Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 703

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхтуул,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ,

хохирогч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905012660524 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ______дугаарын регистртэй, Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга центр төвийн хойд талд байрлах авто зам дээр Б.Отэй “автомашин шахаж, машин оруулсангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж заамдалцах явцдаа Б.Оийн ам руу тохойгоороо цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

“...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр болсон явдал  би 1 дүгээр эгнээнд явж байсан хохирогч 2 дугаар эгнээгээр явж байсан, хохирогч урдуур шахаж орж ирээд байхаар нь би оруулаагүй цааш намайг шахаж явсаар байгаад гэнэт урдуур орж хааж зогссон тухайн үед хохирогч машинаасаа их ууртай бууж ирсэн би яах гээд байгаан бэ та гэж хэлсэн боловч шууд хоёулаа зодолдъё гэж хэлсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.О мэдүүлэхдээ:

“...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Энхжин” худалдааны төвийн урд талаас төмөр замын гарцаар зам руу гарах гэтэл зам тавьж өгөөгүй би юм бодолгүй гараад явсан. Тэгээд машинтайгаа явсаар байгаад ханын материалын гэрлэн дохион дээр очсон. Тухайн үед бид хоёр зэрэгцэж зогсоод 1 дүгээр эгнээнд явж байсан намайг автобус руу шахсан тэр машин нь зөв талдаа хүрдтэй барьцаанд тавьсан байсан намайг шахах үед би автобусанд машиныхаа толийг мөргүүлсэн. Тэгээд би гүйцэж түрүүлж очоод зогссон. Цонхоороо яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд чам шиг юм ордоггүй юм орж чаддаггүй юм гэж хэлсэн. Шүүгдэгч залуу машинаасаа бууж ирэхэд би ч машинаасаа бууж ирсэн. Би шүүгдэгчийн машиныг цохисон юм байхгүй би энэ залууг яаж яваад байгаа юм бэ гэж хэлэхэд намайг чам шиг юм ордоггүй гэж хэлээд маргаан эхэлсэн тэгсэн шүүгдэгч намайг заамдаж аваад 3 удаа мөргөсөн. Тухайн үед миний куртикний энгэр урагдсан байсан би яаж байгаан бэ гэхэд заамдаж аваад машинруу шахаж байгаад нэг цохисон тэр үед миний шүд унасан байх гэж бодож байна. Би машин дотроос гарч ирэхдээ шүд уначихлаа гэж харуулсан зүйл байхгүй тэр даруйдаа шүд уначихлаа гэж шүүгдэгчид харуулсан. Маргалдаж байх үед аман дотор шүд уначихсан байсан.Тэгээд байж байхад машинаас нэг залуу бууж ирээд бид хоёрыг салгасан. Нэг гэрч залуу машинаасаа бууж ирэхдээ утсан дээрээ бичлэг хийсэн гэж хэлсэн. Дуудлагаар ирсэн цагдаа болсон үйл явдлыг гэрчлэх байх...” гэв

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Аийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 14 цагийн орчим борлуулалт хийгээд Сутай захын урд талд замын 2 дугаар эгнээнд явж байхад 1 дүгээр эгнээнд явж байсан волкс ваген маркийн бор шаргал өнгийн машин миний машины урдуур орох гэхээр нь би зам тавьж өгөөгүй өнгөрөөд явсан. Тэгтэл уг машин Сүлжмэлийн буудал дээр явж байхад машины урдуур нөгөө машин шахаж ирж зогсоод жолооч залуу бууж ирээд, жолоочийн талын миний хаалгыг онгойлгоод ална пизда наахуу чи яахаараа урдуураа хүн оруулдаггүй юм бэ гээд баахан намайг хараасан тэгээд би машинаас буугаад би нөгөө жолооч залуутай маргалдаж байхад хоорондоо заамдалцаж авсан. Тэгтэл миний машины кабинд хамт явж байсан борлуулалтын жолооч ажилтай Ц хамт явж байгаад машины кабинаас бууж ирээд намайг боль боль гээд салгасан. Тэгтэл нөгөө жолооч залуу машин руу суугаад эргэж бууж ирээд миний шүд уначихлаа гээд куртикээ тайлсан гарч ирсэн. Тэгтэл Ц та чинь юу яриад байгаа юм бэ таныг цохиогүй юу яриад байгаа юм бэ та чинь яасан эвгүй юм бэ гэж хэлсэн тэгтэл нөгөө залуу О/ сүүлд нэрийн мэдсэн/ би цагдаа дуудлаа гээд цагдаа дуудсан. Оийн биед надаас өөр гар хүрсэн хүн байхгүй.

Миний хувьд би уг хүнд гэмтэл учруулаагүй, уг хүнийг цохиж зодоогүй, надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан заамдалцаад салсны дараа Оийн 2 жавьж нь үл ялиг хатсан цус болсныг ама ангайгаад шүд уначихлаа гэж хэлэх үед нь харсан. Тэрнээс өмнө анзаараагүй их хурдан уг асуудал болсон ба бид хоёр заамдалцаад салсан их хурдан болж өнгөрсөн. Уг хүн их ширүүн ууртай байсан, уг хүн анх эхлээд л яасан их урдуураа оруулдаггүй юм бэ буугаад ир хоёулхнаа алалцая гээд байсан ба хэл амаар доромжилж хараасан тэр үед нь би цаашаа бай гээд түлхсэн тэгээд доромжлоод байхаар нь би заамдалцаад авсан ингээд Ц ирээд боль боль гэхээр нь би салсан. Тэгтэл О машиндаа суугаад бууж ирэх үедээ куртикээ тайлаад ирэхдээ шүд уначихлаа гээд гарынхаа алган дээр 1 ширхэг шүд тавьчихсан барьж ирсэн. Тэр үед нь би болон Ц танд гар хүрээгүй шүү дээ та болиоч гэсэн. Ингээд уг хүн заналхийлж одоо яахыг хараарай хачин болгоно одоо ёстой жинхэнэ хачин болгоно гээд байсан. Би уг хүнтэй маргалдаж зодолдох байсан бол анх эхлээд Сутайн буянтын урд явж байхад миний машины урдуур орох гээд дайрах үед нь би тоохгүй явсан тэгтэл уг хүн араас хөөж ирээд урдуур машинаа тавьж зогсоочихоод өөрөө машин дээр ирж намайг буулгаад тэгээд хэл амаар доромжилж хүнийг уурлуулан заамдалцчихаад дараа нь гэнэт шүд уналаа гэх асуудал ярьсан нь угаасаа санаатай ийм зүйл гаргалаа гэж үзэж байна. Хэрүүл маргаан хийх байсан бол анх эхлээд л дайрах үед хэрүүл маргаан болох байсан. Би маш их ажилтай ямар завгүй дараагийн борлуулах цэгээс бараа нэхээд яараад ямар ч хүнтэй хэрэлдэж маргалдах боломжгүй завгүй явж байсан. Уг хүн өөрөө эхлэж ийм байдалд оруулчихаад гомдол нэхэж миний цаг хугацаа сэтгэл санаа бүхий л зүйлээр хохироож байгаад гомдолтой байна…” гэх мэдүүлэг /хх-н 23-25, 57-59. 60-62/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Оийн өгсөн:

“...Би 2019 оны 3-р сарын 11-ний өдөр 14 цагийн үед өөрийн волкс вагон маркийн машинтай Монос эмийн сангаас хотын төв рүү явж байхад 5 шарын призер гарах гэж байхад пронтер маркийн машин намайг шахаад яваад өгсөн. Тэгээд 5-н шарын гэрлэн дохион дээр нэгдүгээр эгнээн дээр очоод зогсож байхад ногоон гэрэл асаад нэгдүгээр эгнээгээр явж байхад өмнө намайг шахсан пронтер маркийн машин дахиад намайг шахаад автобустай мөргөлдөх шахаад тэгэхээр нь би тэр машиныг түрүүлж гүйцээд урд гарч зогсоод намайг шахсан жолоочийг чи яаж яваад байгаа юм бэ гэж асуусан чинь жолооч нь буугаад ирэхээр нь би машинаасаа буугаад очсон. Тэгсэн тэр залуу чам шиг юм орж чаддаггүй юм гэж хэлээд намайг заамдаж аваад дугтараад духаараа миний духруу тулаад ноцолдож байгаад миний куртикны сугыг урахаар нь би куртикаа тайлаад машиндаа тавьчихаад тэр залуутай хэрэлдээд чи яахаараа оруулдаггүй юм яагаад орж болдоггүй юм гэж хэлсэн чинь тэр залуу намайг боогоод чам шиг юм орж чаддаггүй юм гэж хэлээд миний цамцнаас зуурч бариад баруун гарын тохойгоороо миний нүүрлүү нэг удаа тохойдсон чинь миний аман дотор шүд унаад би шүдээ гаргаж ирээд шүд унагачихлаа гэж хэлсэн чинь тэр залуу өө тийм юм байхгүй шүү гэж хэлэхээр нь би цагдаа дуудна гэж хэлсэн чинь тэг тэг цагдаагаа дууд гэж хэлээд цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан.

Миний дээд үүдэн нэг шүд унасан. Өөр гэмтэл байхгүй. Би шүдээ янзлуулмаар байна. Би 3,000,000 төгрөг нэхэмжилж байна. Өөр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яг надад эмчилгээнд зарцуулсан мөнгө байхгүй учир ямар нэгэн баримт байхгүй одоогийн байдлаар дээд талын үүдэн нэг шүд унасан хажуу талын шүд хөдөлгөөнтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 6-9/,

 

     Мөрдөн байцаалтад гэрч Г.Цийн өгсөн:

     “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчим Аптангэрэлийн 11-74 пронтер маркийн машинтай Хуягаа бид гурав явж байтал 5 шарын автобусны буудлын орчим Улаан хүрэн өнгийн волкс ваген маркийн машин шахаад байсан ба урдуур нь дайраад орох гэхээр нь оруулахгүй яваад байсан чинь Москва хорооллын замын урд талын харалдаа 2 дугаар эгнээнд явж байтал 1 дүгээр эгнээнээс шууд тормоз гишгээд дайраад ороод ирсэн. Тэгээд яаж байна гэхэд жолооч гэх махлаг жижиг биетэй залуу нилээд ууртай бууж ирээд жолооч талын хаалгыг онгойлгоод жолооч А-ийг заамдаад татаж буулгаад яаж яваад байна гэсэн тэгтэл жолооч эргүүлж чи харин яаж яваад байгаа юм гээд зөрүүлж заамдаад барилцаж авсан. Би тэр үед нь бууж ирээд дундуур нь ороод салгахад нөгөө жолооч залуу миний шүд уначихлаа гээд байсан. Тухайн үед ямар нэгэн байдлаар цохилцож зодолдоогүй харин бие биенээсээ зуурч барилцаж авсан. Тэгтэл шүд уначихлаа гээд худлаа ярихад нь би очоод салгасан.

Би болон Батхуяг бид хоёр машин дотор юу болж байгааг сайн харж байсан. Тухай үед О гэх залууг тохойдсон зүйл байхгүй харин А- тэр хоёр заамдалцаж байгаад А- цааш нь түлхэх үед машин руу нуруугаараа тулж зогсоод куртикээ тайлаад шүд унагаачихлаа ална гэхээр нь хориглосон. О нь А-тэй маргалдан хаалган дээр ирэхэд ил харагдах гэмтэл бэртэл шарх, цус харагдаагүй. Тэр хоёр заамдалцаад А- машин руу нь түлхэх үед О машиныхаа урд талын хаалгыг тулаад зогссон. Тэгээд эргээд А-ийг барьж аваад дахин заамцалцах үед нь би очоод одоо боль гэхэд ам буюу дээд буйлнаас нь цус гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-н 17-19, 66-68/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Б-ийн өгсөн:

“...2019 оны 3-р сарын 11-ний өдөр 16-17 цагийн хооронд жолооч А- нь Пронтер киа 11-74УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг бариад би хамт ажилладаг Ц-89551717 бид хоёр хажууд нь суугаад Сонсголонгийн гэрлэн дохионы уулзвар дээр тосны бөөний төвд бараа буулгачихаад тэндээс хороолол орох гээд Сутай захын орчим нэгдүгээр эгнээгээр явж байхад гэнэт хажуунаас Волкс ваген маркийн жижиг улаан шаргал өнгийн машин гарч ирээд дохио өгөхгүйгээр дайрч орох гээд байсан. Тэгсэн жолооч А- зам тавьж өгөхгүй яваад байхад хажуунаас гүйцэд түрүүлэх гээд шахаад хойноос яваад байсан. Тэгээд сүлжмэлийн харалдаа ирээд Волкс воген маркийн машин буруу талаар гүйцэж түрүүлж гарч ирээд урд машины урд гараад тоормос гишгээд зогссон. Тэгээд тэр машины жолооч бууж ирээд А-ийг буугаад ир гээд машины хаалга балбаад байхаар нь А- машинаасаа буусан. Тэгтэл нөгөө хүн чамтай алалцана гээд цаашаа машин руугаа явсан тэгсэн А- хойноос нь очоод нөгөө залуу куртикээ тайлж тавьчихаад Аптангэрэлтэй заамдалсан, А- уг залуугаас өндөр мөч урттай байсан учир нөгөө залуугийн заамдсан гараараа нөгөө залуугийн хоолой руу шахаад машин руу нь шахаж түлхсэн. Тэр байдлыг хараад би Цийг буугаад салга гэж хэлээд Ц машинаас буугаад А- болон нөгөө залуу хоёрын дэргэд очоод салгахад нөгөө залуу нь шүд уначихлаа цагдаа дуудна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл Ц та яагаа ч үгүй байхад яахаараа цагдаа дууддаг юм бэ гэхэд яагаа ч үгүй хүн ийм болчихсон байдаг юм уу гээд гартаа шүд барьчихсан байсан ба амаа ангайгаад харуулах үед уг хүний ам дотор болон шүднүүд нь цус болсон байсан. Би энэ байдлыг нь наана нь машин дотроос хараад сууж байсан ба Ц уг хүнийг амнаас цус гараад гартаа шүд барьсан байхыг харчихаад эргээд машинд орж ирээд суусан. Тэр үед А- нөгөө хүнтэй үг хэлээр маргалдаад өөдөөс нь хараад зогсож байсан. Удахгүй дуудлагаар цагдаа ирээд бид нарыг аваад явсан...А-...заамдаж бариад гарын нударга хэсгээрээ хоолой руу нь нудрах үед ам руу нь цохигдсон байх...” гэх мэдүүлэг /хх-н 21-23, 70-71/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч Т.Номинцэцэгийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай дүгнэлтэнд тусгагдсан 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салст цус хуралт гэмтэл нь шинээр үүссэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Буйлны гэмтэл шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлд гарын тохой орно. Мохоо зүйлийн үйлчлэлээр цохих болон цохигдох үйлчлэлээр үүсгэгдэн. Уг гэмтэл нь зөөлөн түлхэх үед үүсэх боломжгүй....” гэх мэдүүлэг /хх-н 63/,

 

Мөрдөн байцаалтад гэрч И.Өын өгсөн:

“...2019 оны 3-р сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицерын үүргийг Бугат -115 чиглэлд жолооч цагдаагийн дэд ахлагч Мөнхбаярын хамт үүрэг гүйцэтгэж ажилласан. Ингэж үүрэг гүйцэтгэх үед 14-15 цагийн орчим байх “зодуулаад шүд цохиж унагалаа” гэх дуудлагын дагуу Барилга центр төвийн хойд талаар явдаг төв зам дээр баруунаасаа зүүн тийшээ явсан чиглэлд жижиг суудлын машин, ачаатай портер маркийн машины урд хагас хөндлөн зогссон байсан. Ингээд би машинаас буугаад юу болсон талаар асуухад суудлын машинтай залуу нь намайг сая зодчихлоо гэсэн ба харагдах байдлаар уг дуудлага өгсөн гэх залуугийн дээгүүрээ өмссөн куртик нь урагдсан /яг яаж урагдсан байсныг одоо сайн санахгүй байна/, сая миний урд талын үүдэн шүдийг тэр залуу цохиж унагаасныг би халаасандаа аваад хийчихсэн байна гээд халааснаасаа нэг шүд гаргаж ирж үзүүлсэн ба тэр үедээ уг залуугийн буйлнаас бага зэрэг цус гарсан байдалтай байсан ба уг цус нь амнаас нь гарсныг арчсан байдалтай зогсож байсан. Харин цохисон гэх залуу нь 3-лаа явж байсан ба түгээлтэнд явж байна уг залуу өөрөө машины урдуур орж ирээд хөндлөн зогсчихоод хэл амаар доромжлоод байсан наад хүний чинь цохиогүй байхад цохилоо гэж байна би наад хүнийг чинь заамдаж л барьсан гэсэн яриа өгүүлэгтэй байсан. Ингээд би дуудлага өгсөн хүнийг нь цагдаагийн байгуулагад өргөдөл гаргаж өгөх эрхтэй гээд уг цохисон гэх хүмүүсийн хамт дуудлага өгсөн залууг Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 72-73/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ... тоот: 

  1. Б.О-н биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салст цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. Цаашид 1 шүдний булгарал нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 5% алдагдуулна.

  5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-н 12/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 43/

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 44/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 45/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Барилга центр төвийн хойд талд байрлах авто зам дээр Б.Отэй “автомашин шахаж, машин оруулсангүй” гэсэн шалтгаанаар маргалдаж заамдалцах явцдаа Б.Оийн ам руу тохойгоороо цохиж 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салст цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Оийн “...Би 2019 оны 3-р сарын 11-ний өдөр ... намайг шахсан жолоочийг чи яаж яваад байгаа юм бэ гэж асуусан чинь жолооч нь буугаад ирэхээр нь би машинаасаа буугаад очсон. Тэгсэн тэр залуу чам шиг юм орж чаддаггүй юм гэж хэлээд намайг заамдаж аваад дугтараад духаараа миний духруу тулаад ноцолдож байгаад миний куртикны сугыг урахаар нь би куртикаа тайлаад машиндаа тавьчихаад тэр залуутай хэрэлдээд чи яахаараа оруулдаггүй юм яагаад орж болдоггүй юм гэж хэлсэн чинь тэр залуу намайг боогоод чам шиг юм орж чаддаггүй юм гэж хэлээд миний цамцнаас зуурч бариад баруун гарын тохойгоороо миний нүүрлүү нэг удаа тохойдсон чинь миний аман дотор шүд унаад би шүдээ гаргаж ирээд шүд унагачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 6-9/,

 

     гэрч Г.Цийн “...2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ...Тэр хоёр заамдалцаад А- машин руу нь түлхэх үед О машиныхаа урд талын хаалгыг тулаад зогссон. А- тэр хоёр заамдалцаж байгаад А- цааш нь түлхэх үед машин руу нуруугаараа тулж зогсоод куртикээ тайлаад шүд унагаачихлаа ална гэхээр нь хориглосон. Тэгээд эргээд А-ийг барьж аваад дахин заамцалцах үед нь би очоод бодоо боль гэхэд ам буюу дээд буйлнаас нь цус гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Б-ийн “...2019 оны 3-р сарын 11-ний өдөр ... Ц машинаас буугаад А- болон нөгөө залуу хоёрын дэргэд очоод салгахад нөгөө залуу нь шүд уначихлаа цагдаа дуудна гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Тэгтэл Ц та яагаа ч үгүй байхад яахаараа цагдаа дууддаг юм бэ гэхэд яагаа ч үгүй хүн ийм болчихсон байдаг юм уу гээд гартаа шүд барьчихсан байсан ба амаа ангайгаад харуулах үед уг хүний ам дотор болон шүднүүд нь цус болсон байсан... ...А-...заамдаж бариад гарын нударга хэсгээрээ хоолой руу нь нудрах үед ам руу нь цохигдсон байх...” гэх мэдүүлэг,

 

шинжээч Т.Номинцэцэгийн “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаартай дүгнэлтэнд тусгагдсан 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салст цус хуралт гэмтэл нь шинээр үүссэн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Буйлны гэмтэл шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь зөөлөн түлхэх үед үүсэх боломжтой. Гарын тохой нь мохоо зүйлд орно....” гэх мэдүүлэг

 

гэрч И.Өын “...2019 оны 3-р сарын 11-ний өдөр ...14-15 цагийн орчим байх “зодуулаад шүд цохиж унагалаа” гэх дуудлагын дагуу очиход ...харагдах байдлаар уг дуудлага өгсөн гэх залуугийн дээгүүрээ өмссөн куртик нь урагдсан, сая миний урд талын үүдэн шүдийг тэр залуу цохиж унагаасныг би халаасандаа аваад хийчихсэн байна гээд халааснаасаа нэг шүд гаргаж ирж үзүүлсэн ба тэр үедээ уг залуугийн буйлнаас бага зэрэг цус гарсан байдалтай байсан ба уг цус нь амнаас нь гарсныг арчсан байдалтай зогсож байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэний “...шүүгдэгч нь хохирогчийг гараараа цохисон эсэх нь тодорхойгүй байгаа гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл байдлыг тогтоосон зүйл байхгүй, Шүүгдэгч гэм буруугүй гэж үзэж байна...” гэх боловч хохирогч Б.Оийн “...тэр залуу намайг боогоод чам шиг юм орж чаддаггүй юм гэж хэлээд миний цамцнаас зуурч бариад баруун гарын тохойгоороо миний нүүрлүү нэг удаа тохойдсон чинь миний аман дотор шүд унаад би шүдээ гаргаж ирээд шүд унагачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шинжээчийн “Б.О-н биед 1 шүдний булгарал, 1 шүдний сулрал, дээд уруулын дотор салст цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, гэрч Г.Цийн “А- тэр хоёр заамдалцаж байгаад А- цааш нь түлхэх үед машин руу нуруугаараа тулж зогсоод куртикээ тайлаад шүд унагаачихлаа ална гэхээр нь хориглосон.” гэх мэдүүлэг, гэрч Б.Б-ийн “А-...заамдаж бариад гарын нударга хэсгээрээ хоолой руу нь нудрах үед ам руу нь цохигдсон байх...” гэх мэдүүлэг зэрэг нь хэргийн үйл баримтыг тодорхой нотлож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Хавтаст хэрэгт хохирогч Б.О нь хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 сая төгрөгөөр торгох торгуулын ял оногдуулах санал гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй,  гэмт хэрэг гарахад шүүгдэгчийг машинаараа хааж зогсоосон хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Хохирогч Б.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ