Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 545

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Л.Соёмбо,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Г,

хохирогч Б.Г, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан,

шинжээч С.Чулуунсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805046620955 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, __ дугаарын регистртэй, Б.А.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Борис овогтой А нь 2018 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны грашинд дотор байрлах 00 дотор Б.Гыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Гын өгсөн:

“...2018 оны 9-р сарын 08-наас 09-нд өдөр шилжих шөнө 12 цагийн үед хөдөөнөөс орж ирээд тухайн байранд хүний майхан буулгах шалтгаанаар очиход харуулын байранд Б.А нь 2 ажилтантай архи ууж байсан. Намайг шаардлага тавихад хүлээн зөвшөөрөхгүй байсан. Б.А намайг явъя гэж шалсаар байгаад бие засах өрөөрүү орсон. 2 удаа цохисныг маш сайн мэдэж байна. түүнээс цааш ухаан алдсан. Олон гэмтлүүд авсан од бол тухайн үед хавирга хугарсныг мэдээгүй.

Дараа нь шинжээч эмчийн дүгнэлтээр гарч ирсэн. Хамар дээр хуучин хугаралт гэж гарсан боловч Б.Аын олон удаагийн үйлдлээр үүссэн гэж бодож байна. Энэ хугацаанд Б.А надаас нэг ч удаа албан ёсоор уучлалт гуйгаагүй. Одоо хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.Чулуунсүхийн өгсөн:

“...Хавтаст хэргийн ... тоот дүгнэлт гаргахад Гын гэх 2018 оны 9 дүгээр сарын 9-ны өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 18-ны, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны, 2018 оны 10 дугаар сарын 16-ны, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гээд нийт 5 ширхэг зургийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр уншиж өгсөн. Тэр үед гэмтэл харагдаж байсан. Цаг хугацааны байдал, хугарлын шинж байдлаас л хамаарч гэмтлийг шинэ хуучин гэж ялгадаг. Цээжний эцэнх буюу зүүн 5 дугаар хавирга дээр зөрөөгүй хугаралт байгаа, энэ бол шинэ хугаралт, 7 хавирганы хугаралт бороолсон байгаа тул хуучин хугаралт байсан. Тэгэхээр хоёр хавирганы хугаралт байхад нэг нь шинэ хугаралт нөгөө нь хуучин хугаралт байсан. Энэ авагдсан зурагнууд нь он сартайгаа байдаг болохоор хэзээ унших нь хамаагүй. Энэ хүний хугарал нь зөрөө үүсээгүй хугарал учраас тодорхой ямар зовиур өгөхийг хэлж мэдэхгүй. Тухайн хүний онцлог шинжээс л хамаарна. 5 дугаар хавирганы зөрөөгүй хугаралт, 7 дугаар хавирганы бороолсон хугаралт өөр өөр цаг хугацаанд үүссэн. Тусгай тоног төхөөрөмжөөр аваад нэг нь хуучин хугаралт, нөгөө нь шинэ хугаралт гэж гарсан тул нэг дор үүссэн байх боломжгүй. Сэдэрсэн гэдэг нь сэмрээгүй зөрүү байхгүй байна гэдгийг л хэлж байна. Хугарал үүсээд буцаад хэвэндээ орсон гэсэн үг. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарч хавирганы эдгэрэх явц нь янз янз л байдаг. Тухайн хавирганы хугаралт хүндэвтэр зэргийн гэмтэлд орохгүй. Хамрын гэмтэл байхгүй хуучин гэмтэл гэж гарсан. Хавирганы хугаралт бол шинэ гэмтэл нэг удаагийн үйлдлээр ч үүсч болно...” гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Аын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 08-ны 23 цагийн үед би Үйлдвэрчний соёлын төв ордонд гар бөмбөгийн тэмцээнд орчихоод гэртээ Баянгол дүүргийн 5-р хороо 122 байр 707 тоотод гэртээ ирээд хувцсаа тайлаад гэрээсээ буцаад гар утсаараа яриад гарсан. Гадаа машины зогсоол дээр очоод машиндаа ороод гар утсаараа ярьж байгаад гэр лүүгээ буцаж орох гэж яваад манай 1 дүгээр орцны танил болох Э, Анхаа нартай таарсан. Тэр хоёр лаазтай Сэнгүр пиво ууж байсан. Надад 1 ширхэг лаазтай бүтэн пиво өгсөн. Тэгээд бид гурав пивоо аваад харуулын пост руу орсон. Ороод удаагүй би нэг пиво ууж байгаад талд нь оруулаад бид гурав гарахад Г машинаасаа манай байрны 1 дүгээр орцны нэг эгчтэй, дахиад нэг хүнтэй манинаас буугаад жолооч нь яваад өгсөн. Гтай таараад мэндэлсэн. Цуг явж байсан хүмүүс нь гэр лүүгээ орсон. Г бид хоёр юм яриад грашийн 00 руу орохоор явсан. СӨХ-ийн үйл ажиллагааны талаар шүүмжлээд би ярьсан. Тэгэхэд Г над руу “чи авгай шиг дандаа юм ярьдаг” гэж хэлсэн тэрнээс болж маргалдсан. Харуул айлаас ус алдаад байсан тул дээшээ доошоо гүйгээд байсан. Харуул Дэлгэр ахаас 00-н түлхүүр аваад 00 руу орж бие засахаар Г бид хоёр орсон. Бид хоёр бие засаад үргэлжлүүлээд л маргалдсан. Би зарчмын шаардлага л тавьдаг, тухайн үед ч би шаардлага тавьсан. Бие засаад гарч ирээд Г заамдаад барьж авсан. Г баруун гараараа миний шанаа руу цохих гэхэд би бултсан. Тэр үед миний гар утас биеийн тамирын цамцны кармаанаас унасан. Би гар утсаа аваад босож ирээд би зөрүүлээд зүүн гараараа баруун тал руу нь шанаа эрүүний хавьцаа цохисон. Дахиад барьцалдаж авсан. Гаднаас харуул Б ах, Э, Анхаа нар орж ирээд салгаад бид хоёрыг больцгоо гээд тэгээд салсан. Би маргалдаж байх үеийнхээ бичлэгийг гар утсандаа бичиж авсан. Цагдаа дуудаад ирээд намайг цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү авч очоод эрүүлжүүлэхэд хийх шаардлагагүй гээд явуулсан. Г Гэмтлийн эмнэлэг рүү явсан байх...” гэх мэдүүлэг /хх-н 24-25, 41-42/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Гын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн спорт явган аялалын арга хэмжээнд явсан. Орой хамт явсан Цэрмаа гэх эмэгтэйг хүргэж өгөхөөр 122 дугаар байрны гадаа очоод Клугер маркийн 47-27 УНТ улсын дугаартай машинтай очоод Цэрмаа эгч майхан сав ихтэй явсан. Тэрийг буулгаад би машин дахь хогоо хогийн саванд хаяад харуулын өрөөнд Цэрмаа эгчийн майханг аваачиж буулгаад оруулахад А, А, Э нарын хамт лаазтай пиво уугаад сууж байсан. Намайг ороход харуул Б гарч байсан. Би ороод ажлын байран дээр яагаад пиво уусан юм бэ гэж шаардлага тавихад А эсэргүүцээд бидний хаана байх хамаагүй СӨХ-н ажлаа хий шөнө идэж уудаг гэж гүтгэж хэрүүл маргаан үүсгэсэн. Намайг А гражийн 00 руу оръё гэж хэлсэн. Би орохгүй гэж хэлсэн. Намайг удаа дараа хамт 00 оръё гэж шаардсан. А бид хоёр 00 өрөө рүү ороод бараг 30 минут болсон. А намайг ямар ч байсан 2 удаа нүүр лүү цохисон. Би ухаан балартсан. Нэг ухаан ороод хүн аллаа гээд гүйж байсан. А намайг зодохоо больсон. Тэгээд А гараад явсан. Тэгэхэд 00-н гадна А, Э хоёр нь гадаа хүлээж байгаад тэр гурав яваад өгсөн. Камерын бичлэгээс харахад А, Э хоёр А бид хоёрыг 00 руу орсноос хойш хүлээгээд зогсож байсан. Тэр гурвыг гарсны дараа харуулын байрны үзүүрт цагдаа дуудаад зогсож байхад Э, А хоёр ирээд арай хэтрүүлчихжээ гээд хэлээд явсан. Шинжээчийн дүгнэлтэд миний доод баруун шүдний хойд араа унасан байсан нь тусгагдаагүй байна. Эмчилгээний зардалд бараг 2 сая төгрөг болсон. Эмчилгээний зардал, шүд хийлгэх зардал, 2 сар ажилгүй байх хугацааны зардал бусад зардалд нийт 15 сая төгрөг нэхэмжилж байна.

Анх шүүх эмнэлгийн эмч ирж үзэхдээ надаас асугаа ч үгүй би ч үзүүлээгүй. Ингээд уг зүүн 5-р хавирганы хугарал гэмтэл шүүх эмнэлгийн дүгнэлтэнд тусгагдаагүй байсан. Дахин дүгнэлт гаргуулахад миний гэмтлийг бүрэн гаргасан байсан. 47-р шүд унасан асуудал, 5 дугаар хавирга хугарсан асуудал зэргийг гаргасан байсан. Шинжээчийн дүгнэлтийг одоо хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 24-29, 45-46, 202-203/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Ч.Б-ийн өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 09-ний 00 цаг өнгөрч байхад би ажлын байранд байж байтал гаднаас манай байрны оршин суугч Анхаа, Бор нар гаднаас 3 ширхэг лаазтай нэрийг нь сайн мэдэхгүй пиво авч орж ирсэн. Тэгээд байж байтал мөн манай байрны оршин суугч гаднаас орж ирээд тэр 3 манай өрөөнд уусан. А Хараа гэдэг 0,33 литртэй архи барьж ирсэн тэр 3 хувааж уусан. Тэгээд байж байтал манай байрны сантехникийн хүн 15 давхарт ус алдаад байна гээд тэрнийг тогтоочихоод ороод иртэл нягтлан Г ороод ирсэн сууж байсан жаахан согтолттой байх шиг байсан. А ариун цэврийн өрөө ормоор байна гэхээр нь би яваад грашт байрладаг ариун цэврийн өрөөг онгойлгож өгсөн Г А нар орсон би оруулж өгчихөөд гарсан тэр 2 ороод алга болохоор нь би 20 орчим минутын дараа очтол тэр 2 хоорондоо маргалдаад байсан. Тэгээд байж байтал Г баруун гараараа цохих гэтэл А тонгойгоод цохиж амжаагүй тэгтэл А зүүн гараараа 1 удаа нүүрэнд нь цохиж байсан. Тэгээд би дундуур нь ороод салгаад тэгээд хоорондоо маргалдаад байх шиг байсан тэгээд би гараад ажлын байрандаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-н 10-11/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Аын өгсөн:

“...2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 21 цагийн орчим намайг гэртээ Баянгол дүүргийн 5 хороо 122 байр 1 орцны 801 тоотод байхад машинаа холдуул гээд хүн утсаар яриад дуудаад би гараад машинаа холдуулаад байж байхад манай орцны Этэй таарсан. Тэгж байхад А ах харуулын байранд байсан бид хоёр толгой дохиж мэндлээд Этэй хамт дэлгүүр ороод 3 лааз Сэнгүр пиво авсан. Тэгээд буцаж харуулын байранд ороход А ах ганцаараа байсан. Харуул Б ах 15 давхраас ус алдсан гээд явсан байсан. Э бид хоёр ороод А ахтай нэг нэг пиво хувааж уугаад юм яриад сууж байхад гаднаас нэг дунд гарын жип машин орж ирсэн. Тэр машин эмэгтэй жолоочтой байсан. Машин дотроос нягтлан гэх нэг ах нэг эмээтэй буугаад харуулын байранд орж ирээд машинаас майхан буулгаад оруулж ирж тавьсан тэр эмээ нь Э бид хоёрыг нэг том асар байсан тэрийг хүргэж өгөхөөр бид хоёр тэр эмээг дагаад явсан. А ах СӨХ-н нягтлан ах хоёр үлдсэн. Тэр эмээгийн асарыг нь байрны 1 давхрын оффист хүргэж өгөөд эргэж нөгөө эмээ Э бид гурав ирэхэд харуулын байрны үүдэн дээр А ах СӨХ-н нягтлан ахтай цуг гараад грашийн 00 руу явсан. 00-н түлхүүр байхгүй байна гээд буцаад тэр хоёр ирсэн. Харуул Б ах хаалгыг нь нээж өгөхөөр явсан. Б ах буцаад ирсэн. Э бид хоёр харуулын байранд юм яриад сууж байсан харуул ах Б хажууд байсан. Б ах тэр хоёрын хойноос 00 руу явсан. Харуул Б ах гүйх маягтай хүрээд ирээд А ах нягтлан ах хоёрыг муудалцсан байна нэгнийхээ нүдийг тэс цохисон байна гэж хэлсэн. Тэгээд Э, Б ах бид гурав хойноос нь 00 руу явсан. Шатаар өгсөөд 00 руу ороход тэр хоёр маргалдсан байдалтай бие бие рүүгээ үг хэлээр доромжлоод байсан. Би А ахыг аваад гарсан. А ах буцаад ороод би энэ ахтай нь учраа олоод ирье гээд буцаад орсон. Э бид хоёр маргалдаад байгааг нь хараад зогсоод байсан. Б ах СӨХ-н даргыг дуудахаар явсан. СӨХ-н дарга байгаа мөртлөө гарч ирээгүй. Нилээн маргалдаж байгаад бид хэд грашаас гарахад нягтлан ах цагдаа дуудсан. Нягтлан ах А ахыг 10.000.000 төгрөг өг эсхүл шоронд хатаана гэсэн. Цагдаа ирээд А ах нягтлан ах хоёрыг аваад явсан. Б.Гын нүүр нь хавдсан байсан өөр ил харагдах гэмтэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ц-гийн өгсөн:

“...2018 оны 9-р сарын 08-ны өдөр манай ажлын газрын хүмүүс Хандгайтад олимпиадад оролцоод орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Бид нар явахдаа манайхаас асар майхан авсан байсан. Тэгээд машин подвалийн өмнө зогсоод майхныг байрны харуулын өрөөнд Г бид 2 оруулж тавих үед тэнд А гэх хүн бас 2 хүний хамт байж байсан. Ингээд майхнаа тавьчихаад та нар энд юу хийж байгаа юм бэ явцгаа гэж хэлэхэд А нь үлдээд нөгөө 2 хүн гараад явсан юм. Уг энэ хүн харуулын байранд байх шаардлагагүй хүн байгаа юм. Миний санаж байгаагаар А нь бага зэрэг архи хэрэглэсэн юм уу гэж харагдсан. Манай дарга Г бага зэрэг архи амссан байсан. Тэгээд А Г 2 юм ярьж байсан ба А нь доошоо ороод бие засъя гэж хэлээд подваль руу орсон юм. Тухайн үед ямар нэг хэрүүл маргаан болоогүй бөгөөд Г дарга нь энэ 102 дугаар байрны СӨХ-ийн нягтлан болохоор байрны хүмүүс таньдаг юм. Тэр 2-ыг юм ярих гэж л байгаа юм байна гэж бодоод шууд гэрлүүгээ орсон. Түүнээс хойш би гэрээсээ гараагүй бөгөөд маргааш өглөө нь ажлын хүмүүсээс А нь Гыг зодсон гэж сонссон юм...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч О.Болороогийн өгсөн:

“...Тухайн үед Б.Гын амыг гүйцэд ангайлгаж үзэх боломжгүй байсан. Эрүү хугарсан үед ам ангайхгүй хязгаарлагдана. Гэмтлийн эмнэлгийн өвчний түүхэнд шүдийг авсан тухай тэмдэглэл байхгүй байсан. Б.Гын баруун доод 47-р шүд унасан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийн хувьд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын 5%-д нөлөөлнө. Урьд нь гаргасан миний гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 93-94/,  

 

Мөрдөн байцаалтад шинжээч Ш.Ганцэнгэлийн өгсөн:

“...Мэс ажилбарын явцад 47-р шүдийг авсан байна. Эхний дүгнэлт гаргахад цээжний зураг авхуулаагүй байсан байна. Зүүн талын 5-р хавирга шугаман сэтэрсэн шинэ хугаралтай байсан байна...” гэх мэдүүлэг /хх-н 197-198/, 

 

Мөрдөн байцаалтад шинжээч М.Аригуунтөгсийн өгсөн:

“...Б.Гын биед дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан байсан. Хэвтэх үед шүд хөдөлнө, шинжээчийн дүгнэлтийн зовиур хэсэгт баруун доод араа өвдөнө гэж зовиур тэмдэглэгдсэн байна. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны эрүүний хугарал засах мэс ажилбарын явцад хугарал дайрсан 47-р шүд авсан байна. Ингэхээр мэс засал хийх үед 47-р шүдийг авсан байна. Манайд ирүүлсэн КТК болон рентген зургуудыг ШЭМГ-н дүрс оношлогооны эмчид уншуулахад зүүн 5-р хавирга сугалан арын шугамаар сэлтэрсэн шинэ хугаралтай гэж гарсан байна. Өмнөх дүгнэлтэнд болон эмчийн тодорхойлолтонд дурьдагдаагүй байж магадгүй. 5-р хавирганы хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ хугарал гэмтэл гэж уншигдсан байна. Уншсан эмч нь Чулуунсүх байсан. 5-р хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /хх-н 199-200/,

 

Мөрдөн байцаалтад шинжээч С.Чулуунсүхийн өгсөн:

“...Б.Гын цээжний хэрцэнгийн эгц рентген зургийг уншсан. Уг зургийг уншихад зүүн 5-р хавирга суганы арын шугамаар шинэ хугаралтай байсан. Миний зүгээс өмнөх дүгнэлт болон эмчийн тодорхойлолтод 5-р хавирганы гэмтэл дурьдагдаагүй болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 201/,   

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ... тоот: 

  1. Б.Г-н биед эрүүгийн баруун булан, их биеийн далд хугарал, эрүүний баруун хэсэг, баруун хацар, хоёр нүдний зовхи, хүзүүний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 12/,

 

  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн ... тоот:

  1. Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №... дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

  2. Б.Гын биед эрүү ясны далд хугарал, эрүүний баруун хэсэг, баруун хацар, хоёр нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 47-р араа шүдүнийг мэс ажилбараар авсны дараах байдал, зүүн 5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

  3. Эрүүгийн хугарал дайрсан 47 дугаар араа шүдийг мэс ажилбарын явцад авсан нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонгид 5% алдагдуулах тул дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  4. ГССҮТ-н өвчний түүхийн хэвтэх үеийн зовиурт шүд хөдөлнө, шинжээчийн дүгнэлтийг зовиур хэсэгт баруун доод араа өвдөнө гэсэн зовиур бичигдсэн байх ба гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй.

  5. Б.Гад шинжээч эмч 2018.09.12-нд үзлэг хийсэн байх ба 2018.09.13-ны эрүүний хугарал засах мэс ажилбарын явцад хугарал дайрсан 47 дугаар араа шүдийг авсан байна гэх дүгнэлт /хх-н 184-185/,

 

  - хохирлын баримтууд /хх-н 51-70, 131-137/,

  - хохирогч Б.Гын өвчний түүхийн хуулбар /хх-н 170-181/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 17/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 30/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Борис овогтой А нь 2018 оны 9 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар байрны грашинд дотор байрлах 00 дотор Б.Гыг зодож биед эрүү ясны далд хугарал, эрүүний баруун хэсэг, баруун хацар, хоёр нүдний зовхи, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн 5-р хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Аын “...Г баруун гараараа миний шанаа руу цохих гэхэд би бултсан. Би гар утсаа аваад босож ирээд би зөрүүлээд зүүн гараараа баруун тал руу нь шанаа эрүүний хавьцаа цохисон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Гын “...А намайг ямар ч байсан 2 удаа нүүр рүү цохисон...” гэх мэдүүлэг,

гэрч Ч.Б-ийн “...Г баруун гараараа цохих гэтэл А тонгойгоод цохиж амжаагүй тэгтэл А зүүн гараараа 1 удаа нүүрэнд нь цохиж байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Аын “...Б.Гын нүүр нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг,

 

шинжээч О.Болороогийн “...Тухайн үед Б.Гын амыг гүйцэд ангайлгаж үзэх боломжгүй байсан. Эрүү хугарсан үед ам ангайхгүй хязгаарлагдана. Гэмтлийн эмнэлгийн өвчний түүхэнд шүдийг авсан тухай тэмдэглэл байхгүй байсан. Б.Гын баруун доод 47-р шүд унасан нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийн хувьд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын 5%-д нөлөөлнө. Урьд нь гаргасан миний гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг, 

 

шинжээч Ш.Ганцэнгэлийн “...Мэс ажилбарын явцад 47-р шүдийг авсан байна. Эхний дүгнэлт гаргахад цээжний зураг авхуулаагүй байсан байна. Зүүн талын 5-р хавирга шугаман сэтэрсэн шинэ хугаралтай байсан байна...” гэх мэдүүлэг,

 

шинжээч М.Аригуунтөгсийн “...Б.Гын биед дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд учирсан байсан. Хэвтэх үед шүд хөдөлнө, шинжээчийн дүгнэлтийн зовиур хэсэгт баруун доод араа өвдөнө гэж зовиур тэмдэглэгдсэн байна. 2018 оны 9 дүгээр сарын 13-ны эрүүний хугарал засах мэс ажилбарын явцад хугарал дайрсан 47-р шүд авсан байна. Ингэхээр мэс засал хийх үед 47-р шүдийг авсан байна. Манайд ирүүлсэн КТК болон рентген зургуудыг ШЭМГ-н дүрс оношлогооны эмчид уншуулахад зүүн 5-р хавирга сугалан арын шугамаар сэлтэрсэн шинэ хугаралтай гэж гарсан байна. Өмнөх дүгнэлтэнд болон эмчийн тодорхойлолтонд дурьдагдаагүй байж магадгүй. 5-р хавирганы хугарал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ хугарал гэмтэл гэж уншигдсан байна. Уншсан эмч нь Чулуунсүх байсан. 5-р хавирганы хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг,  

 

шинжээч С.Чулуунсүхийн “...Б.Гын цээжний хэрцэнгийн эгц рентген зургийг уншсан. Уг зургийг уншихад зүүн 5-р хавирга суганы арын шугамаар шинэ хугаралтай байсан. Миний зүгээс өмнөх дүгнэлт болон эмчийн тодорхойлолтод 5-р хавирганы гэмтэл дурьдагдаагүй болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт, 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн шинжээчийн ... тоот дүгнэлт, хохирлын баримтууд, хохирогч Б.Гын өвчний түүхийн хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ат холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч Б.Гын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүхээс хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсоноор шүүгдэгчээс 2.932.944 төгрөг гаргуулж хохирогч Б.Гад олгохоор шийдвэрлэсэн бусад баримтуудын огноо, мөнгөн дүн бүдгэрч харагдахгүй яг юунд зарцуулсан зэрэг тооцоолох боломжгүй баримтууд байсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирол төлөхөөр завсарлага авч хохирлыг төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Аыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ат 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналуудыг тус тус гаргасан ба шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн хэргээ гэмшиж байгаа хувийн байдлын хувьд дээд боловсролтой тогтвор суурьшилтай ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүхээс шүүгдэгч Б.Ат 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аыг 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Г нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээснийг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ