Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 518

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч С.Цэрэндорж,

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Аэд холбогдох эрүүгийн ____ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Н.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбарын гадна талд иргэн Д.Отой 2016 оны 9 дүгээр сард зээлүүлсэн 1.000.000 төгрөгийн асуудлаас болж маргалдан түүний баруун гарыг мушгин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Н.Аийн өгсөн:

“…Би Г.А гэх эмэгтэйг 1978 оноос хойш таньдаг болсон бөгөөд найз нөхдийн холбоотой байдаг. Гэтэл Г.А 2016 оны 9-р сарын 15-ны өдөр надад хандан 1 сая төгрөгийн хэрэг гараад байна. Найз нь таньдаг хүндээ зээлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд би 1 сая төгрөг өгсөн. Ингээд тэрнээс хойш уг мөнгө төлөгдөхгүй байсан бөгөөд Г.Аээс нэхэхээр надаас авсан хүн одоо болтол өгөхгүй байна гэдэг байсан. Ингээд О-оос Г.А 1 сая төгрөгийн барьцаанд нь 1 хөөрөг, морины хусуур 2 авсан гэсэн. Би тэрийг нь бол аваагүй. Ингээд мөнгөө нэхсээр байгаад 2019 оны 4-р сарын 30-ны өдөр Г.Аийн гэрт уулзахад О- ирсэн байсан. Ингээд О-той уулзахад тэтгэврийн зээлийг нь нэмж авах боломж байгаа эсэхийг судлахаар БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банк орсон чинь өмнө нь зээлтэй учир О-д тэтгэврийн зээл олгох боломжгүй гэж хэлсэн. Ингээд яг банкны үүдэнд гарах үед О- надад хандан “манай охин Солонгосоос 2019 оны 5-р сарын 01-нд ирнэ тэгээд 02-ны өдөр гэхэд мөнгө авч өгье” гэхээр нь “чи авч өгч чадах юм уу” гэж хэлтэл бараг л хэцүүдээ гэхээр нь би Шүүх оръё гээд баруун гарнаас нь таттал “ёо ёо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би цаашаа яваад өгсөн юм. Эргээд хартал О- банкруу орж явсан. Араас нь яваад ортол сандал дээр баруун гараа барьчихсан “ёоёоёоёо” гээд байсан. Би чи хүнээс авсан 1 сая төгрөгөө өгөөч гэж хэлчихээд яваад өгсөн юм. Би О-ы биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Оы өгсөн:

“...Би 2016 оны 9-р сард Г.А гэх таньдаг эмэгтэйд хандан хүүхдэд мөнгө хэрэг болоод гэж хэлсэн. Тэгээд Г.А бас найз Г.А гэх эмэгтэйгээсээ 1 сая төгрөг авч надад зээлж өгсөн. Тэр мөнгийг нь 4-5 сарын дараа өгье гэж хэлж авсан. Ингээд одоо болтол мөнгийг нь өгч чадахгүй явж байгаа юм. Ингээд мөнгөө нэхээд байхаар нь мөнгөнийхөө оронд зандан модон хусуур, хөөрөг зэргийг зараад мөнгөө олж ав гээд өгсөн чинь зарагдахгүй байна. Мөнгөө олж өгөөд эд зүйлсээ ав гэж хэлсэн. Ингээд 2019 оны 4-р сарын 30-ны өдөр Г.Аийн гэрт очиж уулзахад яг мөнгө гаргаж өгсөн гэх Г.А байж байсан. Ингээд бид 3 уулзаад тэтгэврийн зээл нэмж авч өгөх санаатай Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкин дээр очоод тэтгэврийн зээлээ нэмж авах гэтэл өмнө нь зээлтэй учир нэмж авах боломжгүй гэсэн. Ингээд 2 Г.Атэй хамт Төрийн банкны үүдээр гарах үед би Н.Ат хандан чи жаахан хүлээчих гэж хэлсэн чинь тийм зүйл байхгүй гэж хэлээд миний хацар луу алгадаад авсан. Би чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний баруун гарнаас татаад эргүүлчих шиг болсон гэтэл баруун гар шарх гээд дуугарсан. Би гар хугалчихлаа шүү дээ гэж хэлтэл тоохгүй гар утсаараа яриад цаашаа яваад өгсөн. Би шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь шууны нарийн яс нь хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 16-19/,  

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Аийн өгсөн:

“...Би О- гэх хүнтэй залуу байхдаа хамт ажиллаж байсан найз нөхдийн холбоотой байдаг юм. Бас Н.Атэй хамт ажиллаж байсан юм. Гэтэл 2016 оны 9-р сарын 15-ны өдөр О- мөнгөний хэрэг гарлаа гээд мөнгө асуухаар нь би Н.Аээс сарын 20 хувийн хүүтэй 1 сая төгрөгийг зээлж аваад О-д өгчихсөн юм. Гэтэл О- одоог болтол уг мөнгийг өгөхгүй байгаа юм. 2019 оны 4-р сарын 30-ны өдөр манай гэрт О-, Н.А нар ирсэн бөгөөд Н.А О-оос мөнгөө нэхсэн. Ингээд О- тэтгэврийн зээл гарч байвал мөнгийг нь өгье гээд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбар орж тэтгэврийн зээл авч болох талаар асуутал өмнө нь зээлтэй учир авах боломж байхгүй гэж хэлсэн. Ингээд төрийн банкны хаалгаар гарах үед О- Н.А 2 мөнгөнөөсөө болж бага зэрэг маргалдаад шатан дээр Н.А О-ы нүүрэн тус газар гараараа алгадсан. Тэгээд шүүхрүү явъя гээд О-ы баруун гарнаас татаад чирэх үед О- гараа татаж авсан. Тэгтэл О- гар эвгүй болчихлоо гээд Төрийн банкруу буцаж орсон. Г.А араас дахиж орж ирээд мөнгөө өгөөрэй гэж хэлчихээд гараад явсан. О- баруун гар өвдөөд байна ёо ёо гээд байсан. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг явсан. Би гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Т.Сэлэнгийн өгсөн:

“...уг гэмтэл нь баруун шууны богтос ясны доод хэсэгт үүссэн байна. Уг гэмтэл нь зүгээр гарнаас нь татах үед үүсэх боломжгүй. Хөшиж болон мушгих үйлдлийн үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 5390 тоот: 

  1. Д.Оы биед баруун шууны богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтони алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 22/,

 

  - хохирогч Д.Оы хохиролд 200.000 төгрөг хүлээж авч хохирол гомдол саналгүй болсон тухай хүсэлт /хх-н 53/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 34/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны салбарын гадна талд иргэн Д.Отой 2016 оны 9 дүгээр сард зээлүүлсэн 1.000.000 төгрөгийн асуудлаас болж маргалдан түүний баруун гарыг мушгин биед баруун шууны богтос ясны далд хугарал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Н.Аийн “…О- надад хандан “манай охин Солонгосоос 2019 оны 5-р сарын 01-нд ирнэ тэгээд 02-ны өдөр гэхэд мөнгө авч өгье” гэхээр нь “чи авч өгч чадах юм уу” гэж хэлтэл бараг л хэцүүдээ гэхээр нь би Шүүх оръё гээд баруун гарнаас нь таттал “ёо ёо” гэж хэлсэн. ... Би О-ы биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Д.Оы “...би Н.Ат хандан чи жаахан хүлээчих гэж хэлсэн чинь тийм зүйл байхгүй гэж хэлээд миний хацар луу алгадаад авсан. Би чи яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь миний баруун гарнаас татаад эргүүлчих шиг болсон гэтэл баруун гар шарх гээд дуугарсан. ... Би шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн чинь шууны нарийн яс нь хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, 

 

гэрч Г.Аийн “...Н.А О-ы нүүрэн тус газар гараараа алгадсан. Тэгээд шүүхрүү явъя гээд О-ы баруун гарнаас татаад чирэх үед О- гараа татаж авсан. Тэгтэл О- гар эвгүй болчихлоо гээд Төрийн банкруу буцаж орсон. Г.А араас дахиж орж ирээд мөнгөө өгөөрэй гэж хэлчихээд гараад явсан. О- баруун гар өвдөөд байна ёо ёо гээд байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн 5390 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Аэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Д.Оы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон гэмт хэргийн улмаас хохирогч Д.Од учирсан 200.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Н.Аэд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос Н.Аэд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Аээс 200.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Од олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ