| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2024/00616/И |
| Дугаар | 210/МА2025/01663 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01663
2025 10 01 210/МА2025/01663
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82,148,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Манай компани нь *******-тай 2018 оны 07 сарын 04-ний өдрөөс мөн оны 12 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаатай барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр манай компани өөрсдийн үйлдвэрлэж буй 42.5 маркийн задгай, ууттай нийт 528 тонн цементийг нийлүүлэх, ******* нь төлбөрийг гэрээний 2.2.3-т заасан хуваарийн дагуу 8-11 саруудад тус тус 27,951,000 төгрөг нийт 111,804,000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн.
2018 оны 07 сарын 06-ны өдрөөс ууттай болон задгай нийт 655.15 тонн буюу 108,693,750 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлснээс ******* нь 28,695,800 төгрөгийг төлж, үлдэгдэл 79,997,950 төгрөгийг төлөөгүй.
Манай компани цементийн тээврийг гүйцэтгэн худалдан авагч талын талбайд буулгасан. Тус тээврийн зардал болох 2,150,750 төгрөгийг мөн төлөөгүй.
Талууд 2019 оны 08 сарын 08-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, харилцан баталсан.
Тус төлбөрийг 2019 оны 09 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөх хүсэлт гаргасан боловч хугацаандаа төлөөгүй, гэрээний 4.8, 4.10-т заасны дагуу 2023 оны 09 сарын 14-ний өдрийн байдлаар алданги тооцвол 46,429,740 төгрөг байна.
Гэрээний үүргийг хангуулах зорилгоор 2018 оны 07 сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ *******, ******* нартай байгуулсан бөгөөд дараах үл хөдлөх эд хөрөнгүүд нь улсын бүртгэлийн газарт барьцаанд бүртгэлтэй байна. Үүнд Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, мансарт зориулалттай, ******* дугаар бүхий *******гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, мөн *******ийн өмчлөлд бүртгэлтэй, улсын бүртгэлийн ******* дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 1 гудамж, ******* хаягт байршилтай, 166 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байна.
Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөр 82,148,700 төгрөг, алданги 16,429,740 төгрөг, нийт 98,578,440 төгрөг гаргуулахаар шаардсан. Алдангийн шаардлагаас татгалзаж байгаа тул 82,148,000 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж өгнө үү.
1.2. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******, ******* нарын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь ямар хэмжээний цемент хүлээлгэж өгсөн талаар нотолсон баримт өгөөгүй. Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээг үндэслэж, нэхэмжлэл анх шүүхэд гаргасан.
Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа 2018 оны 07 сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ байгуулсан болохыг мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан болохыг хүлээн зөвшөөрч, гэрээний дагуу өгсөн, авсан зүйлээ буцаахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил гэж тайлбарладаг. Уг тайлбарыг хариуцагчийн зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2018 оны 07 сарын 04-ний өдөр анх гэрээ байгуулагдсан ба гэрээнд шаардах эрхийг тодорхой тусгасан. 2018 оны 12 сарын 15-ны өдөр шаардах эрх үүссэн. Нэхэмжлэгч анх шүүхэд 2019 оны 11 сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан, бүрдүүлбэр хангаагүйгээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. 2020 оны 03 сарын 04-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
2024 оны 01 сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ нотолж чадаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.
3. Хариуцагч *******ийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч байна. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн нь нэхэмжлэлд дурдсан хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд ******* нь уг хэргийн оролцогч биш.
3.2. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 11 дүгээр баг, Цагаанчулуут 1 гудамж, *******од байрлах 166 м.кв талбайтай 5 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр бичиг баримтын хувьд *******ийн нэр дээр байгаа боловч *******-ийн өмч хөрөнгө юм. ******* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс нэг ч төгрөг авч, захиран зарцуулаагүй, огт мэдэхгүй гэрээний талуудтай холбоогүй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох цементийн төлбөр 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,000 төгрөг, нийт 82,148,000 төгрөгийг гаргуулах, хариуцагч *******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан дүнжингарав гудамж, ******* байр ******* хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, Мансард зориулалттай үл хөдлөх хөрөнгө, хариуцагч *******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум 11 баг, Цагаанчулуут 1 гудамж ******* хаягт байршилтай, 166 м.кв талбайтай, таван өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,043 төгрөгөөс 638,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 82,153 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу ******* нь барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ-ний цементийн төлбөрийн үүргээ төлөхөөс татгалзаж, хожим үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших харилцаа үргэлжилж хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзэж өөрчилсөн. Гэвч шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд хамаарахгүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй гэж үзэн зөвхөн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэрээнээс үүссэн үүргийн харилцаа, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гарах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасанд шууд дүгнэлт өгч, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэнд гомдолтой байна.
******* нь цементийг хүлээн авч, 2018 онд Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа цементийн төлбөрийг төлөх хүсэл сонирхол анхнаасаа байгаагүй бөгөөд хууран мэхэлж өөртөө хөрөнгө бий болгон үр шим, ашгийг хүртэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн.
Манай компани нь гэрээний төлбөрийн үүргийг 2020 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 181/ШЗ2020/03201 дугаар бүхий шүүгчийн захирамжаар үүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг хугацаанаас хойш ******* нь манай компанийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөл байдлыг овжиноор ашиглан компанийн үйл ажиллагаа явуулж буй гэрээнд заасан хаяг, байршлаа өөрчлөн утсаар төлбөр барагдуулах, үйл ажиллагаа явуулж буй хаягийг нь тодруулахад шүүх дээр байгаа хэрэг зэргээр цементийн төлбөрийг төлөх үүргээс санаатайгаар зайлсхийж, хууль бусаар ашиглаж ирсэн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн шаардах эрх нь зөвхөн гэрээний бус үүргээс үүсэх харилцаа биш бөгөөд хожим гэрээ дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үеэс шаардах эрх үүсэхээр хуульд заасан.
Гэвч анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасанд хамаарахгүй, нотлох баримтуудаар нотлогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна.
5.2. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2018 онд барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 262.1, 263.2-т заасан гэрээнээс үүссэн үүргийн харилцаа, тус хөөн хэлэлцэх хугацаа хариуцагчаас барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр төлөх хугацаа 2019 оны 11 сарын 15-ны өдөр дуусаж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүйд гомдолтой байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалтад хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээдээс буцаан өөрийн хөрөнгийг шаардахад тусгай хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэхгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй байна.
******* нь гэрээ байгуулах замаар цементийг хүлээн авч, өөрийн өмчлөлдөө бүрэн шилжүүлж, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэн, үр шимийг бүрэн хүртэн, цементийн төлбөр 79,997,950 төгрөг, тээврийн зардал 2,150,000 төгрөг, нийт 82,148,000 төгрөгийг төлөхөөс санаатай зайлсхийж, үндэслэлгүй хөрөнгөжсөн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:
6.1. Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Уг гэрээ ямар нэгэн байдлаар хүчин төгөлдөр бусд тооцогдсон шийдвэр байхгүй учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг хэрэглэх боломжгүй.
2019 оны 11 сарын 15-ны өдөр шаардах эрх үүссэн. Үүнээс хойш 2020 оны 03 сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 2023 оны 11 сарын 23-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах, шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбоотойгоор Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгөтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 82,148,000 төгрөг, алданги 16,429,740 төгрөг, нийт 98,578,440 төгрөг гаргуулах, хариуцагч *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлоогүй гэх үндэслэл заан, маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал алдангид холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа 82,148,000 төгрөг болгон багасгасан байна.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3.1. *******, ******* нар 2018 оны 07 сарын 04-ний өдрийн МБМ2018Б/078 дугаартай Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, гэрээгээр худалдагч ******* нь ОРС-42.5 маркийн ууттай 1 тн цемент 168,000 төгрөгийн үнэ бүхий 528 тн цемент, задгай 1 тн цемент 165,000 төгрөгийн үнэ бүхий 140 тн цементийг нийлүүлэх, худалдан авагч ******* нь цементийн үнэ 111,804,000 төгрөгийг 2018 оны 12 сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх14-18/
3.2. ******* 2019 оны 08 сарын 26-ны өдрийн 120 дугаартай албан бичиг Монцемент Билдинг материалс ХХК-д хүргүүлсэн байна. Уг албан бичигт Манай байгууллага 2018 оны 07 сарын 04-ний өдрийн байгуулсан МБМ2018Б/078 тоот Барьцаат зээлээр цемент худалдах, худалдан авах гэрээний дагуу танай компанид 2019 оны 08 сарын 08-ны өдрийн байдлаар 82,148,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа билээ. Тус төлбөрийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байгааг хүлээн авч, хамтран ажиллахыг хүсэж байна. гэж бичээд төлбөрийг 3 хувааж төлөх хуваарь гаргасан байна. /хх43/
3.3. Талууд Тооцоо нийлсэн акт үйлдэж, 2018 оны 01.01-ний өдрөөс 2019 оны 08 сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр тооцоо нийлж, ******* нь 82,148,700 төгрөгийн өглөгтэй болохыг харилцан баталж, хоёр компанийн нягтлан бодогч нар гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулжээ. /хх44/
4. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Учир нь, талууд 2018 оны 07 сарын 04-ний өдрийн гэрээгээр худалдагч нь цементийг гэрээ байгуулснаас хойш 3-5 хоногийн хугацаанд нийлүүлэх, худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш 2018 оны 12 сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үнэ төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжид нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээгээр талууд төлбөр төлөх журмыг тохиролцсон нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэл болохгүй юм.
5. Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зээлээр худалдах, худалдан авах гэрээнд худалдан авагчийн хэсэгчлэн төлөх төлбөрийн хэмжээ тэдгээрийг төлөх хугацаа, нэмж төлөгдөх төлбөр, хураамж, хүү төлөх зэрэг нөхцөлийг тусгахаар заасан байна.
Талуудын гэрээнд дээрх нөхцөл тусгагдаагүй тул тэдгээрийн хооронд ердийн худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааг буруу тодорхойлсныг дээрх дүгнэлтээр залруулна.
6. Зохигчид гэрээ байгуулсан хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний агуулгад маргаангүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
6.1. Хэрэгт авагдсан Талуудын тооцоо нийлсэн акт, *******-ийн албан бичиг зэрэг баримтуудаар хариуцагч ******* нь гэрээний үүргээс 82,148,700 төгрөг төлөөгүй буюу үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдож байна.
6.2. Нэхэмжлэгч ******* нь гэрээний үүрэгт 82,148,000 төгрөг хариуцагч *******-аас нэхэмжилсэн тул уг хэмжээгээр нэхэмжлэлийг хангах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ.
7. Хариуцагч нар гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан нь хуулийн үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв талаас нь үнэлээгүйн гадна Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүх дараах байдлаар залруулан дүгнэв.
7.1. Талуудын гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.
Талуудын байгуулсан гэрээгээр хариуцагч ******* нь цементийн үнийг 2018 оны 12 сарын 15-ны дотор бүрэн төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд уг үүргээ хугацаанд гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон.
Хариуцагч компаниас 2019 оны 08 сарын 26-ны өдрийн албан бичгээр гэрээний үүргийн үлдэгдэл болох 82,148,700 төгрөгийг 2019 оны 09 сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 15-ны өдөр 25,000,000 төгрөг, мөн оны 11 сарын 15-ны өдөр 32,148,700 төгрөг төлөх хуваарь гарган нэхэмжлэгчид хүргүүлсэн байдаг. /хх43/
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох тул нэхэмжлэгчийн шаардах эрхийг 2019 оны 11 сарын 15-ны өдрөөс үүссэн гэж үзнэ.
7.2. Хэргийн баримтаас үзвэл, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 03201 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *******-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 19810 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Нэхэмжлэгч тал дахин 2024 оны 01 сарын 15-ны өдөр шүүхэд хандан, нэхэмжлэлээ гаргажээ.
Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гарган шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзнэ. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй тул хугацааг дахин шинээр эхлэн тоолбол, хуулиар тогтоосон 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна. Иймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан үр дагавар үүсээгүй учир хариуцагч ******* гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхгүй.
8. Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
8.1. ******* болон ******* нар 2018 оны 07 сарын 04-ны өдөр МБМ2018Б/078/01 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай гэрээ-гээр *******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан дүнжингарав гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, Мансард зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, *******, ******* нар мөн өдөр МБМ2018Б/078/02 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, *******ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 11 баг, Цагаанчулуут 1 гудамж ******* хаягт байршилтай, 166 м.кв талбайтай, 5 өрөө амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, тус тус гэрээгээр зээлээр худалдан авагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлийг шүүхийн журмаар худалдан борлуулах нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээ тус бүрийг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх22-42/
Анхан шатны шүүх дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэсэн. Харин үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүргийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусна гэж дүгнэн, уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангав.
8.2. Хариуцагч ******* худалдах, худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч *******ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 1 гудамж, ******* хаягт байршилтай, 166 м.кв талбайтай орон сууц, хариуцагч *******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, мансартны зориулалттай эд хөрөнгүүдээр албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/04119 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 82,148,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 82,148,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох хариуцагч *******гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан гудамж, ******* байр, ******* хаягт байршилтай, 75 м.кв талбайтай, мансартны зориулалттай эд хөрөнгө, хариуцагч *******ийн өмчлөлийн Баян-Өндөр сумын 11-р баг, Цагаанчулуут 1 гудамж, ******* хаягт байршилтай, 166 м.кв талбайтай орон сууц зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж тус тус өөрчлөн,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...олгосугай. гэснийг ...олгож, хариуцагч *******-аас 568,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн,
тогтоох хэсгийн 2, 3 гэсэн дугаарлалтыг 3, 4 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 638,890 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ч.ЦЭНД