Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2025/01798

 

 

 

 

2025 10 20 210/МА2025/01798

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04770 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн 49,515,500 төгрөг, алданги 495,155 төгрөг, хохиролд 51,926,000 төгрөг, нийт 101,936,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* нь 2021 оны 10 сарын 18-ны өдөр *******-тай орон сууц захиалгын ND-S-PH1-0047 дугаартай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хотхоны 103 блокны 5 давхрын ******* тоотод байршилтай 3 өрөө 74.18 м.кв орон сууцыг 165,050,500 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-т зааснаар гүйцэтгэгч нь гэрээний 1.1.-д заасан орон сууцыг батлагдсан зураг төслийн дагуу хууль тогтоомж, барилгын норм ба дүрэм, стандартад нийцүүлэн 2023 оны 1 улиралд багтаан хүлээлгэж өгөх үед үлдэгдэл төлбөрийг төлөх байсан.

Гэрээний урьдчилгаа төлбөр болох 49,515,500 төгрөгийг миний өмнөөс ******* шилжүүлсэн. Учир нь, миний бие тус компанид нягтлан бодогчоор 2010 оноос 2023 он хүртэлх олон жилийн хугацаанд үр бүтээлтэй, хичээл зүтгэлтэй ажиллаж байсныг компанийн зүгээс үнэлж урамшуулал болгон байрны урьдчилгаа 49,515,500 төгрөгийг өгч, *******-д шилжүүлсэн.

Тус орон сууцыг ******* нь 2024 оны 09 сард Улсын комисст хүлээлгэн өгч, ашиглалтад орсон тул үлдэгдэл төлбөрөө төлөхөөр холбогдоход гэрээ цуцалсан, урьдчилгаа төлбөрийг *******-д шилжүүлсэн гэх хариуг өгсөн. *******-ийн зүгээс надад гэрээ цуцалсан талаар мэдэгдээгүй.

Хэрэв тус компанитай гэрээ хийгээгүй бол 2021 онд өөр барилгын компанитай гэрээ байгуулж, орон сууцтай болох боломжтой байсан. Мөн 3 жилийн өмнөх орон сууцны ханшийн өсөлтөөс болж надад хохиролтой нөхцөл байдал үүсэж байна.

Иймд орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 49,515,500 төгрөг, алданги 495,155 төгрөг, үнийн зөрүү 51,926,000 төгрөг, нийт 101,936,655 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:

2.1. 2021 оны 10 сарын 04-ний өдрийн *******-ийн хүсэлтээр 2 ажилтантай тусгай нөхцөлөөр гэрээ байгуулахаар харилцан тохиролцсон. Тус компаниас ******* гэрээгээ зөрчсөн тул урьдчилгаа төлбөрийг буцаах тухай мэдэгдсэний дагуу бид төлбөрийг 2024 оны 10 сарын 03-ны өдөр ******* руу шилжүүлсэн.

2.2. Манай компани *******д бичгээр гэрээ цуцалж байгаа талаараа мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******-аас орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаанд төлсөн 49,515,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 52,421,155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667,634 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 405,527 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна.

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д нэхэмжлэлийн шаардлагаас 49,515,500 төгрөгийг хангаж, үлдэх 52,421,155 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэсэн.

Хариуцагч талаас *******тай тусгай нөхцөлөөр гэрээг байгуулан урьдчилгаа 49,515,500 төгрөгийг ******* төлсөн нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдсон. Шүүгч уг нотлох баримтыг үнэлсэн атлаа хариуцагчаас 49,515,500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.4-т хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээг *******-ийн хүсэлтээр хөнгөлөлттэй үнээр байгуулсан, *******-аас *******г хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, ажлаас гарч байгаа үндэслэлээр гэрээний урьдчилгааг буцаан гаргуулах албан бичиг ирүүлсэн тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, урьдчилгаа төлбөрийг компанид буцаан шилжүүлсэн, нэхэмжлэгчид мэдэгдэх үүрэггүй гэж маргасан. гэжээ.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч талаас орон сууц захиалгын гэрээг цуцалсан тухай нэхэмжлэгч *******д мэдэгдэх шаардлагагүй гэж тайлбарлаагүй. 2024 оны 10 сарын 03-ны өдөр ******* цахим шуудангаас нэхэмжлэгчийн цахим шуудан буюу и-мэйлээр мэдэгдэл хүргүүлсэн гэх тайлбар хэлсэн. Гэтэл уг мэдэгдэл хүргүүлсэн тухай цахим баримт нь хэрэгт чухал ач холбогдолтойг шүүх мэдсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлаагүй. Мөн хэрэгт цугларсан нотлох баримт дутуу байхад хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.1, 7.5-д Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа 49,515,500 төгрөгийг *******-аас *******-д шилжүүлсэн болох нь Голомт банкны цахим гүйлгээний баримтаар тогтоогдож байна гэх боловч урьдчилгаа төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэгч ******* шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв. гэж 2 өөр дүгнэлт гаргасан нь шийдвэртэй зөрчилдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

******* нь орон сууцны урьдчилгаа төлсөн нөхцөл нь нэхэмжлэгчийн тус компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ бөгөөд уг гэрээг ******* өөрийн санаачилгаар цуцалсан. Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэх эрхгүй байна. Орон сууцны захиалгын гэрээг ******* байгуулсан боловч урьдчилгаа төлбөрийг өөрөө буцаан авахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэмжээнд нотлох баримтад тулгуурлан үнэлэлт дүгнэлт өгөхдөө нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

5.1. Хэрэгт авагдсан ND-S-PH1-0047 дугаартай орон сууц захиалгын гэрээ нь 2 талт гэрээ болохоос ямар нэгэн гуравдагч этгээд буюу *******-ийн төлөөлөл эрх ашиг нь хөндөгдөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу *******-д 49,515,500 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

5.2. Хөдөлмөрийн гэрээ нь ******* болон ******* нарын хоорондын харилцаа болохоос өнөөдрийн хянан хэлэлцэж байгаа маргаанд огт хамааралгүй. Хариуцагчийн зүгээс *******-ийг орон сууцны захиалагч гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан гэрээнд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдвөл төлбөрийг буцаан төлнө гэх заалтыг оруулаагүй.

******* нь *******-д 13 жил тогтвор суурьшилтай ажилласны шагнал, урамшуулал болгож, эхний ээлжид орон сууцны урьдчилгаа төлбөр 49,515,500 төгрөгийг ******* төлсөн талаар маргадаггүй. Харин хариуцагч тал урьдчилгаа төлбөрийг ******* төлсөн учраас энэ компанид нь буцаагаад төлөх үүрэгтэй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Гэтэл тухайн урьдчилгаа төлбөрийн талаар ******* гомдол гаргаагүй бөгөөд тухайн байгууллага хохирсон тохиолдолд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэх эрх нь *******д байна. Гуравдагч этгээдийн талаар орон сууц захиалгын гэрээнд дурдагдаагүй. Уг нь тухайн оронд сууцад нүүж орох санаа зорилго байсан боловч удаа дараа очиход үүдээрээ оруулаагүй учраас өгсөн мөнгөө буцаан нэхэмжилсэн.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтад үндэслэн зөв дүгнэлт өгсөн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн 49,515,500 төгрөг, алданги 495,155 төгрөг, хохиролд 51,926,000 төгрөг, нийт 101,936,655 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...******* нь гэрээгээ зөрчсөн учир урьдчилгаа төлбөрийг буцаах талаар *******-аас мэдэгдсэн. Үүний дагуу манай компаниас орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрийг буцаан шилжүүлсэн тул хариуцахгүй, ... гэрээ цуцлах тухай *******д мэдэгдсэн ... гэж тайлбарлан, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

3.1. ******* болон ******* нар 2021 оны 10 сарын 18-ны өдөр ND-S-PH1-0047 дугаартай Тусгай нөхцөлтэй орон сууц захиалгын гэрээ нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, ******* хотхоны 103 дугаар блокны 5 давхрын ******* тоот хаягт байршилтай, 3 өрөө 74,18 м.кв талбай бүхий орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд барьж, ашиглалтад оруулан захиалагчийн өмчлөлд шилжүүлэх, ******* нь орон сууцны үнэд 165,050,500 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 49,515,500 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 115,535,000 төгрөг тус тус төлөх нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх4-7/ Зохигч талууд гэрээ байгуулсан үйл баримтад маргаангүй байна.

Анхан шатны шүүх уг нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж тодорхойлон, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн.

Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

3.2. Нэхэмжлэгч ******* нь гэрээний дагуу орон сууцны үнээс 49,515,500 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч *******-д шилжүүлэх үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ. /хх9/

Учир нь, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно. гэж заасан.

Хэргийн 60 дахь талд авагдсан *******-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 108 дугаартай албан бичигт ... манай байгууллага танай байгууллагын явуулсан тусгай нөхцөлийн талаар хуралдаж үзээд танай ******* хотхон орон сууцны төслөөс 74,18 м.кв бүхий орон сууцнаас 2 ширхгийг өөрийн байгууллагад амжилт бүтээлтэй ажилласан, цаашид тогтвор суурьшилтай ажиллах ажилтнуудаасаа сонгон шалгаруулалт хийсний үндсэн дээр тогтвортой ажиллах гэрээ хийн орон сууцны урьдчилгаа болох 30 хувийг *******-аас танай байгууллагын дансанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. ... П.Дамдиндорж, ... ерөнхий нягтлан бодогч ******* ... дээрх 2 орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрийн нэхэмжлэхийг манай байгууллагын нэр дээр явуулж өгнө үү гэсэн байна.

******* нь хариуцагч *******-ийн данс руу 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч *******гийн худалдан авч буй ******* тоот орон сууцны урьдчилгаа төлбөрт 49,515,500 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх32, 62-63/

Хэргийн 10-11 дэх талд *******-аас *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан тухай Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт авагдсан байна. Иймээс нэхэмжлэгч *******г гэрээний урьдчилгаа төлбөр төлөх үүргээ гуравдагч этгээдээр гүйцэтгүүлсэн гэж үзнэ.

3.3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2023 оны 1 дүгээр улиралд ашиглалтад орох байсан орон сууц нь 2024 оны 9 сард Улсын комисс хүлээж авсан. Тэгээд уг байрыг ашиглалтад орж байгаа мэдээллийг аваад үлдэгдэл төлбөрөө төлөх гэтэл *******-аас таны гэрээг цуцалсан ... урьдчилгаа төлбөрийг хуучин ажиллаж байсан газар руу нь шилжүүлсэн ... хэмээн миний эрхийг зөрчсөн ... гэрээ цуцалсан талаар мэдэгдээгүй ... гэх агуулгаар тайлбарлажээ. Хариуцагч тал ... ******* 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 264 тоот албан бичгээр ... ******* тогтвортой ажиллах гэрээ байгуулаагүй, ажлаас гарсан тул орон сууцны урьдчилгааг өөрийн дансандаа буцаан шилжүүлэхийг хүссэн .... ******* ... ажлаас гарсан нь тогтоогдсон, ... *******гаас урьдчилгаа төлбөрийг манай компанийн данс руу шилжүүлээгүй нь тогтоогдсон ... одоогийн зах зээлийн ханшаар худалдаж авахыг *******д тайлбарласан ... *******гийн мэйл хаягаар гэрээ цуцлах тухай мэдэгдсэн ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, талууд маргасан байна. /хх63-65/

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ. гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй. гэж тус тус заасан.

Хариуцагч ******* дээрх татгалзлын үндэслэлээ нотолсон баримт шүүхэд цуглуулж өгөөгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээнээс татгалзсан тухай нэхэмжлэгч *******гийн цахим шуудангийн хаягт мэдэгдэл явуулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн үзлэг хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ. Түүнчлэн мөн зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан ажиллагааг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг үндэслэн явуулах журамтай. Хариуцагч талаас нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлт шүүхэд гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол хангагдахгүй.

Мөн ******* нь гэрээний нэг тал биш учир нэхэмжлэгч *******тай байгуулсан гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өөрийн компани руу буцаан шилжүүлэхийг хариуцагч *******-аас шаардах эрхгүй. Түүнчлэн, ******* болон ******* нарын хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудал нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнээс татгалзах хуулийн үндэслэл болохгүй юм.

Хариуцагч ******* нь гэрээгээр тогтоосон хугацаанд орон сууцыг нэхэмжлэгч *******д хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүйн гадна түүнд гэрээний дагуу орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх үүргээ гүйцэтгэх боломж олгоогүй болох нь талуудын дээрх тайлбараар тогтоогдсон. /хх62-65/

Улмаар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсантай холбогдон гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөр, учирсан хохирлоо хариуцагчаас шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Дээрхээс дүгнэхэд, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******г гэрээнээс татгалзсан гэж үзэх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй.

Талууд гэрээний 4.7-д Захиалагч нь гэрээний эрх, үүргээ гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүй гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглох бөгөөд захиалагчийн өмнөөс гуравдагч этгээд мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэсэн нь гэрээний эрх, үүргээ шилжүүлэх үндэслэл болохгүй гэсэн нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх5/

Хэрэгт уг гэрээний дагуу нэхэмжлэгч ******* эрх, үүргээ *******-д шилжүүлсэн талаар баримт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн гэрээгээр шилжүүлсэн 49,515,150 төгрөгийг хариуцагч *******-аас буцаан гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн тул ... орон сууцны захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрийг хэн төлсөн, гэрээ цуцлагдсан тохиолдолд хэнд буцаан төлөх эсэхийг шалгалгүй хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.4. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагаас алданги 495,155 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талууд гэрээнээс татгалзсанаар үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алданги тооцон шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн хохирол шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн бөгөөд уг нэхэмжлэлд холбогдох хэсгийг нэхэмжлэгч тал 51,926,000 төгрөгийн бодит хохирол учирсан болохоо баримтаар өөрөө нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/04770 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 667,633 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

Ч.ЦЭНД