Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 547

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэжаргал,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч Б.У,

хохирогч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Бод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805048110532 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Д.Б.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Гранд вилла хотхоны гаднах явган хүний зам дээр иргэн Д.Б-ийг замын хажууд хаягдсан элс авч байхад нь хүүхдийн тоглоомын элс хулгайллаа гэх шалтгаанаар заамдаж газарт унаган, нүүр тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ:

“...Тус өдөр миний бие амгалан тайван нохойгоо салхилуулаад явж байсан. Манай хороололд эд зүйлийг хулгайлах үйлдлүүд удаа дараа гарч байсан. Миний бие орой салхилах хугацаандаа түүнийг илрүүлж цагдаад өгч байсан. Тус өдөр байрны гадаах тоглоомын талбайд хавтангууд өрсөн байдалтай байсныг би хараад хохирогч Бд болохгүй талаар хэлэхэд өөдөөс эсэргүүцэж бид хоёр маргалдсан. Хохирогч нь тухайн үед хэд хэдэн шуудай авч ирээд элс шуудайлж байсан. Би иргэний үүргээ биелүүлж цагдаа дуудах үед хохирогч бухимдаж бид хоёр маргалдаад би цагдаа ирэх хооронд хохирогчийг цохисон нь үнэн. Тухайн талбайг улсын хөрөнгөөр тохижуулсан байсан. Дүүргийн эзэмшилд байдаг. Хог дээр хаягдсан зүйл биш байсан. Би хэтэрхий омголон зан гаргаж хохирогчийн цохисон нь миний буруу...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эдний байрнаас зүүн тийш овоолгоостой шороо байсан. Тэр нь зам тавьж ашиглаад хаясан шороо байсан. Би тухайн үед хэдэн шуудай элс, бродюр авсан. Тэр үед Ууганболд эхнэртэйгээ нохойгоо дагуулж гарч ирээд намайг хүүхдийн тоглоомын элс хулгай хийлээ гэсэн. Би хаясан байна, илүүдлийг нь авч байна гэж тайлбарлаж хэлэхэд өөдөөс чи яасан пээдгэр юм бэ гээд намайг цохисон, нохой нь бас надруу дайрч урсан. Би аль болох өөрийгөө цохиулахгүйгээр зуурах үед Ууганболд миний куртикнээс тавь, чамаас үнэтэй куртик гэж хэлсэн. Ууганболд намайг боосон, өшиглөсөн. Тэгээд байрны хамгаалагч нар ирсэн мөн цагдаа нар ирээд бид хоёрыг аваад явсан...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Уын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 17-ны оройн 20 цагийн үед гадаа нохойгоо салхилуулаад явж байтал байрны сагсны шийдний зүүн талын талбайгаас явган хүний замын хавтанг салгаж аваад замын хажууд нь өрөөд байхаар нь юу болоод байгаа юм бэ та барилгын хүн үү гэж асуухад үгүй би гудамжинд байгаа хогийг авч байнаа гэж хэлсэн. Ойролцоо байсан харуулын пүүтгэнд байсан харуулыг дуудсан. Хоёр харуул ирэх хооронд би эргэж очсон. Чи хулгай хийгээд байгаа юм биш үү гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Энэ хооронд тухайн хүн зугтах гээд дээшээ явсан би цамцнаас зуураад авсан. Танай гудамжинд байгаа хогийг аваа биз юу нь сүртэй юм гээд өөдөөс дайрсан. Би цамцнаас нь зуураад бариад зогсож байсан. Удалгүй хоёр харуул ирсэн. Тухайн ирсэн хоёр харуулд хүлээлгэж өгөөд хоёр харуул уг хүнийг гарны шуунаас нь бариад зогссон. Би цагдаад дуудлага өгсөн учраас цагдаа ирэхийг хүлээж байгаад цагдаа ирэхээр нь тухайн хулгай хийж байсан гэх хүнийг хүлээлгэж өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа эд зүйлийн зургийг дарсан, хоёр харуултай уулзаад хулгай хийж байсан хүнийг аваад явсан. Би гэртээ харьсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-н 22-23, 59-60/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Б-ийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 17-ны оройн 21 цаг 30 минутын орчимд БГД-ийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дунд голын хойд талын эрэг дагуу шинэ баригдсан байрнаас зүүн тийш, байрлах тарааж хаясан элс бродюрнаас авсан. Уг элс, бродюр нь 2015 онд шинэ барихаас өмнө хүүхдийн тоглоомын талбай барьсан зам тавьсан ажлын үлдэгдэл байсан. Үүнээс авч байхад хажуугаар нохойтой 30 гаран насны эрэгтэй, эмэгтэй хоёр хажуугаар өнгөрсөн, Хүүхдийн тоглоомын элс хулгайллаа гэж дайрсан, би өөдөөс нь хаягдсан барилгын материалын үлдэгдэл авч байсан гэж хэлсэн. Чи хүүхдийн тоглоомын элс авлаа чи ямар пээдгэр юм гэж хэлэн 30 гаран насны эрэгтэй ирж нүүрэн тус газарт цохисон, барьж явсан нохойгоороо уруулсан. Намайг юм хулгай хийлээ гэж уг залуу цагдаа дуудсан. Сөхийн хамгаалагч ирсэн, Сөхийн хамгаалагчийн хажууд мөн боож унагаж зодсон. Удалгүй цагдаа ирсэн. Ирээд миний бичиг баримтыг шалгасан. БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирсан. Нөгөө намайг зодсон залууг явуулсан. Тэр залуу миний нүүр, толгой руу 5-6 удаа цохисон. Цаашид гарах эмчилгээний зардлыг гаргуулан авмаар байна. Гомдолтой байна хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-н 10-11, 56/,

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Мын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр би ажлаа хийж байтал нэг эмэгтэй ирээд тэнд хүмүүс зодолдоод байна та очиж салгахгүй юм уу гэж хэлсэн ингээд очтол Гранд вилла хотхоноос зүүн тийш зам дагуу хоёр эрэгтэй хүн заамдалцсан зогсож байсан. Би очоод тухайн хоёр хүнийг салгасан. Энэ хүн хүүхдийн талбайгаас юм хулгайлж байна, чи ажлаа хийдэггүй юм уу гэж нохойгоо салхилуулж явсан эрэгтэй хэлсэн. Нөгөө элс авч байсан эрэгтэй би явмаар байна гэж хэлсэн чи яахаараа явдаг юм хулгай хийж байж гээд нүүр лүү нь гараараа цохиод авсан, нөгөө элс авч байсан эрэгтэй бас зөрүүлээд цохисон. Ингээд салгах үед мөн заамдаж аваад элс авч байсан эрэгтэй өшиглөсөн. Энэ үед хажуугаар явж байсан машинтай цагдаа ирээд та хоёр болиоч гэж хэлсэн. Ингээд энэ хоёр зууралдахаа больсон. Ингээд удаагүй байхад дуудлагын цагдаа ирээд элс авч байсан эрэгтэйг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 49/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.М-гийн өгсөн:

“...2018 оны 09 дүгээр сарын 17-ны оройн 20 цагийн үед хулгай хийж байгаа хүн барилаа гэж БГД-ийн 03 дугаар хороо Гранд Вила хотхоны явган хүний замын ойролцоо гэж дуудлага ирсэн. Ингээд дуудлагын дагуу очиж шалгасан, гэтэл Гранд Вила хотхоны зүүн талын явган хүний зам дээр сул шороог Б гэх иргэн шуудайлаад авч байсан гэтэл уг байрны оршин суугч Ууганболд дуудлага өгсөн. Ууганболд Байгалийн өмсөж байсан цамцаар нь хүзүүг нь боосон байдалтай хүзүү нь улайсан Б энэ миний хүзүүг боож намайг цохисон гэж хэлэн хэрэлдсэн зогсож байсан. Би Б гэх хүнийг машинд суулгаад аваад явсан, Ууганболд араас ирсэн өргөдөл өгнө гээд ирсэн. Ингээд хэлтэс дээр авчираад дараагийн дуудлаганд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 50-51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн ... тоот: 

  1.Д.Б--н биед зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамар-уруулын гурвалжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжинд язрал, цус хуралт, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, хүзүү, баруун бугалганд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

  2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 16/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхий лавлагаа /хх-н 24/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/

-оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.У нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Гранд вилла хотхоны гаднах явган хүний зам дээр иргэн Д.Б-ийг замын хажууд хаягдсан элс авч байхад нь хүүхдийн тоглоомын элс хулгайллаа гэх шалтгаанаар заамдаж газарт унаган, нүүр тус газар нь цохиж биед зүүн хацар, зүүн нүдний зовхи, хамар-уруулын гурвалжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завьжинд язрал, цус хуралт, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, хүзүү, баруун бугалганд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Уын “...бид хоёр маргалдаад би цагдаа ирэх хооронд хохирогчийг цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Д.Б-ийн “...30 гаран насны эрэгтэй ирж нүүрэн тус газарт цохисон, барьж явсан нохойгоороо уруулсан. ...Сөхийн хамгаалагчийн хажууд мөн боож унагаж зодсон. Тэр залуу миний нүүр, толгой руу 5-6 удаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

гэрч О.Мын “...Нөгөө элс авч байсан эрэгтэй би явмаар байна гэж хэлсэн чинь чи яахаараа явдаг юм хулгай хийж байж гээд нүүр лүү нь гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.М-гийн “...Ууганболд Байгалийн өмсөж байсан цамцаар нь хүзүүг нь боосон байдалтай хүзүү нь улайсан Б энэ миний хүзүүг боож намайг цохисон гэж хэлэн хэрэлдсэн зогсож байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Уод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 140.000 төгрөгийг шүүгдэгч Б.Уоос гаргуулж, ххирогч Д.Бд олгож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Б.Уод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар нь хүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.Уод 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Уод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уод  600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Б.Уоос 140.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Бд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Уод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ