Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2020/0305

 

“О о” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Оо” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 218 дугаар шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Оо” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаартай "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" шийдвэрийн 18-д "Оо" ХХК-ийн Орхон аймаг Жаргалант сумын Чингэлийн голын хөндлөн намаг гэдэг газар байрлах MV-00000 төрөлтэй,1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр анх олгогдсон 54 гектар талбай бүхий уурхайд элсэн хайрга олборлох зориулалттай Ашигт малтмалын ашиглалтын 0000 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н давж заалдах гомдолдоо: “...хариуцагчийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7/4730 дугаартай албан тоотыг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэсэн дүгнэлтийг хийхдээ бодит үнэнд нийцсэн дүгнэлтийг хийсэнгүй гэж үзэж байна. Учир нь энэхүү тоотыг нэхэмжлэгч аваагүй болох нь нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17/10 дугаартай албан тоот болон уг тоотын хариугаар нотлогдох юм. Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн үнэлээд байгаа баримт буюу нэхэмжлэгчид хариуцагчаас явуулаад байгаа 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7/4730, 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 7/5802 дугаартай тоотууд нэхэмжлэгчид огт иргээгүй гэж маргаж байхад харьцуулсан дүгнэлт хийсэнгүй. ...албан бичгүүд хариуцагчаас нэхэмжлэгчид нэг хаягаар ирээгүй бөгөөд 2017 оны 2 албан бичиг Говил багийн хаягаар ирсэн байдаг бөгөөд сүүлийн 2 албан бичиг Дэнж багийн хаягаар ирж захирал В.Г хүлээн авсан байхад шүүх алдаатай дүгнэлт хийж, хариуцагчийг нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаас харахад төлбөрөө төлөөгүй гэсэн маргаан гарсан тохиолдолд төлбөр төлсөн баримтаа төрийн захиргааны байгууллагад аваачиж өгөхийг ойлгохоор байхад шүүх хамтатган тайлбарлаж шийдвэрлэсэн явдал нь буруу болжээ. Хариуцагч нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр буюу нэхэмжлэгчийг төлбөрөө төлсөн өдрөөс 10 хоногийн дараа цуцалсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогддог. Хуульдаа хууль тогтоогчид банканд төлбөр төлсөн өдрөөр тооцно гэсэн байхад заавал төрийн захиргааны байгууллагад баримтаа авчирч өгснөөр тооцох үндэслэлгүй юм. Иймд шийдвэрт нэхэмжлэлийг шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

“Хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр “Оо” ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын MV-00000 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн “Оо” ХХК-д холбогдох хэсэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасантай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Оо” ХХК-ийн MV-00000 дугаар тусгай зөвшөөрөл нь анх 1999 оны 06 дугаар сарын 22-ны өдөр олгогдсон, тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлөөгүй буюу 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр төлбөр төлсөн үйл баримтын тухайд хэргийн оролцогчид маргаагүй, харин хариуцагч захиргааны байгууллага зөрчил нэгэнт арилсан буюу нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсний дараа 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх өдрийг 9 хоногоор хэтрүүлж төлбөрөө төлсөн байх боловч хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасны дагуу цуцлах шийдвэр гаргаагүй атлаа төлбөр нэгэнт төлөгдсөний дараа тусгай зөвшөөрлийг цуцалж, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан “...холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно” гэж заасныг баримтаа ирүүлээгүй нь төлбөрийг хугацаандаа төлсөн үйл баримтыг үгүйсгэх, улмаар “тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй бол” гэх Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан цуцлах үндэслэл болохгүйг анхан шатны шүүх буруу дүгнэж, хариуцагч Кадастрын хэлтсээс цуцлах шийдвэр гаргах үед тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн, маргаан бүхий шийдвэрийн үндэслэл бодит нөхцөлд тохироогүй байгааг анхаарахгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд дээрх үндэслэлээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчийн “...цуцлах үндэслэл бүрдсэн талаарх болон цуцалсан мэдэгдлийг хүлээн аваагүй” гэх үндэслэлээр хариуцагчийг буруутган давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй, хариуцагчаас нэхэмжлэгч компанид 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 7/4730 дугаар, 2017 оны 08 дугаар сарын 10-ны 7/5802 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн, цуцалсан талаарх мэдэгдлүүдийг тус компанийн албан ёсны хаяг болох “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг өөрийн байр” хаягт шуудангаар хүргүүлсэн байна.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчид тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн болон цуцалсан талаарх мэдэгдлүүдийг хариуцагч захиргааны байгууллагад бүртгүүлсэн тус компанийн албан ёсны хаягаар, шуудангаар хүргүүлснээр мэдэгдэх ажиллагааг хийгдсэнд тооцох тул мэдэгдлийг хүлээж аваагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг хангах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Оо” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 486 дугаар шийдвэрийн “Оо” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Оо” ХХК-ийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                 Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН