Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 527

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Дайрийжав, шүүгч Ч.Отгонбаяр нарын бүрэлдэхүүнтэй,  

нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч Б.Батнасан,

иргэдийн төлөөлөгч Б.Баясгалан,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Т.Ганболд,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М,

шинжээч С.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Н-д холбогдох эрүүгийн _____________ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _________________ дугаарын регистртэй, Б.Н-.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо 30 дугаар байрны 12 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Д.А-гийн зүүн шилбэний ард талд 1 удаа, баруун гуяны урд гадаргууд 3 удаа, баруун бугуйнд 1 удаа тус тус хутгалж авсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М мэдүүлэхдээ:

“...Нэгэнт бүх зүйл болоод өнгөрсөн. Гомдол санал байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Байгальмаа мэдүүлэхдээ:

“...Шинжээчийн дүгнэлтээр Б.Нг архины хараат байдалтай гэсэн дүгнэлт гарсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед санаа сэтгэл хүчтэй цочирон давчидах гэсэн ойлголт байдаггүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь дүгнэлтээр гарсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Нн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цагийн орчим гэртээ байхдаа тамхи татмаар санагдаад гэрээсээ гараад урд талынхаа байшинг тойроод түц рүү явж байхад замд араас хөөе гэж дуудахаар нь эргээд харахад танихгүй эмэгтэй намайг чи жаахан бүрзгэр яваа юм уу гэж хэлэхээр нь тийм байна гэдгийг хэлэхэд чи ганц юм уух уу гэхээр нь уувал уучихмаар байна, яаж гадаа архи уух уу манай нөхөр гэрт жоохон бүрзгэр байгаа манай гэрт орж ууя гэж хэлээд гэр лүүгээ дагуулан орсон. Гэрт ороход тэр эмэгтэй цүнхнээсээ 0,5 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирсэн. Миний нөхөр А, танихгүй эмэгтэй бид гурав архийг хувааж ууж байхдаа хоорондоо танилцахад өөрийгөө тэр эмэгтэй Э гэж танилцуулсан. Архи дуусаагүй байхад Э нөхөртэйгээ хэрэлдсэн байгаа учир өнөөдөр танай гэрт хоноод гурвуулаа ууж идээд сууя, найз нь утсаа ломбарданд тавъя гэж хэлсэн. Э ломбарданд гар утсаа тавихад бичиг баримт байхгүй гэж хэлэхээр нь би Этай хамт гадагшаа гарсан. Тэгээд KFC хоолны газрын хажуу талд байх ломбард руу ороод Эы цагаан өнгөтэй андройд /маркийг нь мэдэхгүй/ гар утсыг 30,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Мөнгө авсны дараа бид хоёр хойд талын дэлгүүрээс салат, 1 кг-ийн ууттай бууз, 0,75 литрийн “Хараа” нэртэй архи авч гэр рүү орсон. Тэгээд миний нөхөр А, Э бид гурав бууз жигнэж идэнгээ архийг ууж эхэлсэн. Нэг мэдэхэд тасарсан юм шиг байгаа юм унтаж байгаад өндийсөн чинь ягаан өнгийн буйдан сандал дээр бид гурав зэрэгцээд хэвтэж байсан. Би тамхи татах гэсэн чинь тамхи байхгүй болохоор тамхи авах гээд гэрээсээ гарсан. Тэгэхэд миний нөхөр А, Э нар нь унтаад үлдсэн. Байрныхаа наад талын дэлгүүрээс 5 ширхэг тамхи аваад гэртээ орж ирсэн. Том өрөө рүүгээ ороход буйдан дээр улаан өнгийн хөнжил дотор А Э хоёр хэвтэж байхаар нь хөнжлийг хуулахад А, Э нар нь хоёулаа дээд хэсгээрээ хувцастай доогуураа хувцас, турсикгүй шалдан Агийн бэлэг эрхтэнийг Э хөхсөн юм шиг харагдсан. Тэрүүхэн хооронд миний уур хүрээд хар өнгийн иштэй хутгыг барьсан байсан ба хаанаас авснаа манараад мэдэхгүй байгаа юм, хутгыг бариад айлгах зорилгоор Эыг янхан банзал авгай гэж хэлэхэд Э орноос боссон. А намайг гарч зайлаач, зайл гэж хэлэхээр нь намайг гаргаж Этай байх гээд байгаа юм байна гэж бодоод Агийн гуя хавьд нь 2-3 удаа хутгаар хатгасан, Агийн гуянаас цус гарсан байхад надтай хэрэлдээд намайг өшиглөж авах гээд дайраад байсан ба 00-ын өрөө, том өрөө хоёрын хооронд цусаа гоожуулаад нааш цааш яваад байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 185-186, 194-195/,

 

Мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө юу болсон талаар мэдэхгүй байна, ямартай ч манай нагац ах сүүлд суусан эхнэр Нгийн хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 30-12 тоотод амьдардаг байсан. Манай нагац ах миний мэдэхийн 1993 оноос хойш маш их архи уудаг болсон. Архинаас гаргах гэж олон арга хэрэглэсэн боловч огт бүтээгүй, нэг уухаараа хэд хэдэн сараар архи уудаг хүн байгаа юм. Түүний эхнэр Н ч гэсэн архинаас бүрэн хамааралтай болж, хамт нийлж архи уудаг болсон, уухаараа ойр орчмын архи уудаг хүмүүсийг цуглуулаад архи уудаг байсан. Миний болон манай гэр бүлийн зүгээс одоо бол ямар нэгэн гомдол санал байхгүй. Бүх зүйл болоод өнгөрсөн болохоор одоо нэг их гомдоод, гомдлоод байх зүйл байхгүй. Мөн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 48-50/

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Огийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 22 цагийн орчим Баянгол дүүргийн 02 дугаар хороо 30-12 тоотод байрлах гэртээ ирсэн чинь манай эгч О ирчихсэн байсан. Тэгсэн талийгаач А эхнэртэйгээ маргалдаад байсан. Тэгээд хэсэг маргалдаж байгаад чимээгүй болчихсон. Тэгээд хэсэг байж байгаад би унтсан. Тэгээд би эгчтэйгээ өрөөндөө унтаж байсан чинь 01 цаг өнгөрч байхад Н эгч хаалга нүдээд би хүн алчих шиг боллоо түргэн тусламж дуудаач гээд байхаар нь манай эгч О 103 утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 57-58/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Мөнхбаярын өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би 01 цаг 10 минутын орчим Баянгол дүүргийн 02 дугаар хороо 2 дугаар хороолол 60-33 тоотод байрлах гэртэй эхнэр О бага охин Аялгуун /1 ой 6 сартай/ нарын хамт унтаж байсан чинь хаалга тогшихоор нь би босоод хаалга тайлсан чинь ээж Н гэрт орж ирсэн. Тэгэхээр нь юу болсон талаар асуусан чинь А ах чинь цус алдаад байна эмнэлэг дуудаадах гэхээр нь би ээжийг согтуу байхаар нь ..битгий балай юм яриад бай ...гээд ...гэрээс гар... гээд гэрээс хөөгөөд гаргачихсан. Тэгсэн чинь манай эхнэр надад ...наад ээж чинь 2-3 хоног архи ууж байгаа гэсэн чи юу болж байгааг очоод үзээч.... гэсэн. Тэгэхээр нь би гэрээс гараад буудлын ТҮЦ-нээс тамхи авчихаад ээж Нгийн амьдардаг Баянгол дүүргийн 02 дугаар хороо 2 дугаар хороолол 30-12-н 02 тоотод байрлах гэрт очсон чинь хоёр цагдаа ирчихсэн ээжийн хамт байж байсан. Тэгсэн чинь хойд эцэг А нас барчихсан байна гэж цагдаа нар хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 61-63/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Оийн өгсөн:

“...2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө би 19 цагийн орчим ажлаа тараад Баянгол дүүргийн 02 дугаар хороо 30-12 тоотод байрлах гэртэй ирсэн чинь манай өрөө түрээслүүлэгч талийгаач А түүний эхнэр Н нар гэртэй байсан бөгөөд би өөрийнхөө өрөөнд ороод нэг цаг орчимын дараа охин нь болох Нарангарав ирж хувцасаа угааж байгаад 21 цаг өнгөрөөгөөд явчихсан. Тэгээд Нарангарав явсны дараа А эхнэр Нтэй маргалдаад байсан ба А нь эхнэр Нгээ зайл гээд орилж хашгирч байснаа нэг юм хагарах юм уу унасан чимээ гарсан. Тэгснээ хэсэг чимээгүй болчихсон. Тэр үед манай дүү Отгонсүрэн ирсэн. Тэгээд 22 цаг өнгөрч байхад дахиад юм хагарч унах чимээ гарсан. Тэгснээ дахиад талийгаач А эхнэр Нтэйгээ маргалдаад эхнэр Нгээ зайл гээд орилоод Н нь Аг ... жижиг боовтой гээд хараагаад маргалдаад байснаа хэсэг нам гүм болчихсон. Тэгээд тэрнээс хойш чимээ нь нам гүм болчихоор нь би дүүтэйгээ өрөөндөө унтаж байсан чинь гэнэт 01 цаг өнгөрч байхад Н эгч хаалга нүдэхээр нь би босоод хаалганы цаанаас юу болсон талаар асуусан чинь Н эгч ...103 дуудаач би хүн алчих шиг боллоо..яанаа эгч нь одоо шоронд орох байхаа... гээд уйлаад байсан. Тэгэхээр нь би 103-руу утсаараа залгаад яасан шалтгааныг нь мэдэхгүй байсан болохоор 103-т хүн түргэн тусламж дуудаад өг гэж байна гээд дуудлага өгсөн чинь 103 дуудлага өгөх хүнээрээ залгуулчих гээд утсаа салгачихсан. Би дараа нь шууд 102 дугаарт хандаж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 68-69/,

 

Мөрдөн байцаалтад гэрч П.Эы өгсөн:

“...Би Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 57 дугаар байрны 119 тоотод өөрийн нөхөр Б, хүү Б.Э нарын хамт амьдардаг. Болсон зүйлийн талаар ярьж хэлэхэд би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15 цагийн үед байх гэж бодож байна. Яг цаг хэд болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан гадаа өдөр гэгээтэй байсан. Тухайн үед би гэрээсээ гараад хорооллоос 25 дугаар эмийн санруу явах төв замаар ганцаараа алхаад явж байхад 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ойролцоо явж байгаад нэг намхан эмэгтэй ганцаараа миний урд явж байхаар нь би тэр эмэгтэйг хөөе найзаа гэж дуудсан чинь тэр эмэгтэй надруу ирсэн. Тэгээд бид хоёр юм ярьж зогсож байгаад би ганц татах уу гэж тэр эмэгтэйгээс асуусан чинь тэр эмэгтэй тэгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би замдаа нэрийг мэдэхгүй байна нэг дэлгүүрээс авсан Хараа нэртэй архинаасаа нэг удаагийн аяганд хийж өгсөн. Харин тэр эмэгтэй тэр архийг уучихаад яаж гадаа архи уух уу 2-лаа манай гэррүү орох уу манай гэрт манай нөхрөөс өөр хүн байхгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд тэр эмэгтэйгийн гэр рүү нь орсон чинь тэр эмэгтэйгийн нөхөр нь гээд нэг хөгшин сууж байсан. Тэгэхээр нь би нөгөө авсан байсан 0.5 граммтай нэг шил архиа гаргаж ирээд тэр эмэгтэйгийн нөхөртэй нь 3-лаа хувааж ууцгаасан. Архи ууж байхад тэр эмэгтэй манай гэрт хоноод яв гэхээр нь би манай гэр ойрхон юм чинь би гэррүүгээ явна гэж хэлж байсан. Тэгээд тэр Хараа нэртэй архийг ууж дууссаны дараа би тэр эмэгтэйтэй гадагшаа гараад гэрийнх нь ойролцоо байх нэрийг нь мэдэхгүй байна ломбарданд өөрийн барьж байсан гранд маркийн мэдрэгчтэй утсаа 30.000 төгрөгөөр тавиад дэлгүүр ороод 0,75 литртэй Хараа нэртэй нэг шил архи, салат, 1 кг бууз, аваад буцаад тэдний гэррүү орсон.

Ингээд бид гурав нөгөө нэг авсан архиа уух зуур бууз жигнэж идсэн. Харин би тэр үед нилээн их согтсон байсан. Учир нь би тэр мөчөөс эхлэн юу болсныг санахгүй байгаа юм. Нэг ухаан ороход миний санаж байгаагаар миний өмд, түрсийкийг өвдөг хүртэл тайлсан байсан. Хэн яаж тайлсан талаар би огт санахгүй, мэдэхгүй байгаа юм. Харин тэр үед нөгөө эмэгтэй орилчихсон гэрийнх нь шал дүүрэн цус болчихсон нөхөр нь орон дээр хэвтчихсэн байдалтай түүний хажууд эхнэр нь уйлчихсан хөөе, хөөе гээд дуудаад байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд нөхөр чинь үхчихсэн юм биш үү чи харалдаа гэсэн чинь тэр эмэгтэй би нөхрөө алчихлаа гэж хэлээд уйлаад гараад явчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 74-75/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Пийн өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр эрүүлжүүлэх саатуулах байранд цагдаагаар үүрэг гүйцэтгэж байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 01 цагийн үед “БГД-ийн 2-р хороо 30 дугаар байрны 12 тоотод зодоон болоод байна" гэх дуудлагын дагуу дээрх хаягруу цагдаагийн ахлах ахлагч Г.А-ын хамтаар очих үед тэр байрнаас нэг согтуу эмэгтэй сандарсан байдалтай гарч ирэхээр нь тухайн эмэгтэйг саатуулж юу болсон талаар асуухад “манай нөхрийн хөлнөөс цус гараад байна” гэхээр нь 30 дугаар байрны 12 тоотод ороход гэрээр нь дүүрэн цус болчихсон, орон дээр нь нэг хөгшин хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь талийгаачийн биеийн байдлыг үзэхэд амьсгалахгүй байхаар нь шууд тэр даруй жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүнийг дуудуулсан. Шуурхай удирдлагын бүрэлдэхүүн иртэл хэргийн газрын хамгаалалтын үүрэг гүйцэгтэж байгаад 1 орчим минутын дараа бүрэлдэхүүн ирсний дараа тэр согтуу эмэгтэйг цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 78-79/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.А-ын өгсөн:

“...Би 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 цагаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 13 цагийн хооронд эрүүлжүүлэх саатуулах байранд цагдаа жолоочоор үүрэг гүйцэтгэж байсан юм. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 01 цагийн үед “БГД- ийн 2-р хороо 30 дугаар байрны 12 тоотод зодоон болоод байна” гэх дуудлагын дагуу дээрх хаягруу цагдаагийн ахлах ахлагч М.Пийн хамт очиход тэр байрнаас нэг согтуу эмэгтэй сандарсан байдалтай гарч ирэхээр нь тухайн эмэгтэйгээс а/а М.П юу болсон талаар асуухад тэр эмэгтэй “манай нөхрийн хөлнөөс цус гараад байна” гэхээр нь 30 дугаар байрны 12 тоотод ороход гэрээр нь дүүрэн цус болчихсон, орон дээр нь нэг хөгшин хөлөндөө хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь талийгаачийн биеийн байдлыг үзэхэд амьсгалахгүй байхаар нь шууд тэр даруй жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүнийг дуудуулсан. Шуурхай удирдлагын бүрэлдэхүүн иртэл а/а М.П бид хоёр хэргийн газрын хамгаалалтын үүрэг гүйцэтгэсэн. Удаачгүй 10 орчим минутын дараа бүрэлдэхүүн ирэхээр нь хэргийн газрыг хүлээлгэн өгч тэр согтуу эмэгтэйг цагдаагийн хэлтэс дээр авчирч эрүүгийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 80-81/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ц.Ганболдын өгсөн:

“...Талийгаачийн биед үүссэн шархнууд нь гэмтлийн улмаас буюу хатгагдаж зүсэгдсэний улмаас үүссэн байна. Талийгаачийн баруун бугуйн гадна хэсэгт 1.8 см урт, 1-7 цагийн байрлалд, ирмэг тэгш, эдийн дутагдалгүй шарх, баруун гуяны урд дээд хэсэгт босоо байрлалтай, 1.5 см хурц төгсгөл нь доороо, 2.0см гүн, үүнээс доош 8.0см-т 2.0 см урт хурц төгсгөл нь дээрээ, 2.5 см гүн, үүнээс доош 12 см-т 1.7см урт, хурц төгсгөл дээрээ, 3.0 см гүн зүүн шилбэний дээд дунд хэсгийн заагт 10-4 цагийн байрлалд, 2.0 см урт, хурц төгсгөл нь дээрээ, 4.0 см гүн ирмэг нь тэгш, хана нь эгц, хоорондоо эдийн дутагдалгүй шарх, гэмтэлтэй байсан. Дээрх талийгаачийн биед учирсан гэмтэл, шархны хэмжээ, хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутганы хэмжээнээс харахад хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутгаар үүсгэсэн байх боломжтой байна. Зүүн шилбэний арын артер тасарсан судас нь дунд хэмжээний судас чангалуур тавьж боолт хийсэн бол үхэлд хүргэхгүй байж болох байсан. Хэрэв боолт чангалуур тавиагүй дутуу, буруу боолт хийсэн бол дээд тал нь 1 цагийн дотор нас барах боломжтой. Мөн тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална...” гэх мэдүүлэг /1-р хх-н 82/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний шинжээчийн ... тоот:

1. Талийгаачид зүүн шилбэний арын артер тасарсан хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гуяны урд гадаргуу, баруун бугуйн хатгагдаж зүсэгдсэн шархнууд, хоёр тохойн зулгаралт тогтоогдлоо.

2. Дээрхи шархнууд нь 2,0 см өргөнтэй, 3,0 см-с доошгүй урттай, ир үзүүртэй зүйлийн таван удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Зүүн шилбэнд чангалуур тавин, эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой.

4. Талийгаач нь зүүн шилбэний арын артерийн судас тасарснаас цус алдаж үхэлд хүргэжээ.

5. Цус нь 1-р бүлэг байна.

6. Нас барах үедээ согтолттой байжээ.

7.Шинжилгээгээр архины архаг хордлоготой байна. Энэ өвчин үхэлд хүрээгүй.

8. Цусанд 2,4 промилл спирт илэрсэн байна гэх дүгнэлт /1-р хх-н 85-86/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн ... тоот:

1. Шинжилгээнд ирүүлсэн дотоожны баруун шуумагны урд хэсэгт хурц иртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр гарсан 13 мм, 15мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт байна гэх дүгнэлт /1-р хх-н 114/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 666 тоот:

  1. Шинжилгээнд ирүүлсэн хувцсанд гэмтэл гарсан байна.
  • Цайвар ягаан цамцны металл оруулгыг тогтоосон утас татаж чангаах хүчний үйлчлэлээр тасарсан байна. Дээрх гэмтлийг хэдэн удаагийн үйлчлэлээр тасарсан болохыг тогтоох боломжгүй.
  • Улаан халааданд гарсан 20мм, 31 мм, 20мм, 25мм, 35мм, 45мм, 95мм, 30мм, 30мм, 160мм, 40мм хэмжээтэй гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан хуучин ханзралтууд байна. Дээрх ханзралтуудыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.
  • Улаан халааданд гарсан 70х25мм, цагаан бүтээлгэнд гарсан 15мм. 18х5см хэмжээтэй талбайд, 36х45мм, 100х108см хэмжээтэй талбай 36х25мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад олон удаагийн үйлчлэлээр тус тус гарсан хуучин урагдалтууд байна.
  • Саарал өмдөнд гарсан 50мм хэмжээтэй гэмтэл нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ урагдалт байна. Дээрх урагдалтыг хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй.
  • Саарал өмдөнд гарсан 11мм, 15мм, 10 мм, 13мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ир мөртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус гарсан шинэ зүсэгдэлтүүд байна.

2. Дээрх хувцсанд гарсан гэмтлүүдийг ямар цаг хугацаанд гарсан болохыг тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-н 122-126/,

 

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 8-20/,

            - Цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /21-24/,

 

               Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 228/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо 30 дугаар байрны 12 тоотод байх өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нөхөр Д.А-гийн зүүн шилбэний ард талд 1 удаа, баруун гуяны урд гадаргууд 3 удаа, баруун бугуйнд 1 удаа тус тус хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Нн “...Том өрөө рүүгээ ороход буйдан дээр улаан өнгийн хөнжил дотор А Э хоёр хэвтэж байхаар нь хөнжлийг хуулахад А, Э нар нь хоёулаа дээд хэсгээрээ хувцастай доогуураа хувцас, турсикгүй шалдан Агийн бэлэг эрхтнийг Э хөхсөн юм шиг харагдсан. Тэрүүхэн хооронд миний уур хүрээд хар өнгийн иштэй хутгыг барьсан байсан ба хаанаас авснаа манараад мэдэхгүй байгаа юм, хутгыг бариад айлгах зорилгоор Эыг янхан банзал авгай гэж хэлэхэд Э орноос боссон. А намайг гарч зайлаач, зайл гэж хэлэхээр нь намайг гаргаж Этай байх гээд байгаа юм байна гэж бодоод Агийн гуя хавьд нь 2-3 удаа хутгаар хатгасан, Агийн гуянаас цус гарсан байхад надтай хэрэлдээд намайг өшиглөж авах гээд дайраад байсан ба 00-ын өрөө, том өрөө хоёрын хооронд цусаа гоожуулаад нааш цааш яваад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Огийн “...2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ... 01 цаг өнгөрч байхад Н эгч хаалга нүдээд би хүн алчих шиг боллоо түргэн тусламж дуудаач гээд байхаар нь манай эгч О 103 утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Э.Мөнхбаярын “...2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ... ээж Нгийн амьдардаг Баянгол дүүргийн 02 дугаар хороо 2 дугаар хороолол 30-12-н 02 тоотод байрлах гэрт очсон чинь хоёр цагдаа ирчихсэн ээжийн хамт байж байсан. Тэгсэн чинь хойд эцэг А нас барчихсан байна гэж цагдаа нар хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Оийн “...2019 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ... 01 цаг өнгөрч байхад Н эгч хаалга нүдэхээр нь би босоод хаалганы цаанаас юу болсон талаар асуусан чинь Н эгч ...103 дуудаач би хүн алчих шиг боллоо..яанаа эгч нь одоо шоронд орох байхаа... гээд уйлаад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч П.Эы “...нөгөө эмэгтэй орилчихсон гэрийнх нь шал дүүрэн цус болчихсон нөхөр нь орон дээр хэвтчихсэн байдалтай түүний хажууд эхнэр нь уйлчихсан хөөе, хөөе гээд дуудаад байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Пийн “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө ... 30 дугаар байрны 12 тоотод ороход гэрээр нь дүүрэн цус болчихсон, орон дээр нь нэг хөгшин хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь талийгаачийн биеийн байдлыг үзэхэд амьсгалахгүй байхаар нь шууд тэр даруй жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүнийг дуудуулсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.А-ын “...2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө 01 цагийн үед ... “манай нөхрийн хөлнөөс цус гараад байна” гэхээр нь 30 дугаар байрны 12 тоотод ороход гэрээр нь дүүрэн цус болчихсон, орон дээр нь нэг хөгшин хөлөндөө хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь талийгаачийн биеийн байдлыг үзэхэд амьсгалахгүй байхаар нь шууд тэр даруй жижүүрт мэдэгдэж бүрэлдэхүүнийг дуудуулсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний шинжээчийн ... тоот дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Криминалистикийн шинжээчийн ... тоот дүгнэлт, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Криминалистикийн шинжээчийн 666 тоот дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Б.Нг гэм буруугүй гэсэн дүгнэлт гаргасан хэдий ч шүүгдэгч Б.Н нь согтуурсан үедээ амь хохирогч Д.А-г П.Этай хардаж амь насыг хохироосон нь шүүгдэгчийг гэм буруугүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Нд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нь шүүх хуралдаанд “...гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг өгч байх тул шүүгдэгч Б.Нг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд хүний амь нас хохирсон, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээ буюу 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цагаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгий цамц 1 ширхэг, саарал өнгөтэй жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгөтэй эмэгтэй хүний унтлагын хувцас 1 ширхэг, хүрэн өнгөтэй үдээс 1 ширхэг, 0,75 литрийн Shim /Шим/ нэртэй архины шил 1 ширхэг, ундааны хуванцар сав 1 ширхэг, хөнжил 1 ширхэг, эмчийн үзлэг бүхий цаас зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нн цагдан хоригдсон 144 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолох нь зүйтэй.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найман/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.Нд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нн цагдан хоригдсон 144 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай хутга 1 ширхэг, цагаан өнгийн ноосон цамц 1 ширхэг, саарал өнгий цамц 1 ширхэг, саарал өнгөтэй жинсэн өмд 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгөтэй эмэгтэй хүний унтлагын хувцас 1 ширхэг, хүрэн өнгөтэй үдээс 1 ширхэг, 0,75 литрийн Shim /Шим/ нэртэй архины шил 1 ширхэг, ундааны хуванцар сав 1 ширхэг, хөнжил 1 ширхэг, эмчийн үзлэг бүхий цаас зэрэг зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих байгууллагад даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Нн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХ-ЭРДЭНЭ          

                   ШҮҮГЧИД                                  Ц.ДАЙРИЙЖАВ                       

                                                                        Ч.ОТГОНБАЯР