Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01890

 

 

 

 

     2025         10            29                                         210/МА2025/01890

                                                 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/06361 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70,000,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* миний бие Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 54 дүгээр байрны 1 дүгээр орц, 8 давхрын ******* орон сууцыг худалдан авч өөрийн дүү *******гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан. Уг орон сууцыг *******, нарт 82,740,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, эзэмшлийг 2015 оны 07 дугаар сард шилжүүлсэн.

*******, нар 40,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөр төлөөгүй. 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр орон сууцыг барьцаалан зээл авсан бөгөөд барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийг хангуулж шийдвэрлэсэн. Улмаар *******д 38,000,000 төгрөг буцаан шилжүүлэхээр тохиролцож, шүүхээс талуудын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн.

*******, ******* нар нь уг орон сууцыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 70 сарын хугацаанд, 1 сарын 1,000,000 төгрөгөөр түрээслэн үндэслэлгүй хөрөнгөжсөн байх тул 70,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын үндэслэлийн агуулга:

2.1. ******* миний бие *******гийн том охин бөгөөд миний бага дүү нь 2022 оны 06 дугаар сард нас барсан. 2021 онд нэхэмжлэлд дурдаж буй уг орон сууцны талаар ааваасаа сонсоход “дүү найз *******аас байр худалдан авахаар болж гэрээг нь аав байгуулсан, гэрээгээр тохиролцсон төлбөрөө бүрэн төлсөн боловч, байрны гэрчилгээг нь гаргаж өгөөгүй. Гэтэл ******* нь өөрийн болон дүүгийнхээ нэр дээр байрны гэрчилгээг гаргаж, банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан талаар олж мэдсэн. Уг нөхцөл байдлын улмаас орон сууцны урьдчилгаанд төлсөн мөнгөө олж авахаар шүүхэд хандаж, шүүхээс *******аас төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн, бид мөнгөө авчихвал байрыг нь суллаад өгнө” гэж хэлж байсан. ******* нь шүүхийн шийдвэр гарснаас хойш мөнгөө өгөхгүй байгаа гэж аав маань хэлж байсан бөгөөд миний хажууд хүртэл *******тай утсаар ярьж байсан. Тухайн үед ******* нь “ахаа түр хүлээж байгаарай, дүү нь удахгүй өгнө” гэж хэлсэн. Миний аав маань *******тай байнга холбогдож мөнгөө шаардаж байсан бөгөөд шаардах болгонд “14 хоногийн дараа, 7 хоногийн дараа 100 сая, 50 сая төгрөг орж ирэхээр шууд өгнө” гэж худал хэлж байсан. Миний дүү нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 54 дүгээр байрны ******* хаягт байрлах орон сууцад 2015 оноос хойш 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ганцаараа амьдарч байгаад нас барсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг орон сууцыг нь хураан авч, худалдан борлуулаад төлбөр мөнгийг нь өгсөн. Манай аав бид хоёр уг орон сууцыг бусдад түрээсэлж орлого олсон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл аав, дүү хоёрыг бурхан болтол сэтгэлийн шаналалд оруулж, хуурч мэхэлчхээд ямар ч хамааралгүй ******* намайг энэ орон сууцыг нь бусдад түрээслэн орлого олсон мэтээр худалд тайлбар гаргаж, нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу би нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний харилцаанд оролцоогүй. Нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан зүйл байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч *******ын гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний бие нэхэмжлэгч нарыг таньдаггүй, ямар нэгэн байдлаар уулзаж байгаагүй. Манай өвөө *******д манай аавын эгч болох ******* нар нь орон сууц авч өгсөн. Би өндөр настай өвөөгөө харж, халамжлах үүднээс өвөөтэйгөө хамт амьдардаг байсан. Харин нь 2022 оны 06 дугаар сар хүртэл уг орон сууцандаа амьдарч байсан. ахыг бурхан болсны дараа өвөө маань “ахын чинь амьдарч байсан орон сууцад хүн байхгүй төлбөр нь гарсаар байна. Уг нь хүнээс төлбөр мөнгөө авчихвал өгчихмөөр байна. Мөнгөө өгөхгүй бол ядаж нэг хоёр сар ч болтугай түрээслүүлдэг юм билүү.” гэж хэлсэн. Дараа нь өвөө маань “нэг хүнд түр түрээслүүлэх боллоо, өвөө нь очиж чадахгүй байна. Миний охин очоод түрээсийн гэрээг нь байгуулчих гэж” хэлсэн тул миний бие 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “орон сууц хөлсний гэрээ”-г иргэн гэх хүнтэй байгуулсан. Гэвч “байрны эзэн гэж нэг хүн ирээд хөөж, туугаад, согтуу ирж агсан согтуу тавиад байна” гэж хэлээд түрээслэхээ больсноос хойш юу болсныг би мэдэхгүй. Миний бие өвөө, авга эгч нартайгаа нийлж уг орон сууцыг бусдад удаан хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бусдад түрээслэн орлого олсон гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу ******* миний бие хариуцагч байх хууль зүйн үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул *******, ******* нарт холбогдох 70,000,000 төгрөг гаргуулах тухай *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

5.1. Нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн орон сууцыг хариуцагч нар бусдад түрээслэн олсон төлбөрийг нэхэмжилсэн. Түрээсэлж байсан гэдгийг нотлох түрээсийн гэрээний хуулбарыг гаргаж өгсөн. Уг үйл баримтыг нотлох зорилгоор зөвхөн шүүхийн журмаар гаргах боломжтой нотлох баримтуудыг гаргуулах хүсэлтүүдийг удаа дараа шүүхэд гаргасан.

2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн түрээсийн гэрээний эх хувийг хариуцагч талаас гаргуулах, мөн түүнчлэн тухайн түрээсийн гэрээнд гарын үсэг зурсан болон бусад түрээслэгч нарыг гэрчээр оролцуулах, 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нар нь манай талаас гаргаж өгсөн түрээсийн гэрээний төлбөр болон бусад түрээслэгч нарын төлбөрийг дансаар авсан гэдгийг нотлохын тулд дансны хуулга болон уг байранд амьдарч байсан түрээслэгч нарыг тодруулах зорилгоор хорооноос оршин суугаа хаягийн тодорхойлолтыг тус тус шүүхийн журмаар бүрдүүлэх тухай хүсэлтийг гаргасан боловч хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэрлэсэн.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр “шүүх бүрдүүлнэ” гэх заалтыг зөрчсөн.

5.2. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гол баримтуудыг гаргуулах хүсэлтүүдийг огт хангахгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч нарын хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2025 оны 06 дугаар сард эхний шүүх хуралдаан товлогдсон учраас нэхэмжлэгч талд хангалттай хугацаа байсан гэж үзэж байна.

6.1. Анхан шатны шүүх хуралдааны явцад гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж, анхан шатны шүүх хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Анх ******* гэх хүнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нас барсан тул *******гийн төрсөн охин *******, ач охин ******* нарыг хамтран хариуцагчаар татсан. Өөрөөр хэлбэл, нотлох баримтын шаардлага хангаагүй түрээсийн гэрээнд ******* буюу өвөө нь гуйсан учраас ******* гарын үсэг зурсан, мөн гарын үсэг зурснаас хойш гэрээг хаана байгааг мэдэхгүй. Хариуцагч нар түрээсийн гэрээний эх хувь байхгүй гэж тайлбарласан тул уг баримтыг шүүхийн журмаар гаргуулах боломжгүй гэх үндэслэлээр шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй. Мөн түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байна.

6.2. Нэхэмжлэгч тал гэрч оролцуулах асуудлыг ярьсан гэж маргадаг боловч гаргасан хүсэлтдээ хэн гэж хүнийг гэрчээр оролцуулах гэж байгаа, түүний хаяг, утас гэх мэт зүйлсийг тодорхой бичээгүй.

Шүүхээс эрэн сурвалжлах ажиллагаа хийх боломжгүй учраас гэрчээр оролцуулах гэж байгаа хүнийхээ мэдээллийг тодруулах шаардлага тавьсан боловч нэхэмжлэгч тодруулаагүй учраас тухайн хүсэлтийг хангаагүй. Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу хийсэн гэж үзэж байна.

6.3. *******, ******* нар нь нэхэмжлэгч нартай эрх зүйн харилцаанд оролцоогүй учраас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нарын дансны хуулга уг хэрэгт ач холбогдолгүй буюу шаардлагагүй байсан учраас шүүх уг асуудлын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон.

Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 70,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******, ******* нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ. Хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ... орон сууцыг бусдад түрээсэлж орлого олсон асуудал байхгүй, ... бид хариуцагч биш ...” гэж тайлбарлан, маргажээ. /хх46, 60-61, 62/

 

3. Хариуцагч *******гийн хувьд нэхэмжлэлийг гардан аваагүй байх ба тэрээр 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нас барсан байна. /хх64-66/

 

4. Нэхэмжлэгч тал шүүх хуралдааны үеэр хариуцагч *******гээс татгалзаж, хариуцагч *******, ******* нараас нэхэмжилсэн агуулга бүхий тайлбар гаргасан байхад хариуцагч *******д холбогдох шаардлагаасаа татгалзаагүй гэж анхан шатны шүүх буруу дүгнэсэн байна. Гэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

5.1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШШ2018/01927 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Дэнж хотхоны 54 дүгээр байрны ******* хаягт байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх23-26/

5.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01279 дугаартай “Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 38,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ******* төлөхийг зөвшөөрч, хариуцагч ******* 38,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Дэнж хотхоны 54 дүгээр байрны ******* 39.6 м.кв 1 өрөө орон сууцыг чөлөөлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх30-31/

5.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 4-143/22360 дугаартай албан бичгээр “Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 1960 дугаар шийдвэрээр *******, ******* нараас 51,445,383 төгрөг гаргуулж “Гарьд капитал ББСБ” ХХК-д олгох, мөн шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 1279 дүгээр шийдвэрээр *******аас 38,000,000 төгрөг гаргуулж *******д олгохоор тус тус шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч *******, ******* нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн бүртгэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Дэнж хотхоны 54 дүгээр байрны ******* орон сууц нь 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдаагаар 77,000,000  төгрөгөөр худалдан борлогдсон тул нийт төлбөрийн 72,035,382 төгрөгийг тус газрын ... дансанд 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дотор шилжүүлэхийг төлбөр төлөгч *******, ******* нарт мэдэгдсэн байна. /хх36/

5.4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эзэмшлийн дугаартай Худалдаа хөгжлийн банк дахь данснаас 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 38,260,000 төгрөгийг “*******ын төлбөр НШШГГазар-с” гэсэн гүйлгээний утгаар *******д шилжүүлжээ. /хх74-76/

 

6. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

6.1. Учир нь, нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “... хариуцагч ******* нь орон сууцыг 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бусдад хөлсөлж ашиг олох замаар үр шимийг хүртсэн ..., ...түүнчлэн түүний ач охин *******, охин ******* нар уг байрыг хөлслөгч нартай орон сууцны хөлсний гэрээ байгуулан хөлсөлж ашиг олж байсан ...” гэж тайлбарласан байна.

6.2. Хэргийн нотлох баримтуудаар *******, ******* нар Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Дэнж хотхоны 54 дүгээр байрны ******* 39.6 м.кв 1 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах аман хэлцэл байгуулж, ******* нь *******гийн эзэмшилд орон сууцыг шилжүүлсэн, ******* нь урьдчилгаанд 40,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Түүнчлэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2021/01279 дугаартай захирамжаар нэхэмжлэгч *******гийн нэхэмжилсэн 38,000,000 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг зөвшөөрч, хариуцагч ******* 38,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч ******* нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Дэнж хотхоны 54 дүгээр байрны ******* 39.6 м.кв 1 өрөө орон сууцыг чөлөөлөх нөхцөлийг харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон. Мөн уг шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгч ******* нь төлбөр авагч *******д төлбөр төлсөн байна.

Иймээс бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс хариуцагч нарт үүрэг үүссэн гэж үзэхгүй тул хариуцагч ******* эзэмшиж байсан 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нар шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал яригдахгүй.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч *******, ******* нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох гол баримтуудыг гаргуулах хүсэлтийг хангаагүй нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.” гэж заасан.

Хэргийн оролцогч нь гэрчээс мэдүүлэг авхуулах тухай бичгээр гаргасан хүсэлтдээ ямар хүнийг гэрчээр асуулгах, тухайн этгээдийн оршин суугаа газрын хаяг, эсхүл ажлын хаяг, түүнтэй харилцах утасны дугаар зэргийг тодорхой тусгасан байхыг шаардана. Мөн хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж болно. Хүсэлт гаргагч нь хүсэлтдээ ямар асуудлыг тодруулах шаардлагатай байгаа, нэхэмжлэлийн ямар үндэслэлийг нотлох зорилгоор мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах талаар тодорхой тусгах учиртай. Түүнчлэн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар бүрдүүлдэг.

7.2. Нэхэмжлэгч тал шинжээч томилуулах, гээс гэрчийн мэдүүлэг авхуулах, хариуцагчаас орон сууц хөлслөх гэрээ нотлох баримтаар гаргуулах, тухайн орон сууцны харьяа хорооноос амьдарч байсан хүмүүсийн тодорхойлолт гаргуулах, хариуцагч *******ын дансны хуулга гаргуулах зэрэг хүсэлтүүд шүүхэд гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 192/ШЗ2025/27272 дугаартай шүүгчийн захирамж, мөн оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 192/ШЗ2025/33877 дугаартай шүүгчийн захирамж тус тус гаргаж, дээрх хүсэлтүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/06361 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 508,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АЗБАЯР

 

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧ                                    Ч.ЦЭНД