| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/00148/И |
| Дугаар | 210/МА2025/01730 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01730
2025 10 06 210/МА2025/01730
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/06732 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
Нүүрс тээвэрлэх гэрээний үүрэгт 1,527,092,579.72 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 18,049,640.53 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. 2023 оны 04 сарын 04-ний өдөр 2023-ТU-MBL-011 тоот, 2023 оны 09 сарын 13-ны өдөр 2023-ТU-MBL-050 тоот, 2024 оны 09 сарын 27-ны өдөр 2024-TU-MBL-046 тоот нүүрс тээвэрлэх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээний дагуу ******* нь гэрээний 4.1-т заасан захиалагч талын нүүрсийг тохирсон цэгт контейнероор тээвэрлэж хүргэх... үүргээ бүрэн биелүүлсээр ирсэн бөгөөд нийт 74,450 тонн нүүрсийг гэрээний 6.1-д заасан нөхцөлөөр тээвэрлэн хүргэсэн. Гэвч хариуцагч ******* нь гэрээний 11.3-т заасны дагуу ... нүүрс худалдан авагчаас төлбөрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор нэхэмжлэхийн дагуу зохих үр дүнг шилжүүлэх... үүргээ гэрээнд заасан хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөрөө төлөхийг шаардаж, 2024 оны 08 сарын 06-ны өдрийн 112 тоот, 2024 оны 08 сарын 09-ний өдрийн 134 тоот, 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 134 тоот, 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 168 тоот Төлбөр төлөх тухай тус тус албан бичгүүдийг хариуцагчид хүргүүлсэн. Хариуцагчийн зүгээс тус төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, талууд 2024 оны 11 сарын 18-ны өдөр 423,120 ам.долларын үлдэгдлийг харилцан баталгаажуулсан Нүүрс тээврийн тооцоо нийлсэн баримт үйлдсэн. Уг төлбөрөөс 20,000 ам.долларыг төлж, үлдэгдэл 403,120 ам.долларыг төлөөгүй.
1.2. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 222 дугаар зүйлийн 222.1, 222.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* нь мөнгөн төлбөр төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд биелүүлээгүй тул хэтрүүлсэн хугацаанд хүү төлөх үүрэгтэй. Учир нь хариуцагч нэхэмжлэгчид гэрээний үндсэн төлбөр 1,377,517,476.8 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь хариуцагчид тус мөнгөний үнэ цэнэ болох ирээдүйд олох орлогоо алдах, хариуцагчийн хувьд арилжаа эрхлэгч тул ашгийн төлөөх үйл ажиллагааныхаа эргэлтэд оруулан үр шимийг нь хүртэх зэргээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй тул хүүг нэхэмжлэгч *******-ийн харилцагч Хаан банкны хадгаламжийн 13 хувийн хүүгээр тооцон 46,399,395 төгрөг гаргуулна.
1.3. 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 2023-ТU-MBL-050 тоот гэрээний 6.1-д ...тээврийн үнэ нь тонн тутамд 21.00 ам.доллар байна..., 6.2-т дээрх үнэд дараах зардлууд багтсан болно. 1. цалин 12 ам.доллар, 2. түлш 2.1 ам.доллар, 3. тээвэр 1.8 ам.доллар, 4. замын хураамж 0.6 ам.доллар, 5. элэгдэл 0.5 ам.доллар, 6. татвар 4 ам.доллар гэж, 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 2024-TU-MBL-046 тоот гэрээний 6.1-т ... тээврийн үнэ тонн тутамд 19.90 ам.доллар байна..., 6.2-т дээрх үнэ дараах зардлууд багтсан болно. 1. цалин 12 ам.доллар, 2. түлш 1.0 ам.доллар, 3. тээвэр 1.8 ам.доллар, 4. замын хураамж 0.6 ам.доллар, 5. элэгдэл 0.5 ам.доллар, 6. татвар 4 ам.доллар гэж тус тус заасан.
Хариуцагч ******* нь гэрээний үндсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн манай компанид санхүүгийн бэрхшээлүүд тулгарч, үндсэн төлбөрийн задаргаанд дурдагдсан зардлууд болох 50 гаруй жолооч нарын цалин, машины зээлийн төлөлт, түлшний төлбөрийг цаг тухай бүрд нь төлж чадахгүй нөхцөл үүсэж компанийн хууль ёсны эрх ашиг, сонирхол, хэвийн үйл ажиллагаа төдийгүй, ажилчдын цалин, хөлс амьдралын нөхцөлд ч сөргөөр нөлөөлж бодитой хохирлууд учирч байна.
Хариуцагч нь худалдан авагчаас төлбөрийг хүлээн авсан хэдий ч өөрийн уул уурхайн дотоод ажилд зарцуулсан тул одоогоор төлөх боломжгүй гэх тайлбаруудыг өгч, өнөөдрийг хүрсэн байна.
Иймд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасны дагуу шатахууны төлбөрийн алданги 10 сар 14,233,216 төгрөг, 11 сар 9,217,952 төгрөг, цалингийн алданги 10 сар 28,306,689 төгрөг, 11 сар 15,354,484.80 төгрөг, нийт 67,112,341.80 төгрөгийг гаргуулна.
1.4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор өмгөөллийн *******-тай 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 24-04-10 тоот Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд хууль зүйн үйлчилгээний төлбөрийг 38,500,000 төгрөг байхаар гэрээнд заасан. Тус төлбөрийг 2024 оны 12 сарын 10-ны өдөр төлсөн тул өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд тооцон хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Иймд нүүрс тээвэрлэх гэрээний үүрэгт 1,379,246,861.6 төгрөг, хүү 46,399,395 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 67,112,341.80 төгрөг, өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөг, нийт 1,531,258,598.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Уг шаардлагаа 4,166,018.28 төгрөгөөр багасгаж, үндсэн үүрэгт 1,387,643,891.72 төгрөг, хүү 46,399,395 төгрөг, хохиролд 54,549,293 төгрөг, өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөг, нийт 1,527,092,579.72 төгрөг болгож байна.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:
2.1. Нэхэмжлэгч нь 2024 оны 11 сард Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш бид гэрээний үүргээ аль болох тасалдуулаагүй. 2024 оны 11 сарын 22-ны өдөр 34,135,100 төгрөг, мөн 12 сарын 03-ны өдөр 34,169,800 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. 2025 оны 02 сарын 15-ны өдөр дараагийн төлбөрийг төлөхөөр төлөвлөсөн байгаа бөгөөд гэрээнд заасан төлбөрийг тасалдуулахгүй сар бүр тодорхой мөнгөн дүнгээр гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид төлж ирсэн.
Манай компани 2024 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 350,000,000 төгрөгийн алдагдалтай ажилласан ч үндсэн 900 ажилтнуудын цалин болон 246 дотоодын аж ахуйн нэгжүүдэд бараа, ажил үйлчилгээ авсны төлбөрийг тасалдуулахгүй байхыг хичээж, нүүрс борлуулсны орлогоос сар бүх харилцагч нарт төлбөрийг төлөхдөө шударгаар хандаж байсан.
Нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, алданги, өмгөөллийн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
3.1. ******* болон ******* компанийн хооронд 2023 оны 05 сарын 15-ны өдөр нүүрс экспортоор худалдан авах 2023-TU-ATT-003 дугаартай гэрээ байгуулж, Өмнөговь аймгийн Шивээхүрэн болон БНХАУ-ын Сэхи боомтоор нүүрс экспортолж байсан. Энэ худалдан авагчийн нүүрсийг *******-ийн Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт байрших Баруун ноён уул 1 нэртэй нүүрсний уурхайгаар Өмнөговь аймгийн Шивээхүрэн болон БНХАУ-ын Сэхи боомт буюу худалдан авагчийн агуулах хүртэл нүүрсийг тээвэрлэх үүргийг хүлээсэн. *******, *******-уудын хооронд нүүрс тээвэрлэх 2023 оны 09 сарын 13-ны өдрийн 2023-TU-MBL-050, 2024 оны 09 сарын 27-ны өдрийн 2024- TU-MBL-046 дугаартай гэрээг тус тус байгуулсан.
******* нь нүүрс тээвэрлэх гэрээний 8.5-д тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг хангах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ талаарх нийтээр дагаж мөрдөх, холбогдох хэм хэмжээ, дүрэм журам, стандартыг бүрэн хангаж ажиллах, 8.7-д ... уурхайн талбайн болон гаалийн хяналтын бүсэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллах үүрэгтэй, 8.9-д уурхай эзэмшигч болон төрийн эрх бүхий байгууллагаас явуулж буй хяналт шалгалтын ажилд туслалцаа үзүүлэх, мөн зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг бууруулах, сургалт, мэргэжил арга зүйн зөвлөгөөнд холбогдох албан тушаалтан, жолооч ажилчдаа хамруулах үүрэгтэй гэж тус тус заасан.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 9-д хүнд даацын тээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий болон бусад төрийн эрх бүхий байгууллагаас баталсан MNS стандартууд, 10-д жолоочид тавигдах шаардлагуудыг нарийвчилсан заалтуудыг хариуцагч биелүүлж ажиллах үүрэгтэй. Гэтэд хариуцагч дээрх гэрээнд заасан үүргээ зөрчиж, 2 удаа осол гаргаснаас үүдэн хохирол учирсан. ******* нь Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд хандсан бөгөөд тус танхимын 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 001324 дугаартай хяналт, шалгалтын сертификатаар тээврийн үеийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллаагүйгээс үүссэн болохыг тодорхойлсон.
Энэ зөрчлийн улмаас манай компанид 30.7 тонн нүүрсний бодит шууд хохирол учирсэн ба Нүүр экспортоор худалдан авах 2023-TU-ATT-003 дугаартай гэрээний 10.2-т заасан 1 м.ктр тонн нүүрсний үнэ 104.50 ам.доллар буюу тээврийн үнэ орсон 3,213.38 ам.доллар болсон.
2024 оны 09 сарын 28-ны өдөр *******-ийн жолооч нь 4573 УЕВ улсын дугаартай хүнд даацын машин, 4506 Ар, 4505 АР улсын дугаартай 2 чиргүүлийн тээврийн хэрэгсэлд нийт 150,400 кг нүүрс тээвэрлэн явахдаа ачаанд гаалийн битүүмжлэл хийгдээгүй байсан. Төлөвлөгөөний дагуу ачилтыг уурхайн амнаас дотор тээврийн хэрэгслийг бүхэлд нь унагаж осол гаргасан. Энэ зөрчлийн улмаас манай компанид 16 тонн нүүрсний бодит шууд хохирол учирсан. Ингээд нүүрсний үнэ 104.50 ам.доллар буюу тээврийн үнэ орсон нийт 1672 ам.доллар болсон. Мөн тээврийн хэрэгслүүдийг татаж, өргөж болгох, машинд зарцуулсан түлш, уг ажиллагаанд оролцсон ажилчдын цалин гэх мэт 426,195 төгрөгийн зардлууд гарсан Иймд 18,049,640 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ талаар маргаагүй байна .
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Нүүрс тээвэрлэх гэрээ-ний үндсэн үүрэгт 1,387,643,891.72 төгрөг, өмгөөллийн зардал 38,500,000 төгрөг нийт 1,426,143,891.72 төгрөгийг хариуцагч *******-аас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас үлдэх 100,948,688 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлага Нүүрс тээвэрлэх гэрээ-ний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 18,049,640.53 төгрөгийг нэхэмжлэгч *******-аас гаргуулж, хариуцагч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,814,243 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 248,198 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 248,198 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 7,288,669 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагчийн зүгээс гэрээний үүргээ үл биелүүлэн биднийг хохироосоор байгаа тул шатахуун нийлүүлэгчид төлөх хугацааны алданги 54,549,293 төгрөг, байгууллагын нэр дээр байсан хадгаламжийн дансаа хаасны үр дагаварт олох ёстой байсан орлого болох 46,399,395 төгрөгийг тус тус Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн 100,948,688 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10.1-д манай байгууллагын олох ёстой байсан орлого буюу хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан 46,399,395 төгрөгийг хангаагүй үндэслэлээ хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй үр дагавартай шууд холбох нотлох баримтгүй тул гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хавтаст хэрэгт энэ талаарх баримтууд авагдсан болно. Мөн 10.2-т ...уг хэмжээгээр алдагдал хүлээсэн эсэх талаар баримтгүй байна. гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан материалаар шатахуун зээлээр нийлүүлэгч тал болох *******-аас гаргасан нотлох баримтууд авагдсан болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөгийг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
8.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд нэхэмжлэгч олох байсан орлого буюу хүүгийн төлбөр 46,399,395 төгрөг, мөн гуравдагч этгээдэд буюу шатахуун нийлүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн, улмаар 54,549,293 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас алдагдал гэх үндэслэлээр эдгээр 2 дүнгийн хэмжээгээр нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгохдоо дараах үндэслэлээр дүгнэлт хийсэн.
Нэхэмжлэгч нь гуравдагч этгээд буюу шатахуун нийлүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн, улмаар 2024 оны 12 сараас 2025 оны 04 сарын хугацааны алданги 54,549,293 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас алдагдал гэх үндэслэлээр нэхэмжилж, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүрэг биш тул үндэслэлгүй гэж маргасан. Нэхэмжлэгчид учирсан гэх 2 хохирлыг нотолсон нотлох баримтуудыг судалж үзээд хариуцагчид үүргээ гүйцэтгээгүй үр дагавартай шууд холбох нотлох баримтгүй болон бодит байдалд уг хэмжээгээр алдагдал хүлээсэн эсэх талаар баримтгүй гэж дүгнэж нийт 100,948,688 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон атлаа ижил агуулгатай өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргасан үндэслэлгүй байна.
******* болон *******-ийн хооронд нүүрс тээвэрлэх 2023 оны 04 сарын 04-ний өдөр 2023-ТU-MBL-011 тоот, 2023 оны 09 сарын 13-ны өдөр 2023-ТU-MBL-050 тоот, 2024 оны 09 сарын 27-ны өдөр 2024-TU-MBL-046 тоот гэрээнд өмгөөлөгчийн хөлсийг төлөх талаар талууд тохиролцоогүй.
Тиймээс шүүхийн шийдвэрт үндэслэсэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж мөн хуулийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан заалт нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байгаа тусдаа бие даасан гэрээ буюу нэхэмжлэгч болон өмгөөлөгч нарын хооронд байгуулсан хууль зүйн үр дагавар бүхий гэрээний үүрэг нь хариуцагчид хамааралгүй.
Өөрөөр хэлбэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээ авч өмгөөлүүлэх нь нэхэмжлэгчийн өөрийн асуудал бөгөөд энэхүү гэрээ байгуулсан нь нүүрс тээвэрлэх гэрээний үүргээ хариуцагчид гүйцэтгээгүй үр дагавартай шууд холбох ямар ч үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн *******-аас өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
9.1. Өмгөөллийн зардал нь нотлогдсон бөгөөд үүнийг баталгаажуулах баримт хавтаст хэрэгт авагдсан. Тодруулбал, өмгөөллийн үйлчилгээний хөлсийг өмгөөллийн хуулийн этгээдийн дансанд тушаасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Хариуцагч байгууллагыг шүүх дээр авчрах, холбогдох баримтыг бүрдүүлэх үйл явц төвөгтэй байсан. Монгол Улсын шүүхийн харьяалалд шийдвэрлэгдэж байгаа хэрэгт англи хэлээр бичиг баримт явуулах ямар ч шаардлага байхгүй. Гэвч уг компанийн гүйцэтгэх захирал нь гадаад улсын иргэн бөгөөд шүүхийн ажиллагаанд англи хэлээр баримт бүрдүүлэх, хариу бичих байдлаар оролцох хандлагатай. Үүнээс үүдэн харилцаа хүндрэлтэй болж шүүхийн ажиллагааг удаашруулах, хариуцлагаас зайлсхийх нөхцөл байдал үүссэн.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангав.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан нүүрс тээвэрлэх гэрээний үүрэгт нийт 1,531,258,598.4 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 4,166,018.28 төгрөгөөр багасгаж, нүүрс тээвэрлэх гэрээний үндсэн үүрэгт 1,387,643,891.72 төгрөг, хүү 46,399,395 төгрөг, хохирол буюу шатахуун нийлүүлэгчид төлсөн алданги 54,549,293 төгрөг, өмгөөллийн хөлс 38,500,000 төгрөг, нийт 1,527,092,579.72 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжин оролцжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 18,049,640.53 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, маргаагүй байна.
3. Анхан шатны шүүх, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 2023-TU-MBL-011 тоот, 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2023-TU-MBL-050 тоот, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 2024-TU-MBL-046 тоот "Нүүрс тээвэрлэх гэрээ" зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн байна. /хх12-37/
3.1. Талууд гэрээгээр *******-ийн нүүрсийг ******* нь тохирсон цэгт контейнероор тээвэрлэж хүргэх, гэрээний 6 дугаар зүйлд гэрээний үнэ, түүнд багтах зардлын задаргааг, гэрээний 11.2-т өөрөөр тохироогүй бол хүргэх цэгт нийлүүлсэн нүүрсний нийт тонн хэмжээг 14 хоног тутамд талууд тооцоо нийлж, нэхэмжлэлийг цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлнэ, 11.3-т өөрөөр тохироогүй бол захиалагч тал нэхэмжлэлийн дагуу хийвэл зохих төлбөрийг нэхэмжлэл хүргүүлсэн өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх17/
3.2. Нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу нүүрс тээвэрлэх үүргээ гүйцэтгэсэн үйл баримтад зохигч маргаангүй.
3.3. Талууд 2 удаа Нүүрс тээврийн тооцоо нийлж, хариуцагч *******-ийн гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдлийн талаар тооцоо нийлж, баримт үйлдэн баталгаажуулсан байна. /хх49-50/
3.4. Хариуцагч тал гэрээний үндсэн үүрэг болох 1,387,643,891.72 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /хх188-189/
4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн 1,387,643,891.72 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 152,011,737 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ ... хариуцагч нь гэрээний үндсэн төлбөр 1,377,517,476 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч нь хариуцагчид тус мөнгөний үнэ цэнэ болон ирээдүйд олох орлогоо алдах, хариуцагчийн хувьд арилжаа эрхлэгч тул ашгийн төлөөх үйл ажиллагааныхаа эргэлтэд оруулан үр шимийг хүртэх зэргээр үндэслэлгүйгээр хөрөнгөжиж буй тул хүүг нэхэмжлэгч компанийн харилцагч *******-ийн хадгаламжийн 13 хувийн хүүгээр тооцон 46,399,395 төгрөг шаардаж байна. ... хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс манай компанид санхүүгийн бэрхшээлүүд тулгарч, ... 50 гаруй жолооч нарын цалин, машины зээлийн төлөлт, түлшний төлбөрийг цаг тухай бүрд нь төлж чадаагүй ... хохирол учирсан үндэслэлээр алданги 54,549,293 төгрөг, ... хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зорилгоор ... хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, хөлсөнд 38,500,000 төгрөг төлсөн ... гэж тайлбарлажээ. /хх187-188/
5.1. Хэргийн баримтаар хариуцагч ******* нь тээвэрлэлтийн гэрээний хөлс төлөх үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй зөрчсөн үйл баримт тогтоогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ******* нь *******-тай Байгууллагын урамшуулалт хугацаатай хадгаламжийн гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр тохиролцсон жилийн хүү болох 13 хувиар хохирлын хэмжээг тооцон шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ. Иймд хариуцагч *******-аас гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 46,399,395 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
5.2. Нэхэмжлэгч нь хариуцагч тал гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс худалдан авсан шатахууны үнэ төлөх боломжгүй болж, худалдан авагчид 54,549,293 төгрөгийн алданги төлсөн гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Учир нь, ******* болон *******-ийн хооронд 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан 2/08 дугаартай Шатахууныг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагджээ. Уг гэрээг үндэслэн хариуцагчийн гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалан нэхэмжлэгч ******* нь *******-д 54,549,293 төгрөгийн алданги төлж, хохирсон гэж дүгнэх боломжгүй байна. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
5.3. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөд төлсөн 38,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.3 хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд өмгөөллийн *******-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, гэрээний үнэ буюу үйлчилгээний хөлс 38,500,000 төгрөгийг тус компанид шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /хх62-67/
Гэхдээ уг зардал нь дээрх хуульд заасан хохиролд хамаарахгүй. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эсэх нь түүний эрх тул үйлчилгээний хөлсөнд төлсөн зардлыг нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд тооцохгүй. Иймд хариуцагч *******-ийн давж заалдах гомдлыг хангав.
6. Хариуцагч нь гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохиролд 18,049,640.53 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Анхан шатны шүүх уг тайлбарыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд зохигч шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим тус тус хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 06-ны өдрийн 191/ШШ2025/06732 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 1,434,043,287 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,049,292.72 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч *******-аас 18,049,640.53 төгрөг гаргуулж, хариуцагч *******-д олгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7,814,243 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248,198 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 7,328,166 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэгч *******-аас 248,198 төгрөг гаргуулан хариуцагч *******-д олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 662,694 төгрөгийг, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,450 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ч.ЦЭНД