| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 184/2025/00186/И |
| Дугаар | 210/МА2025/01799 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2025/01799
2025 10 20 210/МА2025/01799
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/05689 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 92,250,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. ******* нь *******тай анх 2015 онд танилцаж, нэг газар цуг ажиллаж бизнесийн богино хэмжээний зээлийг өгч байсан. 2021 оны 05 сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 сарын 21-ний өдрийг хүртэл хариуцагч *******ийн ХААН банк дахь ******* тоот данс, хариуцагч *******ын Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот дансаар дамжуулан зээл авч, *******гийн ХААН банк дахь *******, Хас банк дахь *******, Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд буцаан төлж байсан.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн ХААН банкны дансаар нийт 448,305,000 төгрөгийн зээл авч, 391,645,000 төгрөгийг эргэн төлж, 56,660,000 төгрөгийг төлөөгүй. Мөн Хас банкны дансаар 40,052,000 төгрөгийн зээл авсан боловч эргэн төлөлт хийгээгүй. Худалдаа хөгжлийн банкны дансаар 154,075,000 төгрөгийн зээл авч, 158,537,000 төгрөгийн төлөлт хийсэн байна.
Иймд хариуцагч *******, ******* нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 92,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Анх ******* нь чи нарантуул дээр хүн их таньдаг юм чинь эгчдээ өдрийн зээлүүд гаргаад өгөөч гэж санал тавьсан. Түүнээс миний бие *******гаас мөнгө зээлсэн юм байхгүй. Манай дүү *******, *******г нэг ч удаа харж байгаагүй, огт танихгүй. Өдрийн зээл нэг онцлогтой бөгөөд 3 сая төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн тохиолдолд 3,245,000 төгрөг болно. Амралтын өдрөө хасаад 25 хоногт хуваахаар, өдөр бүр 135,000 төгрөгийн дүнтэй гүйлгээний утгатай шилжүүлсэн. Мөн гүйлгээний утга нь НА гээд зураас татаад 24-ийн 15 гэж гүйлгээний утгатай байдаг. Энэ кодууд нь миний татгалзлыг нотлох баримт байна. Уг нь *******д өдрийн зээлийн бүртгэлийн хар дэвтэр байгаа боловч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Дараагийнх нь ДУ 25-ийн 9 гэдэг нь Ду гэдэг нь хүний нэрний эхний 2 үсэг бөгөөд 25 өдрийн 9 дэх өдрийн төлбөр байдаг. Үүнээс өмнөх 25-ийн 15, 25-ийн 16 гэсэн нь өмнөх 1-15, 1-16, 1-9 хүртэл, ДУ 25-ийн 10 гэж 216,000, энэний 1-9, на 25-ийн 1 гэж шинээр эхэлж байна. Энэ болохоор 432,000, 5 дугаарх нь энэ гүйлгээнүүд байхгүй. Энэ дандаа ингэж на 25-ийн нэг гэдэг шиг 1-ээр эхлэх ёстой байсан. 25 дахь хоногийн өмнөх төлбөрүүдийг бэлнээр өгч авалцсан.
Өдрийн зээл, өдөрт 8-10 хүний төлбөр орж ирдэг бөгөөд энэ мөнгөн дүнгүүд нь 135, 216, 432, 648,000, 864,000 гэх байдлаар давхардсан тоонууд байдаг. ******* нь анхнаасаа миний данснаас мөнгө шилжүүлж 650,000,000 өдрийн зээл гаргасан, 8 хувийн хүүтэй, сарын зээл биш, өдрийн зээл учраас өдөр, өдөртөө эргэж төлдөг.
Олон давтамжтай авсан зээлийн асуудал нь хар дэвтэргүй, тэмдэглэлгүй байна гэж байхгүй бөгөөд миний бие орой болгон *******тай тулгадаг байсан. Хавтаст хэргийн 62 дугаар хуудасны ард 280,000 төгрөгийн гүйлгээний утга дээр бүх тооцоо дуусаад дахиад 135,000 утга дээр дууссан.
******* нь 3, 4 жилийн хугацаанд нэг ч удаа шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хүний өөдөөс хараад нэг ч удаа надтай холбогдоогүй. Миний тооцооллоор ******* нь надаар дамжуулан нийт 650,000,000 төгрөгийг 900,000,000 төгрөг болгож авсан. 2021 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн хаан банкны тодорхойлолтоор ******* тоот дансны мэдээлэл надад ирэх болсон бөгөөд манай дүү уг дансыг хэрэглэдэггүй. Мөн бүх гүйлгээг гэж хийдэг байсан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,250,000 төгрөгийг болон хариуцагч *******ид холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 619,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт ... нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 86,250,000 төгрөгийг болон хариуцагч *******ид холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэснийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын ихэнх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо зөвхөн хариуцагч талын хариу тайлбарт үндэслэн хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т *******гийн хариуцагч нарын данс руу 448,305,000 төгрөг шилжүүлсэн гэх үйл баримтаа нотолж дансны хуулгаа хэрэгт хавсаргадаг ба энэхүү мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргадаггүй. гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгийг хэрхэн төлсөн, ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаагаа нотлоогүй байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.
4.2. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1, 4.2, 4.3-т зээлүүлсэн, зээлсэн гэх үйл баримт нотлогдоогүй гэж дүгнээд 4.1, 4.2, 4.3-т хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэснээ тайлбарласан байх бөгөөд мөнгө шилжүүлсэн гүйлгээний утгаас нэхэмжлэгч мөнгөн хөрөнгө зээлүүлсэн гэх үйл баримт эргэлзээтэй байна. Харин хариуцагч *******ын хэлсэн тайлбар бодит үнэнд нийцсэн, үндэслэл бүхий тайлбар гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зарчмыг зөрчиж, хариуцагч тайлбараа нотолгооны бусад хэрэгслээр нотлоогүй нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.
Хэрэгт авагдсан дансны хуулгаар нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгө шилжүүлж байсан бодит үйл баримт байдаг бөгөөд харин нэхэмжлэгчээс авсан мөнгөө түүний хэлснээр хүнд зээлүүлсэн гэх хариуцагчийн тайлбар нотлогддоггүй. Энэ утгаараа ******* нь *******ын өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжүүлж, ******* шилжүүлэн авсан мөнгөө өөрөө бүрэн захиран зарцуулж байсан.
Харин шүүхээс талууд гүйлгээний утга дээрээ зээлүүлсэн, зээл, зээлийн төлбөр гэж бичээгүйгээс зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй. Мөн талуудын хооронд өөр ямар эрх зүйн харилцаа үүссэн эсхүл үүсээгүй тухай дурдаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг эргэлзээтэй, үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* анх нэхэмжлэл гаргахдаа 160,000,000 төгрөг нэхэмжилж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 92,250,000 төгрөг болгож багасгасан. Ямар нэгэн байдлаар мөнгөө бага багаар буцааж төлсөн зүйл огт байхгүй. Илтгэгч шүүгчийн тайлбарт дурдсан мөнгөнүүдийг нэг өдөрт 4-5 удаа, 5-6 удаа шилжүүлж байсан. Хэрэв хүнд мөнгө зээлүүлсний дараа өдөрт 5-6 хувааж, ямар нэгэн гүйлгээний утгаар шилжүүлэх боломжгүй учраас анхнаасаа өдрийн зээл олгож байсан.
Мөн ******* нь 2021 оны 01 сард манай гэрийн гадаа ирээд өдрийн зээл гаргаж байсан. Бүх зээл оны сүүл болоод хаагдаад цагаан сарын амралтын үе эхэлж байхад дүү нар чинь БНСУ-д байгаа юм чинь 160,000,000 төгрөгийг одоо өг гэж хэлсэн.
Анхан шатны шүүхэд нотлох баримтаар Хаан банк ХК, бусад банкны дансны хуулгад дурдагдсан гүйлгээний кодоор зээл аваагүй гэдгийг нотолсон бөгөөд өдөрт 5-6 удаагийн давтамжтай мөнгө шилжүүлж байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч *******, ******* нар эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...би *******гаас зээл авч байгаагүй, харин түүний даалгаснаар бусдад зээл өгч, буцааж бэлнээр болон дансаар шилжүүлдэг байсан, ... тооцоо байхгүй. Миний дүү ******* энэ харилцаанд хамааралгүй, би дансыг нь ашигладаг байсан ... гэж тайлбарлан, талууд маргажээ.
3. Анхан шатны шүүх хэргийн 1 дүгээр хавтасны 3 дахь талд авагдсан нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч *******г 6,000,000 төгрөг хариуцагч *******т зээлдүүлсэн, хариуцагч зээлийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг энэ хэмжээгээр хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.
Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан ХААН банк ХК болон Худалдаа Хөгжлийн банк ХК, Хас банк ХК-ийн тус тус депозит дансны хуулга, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. ******* нь 2021 оны 05 сарын 05-ны өдрөөс 2022 оны 01 сарын 07-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн ******* дугаартай ХААН банк ХК дахь данснаас *******ийн эзэмшлийн ******* дугаартай данс руу 379,130,000 төгрөг,
4.2. *******ын эзэмшлийн ******* дугаартай Худалдаа хөгжлийн банк ХК-ийн данс руу 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 05-ны өдрийн хооронд 10,600,000 төгрөг тус тус шилжүүлсэн. /1хх3-43/
4.3 Мөн ******* нь 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн дугаартай Худалдаа хөгжлийн банк ХК дахь данснаас *******ын эзэмшлийн ******* дугаартай данс руу 153,700,000 төгрөг,
2021 оны 05 сарын 17-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд өөрийн эзэмшлийн ******* дугаартай Хас банк ХК дахь данснаас ******* болон ******* нарын данс руу нийт 34,902,000 төгрөг, *******ын охин ын данс руу 8,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн. /1хх62-75, 44-61/
4.4. *******ийн эзэмшлийн ******* дугаартай ХААН банк дахь данснаас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд *******гийн ******* дугаартай данс руу 311,035,000 төгрөг, *******ын эзэмшлийн ******* дугаартай Худалдаа хөгжлийн банк ХК-ийн данснаас *******гийн ******* дугаартай ХААН банк дахь данс руу 9,180,000 төгрөг тус тус буцаан шилжүүлсэн. /1хх3-43/
4.5. *******ын эзэмшлийн ******* дугаартай Худалдаа хөгжлийн банк дахь данснаас 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 17-ний өдрийн хооронд *******гийн дугаартай данс руу нийт 154,464,000 төгрөг тус тус буцаан шилжүүлжээ.
4.6. Хариуцагч ******* нь дүү *******ийн эрхээр түүний дансыг ашигладаг байсан, *******тай эрх зүйн харилцаанд ороогүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч ******* үгүйсгээгүйн гадна давж заалдах шатны шүүхэд зээлийн гэрээний үүргийг хариуцагч *******аас гаргуулахаар нэхэмжилсэн гэж тайлбарлаж байна.
5. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
5.1. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар хариуцагч ******* нь дүү *******ийн дансаар шилжүүлэн авсан 379,130,000 төгрөгөөс 311,035,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 68,095,000 төгрөгийн, өөрийн Худалдаа хөгжлийн банк дахь дансаар шилжүүлэн авсан 10,600,000 төгрөгөөс 9,180,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 1,420,000 төгрөгийн, нэхэмжлэгч *******гийн Хас банк дахь данснаас шилжүүлэн авсан 34,902,000 төгрөгийн, нийт 104,417,000 төгрөгийн үүргийг гүйцэтгээгүй гэж үзэхээр байна.
5.2. Гэхдээ нэхэмжлэгч нь ХААН банк дахь дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс 56,660,000 төгрөг, Хас банк дахь дансаар шилжүүлсэн мөнгөн хөрөнгө 40,052,000 төгрөгийг тус тус төлөөгүй гэх үндэслэлээр нийт 92,250,000 төгрөг хариуцагчаас нэхэмжилсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.
6. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/05689 дугаар шийдвэрийн
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн 92,250,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтын 110,950 гэснийг 619,200 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,208,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.ЦЭНД