| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2024/05823/И |
| Дугаар | 210/МА2025/01889 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2025/01889
2025 10 29 210/МА2025/01889
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Азбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/068******* дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******-д холбогдох
Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. *******-ийн нэхэмжлэлтэй, *******, *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт зээлийн гэрээний төлбөртэй холбоотой маргасан. Талууд эвлэрч зээлийн гэрээний төлбөрийг тодорхой хугацаанд төлөх бөгөөд төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг шилжүүлэхээр болсон.
1.2. Төлбөр төлөгч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул албадан гүйцэтгэх тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 181/ШЗ2019/02852 дугаартай захирамж, 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 181/ГХ2018/00205 дугаар гүйцэтгэх хуудастай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, талууд эвлэрсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 05 сарын 15-ны өдрийн албан бичгээр тус эвлэрэлтэй холбоотой талуудын зээлийн гэрээнд барьцаалсан газар, үл хөдлөх хөрөнгийг төлбөрт тооцон шилжүүлэхээр эрх шилжүүлэх албан бичгийг өгсөн болно.
1.3. Тухайн үед газар дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн бөгөөд 2024 онд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 сарын 15-ны өдрийн 1/18297 дугаартай албан бичгийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 01107-А/1265/2023 захирамж гарч *******-ийн Баянгол дүүргийн 26 дугаар хороо, үйлдвэрчний төвийн бүс Энгельсийн ******* хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаар бүхий 12,147 м.кв газрын эзэмших эрхийг *******-ийн нэр дээр шилжүүлж өгсөн.
Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ байлгаж ашиглаж, эзэмшиж байна.
Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дундгол гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүргийн 26 дугаар хороо, үйлдвэрчний төвийн бүс Энгельсийн ******* хаягт байршилтай нэгж талбарын ******* дугаар бүхий 12,147 м.кв ноолуурын үйлдвэрийн зориулалттай газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2.1. ******* нь Баянгол дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн бүс Энгельсийн гудамж, ******* хаягт байрлах 12147 м.кв ноолуурын үйлдвэрийн зориулалт бүхий газрыг 1992 оноос хойш ашиглаж Нийслэлийн Засаг даргын 2003 оны 283 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж улмаар Засаг даргын 2021 оны 03 сарын 25-ны өдрийн А/205 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгуулсан.
2.2. Газар эзэмшигч бидэнд мэдэгдэлгүйгээр Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчиж, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 сарын 02-ны өдрийн А/1256 дугаар захирамжаар тус газрыг *******-д шилжүүлсэн. Энэ талаар мэдсэн даруйдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 821 дүгээр шийдвэрээр манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 11 сарын 22-ны өдөр давж заалдах гомдол гаргасан боловч өнөөдрийн байдлаар тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, маргаантай байна.
Дээрх захиргааны хэрэгт ******* нь гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд газрын асуудлаар маргаантай байгааг мэдсээр байж, тус шүүхэд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Мөн *******, ******* нарын хооронд 2020 оны 05 сарын 14-ний өдөр буцаан худалдах, худалдан авах нөхцөлтэйгөөр эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж, зээлтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
2.3. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1, 2.6-д тус тус зааснаас харахад газар эзэмших эрхийг шилжүүлэх агуулга байхгүй зөвхөн барилгын өмчлөх эрхийг шилжүүлнэ гэсний дагуу 2020 оны 05 сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дээрх гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 сарын 15-ны өдрийн албан бичгийг үндэслэн манай газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан нь хууль бус болсон. Анх 2004 онд ******* нь 4,660 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн , дугаар гэрчилгээг гаргуулж авснаас хойш үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд өөрчлөлт ороогүй. Мөн тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өргөтгөх зорилготой банкны барьцаанд тавьж, барилгын ажлыг эхлүүлсэн байснаа үргэлжлүүлж, барилгыг өөрчлөн барьсан бөгөөд одоогийн байдлаар барилгын хэмжээ өөрчлөгдсөн. Бид үйлдвэрийн барилгаа хууль, гэрээнд заасны дагуу эзэмшиж ашиглаж байна.
Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь манай газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан, үйлдвэрийн барилгыг хууль бусаар эзэмшээгүй учир Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч *******-д шаардах эрх үүсээгүй. Газрын асуудал маргаантай байгаа учир уг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дундгол гудамж, ******* тоот хаягт байршилтай, 4,660 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж, ******* хаягт байршилтай, нэгж талбарын ******* дугаартай 12,147 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн зориулалттай газрыг тус тус *******-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос, 70,200 төгрөгийг хариуцагч *******-аас тус тус буцаан гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зохигчид маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эвлэрч шилжүүлэн өгч, ******* өмчлөгчөөр бүртгүүлсэн гэж тодорхойлон маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх гэж шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт өгсөн.
4.2. Хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Энэ талаар шүүгч захирамж гаргахдаа “хуулийн дээрх заалт нь уг нэхэмжлэлийг 2 газар гаргахаас хамгаалсан зохицуулалт” гэж илтэд буруугаар тайлбарлан хэрэглэсэн.
Учир нь, хуулийн дээрх зохицуулалт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл буюу өмчлөлдөө шилжүүлэн авсан гэрээтэй холбоотой маргааныг өөр шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад энэхүү маргааныг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил төдийгүй уг маргааныг шийдвэрлэх хууль зүйн боломжгүй. Мөн шүүхээс хуульд заасан үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах үндэслэлд хамаарна гэж илтэд буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн.
4.3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэх зохицуулалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмшил хууль бус байхыг шаардана.
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх *******-д шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн боловч энэ хэргийн тухайд зөвхөн улсын бүртгэлийн үнэн зөв байдлаар нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэй этгээд гэж үзэх, түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл болсон баримттай холбоотой маргаан байгаа тохиолдолд хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж шууд дүгнэх боломжгүй.
Дээр дурдсанаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс гадна хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжсэн. Тухайн эд хөрөнгийг барьцаалан зээл авч, уг зээлээ төлөөгүй нөхцөл байдал үүссэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хянан шийдвэрлүүлсэн. Талууд эвлэрсний дагуу эд хөрөнгөө шилжүүлээгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаагаар маргаан бүхий 2 үл хөдлөх эд хөрөнгө *******-ийн нэр дээр шилжсэн учраас нэхэмжлэгчийг өмчлөгч биш үзэх нь үндэслэлгүй.
Нэгэнт шүүхийн шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэгт тооцон *******-ийн өмчлөлд шилжүүлсэн учраас ******* нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн. Буцаан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан тухайд нэгэнт шүүхийн шийдвэр гарч, гүйцэтгэх хуудсаар шилжиж байгаа эд хөрөнгийг буцаан шүүхэд нэхэмжлэл гаргаж, өмчлөлд шилжүүлэхгүй байх нь өмчлөгчийн өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.
Хариуцагчаас шүүхэд буцаан шилжүүлэхийг даалгах тухай агуулга бүхий нэхэмжлэл гаргасны дагуу хэрэг үүсгэсэн бөгөөд шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй боловч захиргааны хэргийн шүүхээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг *******-д хуулийн дагуу шилжүүлсэн гэж шийдвэрлэсэн. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагч талаас удаа дараа шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай маргахгүй гэж тайлбарласан учраас эд хөрөнгийг шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.
5.2. Тухайн үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлж барагдуулахыг зөвшөөрч, эвлэрлийн гэрээг баталгаажуулсны дагуу шилжилт хөдөлгөөн хийгдсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан ч шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас тухайн шийдвэрийг хянуулах боломжтой нөхцөл байдал бий болсон тохиолдолд шийдвэрийг хянуулах эрх нь нээлттэй. Энэ тохиолдолд аль этгээдийн эрх ашиг илүү их зөрчигдсөн байдалтай байгаа вэ гэдгийг цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж анхан шатны шүүхээс үзэж шийдвэр гаргасан.
5.3. *******-аас авсан зээлтэй холбоотой 4 үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн. Үүнээс үйлдвэрийн барилга дээр маргахгүй, газрын хувьд маргаантай гэсэн учир захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу тухайн газар *******-ийн өмчлөлд шилжсэн учраас газрыг буцаан олгох үндэслэлгүй гэх захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч, эцэслэгдэн тогтоогдсон.
Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг ******* хуульд заасан журмын дагуу олж аваагүй...” гэж тайлбарлан маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.
3.1. Өргөдөл гаргагч *******, уригдсан тал ******* *******, *******, *******, ******* нарын хооронд эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан. Тус эвлэрлийн гэрээгээр уригдсан тал ******* *******, *******, *******, ******* нар 17,873,513,666 төгрөгийг *******-д төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 10,000,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх, үлдэх 7,873,513,666 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах, 10,000,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлсөн тохиолдолд *******-ийн өмчлөлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гудамж, 7556 м.кв талбайтай барилга, гэрчилгээний , нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүргийн нутагт байршилтай 154200 м.кв талбайтай газраар үүргийн гүйцэтгэл хангуулахаас хэсэгчлэн чөлөөлөх, *******, ******* нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тохиолдолд *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гудамж 7556 м.кв талбайтай барилга, *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 18132 Сонсголонгийн зам гудамж 7556 м.кв талбайтай барилга, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаар , Сонгинохайрхан дүүргийн нутагт 154200 м.кв талбайтай газрын хамт, *******-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай, гэрчилгээний дугаартай, нэгж талбарын дугаартай, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрийн 12159 м.кв газар, *******ын өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дунд гол гудамж, ******* дугаар бүхий 4660 м.кв талбайтай ноолуур боловсруулах туршилтын үйлдвэрийн барилга, *******-ийн нийт хувьцааны *******ы эзэмшдэг 25 хувь, *******ы эзэмшдэг 50 хувь, *******ы эзэмшдэг 25 хувь, *******-ийн БГ8125001718-В гэрээний хавсралтад дурдсан сүлжих тоног төхөөрөмжүүд, борлуулалтын орлого зэргээр хангуулахаар тохиролцсон байна.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 181/ШЗ2018/08476 дугаартай захирамжаар дээрх эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ./хх9-10, 108/
3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 сарын 07-ны өдрийн 181/ГХ2018/00205 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас, мөн өдрийн шүүгчийн 181/ШЗ2019/02852 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж зэргийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, уг ажиллагаа нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” 20/5-431 дугаартай тогтоолоор дуусгавар болсон байна. /хх11, 12, 99/
3.3. Мөн ******* болон *******, барьцаа хөрөнгийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч ******* *******, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Барьцаа хөрөнгийн зээлийн төлбөрт тооцож шилжүүлэх гэрээ, *******-ийн эзэмшилд бүртгэлтэй Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж, 38 хаягт байрлах нэгж талбарын ******* дугаар бүхий 12147 м.кв газар эзэмших эрхийн 0000234242 дугаартай гэрчилгээ, түүний хавсралт, Кадастрын зураг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01107-2023/00496 дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, *******-ийг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Дундгол гудамж, ******* тоот хаягт байршилтай 4660 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000804722 дугаартай гэрчилгээ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ. /хх6-7, 13-15, 17-20, 22, *******, 97-98/
4. Анхан шатны шүүх эдгээр хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээд, нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв тул энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.
Учир нь, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно.
4.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 21-ний өдрийн 128/ШШ2024/0821 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэлийн Засаг даргын 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 01107-А/1265/2023 дугаартай захирамжийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутагт Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж ******* хаягт байрлах, бүртгэлийн дугаартай, 12,147 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг *******-д шилжүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна. /хх46-53/ Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2025/0091 дугаартай магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ. Дээрх шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх62-64/
4.2. Хариуцагч тал маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж байгаа үйл баримтыг үгүйсгэж, маргаагүй байна.
Иймээс нэхэмжлэгч *******-ийн өмчлөлийн эд хөрөнгийг хариуцагч тал хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
5. Хариуцагч ******* нь “... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргаж, иргэний хэрэг үүсгэсэн баримт шүүхэд гаргаж өгсөн, ... шүүхэд хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж хуулийн заалтыг илтэд буруу тайлбарлан хэрэглэсэн ..., ... гэрээтэй холбоотой маргааныг өөр шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад маргааныг шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил ... ” гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан байна.
5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШЗ2025/22256 дугаартай захирамж, зохигчийн тайлбар болон бусад нотлох баримтуудыг үндэслэн, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул дээрх гомдлыг хангахгүй.
5.2. Учир нь, нэхэмжлэлийн шаардлага, зүйл, үндэслэлийн талаар иргэний өөр хэрэг шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, иргэний хэрэг үүсгэснээс хойш уг үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор дээрх хуульд заасан.
5.3. Талууд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг *******-ийн өмчлөлд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон.
5.4. *******-ийн *******-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон газрын эзэмших эрхийг тус тус буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус зохигчийн маргаж байгаа зүйл, түүний үндэслэлд хамааралтай гэж үзэхгүй.
5.5. Мөн дээрх маргааныг шийдвэрлэснээс гарах үр дагавар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах үндэслэл болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/068******* дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Ч.ЦЭНД