Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 33

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

           Нэхэмжлэгч: Х.Э-ийн нэхэмжлэлтэй 

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

 

           Гуравдагч этгээд: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.А

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 13 дугаарт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар У.Амарзаяаг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын У.Амарзаяаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тогтоож, хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Э, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч Х.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х овогтой Э миний бие нь 1986 оноос эхлэн улсад тасралтгүй 31 жил ажилласны 28 жилд удирдах албан тушаал хашсан ба үүнээс сүүлийн 8 жил нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчин ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байна. Тус тушаалын үндэслэл болсон Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тушаалаар Хөгжлийн бодлогын хэлтэс нь “Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс” болж нэр томьёоны хувьд өөрчлөгдсөн боловч үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа. Энэ нь ажлын байрны тодорхойлолтоороо батлагдаж байгаа.

          Мөн түүнчлэн Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15 дугаар хэсэгт “өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй, хасагдсан, нэмэгдсэн, түүнчлэн томьёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх утга агуулга хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласан байдаг. 

         Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолын 5 дахь хэсэгт хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэлтэс, тасгийн хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлон хүргүүлж мөрдүүлэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар даалгасан байдаг. Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ХЭГ/1433 тоот албан бичгээр “тогтоол хэрэгжүүлэх чиглэлээр” аймгийн Засаг даргын Тамгын газарт чиглэл өгсөн байдаг. 

Энэ чиглэл нь өмнө нь гүйцэтгэж байсан чиг үүрэгтэй адилхан байгаа учраас чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэж үзэж байна. 

          Ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин болох 9.071.609 төгрөгийг гаргуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.   

 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа:  Өмнө нь А/10 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөөд, 2 дугаар хавсралтаар томилогдоход албан тушаалтнуудын хувьд албан тушаалын нэр томъёоны хувьд өөрчлөгдсөн байдаг.

 Эндээс харахад ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдаж байна. Төрийн албаны тухай хуулийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбараар “албан тушаалын тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдах гэдгийг чиг үүрэг нэмэгдэх, хасагдах, өөрчлөгдсөн ч өмнөх утга агуулга хэвээр байхыг хэлнэ” гэж тайлбарласан байна. 

Нэр томъёо болон чиг үүрэг нэмэгдсэн нь ажлын байр байхгүй болсон гэж үзэхгүй. 

          Хариуцагчийн өмгөөлөгч хэлэхдээ гуравдагч этгээдийн хувьд хууль заасан болзол шалгуурыг хангаж байгаа учраас томилсон гэж байна. Гуравдагч этгээд хэдий хуульд заасан шалгуур, үзүүлэлтийг хангаж болох ч томилогдсон албан тушаал нь ямар нэгэн эрхийн зөрчил, маргаангүй байх ёстой. Гэтэл ажил олгогч нь хууль бус шийдвэр гаргаж У.Амарзаяаг томилсноор Х.Энхцэцэгийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Х.Энхцэцэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэвч Засгийн газрын тогтоолоор яамдын бүтэц зохион байгуулалт чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “ аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор уг хэлтэс нь Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс болон өөрчлөгдсөн нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Зөвхөн хэлтсийн нэр өөрчлөгдөөд зогсоогүй эрхлэх ажлын чиг үүрэг ч өөрчлөгдсөн.

          Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 дугаар тушаал болон А/25 дугаар тушаалыг хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу хууль тогтоомжинд нийцүүлэн гаргасан гэж үзэж байна. Шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох, мэдэгдэх ажиллагааг явуулсан. Ажлаас чөлөөлсөн учраас Төрийн албаны тухай хуульд зааснаар 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Эдгээрийг нотлох баримтыг хэрэгт хавсгаргасан байгаа.

          Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

       

          Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Чиг үүргийн хувьд нэлээд өөрчлөлтүүд орсон. Нийт 7 чиг үүрэг байсан бол 9 чиг үүрэг болж нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ажлын байранд тавигдах шаардлага нэмэгдсэн. Жишээ нь: эдийн засагч, бизнесийн удирдлага мэргэжилтэй, докторын зэрэг гэх мэт шалгуурууд нэмэгдсэн. Гуравдагч этгээдийн хувьд эдгээр шаардлагуудыг бүрэн хангаж байгаа. Иймээс Төрийн албаны тухай хуульд заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байгаа учраас У.Амарзаяаг томилсон шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.

        

Гуравдагч этгээд У.Амарзаяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Х.Энхцэцэгийг ажлаас чөлөөлөх гол үндэслэл нь аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсантай холбогдуулж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, чиг үүргийг шинэчлэн баталсан. Нэхэмжлэгч Х.Энхцэцэгийн ажиллаж байсан Хөгжлийн бодлогын хэлтсийн нэр нь дээрхи тогтоолоор Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон өөрчлөгдсөн. 

Х.Энхцэцэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын 1-р хавсралтаар хөгжлийн бодлогын хэлтсийн даргын ажлаас чөлөөлөгдсөн байна. 

Хөгжлийн бодлогын хэлтэс нь Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс болон өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтын зорилго чиг үүрэг, үндсэн зорилтууд, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага, харилцах субьект зэрэгт өөрчлөлт орсон болно. Ажлын байрын зорилго чиг үүрэг нь “дэд бүтэц, барилга, хот байгуулалт, ХАА, үйлдвэр үйлчилгээ, эрдэс баялаг, байгаль орчин, аялал жуулчлал, газрын харилцааны салбарт хамаарах асуудлаар төрөөс баримталж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, салбарын чиглэлээр гарсан орон нутгийн иргэд хурлын байгууллагын санал шийдвэрийг хуультай нийцүүлэн салбарын бодлого чиглэлтэй уялдуулах, бүх шатны Засаг даргыг бодлогын зөвлөмж, чиглэлээр хангах замаар төр, засаг, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хоорондын харилцааг хууль тогтоомжийн дагуу зохицуулахад оршино” гэж байсан нь “эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх, дэд бүтэц, барилга, хот байгуулалт, ХАА, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, уул уурхай, эрдэс баялаг, байгаль орчин, газрын харилцаа, хөрөнгө оруулалт, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар төрөөс баримталж байгаа бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг аймаг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, салбарын чиглэлээр гарсан орон нутгийн иргэд, хурлын байгууллагын санал шийдвэрийг хуультай нийцүүлэн салбарын бодлого чиглэлтэй уялдуулах, бүх шатны Засаг даргыг бодлогын зөвлөмж чиглэлээр хангах замаар төр, засаг, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын хоорондын харилцааг хууль тогтоомжийн дагуу зохицуулахад оршино” гэж өөрчлөгдсөн. 

Ажлын байрны үндсэн зорилтуудад 7 зорилт байсан нь 9 зорилттой болж нэмэгдсэн бөгөөд 2-р зорилт “ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах, цаашид хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах”, 3-р зорилт “Аймгийн хөрөнгө оруулалтын бодлого төлөвлөлтийг зохих хууль тогтоомжийн дагуу боловсруулан, орон нутгийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар идэвхи санаачлага гарган ажиллах” зэрэг зорилтууд шинээр нэмэгдсэн бөгөөд эдгээр зорилтууд хэлтсийн даргын ажлын ачааллын 50-с илүү хувийг эзэлдэг болно. 

Мөн 4-8-р зорилтуудад Салбарын гэдэг нэр томъёо “харъяа салбаруудын” гэж өөрчлөгдсөн нь тус хэлтэст хамаарах салбарууд өөрчлөгдсөнийг илтгэж байна. 

Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтэд “аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнгийн тайлан, үнэлгээ”, “хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний тоо чанар, шинээр байгуулагдах үйлдвэр, аж ахуй нэгжийн тоо” зэрэг цар хүрээ өргөнтэй, томоохон шалгуур үзүүлэлтүүд нэмэгдсэн байна. 

Ажлын байрны тавигдах шаардлагад мэргэжил эдийн засагч, төлөвлөлтийн чиглэлээр гэж байсан нь “ эдийн засагч, бизнесийн удирдлагын чиглэлээр”, боловсрол магистр, шинжлэх ухааны докторын зэрэгтэй байх гэж байсан нь “докторын зэрэгтэй байх” гэж өөрчлөгдсөн болно. 

Өөрчлөлтүүд орсонтой холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 сарын 09-ний өдрий А/10 тоот тушаалын 2-р хавсралтаар миний биеийг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилсон. Иймээс тус ажлын байрны тодорхойлолтод заагдсан шаардлагыг бүрэн хангаж байгаа. 

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохыг хүсч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

      

      Шүүх хуралдаанд гуравдагч этгээд У.Амарзаяа нь Сүхбаатар аймгийн Дарьганга суманд 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 3 хоногийн  сургалттай гэсэн томилолтыг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэгээр өгч явуулаад өөрөө ирээгүй болно. Шүүх гуравдагч этгээд У.Амарзаяад 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны зарыг хүргэсэн байх ба нэхэмжлэгчээс гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т заасны дагуу шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

      Нэхэмжлэгч нь анх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын Х.Энхцэцэгт холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжилсэн.

      Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын 13-рт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга У.Амарзаяа гэсэн хэсгийг хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж  байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн  хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн өөрчилсөн.

 

           Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах,  аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаар тушаалын Ухаагийн Амарзаяад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодорхойлжээ.

 

      Талуудын тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

      

        Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 заалтууд болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ.  

 

      Нэхэмжлэгч Х.Энхцэцэг нь энэ тушаалын нэгдүгээр хавсралт “Бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлаас чөлөөлөгдөх албан хаагчдын жагсаалт”-ын 24 дүгээрт бичигдэн тус аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгджээ. 

 

    Ийнхүү чөлөөлсөн албан хаагчдаа мөн тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-аар албан тушаалд томилохдоо Х.Энхцэцэгийг ажилд  томилолгүй, У.Амарзаяаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар томилж мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтаар Ухаагийн Амарзаяаг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

 

        Хариуцагчаас зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон, зөвхөн хэлтсийн нэр өөрчлөгдөөд зогсоогүй эрхлэх ажлын чиг үүрэг ч өөрчлөгдсөн гэж, нэхэмжлэгчээс миний ажиллаж байсан Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаал, ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа гэж маргаж байна.     

 

      Монгол улсын Засгийн газрын “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэстэй байхаар тогтоожээ. 

 

        Засгийн газраас тогтоосон аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоо болон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 тоот тушаалаар  нэхэмжлэгчийн эрхэлж байсан Хөгжлийн бодлого хариуцсан нэгжийн нэр нь өөрчлөгдсөн боловч хариуцсан нэгж, нэгжийн даргын орон тоо хасагдаагүй байна.

     

       Хэрэгт авагдсан Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаал / ажлын байр /-ын тодорхойлолтыг Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаал / ажлын байр /-ын тодорхойлолттой харьцуулахад бүтцийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор ажлын байрны зорилгод “эдийн засгийн хөгжлийн стратеги, бодлогыг төлөвлөх” гэж, ажлын үндсэн зорилт 7 байснаа 9 болон нэмэгдсэн, шалгуур үзүүлэлт, ажлын байрны тавигдах шаардлага зарим нэг үзүүлэлтээр нэмэгдэж, ажлын байрны гол ажиллагаа, хугацаа хуваарь гэсэн хэсэг хасагдсан боловч өмнөх агуулга нь хэвээр байх тул хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаал / ажлын байр /-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.    

 

      Мөн Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “... төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн ...” гэж өөрчлөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны албан тушаалын нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн, түүнчлэн томъёоллын хувьд өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ “ гэж тайлбарласан байх тул тухайн албан тушаалын нэр Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс гэж өөрчлөгдөн, хэрэгжүүлэх зарим нэг чиг үүрэг нэмэгдэж, хасагдсанаар зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн нь гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

        Тухайн үед Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолт /хх-37/ 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлагдсанаас үзэхэд Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарь өөрчлөгдсөн гэж нэхэмжлэгчийг ажилд томилохгүй  байх  нөхцөл бүрдээгүй байсныг дурдах нь зүйтэй байна.

 

      Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,”...-аар заасан.

 

      Дээрх хуулийн зохицуулалтаас дүгнэвэл тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалын орон тоо нь хасагдаагүй, зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар зохицуулсан байтал аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 13-рт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар У.Амарзаяаг томилж мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтаар У.Амарзаяаг Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын үүргийг түр орлон  гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан төрийн албаны хууль дээдлэх болон  4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчимд нийцээгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр  болжээ.

 

        Түүнчлэн захиргааны байгууллага, албан тушаалтан нь Х.Энхцэцэгийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар өөрт нь зөвшөөрөгдсөн боломжит хувилбарыг хэрэглэхгүй байгаа нь сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

        Шүүх хуралдаанд хариуцагчаас хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн 2016 оны ажлын төлөвлөгөөг нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаас хасах хүсэлт гаргасан болон  шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

        Иймд дээрх үндэслэлүүдээр хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл баталгааг зөрчсөний улмаас төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 13-рт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар У.Амарзаяаг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын У.Амарзаяаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, Х.Энхцэцэгийг өмнө хариуцан гүйцэтгэж  байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлт хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.  

 

      Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацааны 7 сарын  дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 9.214.219 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас, аймгийн Засаг даргын Тамгын газраас бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж нэрээр 2.592.633 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байх тул цалин хөлснөөс уг тэтгэмжийг хасаж 6.621.586 /зургаан сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг  хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь  зүйтэй байна.

      

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Э нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 13-рт Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар У.Амарзаяаг томилсон хэсэг мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын У.Амарзаяаг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, Х.Энхцэцэгийг өмнө хариуцан гүйцэтгэж  байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосугай.

 

       2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 9.214.219 төгрөг олгохоос урьд олгосон бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж  2.592.633 төгрөгийг  хасч, үлдэх 6.621.586 /зургаан сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг   аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

 

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

        

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй. 

                       

                           

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.БАЯРЦОГТ