| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2023/03870/И |
| Дугаар | 210/МА2025/01662 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01662
2025 10 01 210/МА2025/01662
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/03992 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох
Нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш 27 дугаар байрны 2 болон 3 тоотод байрлах, улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй, 51,77 м.кв хоёр өрөө, мөн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй, 84,95 м.кв гурван өрөө байрыг нөхөр байсан *******ын хамт эзэмшдэг байсан. Гэтэл *******-ийн захирал ******* нэхэмжлэгчийн нөхөр байсан ******* нар үгсэн хуйвалдаж, нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй *******-аас нефтийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор орон сууцыг барьцаанд тавьсан байна. Өөрөөр хэлбэл, ******* болон ******* нар 2014 оны 08 сарын 27-ны өдөр тоот зээлийн гэрээ, -1 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж дээрх орон сууцыг барьцаанд тавьсан байна.
Нэхэмжлэгч ******* гэрээ байгуулсан гэдгийг огт мэдээгүй. Уг барьцааны гэрээнд нэхэмжлэгч ******* огт гарын үсэг зураагүй, нотариатч дээр биечлэн очоогүй, харин нөхөр байсан ******* нь түүний гарын үсгийг зөвшөөрөлгүй дуурайлган зурсан байна. *******ийн гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс түүний гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон. Шинжээч нь нэхэмжлэгчийн гарын үсэг мөн гэсэн дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулсан боловч дүгнэлт гаргах боломжгүй гэдэг. Шүүхэд бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. *******, ******* нар нь 2020 онд гэрлэлтээ цуцлуулсан боловч бусдын барьцаанд байгаа хоёр орон сууцаа хувааж, өөрт ногдох хэсгээ авч чадахгүй хохирч байна.
Иймд 2014 оны 08 сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:
2.1. Миний бие зээлийн болон барьцааны гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 21, 26, 27 дугаар зүйл, нотариатын үйлдэл хийх зааварт зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг шалгаж, тогтоосон бөгөөд нэхэмжлэгч ******* тухайн үед ирж гэрээнд болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Уг гэрээг заавал гэрчлэх ёстой биш боловч талууд хүсвэл нотариатын үйлдэл хийдэг. Тэр агуулгаар зээлийн болон барьцааны гэрээг нотариатаар батлуулсан байх ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын дүгнэлтээр барьцааны гэрээнд зурсан гарын үсэг нь нэхэмжлэгчийнх болох нь тогтоогдсон. Миний бие нэхэмжлэгчийн нөхөр гэх *******ыг огт мэдэхгүй, танихгүй, найз нөхөд байсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэгч үнэн зөв тайлбар гаргах хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т зааснаар *******д холбогдох 2014 оны 08 сарын 27-ны өдрийн барьцааны гэрээг баталсан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу ойлгон тайлбарлан хэрэглэсэн, үйл явдалд буруу дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн зүгээс 2024 оны 04 сарын 15-ны өдрийн № тоот дүгнэлтийг эс хүлээн зөвшөөрч бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулахыг хүссэн хүсэлт гаргасан боловч шүүхээс хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Энэ нь Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна.
Ингэхдээ Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 сарын 08 өдрийн албан бичгийн агуулгыг буруу ойлгон тайлбарлаж шийдвэрлэсэн.
Тухайн албан бичигт дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн агуулга бүхий хариу ирүүлсэн болохоос биш дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох боломжгүй гэсэн агуулгаар хариу ирүүлээгүй болно.
Гэтэл шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийн хүрээ буюу хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтаа бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилно гэж заасан. Хэдийгээр шинжээчийн дүгнэлт гарсан ч гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээч томилон нэхэмжлэгчийн шинжээчид гаргасан тайлбар болон бусад баримтуудыг үндэслэн шинжлэх ухаан, техникийн талаас нь дүгнэлт гаргах боломжтой, шинжээч томилох нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой,
Гэтэл анхан шатны шүүхээс энэ бүхнийг анхааралгүй, хэрэгт бодит дүгнэлт хийлгүй хийсвэр хандаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж Баянзүрх Сүхбаатар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 03992 тоот дугаартай шийдвэрийг хүчингүй болгож гаргасан гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгч талаас дахин шинжээч томилж өгнө үү гэх гомдол гаргаж байна. Гэтэл шүүхийн шинжээч томилсон тогтоолын дагуу шинжилгээний байгууллага нь *******ийн гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд архив болон өөрийнх нь гаргаж өгсөн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, дүгнэлт гаргасан.
Шинжээчийн дүгнэлтийн шинжилгээний 2 дугаар хэсэгт шинжилж буй гарын үсэг харьцуулах загваруудыг өсгөгч, гэрэлтүүлгийн хэрэгсэл, хэмжих хэрэгсэл, 15х өсгөлттэй Doculus lumus маркийн олон үйлдэлт зөөврийн микроскоп, NikonD3500 маркийн гэрэл зургийн аппарат, техник хэрэгсэл ашиглан шинжилсэн учир дахин шинжлэх боломжгүй гэх дүгнэлтийг өгсөн учир шинжээч тухайн дүгнэлтийг үнэн, зөв гаргасан байх ёстой. Шинжээч нарын тухайн шинжилгээг хүний нүдээр баримжаалж гаргаагүй, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжилгээний зөөврийн техник хэрэгсэл ашиглаж гаргасан гэх тайлбар хэргийн материалд авагдсан.
Иймд анхны шинжилгээний хариу үнэн, зөв гарсан байх магадлалтай тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзэж байна.
5.2. 2023 онд нотариатчийн үйлдэлтэй холбоотойгоор сахилгын хороонд гомдол гаргасан, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан гэхээр 2020-2025 оны хооронд нэхэмжлэгч өөрийн орон сууцыг барьцаанд тавьсан болон тавиагүй талаар мэдэх боломж байсан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан нотариатчийн үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлээ ...холбогдох хуульд заасны дагуу нотариатын үйлдэл хийсэн ... гэж тайлбарлан, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
4. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... БГ--1 дугаартай Барьцааны гэрээ болон бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зураагүй ..., нотариат дээр биечлэн очоогүй байхад баримт бичгийг шалгалгүй нотариатын үйлдэл хийсэн ... гэж тайлбарлажээ.
4.1. Чингэлтэй дүүргийн нотариатч ******* нь 2014 оны 08 сарын 28-ны өдөр Оюу Монгол ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 08 сарын 27-ны өдрийн дугаартай Зээлийн гэрээ, мөн өдрийн БГ--1 дугаартай Барьцааны гэрээнүүдийн үнэн зөвийг гэрчилж, Нотариатын бүртгэлийн дэвтрийн 1029 дугаарт зээлийн гэрээ болон барьцааны гэрээг тус тус бүртгэжээ. /хх7-16/ Тус бүртгэлийн дэвтэрт *******, *******, ******* гэсэн нэрний ард тус тус гарын үсэг зурагдсан байна. /хх17/
4.2. Талуудын маргааны зүйл болох барьцааны гэрээнд ... барьцаалагч талаас Оюу Монгол ХХК-ийг төлөөлж , барьцаалуулагч талаас *******-ийн захирал ******* нар ... нефть бүтээгдэхүүний зээлийг эргүүлэн төлөх үүргээ баталгаажуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор *******, ******* нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Рапид харш, 27-р байрны 2, 3 тоотод оршин *******, ******* тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг тус тус барьцаалахаар харилцан тохиролцож дор дурдсан нөхцөлөөр гэрээ байгуулав. гэж тусган, гэрээ байгуулсан хэсэгт барьцаалагч Оюу Монгол ХХК-ийг төлөөлж , барьцаалуулагч *******-ийн захирал *******, *******, ******* нар гарын үсэг зурагдсан байна. /хх16/
4.3. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Шинжээч томилох тухай шүүгчийн захирамж гаргаж, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилон, 2014 оны 08 сарын 27-ны өдрийн БГ--1 тоот барьцааны гэрээнд барьцаалагч талыг төлөөлсөн Төгөлдөрийн гарын үсэг нь нэхэмжлэгч *******ийн гарын үсэгтэй тохирч байгаа эсэх талаар дүгнэлт гаргахыг даалгажээ. /хх38-40/
Шинжээч нь 2024 оны 03 сарын 05-ны өдөр Нийслэлийн архивын газарт хадгалагдаж буй 2014.08.27 гэсэн огноотой БГ--1 дугаартай Барьцааны гэрээ гэсэн баримтад үзлэг хийж, тус баримтын Барьцаалуулагч гэсэн хэсэгт МУ-ын иргэн ******* гэсний доод талд байх шинжилж буй гарын үсэг харьцуулах загваруудыг өсгөгч /4х/, гэрэлтүүлгийн хэрэгсэл, хэмжих хэрэгсэл 15х өсгөлттэй Doculus Lumus маркийн олон үйлдэлт зөөврийн микроскоп, NikonD3500 маркийн гэрэл зургийн аппарат техник хэрэгсэл ашиглан төрөл бүрийн гэрлийн тусгал хэрэглэн адилтгах, дүрс өсгөх, ажиглалт, хэмжилтийн аргыг ашиглаж, барьцааны гэрээний барьцаалуулагч гэсэн хэсэгт ******* гэсний доод талд байх шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн баримтад авагдсан *******ийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй, туршилтын загваруудтай тохирч байна гэсэн дүгнэлт гаргаж, шүүхэд ирүүлсэн байна. /хх47-59/
4.4. Нэхэмжлэгч дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваад шүүгчийн 2024 оны 10 сарын 10-ны өдрийн 182/ШЗ2024/17158 дугаартай захирамжаар Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, өмнөх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт гаргахыг даалгажээ. /хх78-81/
Шинжээч Шүүх шинжилгээний ерөнхий газар нь 2024 оны 11 сарын 08-ны өдрийн 13/7972 дугаартай албан бичгээр шинжээч нь шинжилгээ хийхдээ тусгай зориулалтын зөөврийн техник хэрэгсэл ашигласан байна. гэх үндэслэлээр шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд дахин шинжилгээ хийхээс татгалзсан хариу ирүүлсэн байна. /хх86/
5. Анхан шүүх, дээрх нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд хариуцагч *******г нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, Нотариатын үйлдэл хийх зааврын 3.1, 4.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй гэж зөв дүгнэсэн байна.
Учир нь, Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ. Нотариатч гэрчилсэн үйлдлийн цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална. гэж, 26.2 дахь хэсэгт Нотариатын бүртгэлд үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ. гэж, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно. гэж тус тус заасан.
Мөн Нотариатын үйлдэл хийх зааврын 3.1-д Нотариатч Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үйлдэл тус бүрээр бүртгэл хөтлөх бөгөөд цахим бүртгэлийн хэвлэмэл эх хувийг цаасан хэлбэрээр хадгална: 3.1.1-д гэрээ, хэлцэл гэрчлэх гэж, 4.1-д Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасны дагуу үйлчлүүлэгчийн хувийн байдлыг дараах бичиг баримтыг үндэслэн тогтооно. Үүнд: 4.1.1-д иргэний үнэмлэх гэж тус тус заасан байна.
Хэргийн нотлох баримтаар, нотариатч үйлдэл хийхдээ дээрх хууль болон журмыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул 2014 оны 08 сарын 27-ны өдрийн БГ--1 тоот Барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
6. Нэхэмжлэгч тал шүүх шинжээч томилох хүсэлтийг хангаагүй, хуульд заасан журам зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ.
6.1. Хэргийн баримтаас үзвэл, анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/20441 дугаартай захирамжаар шинжээчийн дугаартай дүгнэлтийн зарим хэсэг үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэл заан нэхэмжлэгчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт тус тус заасныг зөрчөөгүй байна. /хх105-107/
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 08-ны өдрийн 191/ШШ2025/03992 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД