Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 523

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас С.Бөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, С.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 1-20 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Бийн өгсөн:

“...2018 оны 12-р сарын 02-нд БГД-н 11-р хороо Зүүн Наран 1-20 тоотод би Б-тэй хамтран амьдардаг байсан тэгээд би архины эмчилгээнээс хугацаа дуусаад гараад хэд хонж байсан тэгээд Б-тэй хамт амьдардаг байсан БГД-н 11-р хороо Зүүн наран 1-20 тоотод очиход машин алга болгосон байсан тэгээд би Б-ээс машин ясан юм гэхэд айлын хашаанд тавьчихсан байгаа гэсэн би Б-тэй маргалдсан тэгээд Б- хүү Батболдтой хамт надруу дайраад байсан тэгэхээр нь би Б-тэй хэрэлдээд намайг цагдаад өгнө гэхээр нь би гараад зугтсан. Би тухайн үед хохирогч Б-ийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 39-41, 46-47/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Бийн өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн нарангийн 20 тоотод гэртээ амарч байхад манай хамтран амьдрагч Б гаднаас согтуу орж ирээд хэл амаар доромжлоод элдэв үгээр хараагаад байхаар нь гар зайл гээд хөөхөд миний толгой руу ширээн дээр байсан жижиг хятад цоожоор цохиод хагалсан. Тэгэхэд тэнд байсан манай нийтийн байрны коридорт гарч ирээд салгахад Б гараад зугатсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг орж толгойдоо оёдол тавиулсан. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14-17/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Бын өгсөн:

“...Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ах Гантулгынд байж байтал ээж буугаад ир гэхээр нь яваад очтол манай ээжийг толгойг манай хойд аав Б хага цохисон байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 14418 тоот: 

1. Б.Б-н биед духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 25/,

 

 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 52/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 89/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн Нарангийн 1-20 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдрагч Б.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч С.Бийн “...2018 оны 12-р сарын 02-нд ... хохирогч Б-ийн биед учирсан гэмтлийн учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Бийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны орой ... Б гаднаас согтуу орж ирээд хэл амаар доромжлоод элдэв үгээр хараагаад байхаар нь гар зайл гээд хөөхөд миний толгой руу ширээн дээр байсан жижиг хятад цоожоор цохиод хагалсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Бын “...Би 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ах Гантулгынд байж байтал ээж буугаад ир гэхээр нь яваад очтол манай ээжийг толгойг манай хойд аав Б хага цохисон байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн 14418 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Бөд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч С.Бийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 14-17/ өгсөн байх тул шүүгдэгч С.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч С.Бөд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг 8 цагтай тэнцүүлж нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч С.Бөд 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, 216 цагийг хасаж түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг нь 284 цагаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 27 хоногийн 1 хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, 216 цагийг хасаж түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг нь 284 цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. С.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ