Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2025/01983

 

 

 

     2025         11            14                                          210/МА2025/01983

                                           

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/06164 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. ******* миний бие өөрийн нагац ах *******т 2017 оны 08 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүг сар бүр төлөхөөр 10 сарын хугацаатай зээлдүүлсэн.

1.2. ******* зээлж авсан мөнгөө буцааж надад өгч чадахгүй 1 жил болсон бөгөөд төлж чадахгүй байгаагаа надад хэлсэн учраас 10,000,000 төгрөгийг авахаа больсон. 2018 оны 08 сарын 01-ний өдөр *******тай бичгээр гэрээг байгуулж, 15,000,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 15-ний өдөр төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулж чадахгүй бол алданги 0,5 хувиар тооцож төлөх тухай баталгааг бичгээр байгуулж, нотариатаар батлуулсан.

Гэвч ******* уг баталгааг бичгээр хийж өгснөөс хойш надаас зугтаагаад өр зээлээ нэхэх гэхээр надтай харьцахгүй байж байгаад 2019 оны 09 сард ******* аймгийн цагдаагийн газарт надад холбогдуулж гомдол гаргаж “мал завшсан” гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт гүтгэж, тус хэрэг нь өнөөдрийг хүртэл ******* аймгийн цагдаагийн газар, Прокурорын газарт хянагдаж байна. Миний бие олон жил *******аас авах ёстой төлбөрөө авч чадахгүй, хаана амьдардаг нь тодорхойгүй, мөн надад холбогдуулан гомдол гаргаснаас хойш надаас зугтаагаад байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй.

Иймд 2018 оны 08 сарын 01-ний өдрийн зээлийн хэлцлийн дагуу үндсэн зээлд 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. 25,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн мөнгийг авснаас хойш 28 хоногийн дараа буюу 2017 оны 09 сарын 10-ны өдөр ******* нь хамт ажилладаг цагдаагийн албан хаагчид хүнд гэмтэл учруулж, хорих анги руу ачигдсан байсан. Энэ талаар *******, ******* нар надад  хэлсэн. ******* нь 2017 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн “надад хадгалуулсан миний авсан 25,000,000 төгрөгөөс өмгөөлөгч аваад, хохирогчийн эм тарианд өгөөрэй, надад байсан мөнгөнөөс хэрэглээд тэр хүүхдийн амь нас, эрүүл мэндийг эхний ээлжид тавиарай” гэж хэлсэн. Мөнгө авснаас хойш 28 хоногийн дараа өмгөөлөгч аваад 2017 оны 09 сарын 19-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ, мөнгө шилжүүлсэн баримтуудыг нотлох баримтаар хэрэгт хавсаргасан. Хоёр өөр 25,000,000 төгрөгийн асуудал яригдаж байгаа бөгөөд зодуулсан хүүхэд гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсээд Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Уг асуудлаас болж 25,000,000 төгрөг нэхэмжилсэн учраас “******* нь надад байсан 25,000,000 төгрөгөөс эмчилгээний зардал, өмгөөлөгч авах, эмнэлэгт хэвтэх зэрэг бүх зардлыг гаргаж, зохицуулаарай.” гэж хэлсэн. ******* нь тухайн мөнгөнөөс зарцуулсан гэдгийг мэдэж байгаа бөгөөд хариу тайлбартаа дурдаж байсан гэжээ.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 22,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 270,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. 2017 оны 09 сарын 10-ны өдөр *******ийн төрсөн ах ******* нь хамт ажилладаг Цагдаагийн албан хаагчийн биед хүнд гэмтэл учруулж, улмаар харвалт өгч ажлын чадваргүй болсон. Хохирогч болон түүний ээж эмчилгээний зардалд нэхэмжилсэн бөгөөд тэр хүүхэд тархины хагалгаанд орсон. *******, *******, ******* нартай утсаар яриад эхний ээлжид надад буй мөнгөнөөс хохирогчийн эмчилгээний зардал, бусад өмгөөлөгчийн зардалд зарцуулахыг *******, ******* нар өөрсдөө зөвшөөрсөн. 2017 оны 08 сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 сарын 14-ний өдөр хүртэл 10 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон гар бичмэл байдаг. Анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан 2018 оны 01 сарын 12-ны өдрийн 40,000 төгрөг, 2018 оны 03 сарын 26-ны өдрийн 680,000 төгрөг, 2018 оны 05 сарын 29-ний өдрийн Э.Билгүүнээс мөнгө хүлээж авсан гомдолгүйн баталгаа, 2018 оны 04 сарын 22-ны өдрийн 2,500,000 төгрөг болон 2018 оны 05 сарын 29-ний өдрийн 2,500,000 төгрөг хүлээж авсан баталгаа зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн. Мөн анхан шатны шүүхээс миний гаргаж өгсөн баримтуудыг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн учраас өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, төлбөр төлсөн баримт, хаан банкны дансны хуулга зэргийг баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр давж заалдах гомдолдоо хавсаргасан байна. Миний бие *******ийн өөрийнх нь хүсэлт, зөвшөөрлөөр тухайн мөнгийг зарцуулсан.

4.2. 2017 онд ******* нь хууль бусаар шунахайн сэдэлтэйгээр миний малыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Улмаар их хэмжээний мөнгөн дүнтэй олон тооны малыг зарж борлуулсан болох нь тогтоогдож ******* дугаартай эрүүгийн хэргийг шалгаж, ******* аймгийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 сарын 03-ны өдрийн хурлаар гэм буруутай нь тогтоогдсон. Шүүх хуралдааны явцад хэргийн материалд хавсаргасан баримтаар 100 гаруй сая төгрөгийн малыг зарж борлуулсан нь тогтоогдсон. Уг мөнгийг зээлсэн талаар эрүүгийн хэрэг дээр намайг *******ийн гомдлоор шалгаад тухайн мөнгийг хүсэлтийн дагуу зарцуулсан гэж дүгнэсэн. ******* нь өөрөө хэрэгт холбогдож гэм буруутай нь тогтоогдоод шүүхэд шилжээд ирэхээр өс хонзонгийн санаатайгаар дахин гомдол гаргаж байна.

4.3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд *******, *******, *******, ******* нарыг оролцуулж өгөхийг хүсэж байна. Иймд уг хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

            5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Давж заалдах гомдолд Э.Ганбилэгийн эмчилгээний зардал болон эрүүгийн хэргийн тухай бичсэн нь өөр асуудал бөгөөд хариуцагч өөрийнхөө төрсөн ахтай холбоотой асуудлыг ярьсан гэж үзэж байна.

Хариуцагчийн гаргаж өгсөн баталгаа дээр ах дүүс учраас 10,000,000 төгрөгийг хасаж, 15,000,000 төгрөгийг эгүүлэн төлөхөө баталж, Иргэний хуульд заасны дагуу 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон. ******* нь тус баталгааг сайн дурын үндсэн дээр гаргаж өгсөн.

5.2. Эрүүгийн хэрэг шалгагдаж эхэлсэн учраас 7-8 жилийн хугацаанд шаардлага гаргаагүй. Эрүүгийн хэрэгт зээлийн гэрээний үйл явдлын талаар шалгуулах гэж оролдсон боловч шийдэж өгөөгүй тул иргэний шүүхэд хандсан.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “...Л.Ганбилэг бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан ... тэр хохиролд төлсөн эмчилгээний зардал, өмгөөлөгчийн хөлс зэрэг нь *******ээс зээлсэн 25,000,000 төгрөгөөс хасагдах ёстой ...” гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. ******* нь *******т 2017 оны 08 сарын 12-ны өдөр 25,000,000 төгрөгийг бэлнээр өгч, сарын 2.5 хувийн хүүг сар бүр төлөхөөр тохиролцож, 10 сарын хугацаатай зээлдүүлсэн байна. /хх1, 14-16/

3.2. Талууд 2018 оны 08 сарын 01-ний өдөр харилцан тохиролцон, “Иргэн *******т баталгаа гаргах нь” нэртэй баримт үйлдэн, ******* нь шилжүүлсэн 25,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг *******аас буцаан авахаас татгалзаж,  ******* нь үлдэх 15,000,000 төгрөгийг 2018 оны 08 сарын 15-ны өдөр төлөх, хэрэв төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож төлөхийг зөвшөөрч, уг баримтад ******* гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх4/

 

4. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг үндэслэн талуудын хооронд үүссэн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3, 446 дугаар дугаар зүйлийн 466.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ гэж үзлээ.

4.1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т 25,000,000 төгрөг бэлнээр шилжүүлэн өгснөөр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Учир нь, хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг амаар болон бичгээр хийж болох бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно.

Талууд хожим гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийн хэмжээ, хугацааг харилцан тохиролцон, баримт үйлдсэнээр өмнөх зээлийн гэрээний үүргийг сольж, тооцоо нийлэх гэрээ байгуулсан гэж дүгнэх хуулийн үндэслэлгүй. Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.1 дэх хэсгийн Тооцоо нийлэх гэрээний зохицуулалт нь гэрээний талуудын хоорондын ажил хэргийн харилцаанаас үүсэх шаардах эрх, үүрэгт хамаарна. Иймд зохигчийн хооронд үүссэн харилцаанд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэнэ.

4.2. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр тул гэрээний нэг тал нөгөө талаасаа үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

 

5. Хариуцагч ******* нь татгалзлын үндэслэлээ  “шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг *******ийн зөвшөөрснөөр дүү *******ийн бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол, өмгөөлөгчийн хөлс зэрэгт зарцуулсан” гэж тайлбарласан. Тэрээр 2017 оны 09 сарын 27, 28-ны өдрөөр огноолсон зарлагын баримтууд, Хас банкны 2017 оны 09 сарын 19, мөн оны 11 сарын 09, 2018 оны 01 сарын 12-ны өдрийн тус тус төлбөрийн баримт, Хаан банкны 2018 оны 03 сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 11 сарын 20-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 2017/0033 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, “2018 оны 11 сарын 13-нд *******, ******* нар” гэсэн нэртэй гэрээ,  2018 оны 05 сарын 29-ний өдрөөр огноолсон “Мөнгө хүлээн авсан болон гомдолгүй тухай баталгаа”, 2018 оны 05 сарын 25-ны өдрөөр огноолсон “Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд болон БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирол бүрэн барагдуулсан тухай тэмдэглэл” зэрэг бичгийн баримтуудыг хариуцагч талаас шүүхэд гарган өгчээ. Анхан шатны шүүх, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүх доорх байдлаар залруулах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх, ******* аймгийн Прокурорын газрын 2024 оны 11 сарын 11-ний өдрийн 173 дугаартай Хариу мэдэгдэх хуудас, 2017 оны 09 сарын 27, 28-ны өдрөөр огноолсон зарлагын баримтууд, Хас банкны 2017 оны 09 сарын 19, мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Төлбөрийн баримтууд, 2017 оны 11 сарын 20-ны өдрийн “Өмгөөлөл, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ”, *******ийн гар бичмэлийн хуулбар зэрэг баримтуудыг хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин, хариуцагч талын шүүхэд өгсөн Хас банкны 2018 оны 01 сарын 12-ны өдрийн төлбөрийн баримт, Хаан банкны 2018 оны 03 сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2017 оны 09 сарын 19-ний өдрийн 2017/0033 дугаартай “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”, “2018 оны 11 сарын 13-нд *******, ******* нар” гэсэн нэртэй гэрээ, 2018 оны 05 сарын 29-ний өдрөөр огноолсон “Мөнгө хүлээн авсан болон гомдолгүй тухай баталгаа”, 2018 оны 05 сарын 25-ны өдрөөр огноолсон “Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд болон БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хохирол бүрэн барагдуулсан тухай тэмдэглэл” зэрэг бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангасан байгаа боловч хариуцагч *******ын үүргийн гүйцэтгэлд тооцох боломжгүй байна. Учир нь, хариуцагч нь 2018 оны 08 сарын 01-ний өдөр баримт үйлдэн, 15,000,000 төгрөгийг мөн сарын 15-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн тул уг өдрөөс өмнөх цаг хугацаагаар огноолсон дээрх нотлох баримтуудыг үндэслэн зээлийн үүргээс хасч тооцох боломжгүй юм. Иймээс гэрээгээр хүлээсэн үүрэг болох 15,000,000 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлөх үүргээ хариуцагч гүйцэтгээгүй гэж үзнэ.  

 

6. Хариуцагч ******* нь 2018 оны 08 сарын 01-ний өдрийн гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгээс хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь гүйцэтгээгүй үүрэг болох 15,000,000 төгрөгөөс алданги тооцон шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч тал алдангид 7,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчөөгүй байна. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн.

 

7. Хариуцагч нь давж заалдах гомдолдоо шинээр нотлох баримт хавсарган өгч, *******, *******, *******, ******* нарыг оролцуулах хүсэлт гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэж заасан. Мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг заах эрхгүй.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдсан байхаас гадна тухайн нотлох баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн байх ёстой. Анхан шатны шүүх хариуцагч талаас гаргаж өгсөн зарим нотлох баримтууд хэлбэрийн шаардлага хангагдаагүйн улмаас шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар дүгнэлт хийсэн. Давж заалдах шатны шүүх уг хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хэргийн оролцогчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх журамтай. Мөн давж заалдах шатны шүүхэд гэрч оролцуулж мэдүүлэг авах ажиллагаа явуулах эрхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгоогүйн гадна нэхэмжлэгч ******* нь *******д олгосон итгэмжлэлээсээ татгалзаагүй тохиолдолд түүнийг шүүх хуралдаанд оролцохыг шаардах эрхгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/06164 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “466 дугаар зүйлийн 466.2 дахь хэсэг” гэснийг “281 дүгээр зүйлийн 281.1” гэж өөрчлөн, “232.4” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.НЯМБАЗАР

 

                                           ШҮҮГЧ                                        Д.ЗОЛЗАЯА

 

                                                                      Ч.ЦЭНД