Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2026/0083

 

 

“С***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах
шалгалтын газрын гаалийн улсын байцаагч
З.Ц***, Г.Б***, Д.О***,
Ч.М*** нар, Гаалийн ерөнхий газрын Барааны
ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр
орлон гүйцэтгэгчид тус тус холбогдох захиргааны хэрэг

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:   Г.Банзрагч

Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

 Шүүгчид:                   Д.Батбаатар

                                                П.Соёл-Эрдэнэ

                                                М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0235 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2026/0325 дугаар магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0286 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр (ҮД:2221), Н.Ууганцэцэг (ҮД:2212), хариуцагч гаалийн улсын байцаагч З.Ц***, Г.Б***, Д.О***, Ч.М***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л***, Ц.У*** нарыг оролцуулан, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“С***” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч З.Ц***, Г.Б***, Д.О***, Ч.М***н болон Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан “Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч 3.Ц***, Г.Б***, Д.О***, Ч.М*** нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дугаартай дүгнэлтийг, тус газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 дугаартай тодорхойлолтыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Гаалийн ерөнхий газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 32/23 дугаар удирдамжийн дагуу Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар нэхэмжлэгч компанийн импортоор оруулсан бараа, тээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлтэд шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус компанийн 2020-2022 онд импортоор оруулсан “зүрхний титэм судасны эмтэй стент”, “зүрхний цоорхой бөглөгч амплатцер”, “судас бөглөгч” гэсэн гурван нэр төрлийн эмнэлгийн хэрэгслийн барааны ангиллын кодыг зөв тодорхойлж мэдүүлсэн эсэх асуудал хөндөгджээ.

2.1.Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б*** 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 дүгээр дотоод зурваст дээрх гурван нэр төрлийн барааг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (цаашид “БТКУС” гэх)-ийн 9021.90.00 кодод хамаарна гэж тодорхойлсон байна. Харин нэхэмжлэгч эдгээр барааг импортлохдоо БТКУС-ийн 9018.39.00 кодоор мэдүүлж, гаалийн бүрдүүлэлт хийлгэсэн байжээ.

2.2.Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч нь 9021 кодод хамаарах барааг 9018 кодоор мэдүүлж, 83,461,805.47 төгрөгийн гаалийн татвар төлөөгүй, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй гэж үзэн холбогдох материалыг хууль хяналтын байгууллагад шилжүүлэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.

2.3.Нэхэмжлэгчээс уг дүгнэлт, дотоод зурвасыг эс зөвшөөрч гаалийн байгууллагад хандсан бөгөөд Гаалийн ерөнхий газраас 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02/508 дугаар албан бичгээр дотоод зурвас нь байгууллага хоорондын мэдээлэл солилцсон баримт, барааны ангиллыг хянах бүрэн эрхийг гаалийн байгууллага хэрэгжүүлсэн гэсэн агуулгатай хариу өгсөн байна.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... барааны ангиллын кодыг үйлдвэрлэгч, экспортлогчоос тодорхойлж, импортлогч тухайн бараанд дагалдах баримт бичигт үндэслэн гаальд мэдүүлдэг. Ижил зориулалтын эмнэлгийн хэрэгсэл нь үйлдвэрлэгчээсээ шалтгаалан өөр өөр кодтой байж болох бөгөөд гаалийн байгууллага интернэтийн мэдээлэл, дотоод зурваст тулгуурлан кодыг өөрчилсөн нь үндэслэлгүй. Маргаан бүхий бараануудыг судсанд катетер, гуурсын тусламжтай оруулж мэс ажилбарт хэрэглэдэг тул БТКУС-ийн 90.18-д хамаарна. Эмнэлгийн хэрэгслийн зориулалт, онцлогийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн тогтоох ёстой байсан. Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн дотоод зурвасыг үндэслэн дүгнэлт гаргасан нь хуульд заасан журмыг зөрчиж, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэж тайлбарлан маргажээ.

4.Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... гаалийн байгууллага нь барааны ангиллын кодыг хянаж шийдвэрлэх хуульд заасан бүрэн эрхтэй бөгөөд мэдүүлэгчийн буюу үйлдвэрлэгчийн тодорхойлсон кодыг заавал зөв гэж үзэхгүй. БТКУС-ийн холбогдох зүйл, Уялдуулсан системийн тайлбар дүрмээр хүний биед суулгах зориулалттай хэрэгсэл нь 90.21-д хамаарна. Маргаан бүхий “зүрхний стент”, “зүрхний цоорхой бөглөгч амплатцер”, “судас бөглөгч” нь хүний биед байрлуулж, суулгаж хэрэглэдэг бүтээгдэхүүн тул 9021.90.00 кодоор тодорхойлсон. Дотоод зурвас нь эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захиргааны акт биш, харин бүрдүүлэлтийн дараах шалгалтын хүрээнд холбогдох нэгжээс барааны ангиллын талаар өгсөн мэдээлэл юм. Шалгалтын дүгнэлтээр зөрчлийн шинжтэй байж болзошгүй асуудлыг эрх бүхий байгууллагад шилжүүлсэн нь хуульд нийцсэн” гэх агуулгаар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С***” ХХК-аас Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч нар, тус байгууллагын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын Барааны ангилал, үнэлгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №02-2/71 дүгээр дотоод зурвас /тодорхойлолт/, тус байгууллагын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч 3.Ц***, Г.Б***, Д.О***, Ч.М*** нарын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №01/24 дүгээр дүгнэлт”-ийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

6.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0235 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гаалийн тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 249.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий 2023 оны 02-2/71 дүгээр дотоод зурвас /тодорхойлолт/ болон 2024 оны 01/24 дүгээр дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан байна.

7.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0286 дугаар тогтоолоор “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

8.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар магадлалыг эс зөвшөөрч  дараах  үндэслэлээр  хяналтын  журмаар  гомдол (агуулгаар  нь  тусгав)

гаргажээ.

8.1.Монгол Улс Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн тухай олон улсын конвенцид 1991 онд нэгдэн орж, 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уялдуулсан системийн Тайлбар дүрмийн 1-д хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа болох, хууль ёсны ангиллыг зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлохоор заасан.

8.2.Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газраас “С***” ХХК-ийн импортоор оруулсан 3 барааны гаалийн мэдүүлэг, түүнд хавсаргасан бичиг баримт болон интернэт мэдээллийг судлан үзэж, Уялдуулсан системийн Тайлбар дүрмийн 1, Зүйл 90.21-ийн гарчиг, Тайлбар бичгийн V(4)-т заасан “Тодорхой эрхтний химийн үйл ажиллагааг орлох эсвэл дэмжих зориулалттай хүний биед суулгах хэрэгсэл” гэсэн тайлбарыг үндэслэн 9021.90.00 кодод ангилагдахыг тодорхойлсон.

8.3.Зүйл 90.18-ын гарчигт хүн эмнэлэг, мэс засал, шүдний эмнэлэг эсвэл мал эмнэлгийн зориулалттай багаж, төхөөрөмж хамаарахаар заасан бөгөөд тус компанийн импортолсон 3 нэр төрлийн бараа нь багаж, төхөөрөмж, аппаратын аль нь ч биш юм. Эдгээр барааг катетер, чиглүүлэгч зэрэг багажийн тусламжтайгаар судсан дотуурх мэс заслын аргаар хүний биед байршуулдаг бөгөөд катетер буюу гуурс, чиглүүлэгч зэргийг тусад нь 9018.39.00 кодоор мэдүүлэн гаалийн бүрдүүлэлт хийдэг.

8.4.Зүрхний титэм судасны эмтэй стент, зүрхний цоорхой бөглөгч амплатцерийг албан ёсны нийлүүлэгчээс импортлоход үнийн нэхэмжлэхэд 9021.90.00 код бичигдэж ирдэг бол БНХАУ-ын дамжуулан борлуулагч компаниудаас импортлоход 9018.39.00 код бичигдэж ирсэн. Нэг зориулалтаар хэрэглэгддэг, хүний биед судсан дотуурх мэс заслын аргаар байршуулдаг барааг үйлдвэрлэгч нь өөр улсад байгаагаас хамааруулан хоёр өөр кодод ангилж байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

8.5.Нэхэмжлэгчийн зүгээс “үйлдвэрлэгчээс кодоо тодорхойлдог” гэж маргадаг боловч Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22.1, 22.2-т барааны ангиллын кодыг мэдүүлэгч тодорхойлж мэдүүлэх, гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон кодыг гаалийн мэдүүлэг болон барааг шалгах үед хянаж шийдвэрлэхээр хуульчилсан.

8.6.Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын Хянавал хэсгийн 2.5-д Хавдар судлалын үндэсний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/45 дугаар албан бичгээр зөвхөн судас бөглөгчийн талаар дүгнэлт гаргасан байхад зүрхний эмтэй стент, зүрхний цоорхой бөглөгчийг оролцуулан 9018.39.00 кодод хамаарна гэж дүгнэсэн. Мөн 2.6 дахь хэсэгт ЭМЯ-ны Дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн тодорхойлолтуудад 9018.39.00 кодод хамаарна гэж тодорхойлсныг үндэслэн гаалийн байгууллагын ангиллын кодыг нягтлан шалгаж шийдвэрлэх бүрэн эрхэд халдсан дүгнэлт хийсэн.

8.7.Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон мэргэжлийн салбар зөвлөлүүдээс ирсэн хариунууд хоорондоо зөрүүтэй байхад давж заалдах шатны шүүх эдгээр хариунуудаас тус компанийн талд гарсан хариуг дурдаж шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэт нэг талыг баримталсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

8.8.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг эс зөвшөөрч 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр дараах тайлбар (агуулгаар нь тусгав)-ыг ирүүлсэн байна.

9.1.Өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгсэл нь эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээнд нэвтрээд удаагүй, байнга шинэчлэгдэн сайжирч байгаа эмчилгээний арга хэрэгсэл бөгөөд Монгол Улсад эмнэлгийн хэрэгслийн нэр томьёо, жагсаалт, ангиллыг албан ёсоор батлаагүй байна.

9.2.Дэлхий дээр байгаа хэдэн зуун үйлдвэрлэгч компанийн хэдэн зуун нэршил бүхий бараа бүтээгдэхүүнүүдийг “зүрхний титэм судасны эмтэй стент”, “зүрхний цоорхой бөглөгч амплатцер”, “судас бөглөгч” гэсэн 3 төрлөөр багцалж, барааны кодыг тодорхойлох боломжгүй. Бараа бүтээгдэхүүн бүр нь үйлдвэрлэлийн арга, орц найрлага, хэрэглээ, зориулалт, хамтран хэрэглэгдэх бүтээгдэхүүн зэргээс шалтгаалж өөр өөр ангиллын кодоор тодорхойлогдох боломжтой.

9.3.Монгол Улсад импортоор орж ирж байгаа бие даасан нэршил бүхий бараа бүтээгдэхүүн бүр өөрийн онцлогоос хамаарч өөр өөр ангиллын кодтой байх боломжтой бөгөөд импортлогч компани барааны ангиллын кодыг өөрийн дураар зохиож, өөрчилж мэдүүлэх боломжгүй. Иймд хариуцагчийн “нэг ижил нэр төрлийн барааг өөр кодоор ангилна гэж үзэж байгаа нь буруу” гэсэн үндэслэл бүхэлдээ үндэслэлгүй.

9.4.Монгол Улс бие даасан тусгаар улс болохын хувьд гаалийн байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээнд барааны ангиллын кодтой холбоотой шийдвэр, үйл ажиллагаа явуулах эрх бүхий субъект гэдэгтэй маргадаггүй. Гагцхүү тус байгууллага нийтийн эрх зүйн хүрээнд, захирамжилсан шинжтэй шийдвэр, үйл ажиллагаа явуулдаг тусгай чиг үүрэг бүхий байгууллага болохын хувьд зөвхөн хууль, журмаар тогтоосон хэм хэмжээний хүрээнд ажиллах үүрэгтэй.

9.5.Гэтэл хариуцагч гаалийн байгууллага нь өөрийн мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн ойлголт бүхий бараа бүтээгдэхүүнийг зөвхөн интернэт мэдээлэлд үндэслэн таамаглан тодорхойлсон, Гаалийн тухай хуулийн 252 дугаар зүйл болон Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Бараанаас сорьц, дээж, загвар авах, магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-д заасны дагуу тусгай мэдлэг бүхий шинжээч томилж дүгнэлт гаргуулалгүйгээр, бүрдүүлэлтийн дараах шалгалтын цаг хугацаа, хүрээнд хамаарахгүй шийдвэрийг үндэслэн барааны ангиллын кодыг тодорхойлсон нь хууль бус.

9.6.Захиргааны  хэргийн  шүүхээс  хэрэг  хянан  шийдвэрлэх  ажиллагааны явцад гаалийн байгууллагын хийх ёстой ажлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу нөхөн гүйцэтгэж, эрүүл мэндийн салбарын мэргэжлийн байгууллага, мэргэжилтний гаргасан дүгнэлт, бичгийн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-д заасан хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарахгүй тул хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхиж өгөхийг хүсжээ.

ХЯНАВАЛ:

10.Давж заалдах шатны шүүхээс Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем (цаашид “БТКУС” гэх)-ийн холбогдох зүйл, Тайлбар дүрмийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

11.Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч дээрх нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг БТКУС-ийн 90.18 кодоор мэдүүлж байсан бол хариуцагч гаалийн байгууллага тэдгээрийн зориулалт, хэрэглээний онцлогийг үндэслэн 90.21 дүгээр зүйлд хамаарна гэж тодорхойлсон бөгөөд үүнтэй холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 02-2/71 дүгээр дотоод зурвас, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01/24 дүгээр дүгнэлтийг гаргасан байна. Анхан шатны шүүх хариуцагчийн уг ангиллыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх маргаан бүхий барааг 90.18 кодод хамаарна гэж дүгнэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан бөгөөд гол маргаан БТКУС-ийн холбогдох заалтыг хэрхэн тайлбарлаж хэрэглэх талаар байна.

12.БТКУС-ийн 90.18 дугаар зүйлийн гарчигт “Хүн эмнэлэг, мэс засал, шүдний болон мал эмнэлгийн зориулалттай багаж, төхөөрөмж (сцинтиграфын аппарат орно), эмнэлгийн цахилгаан аппарат, хараа шалгах багаж” гээд “Оношилгооны цахилгаан аппарат; Тариур, зүү, катетер, канюл болон эдгээртэй төстэй зүйлс; Шүдний эмчилгээний зориулалттай бусад багаж, төхөөрөмж; Нүдний эмчилгээний бусад багаж хэрэгсэл” зэргийг багтаажээ. Эдгээр нь оношилгоо, эмчилгээ, мэс ажилбарын явцад ашиглагдах багаж, төхөөрөмж байх шинжтэй байна.

13.Харин 90.21 дүгээр зүйлийн гарчигт “Гэмтэл согогийн хэрэгсэл (тулгуур, хагалгааны хүлээс, чангалаа, сойлт орно): ул төмөр болон хугаралт, бэртэлтийн эмчилгээнд хэрэглэгдэх бусад хэрэгсэл: хүний биеийн хиймэл хэсэг: сонсголын аппарат болон гэмтэл согог заслын зориулалтаар биедээ зүүх эсвэл авч явах эсвэл биед суулгах зориулалтын бусад хэрэгсэл” гэж тодорхойлсон байна. Уг зүйлд зөвхөн гэмтэл согог, хугарал, бэртлийн эмчилгээнд хэрэглэгдэх хэрэгслээс гадна хиймэл шүд, хиймэл үе мөч, сонсголын аппарат, зүрхний хэмнэл тэтгэгч зэрэг хүний биеийн тодорхой үйл ажиллагааг орлох, дэмжих, засах зориулалттай хэрэгслийг мөн хамааруулжээ. Тухайлбал, тус зүйлийн тайлбарын V (4)-т “Тодорхой эрхтний химийн үйл ажиллагааг орлох эсвэл дэмжих зориулалттай хүний биед суулгах хэрэгсэл (жишээ нь: инсулин ялгаруулах)” гэж заасан нь 90.21 дүгээр зүйлийн хамрах хүрээ зөвхөн гэмтэл согогийн хэрэгслээр хязгаарлагдахгүй, хүний биед суулгаж, тодорхой эрхтний үйл ажиллагааг орлох, дэмжих зориулалттай хэрэгслийг мөн багтаажээ. Иймд уг ангиллын онцлог нь хэрэгслийг хүний биед зүүх, авч явах, эсхүл суулгах замаар биеийн тодорхой үйл ажиллагааг орлох, дэмжих, засах зориулалттай бөгөөд үүгээрээ 90.18 дугаар зүйлд заасан эмнэлэг, мэс заслын үед ашиглагдах багаж, төхөөрөмжөөс ялгагдана.

14.Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны дэргэдэх Судсан дотуурх мэс засал судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлтээр маргаан бүхий судас бөглөгч бүтээгдэхүүний зарим нь хүний биед хими эмтэй хольж түр хугацаанд, зарим тодосгогч бодистой хольж эрхтнийхээ судсыг тодруулан хардаг бөгөөд хүний биед байнга сууж үлддэг эмнэлгийн хэрэгсэл болохыг тодорхойлсон бол Хавдар судлалын үндэсний төвийн шинжээчийн дүгнэлтэд эдгээр бүтээгдэхүүнийг хавдартай өвчтөн дээр ашиглагддаг, дангаараа хүний биед суудаг биш, хүний биед суулгах, авч явах, зүүх хэрэгсэл биш харин ямар нэг бүтээгдэхүүнтэй нийлж, тусгай катетерийн тусламжтай хүний биед оруулж хэрэглэдэг эмнэлгийн хэрэгсэл болохыг тайлбарласан байна.

15.Монгол Улс БТКУС-ийн тухай олон улсын конвенцид 1991 онд нэгдэн орж, 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Уялдуулсан системийн Тайлбар дүрмийн 1-д “Хэсэг, бүлэг болон дэд бүлгийн гарчиг нь барааг ангилахад зөвхөн анхан шатны лавлагаа баримжаа болно. Хууль ёсны ангилал нь зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбараар тодорхойлогдохын зэрэгцээ эдгээр зүйл болон тайлбарт өөрөөр заагаагүй бол дор дурдсан дүрмийн заалтыг мөрдөнө” гэж зааснаар хэсэг, бүлэг, дэд бүлгийн гарчиг нь барааг ангилах шууд үндэслэл болохгүй, харин анхан шатны лавлагаа баримжаа бөгөөд барааны хууль ёсны ангиллыг зүйлийн гарчиг болон холбогдох хэсэг, бүлгийн тайлбар гэсэн дарааллын дагуу тодорхойлохоор байна. Иймээс барааг аль салбарын, ямар зориулалтаар хэрэглэдэг шинжийг ерөнхий гарчиг, зориулалтаар бус, тухайн барааны өөрийн үндсэн шинж, зориулалт, хэрэглэх арга болон холбогдох зүйлийн агуулгыг харьцуулан ангилах учиртай.

16.Дээрх зохицуулалтын дагуу маргаан бүхий “зүрхний титэм судасны эмтэй стент”, “зүрхний цоорхой бөглөгч амплатцер”, “судас бөглөгч” нь хүний биед оруулж, тодорхой хэсэгт байршуулан үлдээх зориулалттай шинжээрээ 90.21 дүгээр зүйлийн гарчигт заасан “биед суулгах зориулалттай бусад хэрэгсэл”-д хамаарч байна. Харин нэхэмжлэгч 90.18 дугаар зүйлийн системчилсэн тайлбарт дурдсан “каниул, катетер, сорох гуурс, хоолой болон бусад мэс заслын багаж”-д хамаарна гэж тайлбарласан боловч барааны ангилал зүйлийн гарчгаар нэгэнт тодорхойлогдож байхад бүлгийн тайлбарт дурдсан багаж, хэрэгслийн хүрээнд хамааруулах үндэслэлгүй.

17.Тодруулбал, маргаан бүхий бүтээгдэхүүнийг хүний биед хүргэх, байрлуулахад катетер ашигладаг нь тэдгээрийг 90.18-д хамаарах мэс заслын багажтай адилтган ангилах үндэслэл болохгүй. Эдгээр бүтээгдэхүүн нь мэс ажилбарын явцад хэрэглээд буцаан гаргаж авдаг багаж бус, хүний биед байршуулсны дараа судас, зүрхний эмгэг өөрчлөлтийг засах, бөглөх, хэвийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээний үүрэг гүйцэтгэдэг тул анхан шатны шүүх маргаан бүхий бүтээгдэхүүнүүдийг хүний биед оруулж, суулгаж эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг шинжээр нь 90.21-д хамаарна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

18.Гэтэл давж заалдах шатны шүүх мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд маргаан бүхий бүтээгдэхүүнийг “... гэмтэл согогийн салбарт хэрэглэгддэг эмнэлгийн хэрэгсэл биш төдийгүй дангаараа ашиглагддаггүй, хүний эд, эрхтний үүргийг орлохгүй мэс заслын катетер, гуурс эмчилгээний хэрэгслийн ангилалд хамаардаг бүтээгдэхүүн” гэж тодорхойлсныг үндэслэн барааны ангиллыг 90.18-д хамааруулсан нь учир дутагдалтай болжээ. БТКУС-ийн 90.21 дүгээр зүйлд хамаарахын тулд тухайн бараа заавал гэмтэл согогийн анагаах ухааны салбарт хэрэглэгддэг байх шаардлагагүй тул маргаан бүхий бүтээгдэхүүн “гэмтэл согогийн анагаах ухааны салбарт хэрэглэгддэггүй” гэх нөхцөл нь дангаараа түүнийг 90.21 дүгээр зүйлээс хасаж, 90.18-д ангилах үндэслэл болохгүй, энэ талаар Уялдуулсан системийн Тайлбар дүрмийг анхаараагүй нь буруу болжээ.

19.Мөн үйлдвэрлэгч, нийлүүлэгчээс барааны баримт бичигт тодорхой БТКУС-ийн код тэмдэглэсэн нь Монгол Улсын гаалийн байгууллагын барааны ангиллыг хянаж, холбогдох Конвенц, Уялдуулсан системийн жагсаалт болон Тайлбар дүрмийн дагуу зөв ангиллыг тодорхойлох бүрэн эрхийг үгүйсгэхгүй тул энэ талаар “… улсын хилээр нэвтэрч буй бараа бүтээгдэхүүний ангиллыг хянан тодорхойлохдоо БТКУС-ийн тухай конвенцийг баримтлах нь зүйтэй ...” гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

20.Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... барааны албан ёсны нийлүүлэгч Терума Европ компаниас импортлоход дагалдах үнийн нэхэмжлэхэд 9021.90.00 гэсэн код бичигдэж ирдэг бөгөөд гаалийн бүрдүүлэлтийг энэ кодоор хийдэг ... Мөн “С***” ХХК-тай ижил төрлийн эмнэлгийн хэрэгсэл импортлох үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд “зүрхний титэм судасны эмтэй стент”, “цоорхой бөглөгч амплатцер”, “судас бөглөгч” гэх барааг 9021.90.00 кодоор мэдүүлэн өнөөдрийг хүртэл гаалийн бүрдүүлэлтийг хийж байна. ... давж заалдах шатны шүүх Хавдар судлалын үндэсний төвийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/45 тоот албан бичгээр 8 нэр төрлийн зөвхөн судас бөглөгчийн талаар дүгнэлт гаргасан байхад “зүрхний эмтэй стент”, “зүрхний цоорхой бөглөгч”-ийг оролцуулан 9018.39 кодод хамаарна гэж дүгнэсэн ... дээр дурдсан хуулиар олгогдсон гаалийн байгууллагын ангиллын кодыг нягтлан шалгаж шийдвэрлэх бүрэн эрхэд халдаж гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна ... мэргэжлийн салбар зөвлөлүүдээс ирсэн хариунууд нь хоорондоо зөрүүтэй байхад ... тус компанийн талд гарсан хариуг дурдаж шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэт нэг талыг баримталсан” гэж маргасан гомдлын үндэслэлүүдийг хүлээн авах нь зүйтэй.

21.Иймд маргаан бүхий “зүрхний титэм судасны эмтэй стент”, “зүрхний цоорхой бөглөгч амплатцер”, “судас бөглөгч” бараа бүтээгдэхүүнийг БТКУС-ийн 90.21 дүгээр зүйлд хамааруулсан хариуцагчийн тодорхойлолт, дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

22.Дээрх үндэслэлээр хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2026/0325 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2026/0235 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

         

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Г.БАНЗРАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                             Д.МӨНХТУЯА

              ШҮҮГЧИД                                                                 Д.БАТБААТАР

                                                                                                            П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                            М.БАТСУУРЬ