Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2025/01731

 

 

 

 

        2025         10             06                                           210/МА2025/01731

                                                 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр, даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/09986 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 13,104,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 13,104,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... Миний бие Хөвсгөл аймгийн Их-Уул сумын нутаг дэвсгэрт 2024 оны 08 сарын 27-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyoto Приус маркийн ******* дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад осолд өртөж, автомашинд 13,104,000 төгрөгийн хохирол учирсан. Иймд 2024 оны 06 сарын 03-ны өдөр *******-тай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 13,104,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тээврийн хэрэгслийн явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл буюу автомашины тэвш элэгдэж, гэмтсэний улмаас осол болсон тул даатгалын нөхөн төлбөр олгохгүй...” гэж тайлбарлан, маргажээ. /хх37/

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

5.1. ******* нь *******-тай 2024 оны 06 сарын 03-ны өдөр 24060177 дугаартай Автотээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ нэг жилийн хугацаатай байгуулж, гэрээгээр өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай, “Toyota prius 41 Alpha” маркийн автомашиныг даатгуулж, даатгалын хураамж төлөх, ******* нь даатгалын зүйлд учирсан хохирлыг даатгуулагчид нөхөн төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх6-7/

5.2. Гэрээний дагуу даатгуулагч ******* нь даатгалын хураамжид 315,000 төгрөгийн төлсөн байна. Энэ үйл баримтад талууд маргаангүй.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн зохигчдын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

6. Харин даатгалын нөхөн төлбөр олгох үндэслэл бий болсон эсэх тухай талуудын маргааны зүйлийг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

6.1. Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талууд Автотээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээний 7 дахь заалтаар даатгалын эрсдэлийн төрөлд зам тээврийн осол, байгалийн эрсдэл, галын эрсдэл, сантехникийн эрсдэл, дугуйн эрсдэл, замын хөдөлгөөнд оролцох үед дээрээс биет зүйл унах эрсдэл, бүхэлд нь хулгайд алдах эрсдэл, суудлын гэнэтийн осол, жолоо шилжүүлэх үеийн эрсдэл хамаарахаар, мөн гэрээний 9 дахь заалтаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх6-7/

******* 2024 оны 08 сарын 27-ны өдөр Хөвсгөл аймаг, Их уул сумын нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн ******* улсын дугаартай “Toyota prius 41 Alpha” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад зам тээврийн осол гарч, түүний автомашинд  13,104,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан “Онцгой үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан нотлох баримтаар тогтоогдсон.  /хх15/

******* нь уг зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоолгохоор

талуудын гэрээний 7.2.8-д “... эрх бүхий албан тушаалтанд хандаж, дүгнэлт гаргуулах эрхтэй” гэж заасны дагуу 2024 оны 10 сарын 24-ний өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн, Механик тээврийн сургуульд хандаж, ямар шалтгааны улмаас тэвш хугарсан талаарх дүгнэлт гаргуулжээ. /хх38/

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын эрхлэгч, зөвлөх инженер, доктор *******гийн гаргасан 2024 оны 10 сарын 25-ны өдрийн 2024/10-2 дугаартай тодорхойлолтоор уг тэвшийг хийсэн материал (ган) нь их хэмжээгээр зэвэрч, исэлдсэний улмаас нимгэрч, түүний зузаан 1.09 мм болж, үзүүр хэсгээрээ автомашины хойд тэнхлэгийг дарах ачааллыг даалгүй тасарч унасан байна. Энэ гэмтэл нь автомашиныг хөдөлгөөнтэй байх үед буюу динамик ачааллын үед үүссэн байх боломжтой бөгөөд гэмтсэн тэвшийг засварлах, автомашинд тавих боломжгүй бөгөөд устгалд оруулах шаардлагатай.” гэж тодорхойлсон байна. /хх39-41/

Хэргийн 50-51 дэх талд авагдсан бичгийн нотлох баримт буюу Шинжлэх ухаан техникийн их сургуулийн Механик, тээврийн сургуулийн тээврийн салбарын эрхлэгч, зөвлөх инженер *******гийн гаргасан 2025 оны 01 сарын 24-ний өдрийн 2025/1-3 дугаартай тодорхойлолтын дүгнэлт хэсэгт “Тэвш нь автомашины хөдөлгөөний үед аюулгүй, зөв найдвартай явуулах зориулалт бүхий автомашины явах ангид хамаарах эд анги болохыг тодорхойлов.” гэсэн байна. Мөн хэргийн 72 дахь талд авагдсан 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 2025/3-2 дугаартай Тодорхойлолтод “зэврэлт нь элэгдлийн нэг төрөл болохыг тодорхойлов.” гэж дүгнэжээ.

6.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 197/ШЗ2025/12213 дугаартай захирамжаар зам тээврийн ослын шалтгааныг тодруулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрыг шинжээчээр томилсон байна. /хх78-79/

Шинжээчийн 2025 оны 05 сарын 30-ны өдрийн ЕГ0225/533 дугаартай дүгнэлтээр “... Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд авагдсан 2024/10-2 дугаартай тодорхойлолтод авагдсан тээврийн хэрэгслийн хойд тэвш, түүний эвдрэл гэмтлийг гэрэл зургаар хавсаргасан байна. Мөн хугарсан хэсэгт зэвэрч, нимгэрсэн байгааг штангенцеркуль багажаар хэмжсэн, хэмжилтийн зузаан 3.18 мм, баруун нимгэрсэн хэсгийн зузаан 1.09 мм байгааг харуулсан байгаа нь ашиглалтын явцад хамгаалалтын давхарга, будаг арилж чийгтэй орчинд төмөр гадаргуу зэвэрч нимгэрсэн байх үндэслэлтэй байна. Энэ тохиолдолд уг тэвшний найдвартай байдал, ачаалал авах чадал, бат бөхийн чанар муудаж цохилт доргилтын үед хугарч эвдрэх үндэслэлтэй бөгөөд осолд шууд нөлөөлж болно. ... хойд тэвшний хугарсан гэмтэл нь осолд шууд нөлөөлж болно” гэж дүгнэсэн байна. /хх100-103/

6.3. Талууд даатгалын гэрээний 9.4-т “тээврийн хэрэгслийн дугуй, явах эд ангийн ердийн элэгдэл, гэмтэл, үйлдвэрийн гологдол, тэнхлэг тохиргоо алдагдах зэргээс учирсан хохирол, байршил тогтоогч, халаагч зэрэг нэмэлт тоног төхөөрөмжийг буруу суурилуулснаас үүссэн хохирол, тээврийн хэрэгслийн хөдөлгүүрт хийсэн ээлж, гагнуур зэрэг засварын буруутай үйл шалтгаалан гарсан хохирол”-ын улмаас зам тээврийн осол гарсан тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзахаар харилцан тохиролцсон.  

Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч *******ын тээврийн хэрэгслийн явах эд ангийн ердийн элэгдлийн улмаас буюу тээврийн хэрэгслийн тэвш зэвэрч нимгэрсний улмаас хугарч, зам тээврийн осол гарсан болох нь тогтоогдож байна.

Иймээс хариуцагч ******* гэрээний 9.4-т заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.   

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 19-ний өдрийн 197/ШШ2025/09986 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 13,104,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 223,470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Б.АЗБАЯР

 

                             ШҮҮГЧИД                                           Т.ГАНДИЙМАА

 

                                                                                        Ч.ЦЭНД