| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 191/2025/03664/И |
| Дугаар | 210/МА2025/01771 |
| Огноо | 2025-10-15 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01771
2025 10 15 210/МА2025/01771
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/06158 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 105,791,544.56 төгрөг, үндсэн хүү 32,806,484.9, нэмэгдүүлсэн хүү 1,132,379.56 төгрөг, нотариатын зардал 105,000 төгрөг, нийт 139,835,409.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Зээлдэгч *******, хамтран зээлдэгч ******* нар нь 2023 оны 02 сарын 08-ны өдөр *******-аас №MN600034312501866517 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний үндсэн дээр 26,750,000 төгрөг, посын орлого барьцаалсан зээлийг бараа бүтээгдэхүүн нэмэгдүүлэх зориулалтаар сарын 1,5 хувь, /жилийн 18 хувь/-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан.
1.2. 2023 оны 01 сарын 23-ны өдөр *******-аас *******, ******* нар MN850034312501866164 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээний үндсэн дээр 87,000,000 төгрөгийг орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 1.9 хувь, /жилийн 22.8 хувь/-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээл авсан.
1.3. Мөн түүнчлэн 2023 оны 09 сарын 20-ны өдөр №MN850034312501866164 тоот зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үндсэн дээр нэмж 10,200,000 төгрөгийн нэмэлт орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 1.9 хувь, /жилийн 22.8 хувь/-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай авсан.
1.4. Зээлдэгч нар нь зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчиж ирсэн бөгөөд 2023 оны 02 сараас эхлэн зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж эхэлсэн учраас зээлдэгч *******, ******* нарт зээлийн гэрээний үүргийг биелүүлж, зээлийн зөрчил барагдуулах тухай мэдэгдлүүдийг удаа дараа өгч, үүргээ гүйцэтгэх хангалттай хугацааг өгсөн боловч үүргээ биелүүлээгүй.
Иймд хариуцагч *******, ******* нараас посын орлого барьцаалсан зээлээс үндсэн зээл 17,501,298.29 төгрөг, зээлийн хүү 4,257,716.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 439,262.25 төгрөг, орон сууц барьцаалсан хэрэглээний зээлээс үндсэн зээл 88,290,246.27 төгрөгийг, үндсэн зээлийн хүү 28,548,768.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 693,117.31 төгрөг, нийт 139,730,409.02 төгрөг, нотариатын зардал 105,000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Анх зээл авч, хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлж байсан боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ямар ч төлбөр төлөөгүй мэтээр дурдсан. Гэвч зээлээ төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгээ зээл хариуцсан менежерт тухай бүрд нь мэдэгдэж, боломжоороо хүүгээ төлж байсан.
2.2. 2025 оны 05 сарын 26-ны өдөр Налайх дүүрэг дэх Төрийн банкны захирал *******той уулзаж, өөрийн санал бодлоо хэлж, зээлээ 2025 оны 06 сарын 15-ны өдрөөс эхлэн сард 23,288,401.2 төгрөг төлж, 2025 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл нийт 139,730,409.02 төгрөгийг бүрэн төлж, банкийг хохиролгүй болгоно гэж эвлэрэх санал гаргасан. Гэвч Төрийн төв банкнаас зээл авсан иргэдтэй эвлэрэх боломж байхгүй. Харин 5 сар гэхэд 6, 7 сарын төлбөрөө төлөөд энэ гаргаж өгсөн графикийнхаа дагуу төлж дуусгая гэж хэлсэн.
Миний зүгээс 5 сард 2 сарын мөнгө төлөх боломжгүй учраас бидэнд зээлийг төлөх хугацаа олгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 105,791,544.56 төгрөг, зээлийн хүү 28,988,030.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,132,379.56 төгрөг, нотариатын зардал 105,000 төгрөг, нийт 139,835,409.02 төгрөгийг /нэг зуун гучин есөн сая найман зуун гучин таван мянга дөрвөн зуун есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч *******, ******* нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд *******ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж, 27 байр, ******* хаягт байршилтай, 49.75 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, өмчлөлийн ******* тоот улсын бүртгэлийн дугаартай барьцааны хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 927,328 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас 927,328 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Шүүхийн шийдвэрийн эхний хэсэгт зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 105,791,544.56 төгрөг, үндсэн хүү 32,806,484.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,132,379.56 төгрөг, нотариатын зардал 105,000 төгрөг, нийт 139,835,409.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв гэж бичсэн. Гэвч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 153.1-д заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас үндсэн зээлийн үлдэгдэл 105,791,544.56 төгрөг, зээлийн хүү 28,988,030.6 төгрөг гаргуулах гэж үндсэн хүүгийн дүнг зөрүүтэй бичсэн байна.
4.2. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч тал зээлдэгч нар зээл авснаас хойш гэрээний үүргээ зөрчин ирсэн бөгөөд 2023 оны 02 сараас эхлэн зээлийн гэрээний хавсралтаар баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчиж эхэлсэн. Зээлдэгчийн гаргасан дээрх зөрчлүүд нь зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд эргэн төлөлтийг төлөөгүйгээс зээл, зээлийн хүүгийн төлбөр хуримтлагдсан нь цаашид банкийг эрсдэлд оруулж байна гэж дурдсан байна.
Гэтэл хариуцагч талаас 2023 оны 02 сарын 08-ны өдөр орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг сарын 1.9 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай, 87,000,000 төгрөг, 2023 оны 09 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ, барьцааны гэрээний үндсэн дээр 10,200,000 төгрөгийн нэмэлт орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг дээр дурдсан хугацаатай авч, графикийн дагуу төлж байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2 зээлийн хуримтлагдсан хүү болох 32,806,484 төгрөгийг нэг зээлийн хүү болох орон сууц барьцаалсан хэрэглээний зээлийг хуримтлагдсан хүүг 28,548,768 төгрөг гэж тэмдэглэсэн.
Зээлдэгч нь 2023 оны 02 дугаар сараас эхлэн зээлийн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон бөгөөд төлсөн зээлийн үнийн дүнг тооцон гаргасан. Графикийн дагуу төлөөгүй 2 нэмэгдүүлсэн хүүг өндөр дүнгээр төлөх ёстой гэж дүгнэсэн нь шаардлага хангахгүй.
Давж заалдах шатны шүүх нь зээлийн төлөлтийн задаргаатай холбогдох хэсгийг засаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг хянан үзээд хариуцагч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээн, найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 139,835,409.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч *******, ******* нар эс зөвшөөрч, маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ПОС-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ, ПОС-ын орлого барьцаалсан зээлийн барьцааны гэрээ, MN850034312501866164 дугаартай зээлийн гэрээ, MN850034312501866164 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1. Тодруулбал, *******, *******, ******* нар 2023 оны 02 сарын 08-ны өдөр MN600034312501866517 дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч ******* нь 26,750,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүү төлөх, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх15-18/
Мөн талууд MN600034312501866517 дугаартай посын орлого барьцаалсан зээлийн барьцааны гэрээ байгуулж, барьцаалагч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч *******ын MN350034312501863669/312501863669 дугаартай харилцах дансны орлого болон бусад харилцах, хадгаламжийн данс, түүгээр орох дансны орлого, бусдаас авах бүх авлагын хамт барьцаалахаар харилцан тохиролцсон. /хх19-20/
3.2. Талууд 2023 оны 01 сарын 23-ны өдөр байгуулсан MN850034312501866164 дугаартай Орон сууц барьцаалсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 87,000,000 төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх28-31/
Мөн өдрийн MN850034312501866164 дугаартай барьцааны гэрээгээр талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж, 27 дугаар байр, ******* хаягт байрлах, 49.75 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх32-33/
Талууд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр MN850034312501866164 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь өмнөх 87,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл дээр 10,200,000 төгрөг нэмж, нийт 89,401,154 төгрөгийг, 50 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч А.Сосорбарам, ******* нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, хүү төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлийг харилцан тохиролцсон. /хх52-55, 56-57/
Мөн өдөр талууд MN850034312501866164 дугаартай барьцааны гэрээ байгуулж, *******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Хилчид гудамж, 27 дугаар байр, ******* хаягт байрлах, 49.75 м.кв талбайтай орон сууцыг барьцаалахаар харилцан тохиролцож, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн.
4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байна.
5. Хариуцагч нар дээрх үйл баримт болон гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй, зээл төлөх хугацаа олгохыг хүссэн тайлбар гаргажээ.
6. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна. Харин хоёр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга нотлох баримтыг хэрхэн үнэлсэн, гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрх үүссэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь учир дутагдалтай болжээ. Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэмж дүгнэн уг алдааг залруулах боломжтой байна.
6.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
6.2. Нэхэмжлэгч ******* нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу хариуцагч А.Сосорбарам, ******* нарын данс руу зээлийн мөнгөн хөрөнгийг тус тус шилжүүлсэн болох нь хариуцагч нарын зээлийн дансны хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон. /хх23, 65-68, 74-80, 124-127/
6.3. Хариуцагч нар 2023 оны 02 сарын 08-ны өдөр MN600034312501866517 дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн гэрээний үүргийг 2023 оны 03 сарын 05-ны өдрөөс 2025 оны 02 сарын 05-ны өдрийн дотор зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. Уг гэрээний үүргээс үндсэн зээл 9,248,701 төгрөг, зээлийн хүү 3,358,196 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 33,974 төгрөг, нийт 12,640,872 төгрөг төлсөн, үлдэх үүргийг гэрээгээр тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх74-76/
6.4. Хариуцагч нар 2023 оны 09 сарын 20-ны өдөр MN850034312501866164 дугаартай зээлийн гэрээний үүргийг 2023 оны 10 сарын 20-ны өдрөөс 2027 оны 11 сарын 20-ны өдрийн дотор зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүрийн 20-ны өдөр үндсэн зээл 1,110,908 төгрөг, хүүд 1,675,353 төгрөг, нийт 2,786,261 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /хх52-57/ Тус гэрээний үүргээс үндсэн зээл 8,909,754 төгрөг, зээлийн хүү 15,589,936 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,704 төгрөг, нийт 24,523,394 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх77-80/
6.5. Нэхэмжлэгч тал дээрх ПОС-ын орлого барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,501,298.29 төгрөг, зээлийн хүү 4,257,716.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 439,262.25 төгрөг, нийт 22,198,277 төгрөг, 2023 оны 09 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 88,290,246.27 төгрөг, зээлийн хүү 28,548,768.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 693,117.31 төгрөг, нийт 117,532,131.93 төгрөгийг тус тус хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Хариуцагч нар уг нэхэмжлэлийн үнийн дүнтэй холбогдон шүүхэд тайлбар, нотлох баримт ирүүлээгүй байх тул маргаангүй гэж үзнэ.
6.6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.Сосорбарам, ******* нарт хоёр зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг мэдэгдэж байсан үйл баримт хэргийн 69-73 дахь талд авагдсан Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл нотлох баримтаар тогтоогдож байна.
6.7. Нэхэмжлэгч тал хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээнүүдийн үүрэг шаардаж 2025 оны 04 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
6.8. Дээрхээс дүгнэвэл, зохигчийн байгуулсан 2023 оны 02 сарын 08-ны өдөр MN600034312501866517 дугаартай ПОС-ын орлого барьцаалсан зээлийн гэрээний хугацаа 2025 оны 02 сарын 05-ны өдөр дууссан байх тул уг үндсэн зээл, зээлийн хүү, ашигласан хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
Харин 2023 оны 09 сарын 20-ны өдөр MN850034312501866164 дугаартай зээлийн гэрээний хувьд нэхэмжлэгч нь хугацаанаас өмнө гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасантай нийцсэн. Үүнтэй холбогдон нэхэмжлэгч нь
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсгийн зохицуулалт болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно., 21.2 дахь хэсгийн Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж тус тус заасны дагуу гэрээний үүрэг хариуцагч нараас шаардах эрхтэй. Иймд хариуцагч А.Сосорбарам, ******* нараас ПОС-ын орлого барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 17,501,298.29 төгрөг, зээлийн хүү 4,257,716.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 439,262.25 төгрөг, нийт 22,198,277.09 төгрөг, 2023 оны 09 сарын 20-ны өдөр MN850034312501866164 дугаартай зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 88,290,246.27 төгрөг, зээлийн хүү 28,548,768.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 693,117.31 төгрөг, нийт 117,532,131.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгохоор шүүх шийдвэрлэсэн нь зөв тул энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нар уг шаардлагыг татгалзсан тайлбар шүүхэд ирүүлээгүй байх тул энэ талаар маргаагүй гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж заасан харшлахгүй.
Талуудын хооронд байгуулагдсан 2 барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул тэдгээрийн хооронд мөн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.
8. Мөн нотариатын зардалд 105,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталсныг буруутгахгүй. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь талуудын зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
9. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад нэхэмжлэлийн хангасан дүнг нэгтгэж бичээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс найруулгын өөрчлөлт оруулах замаар залруулав.
10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 23-ны өдрийн 191/ШШ2025/06158 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******, ******* нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 139,835,409.02 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай. гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 857,127 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ч.ЦЭНД