| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 197/2025/09635/И |
| Дугаар | 210/МА2025/01948 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/01948
2025 11 10 210/МА2025/01948
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/11101 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,800,975 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,800,975 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “... ******* нь *******-д ажиллаж байх хугацаандаа 2017 оны 01 сарын 18-ны өдөр 12,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авч, сар бүр хуваарь гарган цалингийн суутгал хийлгэж, цалингийн урьдчилгаа төлбөрөө хэсэгчлэн төлж байсан. 2018 онд *******г гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас чөлөөлсний дараа төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч утсаа авахгүй, гэрийн хаяг дээрээ байхгүй гэх хариу ирсэн. Манай компанийн зүгээс Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт 2023 оны 12 сарын 01-ний өдөр №01/2613 тоот албан бичиг хүргүүлсний дагуу *******гийн оршин суугаа хаягийг тодруулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 сарын 29-ний өдрийн 101/ШЗ2024/03573 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд *******гаас 5,800,975 төгрөгийг гаргуулж, манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан байна. /хх5/
4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “...би тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа цалингийн урьдчилгаа төлбөр авч байсан боловч хэсэгчлэн төлж байсан. Өнгөрсөн хугацаанд надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэх агуулгаар тайлбарлан, маргажээ. /хх24/
5. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
5.1. ******* нь 2016 оны 01 сарын 10-ны өдөр *******-ийн гүйцэтгэх захирал *******т хандаж цалингийн зээл 12,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай олгох тухай өргөдөл гаргасан. /хх14/
5.2. ******* нь дээрх хүсэлтийг үндэслэн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данснаас *******гийн эзэмшлийн ******* дугаартай данс руу нь 12,000,000 төгрөгийг “цалингийн урьдчилгаа” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн. /хх12/
5.3. ******* нь 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн.
6. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх тодорхойлсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Талуудын гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч ******* нь “хариуцагч зээлийн үүргээс 2017 оны 02 сарын 28-ны өдрөөс 2018 оны 02 сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд 6,199,024.93 төгрөг буцаан төлж, үлдэх 5,800,975 төгрөг төлөх үүргээ гүйцэтгээгүй” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна. /хх13, 15/
Хариуцагч ******* 2025 оны 05 сарын 01-ний өдөр нэхэмжлэлийг гардан аваад “... надад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй.” гэх тайлбарыг мөн сарын 08-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлжээ. /хх20,24/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргана.” гэж заасан.
Хариуцагч ******* нь шүүхэд тайлбар гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар маргаагүй байна.
Иймээс хэрэгт авагдсан *******-ийн 2023 оны 12 сарын 01-ний өдөр 01/2613 дугаартай албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/4701 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2024/03573 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж зэрэг нотлох баримтуудыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааны талаар шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцнэ. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж буруу дүгнэсэн алдааг дээрх байдлаар залруулан дүгнэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Энэ үндэслэлээр хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Нэхэмжлэгч *******-аас нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Төлбөрийн даалгавар, *******д цалингийн урьдчилгаа олгосон болон төлсөн дүн, Тооцооны үлдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгчээ. /хх12-13, 15/ Хариуцагч ******* уг баримтуудыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна.
Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг зөв хэрэглэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/11101 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Ч.ЦЭНД