| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 183/2022/05786/И |
| Дугаар | 210/МА2025/01722 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01722
2025 10 06 210/МА2025/01722
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05307 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
*******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 01-ний өдөр А/80 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, *******-ийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер гаргуулах, компанид учирсан хохиролд 592,879 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие *******-д 2014 оны 09 сарын 17-ны өдрөөс 2018 оны 10 сарын 18-ны өдөр хүртэл хүний нөөц, захиргаа удирдлагын менежерээр, 2018 оны 10 сарын 31-нээс 2021 оны 07 сарын 08-ны өдөр хүртэл хүний нөөцийн мэргэжилтнээр тус тус ажилласан. 2021 оны 07 сарын 08-наас 2022 оны 11 сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд захиргаа хүний нөөц, сургалт хариуцсан ажилтнаар 8 жил ажилласан.
1.2. *******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* 2022 оны 11 сарын 01-ний өдөр А/80 тоот тушаал гаргаж, захиргаа хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан ******* удирдах албан тушаалтнуудын хугацаатай өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчийн удирдах чиг үүрэг хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлэн ажилчдын илүү цаг, ажил хавсран гүйцэтгэхтэй холбогдох болон шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл хангахтай холбогдон гаргах тушаалыг цаг тухайд нь гаргаагүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл хүлээлгэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон.
1.3. Миний бие тухайн байгууллагад ажиллах хугацаандаа ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн өгсөн үүрэг даалгавруудыг цаг тухайд нь биелүүлж ирсэн ба хугацаа заасан үүрэг даалгавар өгч байгаагүй.
Харин албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийн 1 дүгээр зорилтын 1, 11 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу хууль, дүрэм, журмыг баримтлан ажиллахыг зорьдог. Гэвч гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* илтэд хууль бус үүрэг даалгавар өгч, биелүүлэхийг шаардаж, шахаж дарамталдаг бөгөөд энэ талаар нь хэлж, зөвлөн засаж залруулахыг хичээсэн боловч миний буруу болж, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан гэж үзсэн.
1.4. Захиргаа хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан миний ажлын байрны тодорхойлолт дахь чиг үүрэгт ажилчдын илүү цагтай холбоотой зүйл, заалт огт тусгагдаагүй. Тухайн байгууллагад ажиллах 8 жилийн хугацаандаа хөдөлмөрийн илүү цагийн бодолтод хяналт хийж байгаагүй. Илүү цагтай холбоотой санхүүгийн асуудлыг Санхүү, эдийн засгийн алба болон эдийн засагч хариуцан ажилладаг. 2022 оны 08 сарын 01-ний өдөр үйлдвэрлэлийн удирдлага ******* цалин, хөлсний нэмэгдлийн тооцоололд мэргэжлийн болон чиглэлийн ажилчдыг оролцуулалгүйгээр шинээр ирсэн албаны дарга нартайгаа ярилцаж байгаад тооцоо, судалгаагүй цалинг батлуулснаас болж 8 сарын сүүлд ажилчдын цалин тавихад цалингийн сангаас хэтэрч ээлжийн ажилчдад илүү цагийг олгоогүй учраас ажилчид гомдол гаргаж 9 сард нөхөн олгосон.
1.5. Үйлдвэрлэл, технологийн албаны даргаар ажиллаж байсан *******ыг 3 шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай нь адил чанарын албан тушаалд томилох шийдвэр тус компанид 2022 оны 07 сард ирсэн. Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* нь шийдвэр гаргахгүй байсаар *******, хуулийн зөвлөхийн хамтаар үйлдвэр дээр 2022 оны 09 сарын 20-ны өдөр ирж уулзсан. ******* нь *******ыг үйлдвэрлэл, технологийн албаны даргын албан тушаал байсаар байтал вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн 2 дугаар цехийн эрхлэгчээр тавина хэмээн тухайн хүний албан тушаал, цалинг дордуулсан шийдвэрээ хэлсэн, маргаантай, хууль бус асуудалдаа намайг оролцуулан тушаалын төсөл гарга гэж үүрэг даалгавар өгсөн. Тухайн үед *******т шүүхийн шийдвэрийг зөрчсөн шийдвэр нь хууль бус талаар байгууллагын хуулийн зөвлөхтэй энэхүү асуудлаа шийдвэрлүүлэх талаар саналаа хэлсэн боловч шахаж, дарамталсаар байсан тул аргагүй эрхэнд тушаалын төслийн ерөнхий мэдээллийг гаргаж өгсөн. Гэвч үүрэг даалгавар биелүүлээгүй хэмээн үзэж халах тушаалын үндэслэлд оруулсан нь үндэслэлгүй хэмээн үзэж байна.
1.6. Миний бие тушаалыг эс зөвшөөрч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2022 оны 11 сарын 14-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан талаар гомдол гаргасан. Тус хороо 2022 оны 11 сарын 29-ний өдөр хуралдаж дараах тэмдэглэл /шийдвэр/-ийг гаргасан. Үүнд, *******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ын 2022 оны 11 сарын 01-ний өдрийн А/80 тоот тушаалд ажлаас халах үндэслэл тогтоогдохгүй байх тул тушаалыг хууль бус гэж үзэж байна. Ажил олгогч гаргасан тушаалаа эргэн харж, хүчингүй болгож, *******г *******-ийн захиргаа аж ахуйн албаны хүний нөөц, сургалт хариуцсан ажилтны албан тушаалд эргүүлэн авсугай. *******гийн ажилгүй байсан хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Гэвч *******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч ******* тус гурван талт хорооны хуралд хүрэлцэн ирээгүй, харилцан зөвшилцөж чадаагүй мөн шийдвэр гарснаас хойш албан ёсоор хариу өгөөгүй тул 2022 оны 12 сарын 01-ний өдөр дээрх шийдвэрийг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандах талаар заасан тул *******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******ын 2022 оны 11 сарын 01-ний өдрийн А/80 тоот тушаалыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилтийг хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* нь хамтарч ажиллахад хүндрэлтэй, баг болон хамтарч ажиллаж чаддаггүй, удирдлагаа хүндэлдэггүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, өгсөн үүрэг даалгаврыг өөрөө биелүүлдэггүй атлаа бусдыг Авлигатай тэмцэх газар, Аудитын байгууллага, харьяалах яамны, дарга, сайд нарт матаж гомдол гаргадаг. Мөн байгууллагын зүгээс хамтран ажиллах боломжгүй гэж үзсэн.
Хамтарч ажиллаж байх үедээ зөрчил дутагдлыг нь илрүүлж, захирлын зөвлөлийн хурлаар оруулсан бөгөөд тус зөвлөлийн хурал дээр одоогийн захирал нь тухайн үед захиргаа аж ахуйн даргаар ажиллаж байсан. ******* дарга *******г уйлах нь холгүй гуйж загнаж аргадаж үзэж байсан. ******* би тушаал гаргах гэхээр дарга байдаггүй гэдэг ******* захирал би зөвхөн 1 дэх өдөр яаман дээр хуралтай, бусад өдөр байдаг, чамд даалгасан ажил дандаа хугацаа хэтэрдэг гэж хэлсэн. Энэ асуудлаас болж захирлын зөвлөл хуралдаж, *******г ажлаас нь чөлөөлөхөөр болсон. 2022 оны 11 сарын 01-ний өдөр Санхүү, эдийн засгийн албаны дарга, бусад хүмүүстэй хамт сонсох ажиллагаа хийсэн. *******д тушаалыг танилцуулсан, ажлаа хүлээлцэхгүй явсан. *******гийн оронд ажилд орсон хүн ажлыг нь цэгцлэхэд архивт хүлээлгэн өгөх баримтууд нь байхгүй, дутуу байсан. Хавтаст хэрэгт байгууллагын нууц, дотоод ажилтай холбоотой эх баримтууд үдэгдсэн байна. Үүнд: захирлын ажилд орсон тушаал, санхүү, эдийн засгийн албаны даргын тушаал, хүний нөөцийн тушаал, ажилд орох хүсэлт гаргасан хүмүүсийн хүсэлт, өргөдлүүд байсан боловч одоо байгууллагад энэ тушаалууд байхгүй байсан.
2.2. *******д ажилчдын илүү цагийн мөнгийг бод гэхээр боддоггүй. *******г гарснаас хойш компани нөхөн тушаал гаргаж, ажилчдын илүү цагийн мөнгийг олгосон.
*******ыг 10 сарын 05-ны өдөр ажилд авч, 10 сарын 10-ны өдөр гэхэд тушаалын эхийг бэлтгэх даалгавар өгсөн боловч уг ажлаа хийгээгүй.
2.3. Хөдөлмөрийн дотоод журмын 15.3.13-т компанийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч явсан, 15.3.14-т ажил төрөлтэй холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулах замаар удирдлагын шийдвэр гаргахад цаг алдуулах, саад учруулах, санаатайгаар бичиг баримтыг хулгайлах зэргээр зөрчил гаргасан. Хөдөлмөрийн дотоод журмын 21.10.1-т зааснаар тухайн үед удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлдэггүй, ажлаа цаг тухайд нь хийдэггүй гэх хоёр зүйл, заалт мэдэгдэж байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хөдөлмөрийн дотоод журмын 10 гаруй зүйл, заалт зөрчигдсөн болох нь мэдэгдсэн. Эдгээрээс нэхэмжлэгчийн хувийн байдал ямар болох нь тодорхой харагдаж байхад нэхэмжлэгч илүү цагийг би гаргадаггүй гэж тайлбарласан. ******* ажилчдын илүү цагийг бодож, гаргаж байсан тушаалын эх хувийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Ямар ч байгууллагад эдийн засагч цагийн тооцоог гаргаж өгч, хүний нөөц тушаал гаргадаг болохоос биш, эдийн засагч өөрөө ажил, албан тушаалтай холбоотой тушаал гаргах ойлголт байдаггүй.
******* өөрөө эдийн засагчийн ажлын байрны тодорхойлолтыг хавсаргаж өгсөн бөгөөд хэн нэгний гарын үсэг зурагдаагүй, өөрийнх нь гарын үсэгтэй загвар байдаг. Мөн өөрийн хариуцсан ажил, үүрэгтэй холбоотой тушаал, шийдвэрийн эхийг гаргах гэж байна. Хүний нөөц гэх утгаараа өөрийн ажлыг бусад руу чиглүүлж болохгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.1. *******тэй хөдөлмөрийн харилцааг дуусгавар болсонтой холбогдуулан компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 11 сарын 01-ний өдрийн тушаалыг санхүү эдийн засгийн албаны дарга *******ын өрөөнд уншиж танилцуулсан боловч тэрээр уг шийдвэрийг үл тоож, хуулиар эрх олгогдсон этгээдийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэгт хариуцаж байсан ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөлгүйгээр хаяж явсан.
Ажил олгогчоос түүнд ажил үүрэг гүйцэтгүүлэхээр өгсөн зөөврийн компьютер болон ажил үүргийн дагуу бүрдүүлсэн бичиг баримтыг хүлээлгэн өгөх талаар удаа дараа өөрт нь, мөн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 сарын 09-ний өдрийн 1/254 дугаар компанийн эд хөрөнгө хүлээлгэн өгөх тухай албан бичгээр тус тус мэдэгдсэн боловч хүлээлгэн өгөөгүй байна. Тэрээр байгууллагын өрөөг лацдаж, өрөөний түлхүүрээ үлдээлгүй өөртөө авч, компанийн хүний нөөцийн өдөр тутмын үйл ажиллагааг 3 сар гаруй хугацаанд санаатай алдагдуулж эхэлсэн тул ажлын хэсгээс өрөөг аргагүйн эрхэнд 2023 оны 01 сарын 25-ны өдөр албадан онгойлгох арга хэмжээг авсан. ******* дээрх үйлдлээрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт заасан ажилтан ажил үүргийг нь гүйцэтгүүлэх зорилгоор олгосон аливаа ажлын багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, эд хөрөнгө ажил үүргийн дагуу бүрдүүлсэн баримт бичиг, биет болон цахим мэдээлэл, холбогдох бусад зүйлийг нэг бүрчлэн ажил олгогчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, өөрийн нэр дээр бүртгэлтэй компанийн эд хөрөнгө болох /200803-нөтбүүк dell-2010 маркийн/ 1,800,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг хүлээлгэн өгөлгүйгээр өөртөө авч явсан тул уг компьютерыг гаргуулна. Уг зөөврийн компьютер нь тус компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол хэрэглэгдэхээс гадна компанийн эд хөрөнгийн өмчийн бүртгэлтэй тул санхүүгийн тайлан балансаар болон эрх бүхий байгууллагын хяналт шалгалтад зөрчилтэй байна.
3.2. Мөн гэрээгээр компанийн хүний нөөц хариуцсан ажилтан гэх ажил үүргийг гүйцэтгэж байгаагийн хувьд компанийн нийт ажилтны хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бусад холбогдох баримт, хувийн мэдээлэл бүхий хувийн хэргийг хадгалах, хамгаалах үүрэгтэй. Мөн Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмын дагуу жил бүр байгууллагын архивт хүний нөөцийн баримтуудыг дотоод товьёог гарган хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас Архив, бичиг хэрэг хөтлөлтийн тухай хууль, Авлигын эсрэг хууль тогтоомжууд, Хөдөлмөрийн тухай хуулиуд зөрчсөн нөхцөл үүссэн. Түүнчлэн, компанийн хүний нөөцтэй холбогдох нэн чухал баримтууд болох хувийн хэрэг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, хүний нөөцтэй холбогдох чиглэлээр ирүүлсэн зарим өргөдөл, гомдлын эх хувиуд байхгүй нь компанид цаг үеийн хэрэгцээ, шаардлага гаргахад байгууллагын архивын түүх бүрэн, гүйцэд бус байх гэм хор учруулсан. Түүний ажлын өрөөнд хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтуудын эх хувийг нэг бүрчлэн тоолж, архивт хүлээлгэн өгөх бүртгэлээс үзэхэд Авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ гаргах эрх бүхий этгээдийн 2007-2013 оны ХАСХОМ, түүнд хамаарах баримтууд, 2016 оны хөдөлмөрийн гэрээ, захирлын 2019 оны А, Б тушаал, 2015-2021 онуудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан, 2012, 2017 онуудын ажлын байрны тодорхойлолтууд болон бусад хүний нөөцийн чиглэлээр гаргасан баримтууд архивт шилжүүлэгдээгүй байгаагаас 279 ажилчдын хувийн хэргийн бүртгэл, 203 албан тушаалтны тодорхойлолт зэрэг байна.
3.3. Шүүхэд компанитай холбогдуулан маргаан үүсгэсэн захиргаа аж ахуйн албаны ажилтнууд болох ******* өөрөө, /хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан/, ******* /ХАБЭА/ хариуцсан ажилтан, ******* /үйлдвэрлэл технологийн албаны дарга/ нарын хувийн хэргийн бүрдэл бүхэлдээ байхгүй, өөрсдөд нь өгсөн, устгасан эсэх нь тодорхойгүй, ******* /захиргааны хэлтсийн дарга/-ын болон /эдийн засагч/-ын ажлын байрны тодорхойлолтуудын эх хувиуд байхгүй, *******гийн өөрийнх нь /ажлын байрны тодорхойлолт/-ын эх хувь, хувийн хэргийн бүрдэл, бүхэлдээ байхгүй, мөн гүйцэтгэх удирдлагаас 2022 оны 10 сард вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн 2 дугаар цехийн эрхлэгчээр *******ыг гурван шатны шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилохын өмнө Авлигатай тэмцэх газраар түүний урьдчилсан мэдүүлгийг хянуулан хариу ирүүлсэн албан бичгийн дагуу түүнийг ажилд томилуулахаар өөрт нь цохсон хуудсыг салган авч, компанийн бичиг хэргийн баримтад хавсаргаж өгөлгүйгээр уг бичгийг устгасан байж болзошгүй байна. Учир нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн уг албан бичгийн эх хувь нь компанид ирсэн бичгийн /эксейл файл/ цахим бүртгэлийн 2022 оны 10 сарын 10-ны өдөр шилжүүлсэн нь тэмдэглэгдсэн ба цохолт хуудасгүйгээр архив, бичиг хэрэгт бүртгэгдсэн.
*******гийн удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэггүй, дураараа авирладаг үйлдлийн улмаас компани шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүй гэж хариуцагчаар татагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 183/ШШ2023/00804 дугаар шийдвэрийн дагуу 16,116,851 төгрөгийг гаргуулж *******од өгөх шийдвэр гарсан. Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 4-180/20118 албан бичгийн хүрээнд компанийн данснаас татсан. Дээрх нөхцөл байдал үүсэхэд ******* нь *******ыг томилох хугацааг өөрийн дураар мэдэмхийрч, хууль тайлбарлаж, санаатай хойшлуулж, тушаал шийдвэрийн төслийг бэлтгэхээс илтэд татгалзан хугацаа алдаж хэрэгжүүлсэн хохирол учирсан. Энэхүү төлбөрт төлөгдсөн нийт дүн буюу ажлын 7 өдрийн хөлс, тухайн үеийн нэг сарын дундаж ажлын хоногоор шүүх тооцдог журмаар 592,879 төгрөг нь *******д хамаарах тул гаргуулж өгнө үү гэжээ.
4.1. Зөөврийн компьютерийг өдөр тутмын албан ажилдаа ашигладаг. Зарим тохиолдолд ажил дээрээ хонох, ажлын бус цагаар буюу гэртээ ажиллахаар нөтбүүкийг биедээ авч явсан. 2022 оны 11 сарын 03-ны өдрөөс хойш удаа дараа үйлдвэр дээр очих бүрд нөтбүүкийг биедээ авч явж байсан учраас компанид хүлээлгэн өгөх гэсэн боловч намайг огт оруулаагүй.
4.2. Миний бие жил бүр хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой архивлах шаардлагатай бичиг баримтуудын товьёог гарган архивт хүлээлгэн өгдөг байсан. Тухайн үеийн архивынхаа материалуудыг шүүх юм бол хүний нөөцтэй холбоотой материалууд архивт байдаг. Зайлшгүй шаардлагатай тогтмол эргэж сөхөгддөг, үйл ажиллагаанд байнга ашиглагддаг материалуудыг архиваас авдаг байсан. ******* нь улсын онцгой объектод хамаардаг учраас компанийн үндсэн бичиг хэрэгт харьяалагдах бичиг баримтыг салган авах, хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой материалыг устгах, авч гарах боломжгүй.
2022 оны 11 сарын 03-ны өдөр хөөгдөж гарахад ширээний компьютер дахь ажиллаж байсан файлууд мөн хүний нөөцтэй холбоотой бичиг баримтууд, 254 ажилтны саарал шкаф дахь бүх бичиг баримтууд мөн миний хувийн эд зүйлүүд бүгд үлдсэн.
4.3. *******ын хувьд өмнө эрхэлж байсан албан тушаал нь сул байсан. Ажилд эгүүлэн томилох шүүхийн шийдвэртэй байсан тул урьдчилсан мэдүүлгииг үргэлжилж байгаа гэх утгаар мэдүүлэх шаардлагагүй гэж хэлэхэд шүүхийн шийдвэрийг зөрчиж тухайн хүний албан тушаал, цалинг дордуулсан. Үйлдвэрлэл технологийн албаны даргын удирдлагад харьяалагддаг доод албан тушаал болох вирусын био бэлдмэл, үйлдвэрлэлийн 2 дугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд тавих урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулах талаар хэлсэн. Энэ нь хууль, дүрмийг баримталж ажиллах үүрэгтэй миний хувьд илт хууль зөрчиж байгаа санагдаж Авлигатай тэмцэх газрын Хяналт шинжилгээ, дүн шинжилгээний хэлтсийн мэдүүлгийн бүрдүүлэлт дүн шинжилгээний албаны дарга гэж хүнтэй очиж уулзахад хууль зөрчиж байна гэж хэлсэн. Хүний нөөцийн үйл ажиллагааны журамд хүнийг ажлаас чөлөөлөхөд 30 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх ёстой, мөн албан ёсоор ажлыг нь хүлээлцүүлж, гарын үсэг зуралцсан байх ёстой байдаг.
Иймд зөөврийн компьютерийг өгөхөд татгалзах зүйлгүй, компанид учирсан хохирол 592,879 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар *******г *******-ийн захиргаа, хүний нөөц, сургалт хариуцсан ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар *******-аас ажилгүй байсан хугацааны цалин 48,792,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар *******гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг *******-д даалгаж,
Хөдөлмөрийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар *******гээс /200803 нөтбүүк dell-2010 маркийн/ 1,800,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерыг гаргуулж, *******-д олгож, *******гээс хохирол 592,879 төгрөгийг гаргуулах тухай *******-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******-аас 401,914 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулж шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
6.1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба шийдвэрийн үндэслэх хэсгийн 11, 12, 17, 18-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж ойлгож байна. Нэхэмжлэгчтэй 2018 оны 10 сарын 31-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.1-д ... гэрээгээр талуудын эрх, хүлээх үүрэг хариуцлагыгг тодорхойлох бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан -ын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн дүрэм болон талууд нийтээрээ заавал дагаж, мөрдвөл зохих хөдөлмөрийн харилцааг зохицуулсан бусад эрх зүйн актуудыг мөрдөнө... гэж,
Мөн гэрээний 3.4.10-д ажлын байрны тодорхойлолт ба чиг үүрэгт заасан үүрэгт ажлаа шалтгаангүйгээр гүйцэтгэхгүй байх, гүйцэтгэхээс хууль бусаар татгалзах, энэ талаар үйлдвэрийн даргаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байснаас үйлдвэрлэл, бүтээгдэхүүн доголдох тохиолдолд... хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил-д тооцохоор тодорхой заасан бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн А/80 дугаартай тушаалдаа тусгасан байгааг шүүх үнэлээгүй, шийдвэртээ ч тусгалгүй өрөөсгөл шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Түүнчлэн *******-ийн захирлын зөвлөлийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 07 тоот хурлын тэмдэглэл хавтаст хэргийн 45-51 дэх хуудсанд нотлох баримтаар авагдсан ба уг тэмдэглэлээс харахад хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан ******* нь удирдлагынхаа шийдвэр, үүрэг даалгаврыг үл тоодог, хамт олонтойгоо баг болж, ажиллаж чаддаггүй, олон улсын жишгээр батлагдсан хүний нөөцийн ажил үүргээ бүрэн гүйцэтгэдэггүй, бусдад өөрийн үүргээ даалгаснаас болж, хамт олны дунд үл ойлголцол үүсгэдэг, тухай бүр нь тушаал шийдвэр гаргаагүй олон тохиолдлоос болж, ажилчид хохирдог талаар дээрх хурлын тэмдэглэл болон хэрэгт авагдсан *******-ийн ажилчдын гаргасан гомдол, санал хүсэлтүүд нотолж байгааг шүүх анхаарч үзээгүй.
6.2. Ажил олгогчийн зүгээс 2022 оны 10 сарын 27-ны өдөр захирлын зөвлөлийн хурлаар *******гийн талаар авч хэлэлцээд, сонсох ажиллагааг танилцуулж, 2022 оны 11 сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид танилцуулсан байхад бүх асуудлыг мэдсээр байж ажлын хэсэгт ажлаа хүлээлгэн өгөөгүй, компаниас явахдаа компанийн эд хөрөнгө болох нөтбүүкийг авч явснаа хүлээн зөвшөөрсөн тул 1,800,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 26-д *******, *******ыг ажилд эгүүлэн томилох хугацааг өөрийн дураар мэдэмхийрч, санаатай хойшлуулж, тушаал шийдвэрийн төслийг бэлтгэхээс илтэд татгалзан хугацаа алдсан, хөдөлмөрийн гэрээг ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс компанид хохирол учирсан гэж түүнд хамаарах 592,879 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг ******* миний ажлын байрны тодорхойлолтод зааснаас өөр ажил гүйцэтгүүлэхээр шахаж дарамталсан, ажилтныг ажлаас чөлөөлсөн, шүүхийн шийдвэрийн дагуу буцааж авах шийдвэр гаргах нь миний ажил үүрэгтэй холбоогүй, компанийн хууль, шүүхийн асуудлыг хариуцдаг орон тооны хуулийн зөвлөх байхад надад хамаатай мэтээр тайлбарлаж буруутган хохирол нэхэмжилснийг зөвшөөрөхгүй гэж маргасан гэх үндэслэлээр 592,879 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Нэхэмжлэгчид удирдлагаас нь *******ын тушаалыг гаргах чиглэл өгч, албан бичигт цохолт хийсэн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан ба түүнийг цехийн эрхлэгч биш албаны даргаар томилох ёстой гэж удирдлагатайгаа маргалдах түүний талаарх мэдээллийг Авлигатай тэмцэх газар руу явуулж, хянуулах зэрэг үүргээ биелүүлээгүй нь нотлогдож байна.
6.3. Нэхэмжлэгч ******* нь хариуцан хийх ёстой байсан ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй байж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосноос 8-10 хоногийн дараа зөрчилгүй ажиллаж, үүрэгт ажлаа хийж байсан гэж харагдуулах зорилгоор өөрийн хувийн имэйл хаягаасаа компанийн болон бичиг хэргийн ажилтан руу имэйл явуулж, тушаалын төслүүдийг илгээсэн баримтаа шүүхэд нотлох баримтаар гарган өгч, үзлэг хийлгэж байсан баримтууд хэрэгт авагдсан. Хэрэв нэхэмжлэгчийн хийх ёсгүй ажлыг хийлгэхээр ажил олгогч шаардсан бол ажилтан ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш 10 хоногийн дараа тэдгээрийг нөхөн хийгээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь хийсэн байхад удирдлага нь түүний хөдөлмөрийг үнэлээгүй гэх ойлголт төрүүлэхийг санаархсан худал баримтыг шүүхэд гаргах нь зохимжгүй.
Түүнчлэн өөрийн дургүй албан тушаалтнууд болох *******, хуулийн зөвлөх , санхүүгийн албаны дарга ******* зэрэг нилээн хэдэн ажилтнуудыг ажилд томилсон тушаалууд, байгууллагын зүгээс бусад газартай харьцсан баримтууд зэргийг шүүхэд эхээр нь гаргаж өгсөн. Мөн компанид хадгалагдаж байх ёстой олон баримтыг хулгайлан авч, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь батлагдсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга:
7.1. Миний бие өөрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг цаг тухайд нь биелүүлж ирсэн. Би өмнө нь илүү цагийн бодолт хийж байгаагүй, эдийн засагч илүү цагаа бодож, тушаал гаргадаг байсан. Миний хувьд цехүүдийн технологич, эрхлэгч нарын бодож гаргасан цагт хяналт тавьж, цаг бүртгэлийн программтай тулж байгаа эсэхийг шалгаж, нягталдаг байсан учраас илүү цаг бодоогүй, тушаал гаргаагүй гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
1 дүгээр хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд эдийн засагч нь цех нэгжээс ирүүлсэн илүү цагийг хянаж, амралтын тооцоог гаргаж ажиллана. Өөрийн хариуцсан ажлын хүрээнд холбогдох тушаал, шийдвэрийн төсөл боловсруулж батлуулах, шийдвэрлэсэн баримт материалыг стандартын дагуу албажуулан түгээх, мэдээлэх үүргийн дагуу эдийн засагч дээрх ажлыг хийдэг. Өмнө нь илүү цагийн тушаал гаргаж байсан шалтгаан нь ерөнхий нягтлан бодогч байхгүй үед эдийн засагч болон ерөнхий нягтлангийн ажлыг хавсран гүйцэтгэж байсан учраас илүү цагийн цөөхөн хэдэн тушаал гаргаж өгснийг хариуцагч нотлох баримтаар гаргаж өгсөн.
7.2. *******ын тушаалтай холбоотойгоор 592,879 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлд дурдсан. Ерөнхий тушаалын төслийг би бэлдсэн бөгөөд 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай асуудлыг гэх хуулийн зөвлөх дотооддоо авч хэлэлцдэг бөгөөд Лото стратеги ХХК-тай өмгөөллийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Үүнд үндэслэн шүүхийн шийдвэрээр маргаантай асуудлыг хоорондоо ярилцаад хуулийн дагуу зөв гаргалгаа гаргаж шийдвэрлүүлэх талаар хэлж, өөрийн ажлын хүрээнд тухайн төслийг гаргаж өгсөн нь и-мэйлд үзлэг хийлгэсэн баримтаар тогтоогдсон. Хугацаа хоцроож тушаал гаргаснаас үүдэлтэй 592,879 төгрөгийн сөрөг шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* нь 2022 оны 09 сарын 20-ны өдөр өмгөөлөгчтэйгөө ирж уулзсанаас хойш 10 сарын 18-ны өдөр тушаал гарсан талаар бүх баримтыг хэрэгт хавсаргасан. 2022 оны 09 сарын 12-ны өдөр нийтийн албанд томилогдоход нэр дэвшсэн иргэдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг бөглөгдсөн. Иймд *******ын асуудлыг хуулийн ажилтнууд нь шийдвэрлэх учраас би оролцох боломжгүй.
*******ын албан тушаал, цалинг дордуулсан шийдвэр гаргаснаа хүлээн зөвшөөрч, 2023 оны 02 сард буцаагаад үйлдвэр, технологийн албаны даргаар томилсон тушаал шийдвэр гарсан.
7.3. Захирлын зөвлөлийн хурлаар намайг ажлаа хийж чаддаггүй, харилцааны доголдолтой гэх санал ирсэн гэж гомдолд дурдсан боловч захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл нь хууль бус гэж үзэж байна. Учир нь ажлаас халагдсан өдрөөс хойш ******* дээр 3-4 удаа очсон. Захиргаа, аж ахуйн албаны дарга ******* буюу одоогийн захирлаас ямар учир шалтгааны улмаас ажлаас халж байгааг асуусан. Тушаалыг гардуулахгүй, чамайг ажлаас халсан гэж хэлээд үйлдвэрийн хаалгаар өнөөдрийг хүртэл оруулаагүй.
Энэ хугацаанд ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл хэсэгт дурдагдсан захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлтэй танилцъя, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар асууж удаа дараа очсон боловч огт танилцуулаагүй. Шүүхэд хандаж 2023 оны 04 сарын 04-ний өдөр захирлын хурлын тэмдэглэлийг гаргуулж авсан.
Ажлаас чөлөөлөгдсөн тушаал 2022 оны 10 сарын 28-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж дурдсан атлаа 2023 оны 04 сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд 2022 оны 11 сарын 28-ны өдрийн 7 хуудас тэмдэглэл хавсаргав, 2022 оны 12 сарын 17-ны өдрийн 14 цагт хуралдсан гэх зэргээр огноо, дугаарын хувьд зөрүүтэй 1 сарын өмнө, хойно байсан. Захирлын зөвлөлийн хуралд 6 асуудал хэлэлцэх байсан боловч 7 хуудас баримтаас үзэхэд зөвхөн миний асуудлыг хэлэлцэж дуусгасан. Мөн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд чанарын эрхлэгч , нар гарын үсэг зураагүй. Энэ 2 ажилтныг ажлаас халагдсан үед захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл гаргаж өгсөн нь нотлогдсон. Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл нь гүйцэтгэх захирал, зөвлөлийн дарга гарын үсэг зурснаар баталгааждаг. Гэтэл захирал *******, нарийн бичгийн гарын үсэг байхгүй учраас захирлын зөвлөлийн хурлын журмын 10-д хурлын тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд бүрэн танилцаж гарын үсэг зурснаар албажна гэж заасан байхад захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийн стандарт хангагдаагүй.
Шүүх хуралдаанд зориулж тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, намайг ажлаа хийгээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш 10 хоногийн хугацаанд хуурамч баримт бүрдүүлж, уг баримтыг шүүхэд гаргаж өгсөн гэх боловч хэрэв хуурамч баримт байсан бол анхан шатны шүүх үнэлэхгүй байсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хөндлөнгийн гэрч, хариуцагч талыг оролцуулан уг тэмдэглэлийг үйлдсэн. Мөн хэрэгт авагдсан тэмдэглэлээс харахад намайг ажлаас чөлөөлөгдөхөөс өмнө хийсэн ажил байх ба цааш нь нарийн бичигт өгснөөр албажуулж захирлаар гарын үсэг зуруулсан.
Иймд дээр дурдсанаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш хуурамч баримт бүрдүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй байна. Мөн эдгээр баримтуудад үзлэг хийгдсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээн, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 01-ний өдөр А/80 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч, *******-ийн 1,800,000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер гаргуулах, компанид учруулсан хохирол 592,879 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.
3.1. *******, ******* нарын хооронд 2014 оноос хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, талууд 2021 оны 07 сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ******* нь хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалын үүрэг гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. /1хх7-12/
3.2. *******-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн А/80 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.7, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.4, 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг үндэслэн захиргаа, аж ахуйн албаны хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан *******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон байна. /1хх6/
******* дээрх тушаалыг эс зөвшөөрч, гомдлоо 2022 оны 11 сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлсэн, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан журамд нийцжээ. /1хх13-15/
4. Нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан эсэх нь зохигчийн маргааны зүйл болжээ.
4.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй боловч гагцхүү ажилтны гаргасан ноцтой зөрчил тогтоогдсон байх ёстой.
Талууд хөдөлмөрийн гэрээний 3.4-т хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох тохиолдол нэг бүрийг харилцан тохиролцсон байна. /1хх8/
4.2. Хариуцагч байгууллагын 2022 оны 11 сарын 01-ний өдрийн А/80 дугаартай тушаалд ******* нь ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн өгсөн хугацаатай үүрэг, даалгаврыг цаг тухайд нь удаа дараа биелүүлээгүй, ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлгүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлэн, ажилчдын илүү цаг, ажил хавсран гүйцэтгэхтай холбогдох болон шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл хангахтай холбогдон гаргах тушаалыг цаг тухайд нь гаргаагүйгээс тэдгээрийн хууль ёсны эрхийг зөрчсөн гэх үндэслэл заажээ. Уг тушаалд заасан зөрчил нь талуудын гэрээний 3.4-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцох тохиолдлын алинд нь хамаарч байгаа нь тодорхой бус байна.
4.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Хөдөлмөрийн гэрээний 3.4.10-т заасан ажлын байрны тодорхойлолт болон ажлын байрны чиг үүрэгт заасан үүрэгт ажлаа шалтгаангүйгээр гүйцэтгэхгүй байх, гүйцэтгэхээс хууль бусаар татгалзах, энэ талаар үйлдвэрийн даргаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байснаас байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн доголдох тохиолдолд хамаарна. гэж тайлбарлаж байх боловч уг үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан нэхэмжлэгч *******гийн ажлын байрны тодорхойлолтод ажилчдын илүү цагийг тооцох чиг үүрэг тусгагдаагүй, харин -ын эдийн засагчийн албан тушаалын тодорхойлолтын 3.10-т Цех нэгжээс ирүүлсэн илүү цагийг хянаж, амралтын тооцоог гаргаж ажиллах гэж албан тушаалын чиг үүргийг тодорхойлжээ. /1хх10-11,17-23/
2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/13 дугаартай Сонсгох ажиллагаа хийсэн тэмдэглэл-д шүүх үзлэг хийж, бэхжүүлсэн байна. Уг нотлох баримт нь нэхэмжлэгч ******* хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх үйл баримтыг нотлохгүй байна. /1хх145-147/
1 дэх хавтаст хэргийн 158-183 дахь талд авагдсан нотлох баримтаас үзвэл, тус байгууллагын ажилтан , , , нараас тус тус байгууллагад гаргасан өргөдөлд 2022 оны 10 дугаар сарын 22, 11 дүгээр сарын 07, 09 сарын 26-ны өдрөөр тус тус огноолсон, байгууллагын даргаас санал танилцуулах, тушаалын төсөл боловсруулах, , нарыг ажилд шилжүүлэн томилох тушаалын төсөл бэлдэж, танилцуулах зэрэг үүрэг даалгавар нэхэмжлэгч *******д өгсөн байна.
Хэрэгт , , нарыг ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын төсөл, нэмэгдэл олгох тухай тушаалын төсөл, Захиргаа аж ахуйн албаны дарга *******т ... 3 мэргэжилтнийг шилжүүлэн ажиллуулах тухай тушаалын төслийг өөрсөдтэй тохиролцсоны дараа гаргахаар түр хойшлуулах санал дэвшүүлсэн тухай нотлох баримтууд авагдсан байх бөгөөд уг албан бичиг, тушаалын төслийг боловсруулсан хэсэгт ******* гарын үсэг зуржээ. Мөн хариуцагч *******-ийн гүйцэтгэх захирлын , , нартай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, , нарын хөдөлмөрийн гэрээг өөрчлөх байгуулах тухай тус тус тушаал, нэмэгдэл хөлс олгох тухай тушаал зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна /1хх158-160/
Мөн 1 дэх хавтаст хэргийн 247 дугаар талд авагдсан Авлигатай тэмцэх газраас хариуцагч байгууллагын Үйлдвэрлэл, технологийн албаны Вирусын биобэлдмэл үйлдвэрлэлийн хоёрдугаар цехийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн *******ын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгасан тухай 2022 оны 10 сарын 03-ны өдрийн 05/12853 дугаартай албан бичигт *******т шийдвэрлэх гэж бичээд 2022.10.05-ны өдрөөр огноотой, *******д тушаалын төсөл танилцуулах 10 сарын 10 гэсэн огноотой бичилт хийж гарын үсэг зурсан байна. Хэргийн 250 дахь талд *******ыг ажилд эгүүлэн томилох тухай тушаалын төсөл авагдсан байх бөгөөд уг баримтын төсөл боловсруулсан хэсэгт ******* гарын үсэг зурсан, 2022 оны 10 сарын 14-ний өдөр төсөл хүлээн авлаа, Сараа гэх бичилт хийжээ. Хариуцагч ******* нь 2022 оны 10 сарын 18-ны өдрийн тушаалаар *******ыг ажилд авсан байна.
4.4. Хэрэгт авагдсан 2022 оны 10 сарын 27-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэл, -ын хөдөлмөрийн дотоод журам зэрэг нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлагад нийцээгүй, өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.
Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн гэрээний 3.4.10-т заасныг ноцтой зөрчсөн буюу ажлын байрны тодорхойлолт болон ажлын байрны чиг үүрэгт заасан үүрэгт ажлаа шалтгаангүйгээр гүйцэтгэхгүй байх, гүйцэтгэхээс хууль бусаар татгалзсан, энэ талаар үйлдвэрийн даргаас тавьсан шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байснаас байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, үйлдвэрлэл, бүтээгдэхүүн доголдсон гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ. Иймд нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г *******-ийн захиргаа, хүний нөөц, сургалт хариуцсан ажилтан албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг зөв хэрэглэсэн.
6. Хариуцагч ******* нь Dell 2010 маркийн зөөврийн компьютер, байгууллагад учруулсан хохирол 592,879 төгрөг зэргийг нэхэмжлэгч *******гээс гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
6.1. Нэхэмжлэгч албан ажлын хэрэгцээнд хэрэглэж байсан Dell 2010 маркийн зөөврийн компьютерыг буцааж өгөхийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ. Анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв.
6.2. Нэхэмжлэгч ******* нь *******ыг ажилд эргүүлэн томилох хугацааг санаатай хойшлуулсан, түүний буруутай үйлдлийн улмаас хариуцагч байгууллагын эд хөрөнгөд 592,879 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 228 дугаар үйлийн 228.1 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт оруулах замаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/05307 дугаартай шийдвэрийн
тогтоох хэсгийн 4 дэх заалтын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 420,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
Ч.ЦЭНД