Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 522

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 1905010230559 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________ дугаарын регистртэй, О.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Б нь урьд Фэйсбүүкээр танилцсан Л.Э-тай 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой уулзаж Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “247” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд хамт орж, “гар утсаа түр өгч байгаач” ахдаа машинаа өгчихсөн, надад авчирч өгөх ёстой, ахаасаа машиныхаа түлхүүрийг аваад буцаад ороод ирье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч иргэн Л.Э-гийн өмчлөлийн Самсунг Жи-6 маркийн гар утсыг авч яван буцааж өгөлгүй 372.000 төгрөгийн хохирол учруулсан залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ:

“...Бид хоёр Facebook-ээр танилцсан. Тэгээд тэр өдөр уулзаад хороололд нэг пабад орсон. Тэр пабнаас гараад дэлгүүрээс пиво аваад буудалд орсон. Тухайн үед миний утас унтарчихсан байсан болохоор би утсаар нь ярих гэж гараад тэр чигтээ найзындаа унтсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Бий өгсөн:

“…Би 2019 оны 02 дугаар сарын эхээр Г Г гэх фэйсбүүкээр нэг эгчтэй танилцаад 02 дугаар сарын 18-ны өдөр хорооллын эцэст уулзаад явган хүний замаар ойр зуур юм ярьж байгаад бичил хороололд ирээд нэг нэрийг нь мэдэхгүй нэг пабад ороод хүний гурав гурван пиво авч уугаад тэндээсээ 247 зочид буудал руу нэг ортой өрөө аваад орсон юм. Тэгээд бид хоёр буудалд ороод дахиад гурав гурван пиво уучихаад өлсөөд байхаар нь нэг пицца захиалж идсэн. Тэгээд би Б.И- гэх найзтайгаа уулзах гээд нөгөө эгчийн гар утсыг нь гуйж аваад буудлаас гарсан. Тэр үед миний гар утасны цэнэг дуусчихсан болохоор би тэр эгчийн гар утсыг нь авсан юм. Тэгээд буудлаас гарч найзтайгаа уулзалдаад Б.И-гийн гэрлүү явахаар болоод нөгөө эгчийн гар утсыг нь Өргөө кино театраас доош уруудаад ломбарданд 300.000 төгрөгөнд тавьчихаад найзындаа очоод хонож амарсан. Тэгээд дараа нь цагдаагийн байгууллагаас намайг ир гэхээр нь би цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 44-45, 50, 70-71/, 

 

Мөрдөн байцаалтад хохирогч Л.Э-гийн өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын дундуур фэйсбүүкээр “Gantulga ganaa” нэртэй хүнээс найзын хүсэлт явуулаад л хоорондоо фэйсбүүкээр танилцаж мессеж бичиж эхэлсэн юм. Тэгээд бид хоёр 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 17:00 цагийн үед Баянгол дүүргийн бичил хорооллын урд нэрийг нь мэдэхгүй пабад орж хоёр хоёр ширхэг пиво уучихаад хажуу талын дэлгүүрээс 6 ширхэг лааз сэнгүр пиво авч таньдаг эгчийнхээ зочид буудалд тэр залуу түрүүлээд орсон юм. Тэгээд намайг 303 тоот өрөөнд шууд ороод ирээрэй гээд уг буудал руу ороод тэндээ бид хоёр пицца захиалж пиво ууж байгаад би унтаад өгчихсөн юм. Тэгээд би шөнө 02:00 цагийн үед сэрэхэд нөгөө залуу байхгүй болчихсон байсан. Тэгээд өөрийгөө тулгаа гэх залуу намайг гар утсаа өгч байгаач ахдаа машинаа өгчихсөн надад авчирч өгөх ёстой түлхүүрээ аваад ороод ирье гээд миний гар утсыг гуйж аваад гадагшаа гарсан юм. Тэр үед өөрийнх нь гар утас унтарчихсан болохоор миний гар утсыг авсан юм. Тэгээд тэрнээс хойш орон дээрээ унтаад өгчихсөн. Миний цүнхэнд байсан 3.000 төгрөгийг нөгөө залуу буцаж орж ирж авсан юм шиг байна. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр лизингээр жи мобайлаас 850.000 төгрөгөөр худалдан авсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Н-ын өгсөн:

“...Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажил болох Баянпол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “247” нэртэй зочид буудалд үүдний хэсэгт ресепшингээр ажиллаж байтал орой 20:15 цаг минутанд нэг масктай залуу орж ирээд эхлээд нь өрөө асуухаар нь би өрөөний тарифуудыг танилцуулаад орохоор бол та бичиг баримт бүртгүүлээд мөнгөө өгөөд орж болно гэхэд эхлээд амаараа бүртгүүлээд хамт яваа хүнээ өрөөндөө оруулчихаад өөрийн автомашинаа хол байрлуулан тавьчихсан байгаа тэндээс бичиг баримтаа аваад өгье гээд 30.000 төгрөг өгөөд гурван давхарт 302 тоот өрөөг аваад орсон юм. Тэгээд өөрөөсөө нилээн эгч хүнийг дагуулаад орж байхыг нь харсан юм. Тэгээд би цаашаа хажуу талын эрхэс зочид буудалруу очиж нэг удаагийн эд зүйлсээ авч байх хугацаанд манай нөгөө ээлжний ресепшин Р гэх хүүхэн миний оронд үлдээд намайг ирэхэд нөгөө нэг залуу хүүхэн хоёр пицца захиалж авч орсон гэж хэлсэн юм. Тэгээд пицца авсны дараа нэг их удаагүй 302 тоот өрөөнд орсон залуу гараад явчихсан юм. Тэгээд дахиж орж ирээгүй. Тэгээд 302 тоот өрөөний хүүхэн 30 гаруй минутын дараа гарч ирээд хамт орсон залуу миний гар утсыг аваад явчихлаа гээд цагдаа дууд гэхээр нь би юу болсныг нь асуухад ойрхон машинаа холдуулчихаад ирье гэж хэлээд гарсан гэж нөгөө хүүхэн надад хэлээд миний гар утсаар өөрийнхөө дугаарлуу залгуулахад холбогдох боломжгүй болчихсон байсан. Тэгээд тэр эгч миний гар утсаар цагдаа дуудаад цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 12-13/,  

 

- эд зүйлийн үнэлгээ /хх-н 17-18/,

- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 48-49/,

- хохирогчийн хохирлоо барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-н 83/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 63/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч О.Б нь урьд Фэйсбүүкээр танилцсан Л.Э-тай 2019 оны 02 дугаар сарын 18-ны орой уулзаж Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “247” нэртэй зочид буудлын 302 тоот өрөөнд хамт орж, “гар утсаа түр өгч байгаач” ахдаа машинаа өгчихсөн, надад авчирч өгөх ёстой, ахаасаа машиныхаа түлхүүрийг аваад буцаад ороод ирье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хуурч иргэн Л.Э-гийн өмчлөлийн Самсунг Жи-6 маркийн гар утсыг авч яван буцааж өгөлгүй 372.000 төгрөгийн хохирол учруулсан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч О.Бий “…би Б.И- гэх найзтайгаа уулзах гээд нөгөө эгчийн гар утсыг нь гуйж аваад буудлаас гарсан. ...Өргөө кино театраас доош уруудаад ломбарданд 300.000 төгрөгөнд тавьчихаад найзындаа очоод хонож амарсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Л.Э-гийн “...шөнө 02:00 цагийн үед сэрэхэд ... өөрийгөө тулгаа гэх залуу намайг гар утсаа өгч байгаач ахдаа машинаа өгчихсөн надад авчирч өгөх ёстой түлхүүрээ аваад ороод ирье гээд миний гар утсыг гуйж аваад гадагшаа гарсан юм. ...Би гар утсаа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр лизингээр жи мобайлаас 850.000 төгрөгөөр худалдан авсан юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Н-ын “...Би 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ... орой 20:15 минутанд нэг масктай залуу орж ирээд эхлээд нь өрөө асуухаар нь би өрөөний тарифуудыг танилцуулаад орохоор бол та бичиг баримт бүртгүүлээд мөнгөө өгөөд орж болно гэхэд эхлээд амаараа бүртгүүлээд хамт яваа хүнээ өрөөндөө оруулчихаад өөрийн автомашинаа хол байрлуулан тавьчихсан байгаа тэндээс бичиг баримтаа аваад өгье гээд 30.000 төгрөг өгөөд гурван давхарт 302 тоот өрөөг аваад орсон юм. ...пицца авсны дараа нэг их удаагүй 302 тоот өрөөнд орсон залуу гараад явчихсан юм. Тэгээд дахиж орж ирээгүй...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Бийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 83 дугаар талд авагдсан “...хохирогчийн хохирлоо барагдуулсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” тухай хүсэлтийг харгалзан шүүгдэгч О.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Бд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, прокуророос О.Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсан нь шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасан шаардлагад нийцсэн байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж дээрх торгуулийн ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч О.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ