэгэн хариуцлага хүлээхгүй.
Мөн орон сууцыг хуваарилж дууссан, өгөх ёстой орон сууцны гэрчилгээг бид гаргаж өгөөд 74,745,000 төгрөгийг нь төлсөн учраас хариуцагч тал ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч талын шаардаж байгаа нотлох баримтууд нь шаардлага хангахгүй. Хадгаламжийн хүү гэдэг нь нэг хуулбар хуудас байдаг. Тухайн үед нэхэмжлэгч тал орон сууц захиалсан хүн нь өөрөө байгаа учраас талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүрээнд буруутай.
Түүнчлэн, нэгэнт шүүхээр шийдвэрлэсэн маргааныг одоо дахиж гаргаж ирээд шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, DN apartment барилгын 14 давхрын 63 тоотыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохирол 27,247,980 төгрөг, 64 тоот орон сууцны төлбөрт төлсөн 74,745,000 төгрөг, нийт 107,992,980 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжилсэн шаардлагаа 33,247,980 төгрөг болгон ихэсгэж, хариуцагч 74,745,000 төгрөгийн шаардлагыг биелүүлсэн гэх үндэслэлээр уг шаардлагад холбогдох хэсгээс татгалзжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... манай компани 63 тоот орон сууцыг эзэмшээгүй, ... 64 тоот орон сууцтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, ... хохирол нэхэмжилж байгаа шаардлага ойлгомжгүй байна ...” гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн хууль бус эзэмшлээс 63 тоот орон сууцыг чөлөөлүүлэх хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Харин хохирол нэхэмжилсэн шаардлагад холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ талуудын маргаж буй үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
3.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 сарын 25-ны өдрийн 210/МА2023/1802 дугаартай магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн 182/ШШ2023/01981 дугаар шийдвэртэй *******ын нэхэмжлэлтэй, “Дарцагт ноёд групп” ХХК, ******* нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулсан байна. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай тогтоолоор дээрх магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх12-17, 18-22/
Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр *******ын, хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК болон ******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, /14181/, алтай гудамж, 215 дугаар байр, 63 тоот 46,36 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-д даалгаж, мөн байрны 64 тоотод байршилтай 49.83 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******ын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч *******т даалгах тухай, хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-аас алданги 50,067,151 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.2. Нэхэмжлэгч *******ыг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол /14181/, алтайн гудамж, 215 байр, 63 тоот хаягт байршилтай, 45.2 м.кв талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203054412 дугаарт бүртгэж, 2024 оны 11 сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001292608 дугаартай гэрчилгээ олгожээ. /хх44/
3.3. Нэхэмжлэгчийн өмчлөлийн дээрх 63 тоот орон сууцыг ******* гэх этгээдийн эхнэр, хүүхэд эзэмшиж байгаа үйл баримтын талаар зохигчийн хэн аль нь тайлбарласан байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж буй нөхцөлд тухайн этгээд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон байх ёстой.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтаар нэхэмжлэгчийн өмчлөлийн 63 тоот орон сууцыг хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт баримтаар тогтоогдоогүй байна. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-аас шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
3.4. Нэхэмжлэгч нь хохирол 33,247,980 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ “... өөрийн өмчлөлийн 63 тоот орон сууцыг бусдад хөлсөлсөн бол 2024 оны 01 сараас 2025 оны 04 сар хүртэл хугацаанд 18,000,000 төгрөгийн орлого олох байсан, ... хариуцагч нь 64 тоот орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 74,745,000 төгрөгийг буцааж өгөөгүй, бүтэн 3 жилийн турш ашигласан. ... банкны хугацаагүй хадгаламжид хадгалуулсан бол 15,247,980 төгрөгийн орлого олох боломжтой байсан ..., ... хохирлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол гарсан хугацаа буюу 2023 оны 12 сарын 21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилсэн ...” гэж тайлбарлажээ.
3.4.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-тай байгуулсан 2019 оны 08 сарын 26-ны өдрийн Орон сууцны захиалгын гэрээний дагуу 64 тоот орон сууцны үнэд 74,745,000 төгрөг төлсөн, “Дарцагт ноёд групп” ХХК тус орон сууцыг *******т худалдаж, өмчлөгчөөр ******* улсын бүртгэлд бүртгэгдсэн, үүнтэй холбоотойгоор тус орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахыг нэхэмжлэгч Б.Мөнх-Очир нь хариуцагч *******аас шаардах эрхгүй болох үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй.
Тодруулбал, “Дарцагт ноёд групп” ХХК болон ******* нар 2019 оны 08 сарын 26-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, гэрээгээр Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, “*******” барилгын 14 давхрын 63, 64 тоотын 46.36 м.кв, 49.83 м.кв тус бүр 2 өрөө орон сууцыг ******* нь нийт 144,285,000 төгрөг төлөх замаар эзэмшил, өмчлөлдөө авах, “Дарцагт ноёд групп” ХХК нь 2021 оны 01 дүгээр улиралд багтаан захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, орон сууцны өмчлөх эрх бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт болон орон сууцыг шилжүүлэх үүрэг хүлээсэн байна.
“Дарцагт ноёд групп” ХХК нь 64 тоот орон сууцыг 2021 оны 07сарын 05-ны өдрийн ЗГ21/41 тоот Орон сууц захиалгын гэрээгээр *******т худалдсан, орон сууцны өмчлөгчөөр ******* бүртгэгдэн, эзэмшиж байгаа, үүний улмаас талуудын хооронд байгуулагдсан 2019 оны Орон сууц захиалгын гэрээний 64 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хэрэгжих боломжгүй болсон үйл баримт хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан.
Хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК нь 64 тоот орон сууцыг худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой хэсгээс татгалзсантай холбогдон хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 74,745,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй, нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа буюу 2025 оны 02 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч *******т шилжүүлсэн болох нь хэргийн 37 дахь талд авагдсан “ХААН банк” ХК-ийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иймээс нэхэмжлэгч ******* нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 001/ХТ2024/00002 дугаартай тогтоол гарсан өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны хохирлоо гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасантай нийцнэ.
Нэхэмжлэгч нь “Худалдаа хөгжлийн банк” ХК-аас нийтэд зарласан хугацаагүй хадгаламжийн жилийн 6.80 хувийн хүүгээр тооцон хохирол нэхэмжилж, мэдээллийн эх сурвалжаа заасан байхад анхан шатны шүүх “... ХХБ-ны сайтад тавигдсан нийтэд илэрхий мэдээлэлд тусгаснаар 30 сая болон түүнээс дээш үнийн дүнтэй хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 6.80 хувь гэж зарласан боловч хэдэн оны сайтад тавигдсан мэдээлэл эсэх нь тодорхойгүй, мөн түүнийг нотолсон баримтгүй” гэж дүгнэн, тухайн нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулж, 15,247,980 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг 5,082,660 төгрөгийн хэмжээнд хангах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь, “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн сайтад 30,000,000 төгрөг ба түүнээс дээр хугацаагүй хадгаламжийн хүү жилийн бодит хүүг 6.80 хувиар тооцохоор нийтэд зарласан байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нийтэд илэрхий дахин нотлохгүй үйл баримт болно.
Иймд нэхэмжлэгчийн хохирол нэхэмжилсэн нэг жилийн хугацаагаар тооцон, 5,082,660 /74,145,000 х 6,80%=5,082,660/ төгрөгийг хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, тус нэхэмжлэлээс 10,165,320 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлийг шийдвэрт оруулав. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
3.4.2. Нэхэмжлэгч нь “... өөрийн өмчлөлийн 63 тоот орон сууцыг бусдад хөлсөлсөн бол 2024 оны 01 сараас 2025 оны 04 сар хүртэл хугацаанд орлого олох байсан” гэж тайлбарлан хариуцагчаас 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “ийм хэмжээний орлого олох ёстой байсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй” гэсэн үндэслэл заан тайлбарлаж, зохигч маргасан байна. Анхан шатны шүүх тус нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг үндэслэн нэмж дүгнэх боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг шүүхэд баримтаар өгсөн байна. “Хөрөнгийн үнэлгээ” ХХК нь *******ын захиалгаар 2024 оны 01 сараас 2025 оны 04 сар хүртэлх хугацааны Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ******* барилгын 14 давхрын 63 тоотод байршилтай 2 өрөө орон сууцны хөлслөх зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж, 18,000,000 төгрөгийн үнэлгээ тогтоосон байна. /хх48-64/ Уг нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч ******* нь дээрх хугацаанд ийм хэмжээний орлого олох байсан буюу энэ хэмжээний бодит хохирол учирсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн гомдлын энэ хэсгийг хангах хуулийн үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 28-ны өдрийн 191/ШШ2025/06348 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-аас 5,082,660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,165,320 төгрөг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, алтайн гудамж 215 дугаар байр, 63 тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Дарцагт ноёд групп” ХХК-аас 35,749 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 324,190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД