Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ХШТ/29

 

М.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар магадлалтай, М.Э-д холбогдох 2314000000137 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1999 оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.2-д зааснаар нийт 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын Э,

            Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч М.Э нь 2021 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хохирогч С.А болон Ц.Д нарын Хаан банкны интернэт банкны системд хууль бусаар нэвтэрч нууц үгийг сэргээх замаар өөрчлөн Хаан банкны ***, *** тоот данснаас нийт 1.607.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2.Шүүгдэгч М.Э нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим хуудсанд “Төслийн зуух захиалга” гэсэн хуудас нээж ажиллуулан, түүгээрээ дамжуулан төслийн зуух нийлүүлэх нэрийдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж:

2.1/2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр, 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус тус иргэн Б.Т-аас 3 удаагийн үйлдлээр 800.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.2/2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн үед иргэн Р.А-ээс  250.000 төгрөгийг  авсан,

2.3/2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 23 цагийн үед иргэн Г.Б-оос  300.000 төгрөгийг авсан,

2.4/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Д.С-ээс 400.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.5/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ш.Ө-аас 300.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.6/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.Г-аас 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.7/2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед иргэн Н.Б-аас 2 удаагийн үйлдлээр 500.000 төгрөгийг,

2.8/2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр иргэн Д.Б-оос 2 удаагийн үйлдлээр 500.000 төгрөгийг,

2.9/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Д.С-тэй харилцаж, иргэн Д.С-ээр дамжуулан 500.000 төгрөгийг авч, иргэн Ц.Б-т  500.000 төгрөгийн хохирол учруулж,

2.10/2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Э.Ц-аас 300.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.11/2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Д-оос 650.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.12/2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Э.Ц-аас 250.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.13/2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Ж.О-аас 400.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.14/2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 15 цаг 45 минутад иргэн Л.Н-аас 350.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.15/2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр иргэн Х.Ж-аас 350.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.16/2022 оны 04 дүгээр сарын 01-ний иргэн М.Н-ээс 250.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.17/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Н.С-ээс 350.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.18/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Д.С-ээр дамжуулан 400.000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Д.Д-д 400.000 төгрөгийн хохирол учруулж,

2.19/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Б.О-аас 350.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.20/2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 цаг 27 минут орчимд иргэн Ш.У-ын эд хөрөнгийг буюу 350.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.21/2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Ц.М-тэй харилцаж, 500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.22/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн М.О-тэй харилцаж, 400.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.23/2022 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Х.Ш-тай харилцаж, 300.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.24/2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэн Н.Б-тай харилцаж, 500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.25/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Т.Ц-аас 300.000 төгрөг, 200.000 төгрөг тус тус авч, нийт 500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.26/2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Д.И-той харилцаж 500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.27/2022 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Д.А-аас 350.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.28/2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн А.М-тэй холбогдож, 500.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.29/2022 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-ны өдрийн хооронд иргэн Т.Х-тай харилцаж, 550.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.30/2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Г.Б-тэй харилцаж, 640.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.31/2022 оны 04 дүгээр сарын 22-ны шөнийн 22 цаг 30 минутын орчимд иргэн Б.Г-тай харилцаж, 350.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.32/2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн 3.Х-аас 300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.33/2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 10 цаг 13 минут орчимд иргэн П.Ц-аас 350.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.34/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ц.Б-өөс 350.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.35/2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр иргэн А.Ц-ээс 300.000 төгрөг, хүргэлтийн мөнгө 60.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авсан, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Ц-аас 300.000 төгрөгийг тус тус авч, нийт 660.000 төгрөг шилжүүлэн авсан,

2.36/2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Б-аас 500.000 төгрөг шилжүүлэн авсан,

2.37/2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэн Б.Л-аас 400.000 төгрөгийг, хүргэлтийн мөнгө гэж 60.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 460.000 төгрөг авч,

2.38/2022 оны 04 дүгээр сарын 24-ний  өдөр иргэн К.Д-гээс 350.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.39/2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр иргэн И.Ц-аас 250.000, 30.000, нийт 280.000 төгрөг шилжүүлэн авч,

2.40/2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн С.М-аас 600.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2.41/2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ж.Л-тай холбогдож 300.000 төгрөгийг шилжүүлэн авч,

2.42/2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэн Б.Б-аас 600.000 төгрөгийг шилжүүлэн авч тус тус хохирол учруулан залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 179 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт М-ын Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлсэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-ыг  долоон зуун хорин  /720/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б овогт М-ын Э-ыг  гурван /3/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан долоон зуун хорин /720/ цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож гурван /3/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван /3/ жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт ялыг  гурван жил  гурван /3 жил 3 сар/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1, 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан гурван жил гурван  /3 жил 3 сар/ сарын хугацаагаар  хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн  зургаан /6/ жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг есөн жил гурван  /9 жил  3 сар/ сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Э-ы энэ хэргийн учир цагдан хоригдсон мянга хоёр зуун  долоо /1207/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч М.Э-д есөн жил гурван  /9 жил 3 сар/ сарын хугацаагаар  оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч М.Э-аас 1.Хохирогч Б.Т-д Төслийн зуухны үнэ 800.000 төгрөг,

2.Хохирогч Х.Ш-т Төслийн зуухны үнэ 300.000 төгрөг,

3.Хохирогч Н.Б-д Төслийн зуухны үнэ 500.000 төгрөг,

4.Хохирогч Р.А-д Төслийн зуухны үнэ 250.000 төгрөг,

5.Хохирогч Г.Б-т Төслийн зуухны үнэ 300.000 төгрөг,

6.Хохирогч Д.С-т Төслийн зуухны үнэ 1.300.000 төгрөг, хохирогч Д.С нь хохирогч Д.Д, Ц.Б нарын хохирлыг төлж барагдуулсан гэх тул хохирогч Д.С-т 1.300.000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

7.Хохирогч Ш.Ө-д Төслийн зуухны үнэ: 400.000 төгрөг,

8.Хохирогч Г.Г-д Төслийн зуухны үнэ 300.000 төгрөг,

9.Хохирогч Н.Б-д Төслийн зуухны үнэ: 500.000 төгрөг,

10.Хохирогч Д.Б-д Төслийн зуухны үнэ 300.000 төгрөг,

11.Хохирогч Э.Ц-д Төслийн зуухны үнэ: 300.000 төгрөг,

12.Хохирогч Б.Д-д Төслийн зуухны үнэ: 650.000 төгрөг,

13.Хохирогч Э.Ц-д Төслийн зуухны үнэ 250.000 төгрөг,

14.Хохирогч Ч.О-д Төслийн зуухны үнэ 400.000 төгрөг,

15.Хохирогч Л.Н-д Төслийн зуухны үнэ 350.000 төгрөг,

16.Хохирогч Х.Ж-д Төслийн зуухны үнэ 350.000 төгрөг,

17.Хохирогч М.Н-д Төслийн зуухны үнэ: 250.000 төгрөг,

18.Хохирогч Н.С-д Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,

19.Хохирогч Б.О-д Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,

20.Хохирогч Ш.У-д Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,

21.Хохирогч Ц.М-д Төслийн зуухны үнэ 500.000 төгрөг,

22.Хохирогч Т.Ц-д Төслийн зуухны үнэ: 500.000 төгрөг,

23.Хохирогч Д.И-т Төслийн зуухны үнэ 500.000 төгрөг,

24.Хохирогч Д.А-д Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,

25.Хохирогч А.М-т Төслийн зуухны үнэ: 500.000 төгрөг,

26.Хохирогч Т.Х-т Төслийн зуухны үнэ: 500.000 төгрөг,

27.Хохирогч Г.Б-т Төслийн зуухны үнэ: 640.000 төгрөг,

28.Хохирогч Б.Г-д Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,

29.Хохирогч З.Х-д Төслийн зуухны үнэ:300.000 төгрөг,

30.Хохирогч П.Ц-д Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,

31.Хохирогч С.А-д 1.547.200 төгрөг,

32.Хохирогч Ц.Д-д 1.607.000 төгрөг хулгайд алдсан,

33.Хохирогч Ц.Б-д Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,     

34.Хохирогч А.Ц-т Төслийн зуухны үнэ: 360.000 төгрөг,

35.Хохирогч Ц.Ц-д Төслийн зуухны үнэ: 300.000 төгрөг,

36.Хохирогч Д.Б-д Төслийн зуухны үнэ: 500.000 төгрөг,

37.Хохирогч Б.Л-д Төслийн зуухны үнэ: 460.000 төгрөг,     

38.Хохирогч К.Д-д Төслийн зуухны үнэ: 350.000 төгрөг,

39.Хохирогч И.Ц-д Төслийн зуухны үнэ: 280.000 төгрөг,

40.Хохирогч С.М-д Төслийн зуухны үнэ: 600.000 төгрөг,

41.Хохирогч Ж.Л-д Төслийн зуухны үнэ: 300.000 төгрөг,

42.Хохирогч Б.Б-т Төслийн зуухны үнэ: 600.000 төгрөг тус тус гаргуулж олгохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утсыг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэргийн учир шүүгдэгч М.Э-ы хувьд ноогдох эд хөрөнгийг  битүүмжлээгүй дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж түүний эдлэх ялыг 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/179 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.  

Прокурор Б.Бат-Оргил эсэргүүцэлдээ “... Шүүгдэгч М.Э нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, фейсбүүк цахим хуудсанд “Төслийн зуух захиалга” гэсэн хуудас нээж ажиллуулж, түүгээрээ дамжуулан төслийн зуух нийлүүлэх нэрийдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 42 иргэнд 17.690.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн М.Э нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөрт шилжих шөнө хохирогч С.А болон Ц.Д нарын Хаан банкны интернэт банкны системд хууль бусаар нэвтэрч нууц үгийг сэргээх замаар өөрчлөн Хаан банкны ***, *** тоот данснуудаас нийт 1.607.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаартай магадлалаар:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т заасан шүүхийн харьяаллыг анхааралгүйгээр хэргийг Баянхонгор аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болж байна. Учир нь:

Гэмт үйлдлүүд нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** тоотод оршин суух хохирогч Б.Л-аас төслийн зуухны үнэ 400.000 төгрөгийг *** дугаарын А гэх хүний данс руу гүйлгээний утга дээр нь Zuuh Huwsguld *** гэж бичээд шилжүүлсэн. Хүргэлтийн 60.000 төгрөгийг фейсбүүк чатаар *** дугаарын О гэх хүний данс руу шилжүүлснээр эхэлж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цаг 27 минутад Өмнөговь аймгийн Ноён сумын *** тоотод оршин суух, хохирогч Ш.У-аас төслийн зуухны үнэ 350.000 төгрөгийг Төрийн банкны 210800005461 тоот дугаарын данснаас **** тоот П-ын Э-ын дансанд 350.000 төгрөг шилжүүлснээр төгсжээ.

Шүүгдэгч М.Э-ы үйлдсэн гэмт хэрэг нь Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Сүхбаатар, Говь-Сүмбэр, Төв, Өвөрхангай, Дорнод, Хэнтий, Дундговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Баян-Өлгий, Өмнөговь, Баянхонгор аймгуудын шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх ба сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх нь Өмнөговь аймгийн шүүх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6-д “гэмт хэрэг хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 7-д “гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх Өмнөговь аймгийн шүүх хэргийг хянан шийдвэрлэх байжээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8-д “уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бодитойгоор тогтооход нөлөөлөхгүйгээр байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 9-т “Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно” гэж тус тус заасны дагуу үзэхэд уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн” гэж үзэх боломжгүй буюу 42 удаагийн залилах гэмт үйлдлийг үйлдсэн үйлдэл нь дээрх нэр дурдсан аймгуудын шүүхийн харьяалах газарт үйлдэгдсэн болох нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болоод прокурор, анхан шатны шүүхийн шатанд 42 удаагийн залилах гэмт хэргийн хохирогч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар илэрхийлэгдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны харьяаллыг хуульчилсан бөгөөд: мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй, Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан, агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гарсан гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын харьяаллыг Улсын ерөнхий прокурор, хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний шийдвэрээр тогтооно" гэж,

-мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх, прокурор хянан шийдвэрлэж байгаа хэрэг нь харьяаллын бус болохыг тогтоовол харьяалах хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, шүүхэд шилжүүлнэ” гэж,

-мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж

-мөн зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ”,

-мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Хэрэгт тус прокурорын газраас 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус шүүхээс хэргийн харьяаллыг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1, 2.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр харьяаллаар шилжүүлсэн.

Гэтэл Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн харьяаллыг буруу тогтоосон байна гэх үндэслэлээр хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаан шилжүүлсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт “Энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан мөрдөгч, прокурор шалгаж, шүүх хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр хяналтын журмаар эсэргүүцэл гаргаж болно:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;

-шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” гэж,

Мөн хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсэх, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн эсэхийг хянана” гэж тус тус хуульчилсан байна. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл М.Э-д холбогдох хэргийг ... хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх ... хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан ... шүүх хянан шийдвэрлэнэ ... Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ ... гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхэд үнэлэх ямар хууль зүйн шалгуур бий болсон талаараа шүүх няцаан үгүйсгэж дүгнэж чадаагүй байна.

Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Э-ы энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцохдоо нийт 1207 хоногоор тооцсон, мөн шүүгдэгч М.Э-аас хохирогч С.А-д 1.547.000 төгрөг, хохирогч Ц.Д-д 1.607.000 төгрөг гаргуулан тус тус олгохоор заасан заалт нь тоо, тооцоолол, техникийн шинжтэй алдаа байх тул хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчлөлт оруулж өгнө үү. Тухайлбал:

М.Э-ыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хойшлуулшгүйгээр баривчилж, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорьсон ба Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар түүнийг 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн цагдан хорьж, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 135 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял шийтгэл оногдуулан, цагдан хоригдсон 6 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон, улмаар Нийслэлийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 665 дугаартай магадлалаар М.Э-ы 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 148 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байх тул, түүний нийт цагдан хоригдсон 154 хоногийг хасаж тооцоход, 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нийт 323 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна.

Иймд Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2023/ШЦТ/179 дугаартай шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар өөрчлөлт оруулж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаартай магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Өнөөдрийн шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч М.Э-ыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, залилах гэмт хэрэг гэж цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг ойлгодог бөгөөд гэмт хэрэг төгссөн цаг хугацааг давж заалдах шатны шүүхээс буруу тайлбарласан буюу баривчлагдсан цаг хугацаанаас хойш мөнгө шилжүүлсэн 12 хохирогчийг хэрэгт хамааралгүй мэтээр дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүх, прокурор, мөрдөгч хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан мөрдөгч, прокурор шалгаж, шүүх хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж заасныг үндэслэн хэргийг Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Харин шийтгэх тогтоолоор хэргийн үйл баримтыг зөв тогтоож шийдвэрлэсэн атлаа техникийн шинжтэй алдаа гарсныг хяналтын шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Шүүгдэгч М.Э-ыг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн Баянхонгор аймагт шалгагдсан хэрэгт хойшлуулшгүйгээр баривчилж, үргэлжлүүлэн цагдан хорьсон 273 хоногийг Сүхбаатар дүүрэгт шалгагдан шийдвэрлэсэн хэрэгт тооцож шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүхээс дахин нэмж 1.207 хоног болгон буруу тооцож шийдвэрлэсэн байх тул зөвтгөн 1.054 хоног болгон өөрчлөлт оруулах, хохирогч С.А-д 1.547.000 төгрөг, хохирогч Ц.Д-д 1.607.000 төгрөг гаргуулан тус тус олгохоор заасан нь тоо, тооцоолол, техникийн шинжтэй алдаа байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дуламсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа “... Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

2.М.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан, мөн хуурч цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн давж заалдах журмаар хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон магадлал хууль зүйн үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Давж заалдах журмаар хэргийг хянан үзэх эрх хэмжээг хэрэгжүүлж байгаа шүүх хэргийн талаар нотолбол зохих зүйлс бүрэн нотлогдсон эсэх, эдгээр нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулсан эсэх, түүнчлэн үнэн бодит байдлыг илэрхийлсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болон Эрүүгийн хуулийн хэм хэмжээг зөв агуулгаар ойлгож хэрэглэсэн эсэхэд бүрэн дүгнэлт хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт хангагдах учиртай.

Гэтэл давж заалдах шатны шүүх М.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн харьяаллын асуудлыг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу байна.

Тодруулбал, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ” гэж хуульчилсны дагуу уг хэргийг өөр шүүхэд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй хэмээн үзэж М.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэ нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ноцтой зөрчилд хамаарахгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуульд зааснаар тогтоосон харьяаллын талаар шүүхүүд хоорондоо маргаж болохгүй ба шилжиж ирсэн хэргийг хүлээн авсан шүүх хянан шийдвэрлэнэ гэж заасан тул Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх М.Э-д холбогдох хэргийг хүлээн авч шийдвэрлэх боломжтой байсан гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүхийн зүгээс эрүүгийн хэргийн агуулгад хамааралтай асуудлууд болох тухайн хэргийн үйл баримт, түүнд эрх зүйн дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны байдал, үндэслэлийн талаар ямар нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй, түүнчлэн давж заалдах журмаар гаргасан оролцогч нарын гомдолд дурдсан асуудал бүрийг хянаж дүгнээгүй төдийгүй, уг асуудлаар хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

3.Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

4.Хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч М.Э-ы гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ, анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, гаргасан шийдвэр үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 38 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хүртэл шүүгдэгч М.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                     Б.АМАРБАЯСГАЛАН

С.БАТДЭЛГЭР

Б.БАТЦЭРЭН

Б.ЦОГТ