Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/01770

 

 

 

2025 10 15 210/МА2025/01770

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа, даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/09832 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 10,104,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,104,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... ******* нь 2019 оны 11 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. 2019 оны 12 сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг зээлж, нийт 3,000,000 төгрөг зээлсэн. Эхний зээлийн гэрээний хугацааг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 12 сарын хугацаагаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгаж, хүүг сарын 8 хувь болгон багасгасан. Дахин гэрээний хугацааг 2022 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл сунгаж, нийт 38 сар сунгасан. 2 дахь гэрээг мөн 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 12 сарын хугацаагаар, сарын 8 хувийн хүү төлөхөөр тохиролцож, 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл, уг өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тус тус сунгаж, нийт 37 сараар сунгасан. Энэ хугацаанд зээлдэгч нь нэг сарын хүү 150,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 3,150,000 төгрөг төлсөн. Энэ хугацаанд олон удаа залгаж зээлээ төлөхийг шаардаж байсан. Иймд үндсэн зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 5,640,000 төгрөг, алданги 0,5 хувиар тооцон 1,500,000 төгрөг, нийт 10,140,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. гэж тайлбарласан байна. 

4. Хариуцагч нь ... ******* нь анх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******тай 20/19 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулж, гэрээгээр 1,500,000 төгрөгийг нэр сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 04/22 дугаартай зээлийн гэрээ байгуулахдаа өмнөх зээлийн гэрээний хүү болох 150,000 төгрөг төлсөн. Хоёр дахь зээлийн гэрээгээр 1,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай байгуулсан. Үндсэн зээл 3,000,000 төгрөгийг төлсөн. ... Нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд биш байж илт өндөр хүүтэй зээл олгосон нь хууль зөрчсөн байна. ... зээлийн хүү, алдангийг буруу тооцсон. Манай зүгээс алданги зөвшөөрөхгүй, зээлийн хүүд 2,850,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. гэх агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ. /хх29-32/

 

5. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон.

5.1. ******* нь ******* нар 2019 оны 11 сарын 25-ны өдөр 20/19 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 1,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь үндсэн зээл, хүүгийн хамт гэрээний хугацаа дуусахад төлөх, зээлийг хугацаанаас нь хэтрүүлбэл төлөх ёстой үнийн дүнгийн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож авах нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх11/

Талууд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 09/06 дугаартай Зээлийн гэрээний сунгалт гэрээ-гээр дээрх гэрээний хугацааг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаагаар сунгаж, сарын хүүг өмнөх гэрээний нөхцөлөөр тохиролцсон. /хх12/

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06/04 дугаартай Зээлийн гэрээний сунгалт гэрээ-гээр мөн гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгаж, зээлийн хүүг 8 хувиар тооцохоор тохиролцсон. /хх13/

2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21/01 дугаартай Зээлийн гэрээний сунгалт гэрээ-гээр гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан. /хх14/

5.2. *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04/22 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь 1,500,000 төгрөгийг нэг сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги, хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх15/

Талууд 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт 20/01 дугаартай гэрээгээр дээрх гэрээний хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал сунгаж, зээлийн хүүг 8 хувь байхаар харилцан тохиролцсон.

2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Зээлийн гэрээний сунгалт 21/03 дугаартай гэрээгээр гэрээний хугацааг 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаагаар сунгасан. /хх18/

5.3. Зээлдүүлэгч ******* 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1,500,000 төгрөг тус тус зээлдүүлэгч *******д шилжүүлсэн. /хх19, 20/

 

6. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.

Учир нь, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан. Нэхэмжлэгч ******* бичгээр байгуулагдсан 2 гэрээний дагуу нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

 

7. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

7.1. Хариуцагч ******* нь 20/19 дугаартай зээлийн гэрээний үүргийг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 04/22 дугаартай зээлийн гэрээний үүргийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тус тус гүйцэтгэх байжээ. Хэргийн баримтаар хариуцагч нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 150,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д шилжүүлсэн болох нь тогтоогдсон учир хариуцагчийг гэрээний үүргээ тогтоосон хугацаанд нь гүйцэтгээгүй гэж үзнэ. /хх39-40/ Иймээс нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг, мөн гүйцэтгээгүй үүргээс алданги тооцон хариуцагчаас шаардаж буй нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай тус тус нийцэж байна.

 

8. Анхан шатны шүүх, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлээс хүү шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс дараах байдлаар залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

8.1. Монгол Улсын Их хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулиар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцон хүү тогтоож болно гэснийг Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилготой зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж өөрчлөн найруулж, 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр журамлажээ.

Талуудын хооронд 2019 онд зээлийн гэрээний харилцаа үүссэн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийн өөрчлөн найруулаагүй зохицуулалт үйлчлэх тул нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсоны дагуу хүү тооцон хариуцагчаас шаардах эрхтэй. Иймээс энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.2. Хариуцагчийн нийт гүйцэтгэх үүргийг тооцвол, 20/19 дугаартай зээлийн гэрээний хувьд: үндсэн зээл 1,500,000 төгрөг, зээлийн хүү 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1,800,000 /1,500,000 х 10%=150,000 х12 сар/ төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 2,880,000 /1,500,000 х8%=120,000 х24 сар/, нийт 6,180,000 төгрөг байна.

8.3. 04/22 дугаартай зээлийн гэрээний хувьд: үндсэн зээл 1,500,000 төгрөг, зээлийн хүү 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл 150,000 /1,500,000 х10%/ төгрөг, 2020 оны 01 сарын 26-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 4,200,000 /1,500,000 х8%=120,000 х35 сар/ төгрөг, нийт 5,850,000 төгрөг байна.

Дээрх үүргээс хариуцагчийн гүйцэтгэсэн үүргийг хасвал 8,880,000 /12,030,000-3,150,000/ төгрөгт холбогдох үүргийг гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.

 

9. Хариуцагч *******, нэхэмжлэгч *******г мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд биш байж илт өндөр хүүтэй зээл олгосон нь хууль зөрчсөн гэж тайлбарлан, маргажээ.

9.1. Монгол Улсын Их хурлаас 2022 оны 11 сарын 04-ний өдөр Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль баталж, 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн тул уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн Байнга, ашиг олох зорилгоор олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдэд бүртгүүлсний үндсэн дээр Монгол Улсын иргэн эрхэлж болно. гэсэн зохицуулалт нь зохигчдын хооронд 2019 онд үүссэн зээлийн гэрээний харилцаанд үйлчлэхгүй.

9.2. Харин, хариуцагчийн тайлбарыг үндэслэн талуудын гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасныг баримтлан зээлийн хүүг багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлийн 2025 оны 02 сарын 26-ны өдрийн 01 дугаартай Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээ тогтоох тухай тогтоолын 1-д Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоосон байх бөгөөд энэ нь нийтэд илэрхий үйл баримт тул уг тогтоолыг үндэслэн хариуцагчийн гүйцэтгэх зээлийн хүүгийн хэмжээг 4.5 хувиар тооцвол, 4,860,000 төгрөг байна.

Тодруулбал, хариуцагч нь 20/19 дугаартай зээлийн гэрээний хувьд 37 сарын хүү төлөхөөс 1 сарын хүү төлж, 36 сарын хүү, хоёр дахь 04/22 дугаартай гэрээгээр 36 сарын хүү тус тус төлөх үүрэгтэй. Иймд үндсэн зээл болох 3,000,000 төгрөгөөс нэг сарын 4.5 хувийн хүү тооцон 36 сард үржүүлбэл 4,860,000 төгрөг болж байх ба хариуцагчийн нийт гүйцэтгэх үүрэг нь үндсэн зээл 3,000,000 төгрөг, 1 сарын хүү 150,000 төгрөг, 36 сарын хүү 4,860,000 төгрөг, нийт 8,010,000 төгрөг болж байна. Үүнээс гүйцэтгэсэн үүрэг болох 3,150,000 төгрөгийг хасч тооцвол хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс 4,860,000 төгрөгийг гүйцэтгээгүй байна.

9.3. Талууд 2 гэрээгээр алданги тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Хариуцагч гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй үйл баримтын талаар дээр дүгнэсэн тул нэхэмжлэгч нь алданги тооцон шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд зээл, хүү орох боловч нэхэмжлэгч нь хоёр гэрээний нийт үндсэн зээл болох 3,000,000 төгрөгийн 50 хувиар тооцон алдангид 1,500,000 төгрөг нэхэмжилсэн нь мөн зүйлийн 232.4 дэх хэсгийн Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасанд нийцжээ. Анхан шатны шүүх энэ хэмжээгээр алдангид холбогдох нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт 6,360,000 төгрөг гаргуулж, үлдэх 3,780,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 13-ны өдрийн 197/ШШ2025/09832 дугаартай шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******оос зээлийн гэрээний үүрэгт 6,360,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,780,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 60,550 гэснийг 116,710 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 39,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 131,590 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

 

Ч.ЦЭНД