Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 45

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч  Б.Батбаяр

Шүүгдэгч Х.Б

нарыг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг 2019 оны 02 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

        Х.Б /

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 12 дугаар сарын 07-08 нд шилжих шөнө Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 12 дугаар вагонд зорчин явсан иргэн З.Нын цэнхэр өнгийн чемодантай эмэгтэй хагас богино савхин куртик 5 ширхэг, эрэгтэй богино савхин куртик 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Цомог” өртөөн дээр буухдаа хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч нийт 1,542,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Шүүгдэгч Х.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Замын-Үүд сумаас Даланжаргалан сум руу дүү нас бараад ажил явдал гараад явсан. Би баахан хайрцагтай буяны ажлын юм аваад явж байсан. Даланжаргалан суманд вагон 2 минут зогсдог, унтаж байгаад босоод авч явсан эд зүйлтэйгээ аваад буусан байсан. Уг  эд зүйлийг цагдаад өгнө гэж бодож байсан, гэтэл өглөө Даланжаргалан сумын цагдаа ирсэн гэсэн мэдүүлэг,

           Хохирогч З.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 07-нд Замын Үүд-Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 12 дугаар вагонд зорчин явж байгаад хөх өнгийн чирдэг чемодантай эрэгтэй, эмэгтэй нийлсэн нийт 10 ширхэг савхин куртик хулгайд алдсан. Тухайн үед би их ядарсан байсан болохоор вагонд ороод унтаад өгсөн. Тэгээд өглөө Улаанбаатар хотод ирээд Амгалан өртөөнд буух гэсэн чинь миний хөх өнгийн цүнхтэй эд зүйл байхгүй болохоор нь Цагдаад мэдэгдээд өргөдөл гаргаж өгсөн. Би өөрөө хүүхэд Агатай хамт явж байсан. Манай хүүхэд бас ядраад унтаад өгсөн байсан. Бид 2-ын авч явсан ачаа тээшнээс яг тэр хөх цүнхтэй ачаа минь алга болсон бусад нь тавьсан газраа хэвэндээ байсан.  ...эд зүйлээ олж авлаа надаа гомдол санал алга, Эмэгтэй савхин куртик нь үйлдвэрийн үнэ нь 280.000 төгрөг, эрэгтэй савхи нь 250.000 төгрөгөөр зардаг үнэтэй” гэсэн мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар хуудас/,

            Гэрч Д.Агын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ээжтэйгээ БНХАУ-д үзэсгэлэн худалдаанд ороод буцаад явж байгаад вагонд ээжийн ногоон өнгийн чирдэг чемодантай эд зүйлийг хулгайд алдсан, дотор нь дандаа эрэгтэй, эмэгтэй нийт 10 ширхэг савхин куртик байгаа. Манай ээжид 3 зорчигч харсан Цомог өртөөн дээр аваад буусан гэж хэлж байсан. Би бол яг ямар хүн аваад буусан талаар ёстой анзаарч хараагүй вагонд ороод ядраад 2 давхрын местэн дээр гараад унтаад өглөө Улаанбаатар хот Амгалан өртөөн дээр сэрээд буухдаа ачаа тээшээ алдсан талаар мэдсэн гэсэн мэдүүлэг, /хх-ийн 22-23 дугаар хуудас/

            Гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “манай вагоны 29 дүгээр местэнд 50 гаран настай эрэгтэй хүн зорчин явсан. Тэр зорчигч Замын Үүд өртөөнөөс суусан. Тэгээд Айраг өртөөн дээр намайг сэрээгээд өгөөч гээд А бид 2 дээр хэлж байсан. ...Амгалан өртөөн дээр зорчигч нар буух гээд байж  байхад нэг зорчигч эмээ миний цүнхтэй эд зүйл алга болсон байна гэж хэлсэн. ...Эрэгтэй 50 гаран настай, бараан өнгийн куртиктэй, сая таны үзүүлдэг зураг мөн байна манай вагонд 29 дүгээр местэнд зорчин явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

            Гэрч А.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай вагоны 29 дүгээр местэн дээр Замын үүд өртөөнөөс Цомог өртөө хүртэл 50 гаран настай, эрэгтэй хүн зорчин явсан. Шөнө Айраг өртөөн дээр 01 цаг 50 минутын үед зогсоод хөдөлж байхад надаас ирж сая Айраг өртөө зогсоод хөдөлсөн үү ах нь Цомог өртөөн дээр бууна шүү гэж надаа хэлсэн. Вагон шөнө 02 цаг 10 минут өнгөрч байхад зогсоод би хаалгаа онгойлгож зорчигч нараа буулгах гэсэн чинь манай 29 номерын местэнд дээр зорчин явсан ах ганцаараа буусан тэр хүний ачаа тээшийг вагонд зорчин явсан нэг ах өргөж буулгаж өгсөн. Зүгээр тусалж байсан. Тэр хүн 3, 4 ширхэг ачаа тээштэй явж байсан. ... тэр ах хайрцагтай ачаа тээштэй мөн 4 дугуйтай цүнх бас байсан би харанхуйд өнгийг нь сайн анзаарч хараагүй” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 30-32 дугаар хуудас/,

           Гэрч Х.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ачаанаас гадна хөх өнгийн цүнхтэй ачаатай ирсэн. ..гэрт оруулсан чинь гадаа гаргачих наадах чинь хүн нь аваагүй гаргачих гэж хэлсэн гэх мэдүүлэг, /хх-ийн 34 дүгээр хуудас/,

           Гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Амгалан өртөөн дээр буух 50 гаран насны эмэгтэй миний чемодан алга болсон байна харсан уу гээд байсан. Тэр эмэгтэй  намайг Замын-Үүдээс вагонд суухад чемодан байсан. Миний хажуу талын местэнд зорчин явсан охин Сайншанд өртөөнөөс суусан. Улаан өнгийн бичигтэй Цомог гэдэг өртөөн дээр таны дээд талын местэн дээр унтаж байсан ах юм хэлээгүй шууд аваад буусан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар хуудас/,

             

             Шинжилгээ хийх шинжээч томилох тогтоол /хх-ийн 60-62/

             Файн Эстимэйт ХХК-ний дүгнэлт /хх-ийн 63-65/

             Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ зэргийг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн  гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч  Х.Б нь 2018 оны 12 дугаар сарын 07-08 нд шилжих шөнө Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн суудлын 275 дугаар галт тэрэгний 12 дугаар галт тэргэнд зорчин явсан иргэн З.Нын цэнхэр өнгийн чемодантай эмэгтэй хагас богино савхин куртик 5 ширхэг, эрэгтэй богино савхин куртик 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Цомог” өртөөн дээр буухдаа хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч нийт 1,542,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч З.Н, гэрч Д.Ага,  А.А, Ж.А, Ц.Анхбаяр  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 12/69 дугаартай “Файн Эстимэйт” ХХК-ний үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруутай этгээд бусдын эд хөрөнгийг авч, түүнийг өөрийн үзэмжээр эзэмших боломжтой болсноор төгсөх бөгөөд уг боломжийг ашиглаж чадсан эсэхээс үл хамаарна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь бусдын харж байгаарай гээд захиж үлдээсэн” эд зүйлийг авч буусан байна. Сэдэлт буюу субъектив санааг тогтоогоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй учраас гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Учир нь  гэрч Ж.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...миний хажуу талын местэнд зорчин явсан охин Сайншанд өртөөнөөс суусан. Улаан өнгийн бичигтэй Цомог гэдэг өртөөн дээр таны дээд талын местэн дээр унтаж байсан ах юм хэлээгүй шууд аваад буусан гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч  Ц.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...29-р местэн дээр сууж явсан хүн энд эзэнгүй чемодан байна хэний чемодан бэ гэж асууж байгаад Цомог өртөөн дээр буухдаа аваад буучихсан гэж хэлэхээр нь тухайн местэн дээр сууж явсан зорчигч нарын билетийг хурааж аваад холбогдох утасны дугаарыг нь тэмдэглэж авсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Төгсжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн местны ойролцоо сууж явсан хүмүүсээс асуухад  29-р местэн дээр сууж явсан хүн энд эзэнгүй чемодан байна хэний чемодан бэ гэж асууж байгаад Цомог өртөөн дээр буухдаа аваад буучихсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, хохирогч З.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би  ногоон өнгийн цүнхтэй эд зүйлээ энд тавьж явсан гэж цагдаад хэлээд тэнд зорчин явсан зорчигч нараас асуусан чинь Цомог өртөөн дээр буусан эрэгтэй хүн аваад буусан гэж 3 зорчигч надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар “шүүгдэгч  Б тухайн цүнхийг хүн захиад эд хөрөнгөө шилжүүлсэн байдаг. Тэгэхээр Б тухайн эд хөрөнгийг хариуцсан этгээд болж байгаа болохоос үүнийг хулгайлж, ашиг олъё гэсэн сэдэл байхгүй хулгайлах санаа зорилгогүй байсан” гэсэн өмгөөлөгчийн санал нь үгүйсгэгдэж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Б эд зүйлээ захиж үлдээсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй ба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Х.Бын “...намайг местэндээ сууж байхад  миний хажууд чемодан байсан ба нэг залуу харж байгаарай гэж хэлсэн. Би тэр залууг надад хандаж хэллээ гэж ойлгосон...” гэсэн мэдүүлгээр хэн нэг этгээд шүүгдэгчид эд зүйлээ захиад, тухайн эд зүйлээ хариуцуулж  үүрэг хүлээлгээгүй болох нь тогтоогдож байна.

Иймд гэмт үйлдлийн талаарх  прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд шүүгдэгч Х.Б  бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар   хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.Быг бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар   хулгайлсан   гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Т.Б холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай  тохирсон, шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар шүүхийн хэлэлцүүлэгт  хэргийг хэрэгсэхгүй болгох талаар мэтгэлцсэн боловч шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлийг буцаан өгсөн ба гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж үзлээ. 

Хохирогч З.Н нь хавтаст хэргийн 18 дугаар талд ”...ямар нэгэн гомдол санал байхгүй хулгайд алдсан эд зүйлээ буцааж авсан” гэж  мэдүүлсэн байх тул хохирол нөхөн төлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Б нь ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-ийн 80-р тал/ тогтоогдож байна.

          Шүүгдэгч Х.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа  гэмт хэрэг үйлдсэн,  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Хэрэв шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг анхааруулж байна.

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон  иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг  дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:    
1.Шүүгдэгч Р.Х.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар  авсан  гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Бхорих ял оногдуулахгүйгээр  1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймгийн Замын үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн  2.5-д зааснаар шүүгдэгч Х.Бтэнссэн хугацаанд оршин суух газар,  ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг  зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй,  иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг  дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч  Х.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 


                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН