Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 567

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа,

улсын яллагч Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Х.Ж, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу,

хохирогч М.О, түүний өмгөөлөгч Г.Халиунаа,

иргэний нэхэмжлэгч М.Б, М.Т, А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Жд холбогдох эрүүгийн 1903003320212 дугаартай, 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Х.Ж.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 23:40 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын галт тэрэгний төв буудлын баруун хойд уулзвар замд “Тоёота витз” маркийн, 9808 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-т заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-т заасны дагуу төмөр замын гарамын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас М.Оын жолоодож явсан Hyundai Grandeur маркийн 3140 УБУ улсын дугаартай Ватиканы католик шашны ТББ-ын машиныг мөргөж, жолооч М.Оын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ж мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.О мэдүүлэхдээ:

“...2019 оны 3-р сарын 30-ны өдрийн 11 цаг 40 орчим минутанд  харих гээд явж байсан. Осол гардаг өдөр гэрлэн дохион дээр очиход улаан гэрэл асчихсан байсан. Би зогсож хүлээгээд ногоон гэрэл асчихаар нь уулзварт нэвтэрхэд хажуу талаас хурдтай тээврийн хэрэгсэл ирж мөргөсөн. Тус ослын улмаас баруун гар 2 хугаралтай гэж гарсан. Гэмтэл дээр очиж оёо хийлгэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл гэж гарсан. Ослын улмаас надад 1.434.015 төгрөгний хохирол учирсан. Хохирлоо өнөөдөр авсан. Гарын хувьд гүйцэд эдгээгүй. 2020 он хүртэл ачаалал авах боломжгүй гэсэн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Б мэдүүлэхдээ:

“...Машины ослоос болоод бид нарт сэтгэл санааны хохирол маш их учирсан. Бид нар залуу хүүхэд болохоор  л чимээгүй өнгөрсөн. Би ослоос болж цочиролтой болчихоод байна. Машинд ч сууж чадахгүй байгаа. Байгууллагын хувийн машин унадаг байсан. Одоо бол унаж чадахгүй байна. Тэр өдөр машинд суугаад нуруу хүртэл өвддөг болсон. Одоо бол гомдол санал байхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч М.Т мэдүүлэхдээ:

“...Сая хохирлоо төлсөн тул нэхэмжлэх зүйл байхгүй..” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч А.А мэдүүлэхдээ:

“...Гомдол санал алга. Машинаа хурдан засуулах хэрэгтэй байна. Осол гардаг өдөр журмын хашаанаас аваад л одоог хүртэл засуулж чадаагүй. Байгууллагын машин учир яаралтай засуулах хэрэгтэй байна. Одоо 3 сар болчихлоо. Машины засвар 2.396.000 гаран төгрөг нэхэмжилж байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Жын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 30-ны шөнийн 23 цаг 47 минутын орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УБТЗ-ын галт тэрэгний төв буудлын баруун хойд уулзвар замд “Toyota Vitz" маркийн 98-08 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-д заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас М.Оын жолоодон явсан “Hyundai Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашиныг мөргөж жолооч М.Оын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа Тээврийн прокурорын газрын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа Монгол улсын Эрүүгийн хуулийн зүйл ангийг 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг зөвшөөрч байна.

2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 47 минутын үед байх харихаар өөрийн эзэмшлийн 98-08 УБИ улсын дугаартай “Toyota Vitz” маркийн суудлын автомашинаа жолоодон Баянгол дүүргийн нутаг дэвсгэр вокзалын баруун хойд уулзвар замд зүүнээсээ баруун тийш нэвтэрч гартал гэнэт хойноос хар машин гарч ирсэн сандран жолоог баруун тийш дартал нөгөө машины зүүн хойд хэсгийг машиныхаа урд гупер хэсгээр мөргөж эрчиндээ чигээрээ явж хашлага даван саадны төмөр сараалжин хашааг тулаад зогссон. Тэр үед би ойролцоогоор 80 гаруй км цагын хурдтай явсан. Харин машин уулзвар нэвтэрч байхыг 5 метр орчим зайнаас харсан. Тэр дороо машинаа зогсоох гээд тормос гишгэсэн боловч амжаагүй зүүн хойд хэсгийг нь мөргөчихсөн. Ногоон гэрэл асаж байгаад шар гэрэл болон солигдох үед амжих гээд уулзвар руу нэвтрэн орсон. 80 км/цагийн хурдтай явсан болохоор машинаа зогсоох ямар ч боломж байгаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-н 143-144/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М.Оын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодон харихаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын хойд замд явж байгаад вокзалын баруун хойд талын уулзвараар зүүн тийш эргэтэл зүүн талаас 1 машин хурдтай орж ирэн урд гупер хэсгээрээ миний машины зүүн хойд хэсгийг хүчтэй мөргөсөн би газар дээрээ бүтэн эргээд зогссон. Тэгээд машинаасаа буух гэсэн хаалга онгойхгүй байхаар нь салхины шилээ нээн гадагш гарч тэр дороо утсаараа түргэний эмчид мэдэгдсэн. Тухайн үед машинд манай эгч М.Т, Б, М нар явж байсан. Манай эгч Б утсаараа замын цагдаад мэдэгдсэн. Миний баруун гарны бугуйн хэсгээс цус гарч байсан түргэний эмч ирэн үзлэг хийн бид нарыг аваад гэмтлийн эмнэлэг руу явсан. Би тухайн үед ногоон гэрлээр уулзвар нэвтэрсэн. Осол гарах үед үзэгдэх орчин чөлөөтэй. Харанхуй байсан боловч гэрэлтүүлэгтэй зам шулуун тэгш байсан. Замын хөдөлгөөн бага сийрэг байдалтай байсан. Тухайн үед миний баруун гарын бугуйн орчим язарсан шархтай, баруун сарвуу хавдсан гэмтлүүд учирсан. Тэр үед шүүх эмнэлэгт үзүүлсэн. Осолд орсон тэр дороо гэмтлийн эмнэлэгт очиж баруун гарын рентген зураг авахуулаад оёдол хийлгэсэн. Гэмтлийн эмч эрэгтэй хүн үзсэн. Дүүргийн эмчийн хяналтанд эмчилгээ хийлгээрэй гэсэн. Ингээд 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Монос” эмийн сангаас 35.444 төгрөгийн эм, 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Монос” эмийн сангаас 6.970 төгрөгийн эм тус тус авч хэрэглэсэн. Дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Мөнгөн гүүр эмнэлэгт очиж 20.000 төгрөг төлж үзлэг, 10.000 төгрөг төлж боолт хийлгэсэн. “Эм жи” эмийн сангаас 46.600 төгрөгийн бугуйн чиг, кальци, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Монос” эмийн сангаас 12.200 төгрөгийн зөөлөн эдийн тос худалдан авч хэрэглэсэн. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 8.000 төгрөг төлж шүүх эмнэлэгт үзлэг хийлгэн 240.000 төгрөг төлж толгой болон баруун мөрний томографийн зураг авахуулсан. Нийт 379.214 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Энэ эмчилгээний зардлаа жолоочоор төлүүлж авна...” гэх мэдүүлэг /хх-н 28-29/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч М.Бгийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим өөрийн байгууллагын “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашиныг төрсөн дүү Оаар жолоодуулан харих гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын баруун хойд талын уулзвараар зүүн тийш эргэтэл зүүн талаас 1 машин хурдтай орж ирэн урд гупер хэсгээрээ манай машины зүүн хойд хэсгийг хүчтэй мөргөсөн машин газар дээрээ бүтэн эргээд зогссон.

Тухайн үед миний тархи доргисон, духны зүүн дээд хэсэгт хавдаж хөхөрсөн, баруун шилбэнд зулгарсан гэмтлүүд учирсан. Өөр гэмтэл байгаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт очиж эмчид үзүүлэн томографт харуулах бичиг өгсөн. Тэгэхээр нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Натур” эмнэлэгт очиж 120.000 төгрөг төлж толгойны томографийн шинжилгээ өгсөн. Дараа нь нуруу өвдөөд байхаар нь 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт очин 30.000 төгрөг төлж нурууны эмчид үзүүлсэн, шүүх эмнэлэгт очиж 8.000 төгрөг төлж дүгнэлт гаргуулсан. Одоогоор 158.000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмлжлэгч М.Тийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим дүү Оынд очихоор “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашинтай дүү О, Б, М нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын баруун хойд талын уулзвар замд явж байтал гэнэт түс тас гээд явчихсан машин бүтэн эргээд зогссон. Тэгэхээр нь дүү нарын хамт буугаад хартал манай дүү Оын жолоодож “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын суудлын автомашиныг вокзалын баруун хойд уулзвараар зүүн тийш эргэх үед 1 машин ирэн зүүн хойд хэсгийг хүчтэй мөргөсөн байсан. Тэр машин бол “Toyota Vitz” маркийн суудлын автомашин байсан.

Тухайн үед миний тархи доргисон, баруун шилбэнд цус хурсан гэмтлүүд учирсан байсан. Өөр гэмтэл байгаагүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Гэмтлийн эмнэлэгт очин эмчид үзүүлэн томографт харуулах бичиг авч 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Натур” эмнэлэгт очиж 120.000 төгрөг төлж толгойны томографийн шинжилгээ өгсөн.Дараа 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт очин 30.000 төгрөг төлж нурууны эмчид үзүүлсэн. Мөн “Монос” эмийн сангаас 26.680 төгрөгийн эм тариа авч хэрэглэсэн. Шүүх эмнэлэгт очиж 8.000 төгрөг төлж дүгнэлт гаргуулсан. Одоогоор нийт 184.680 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Хохирлоо төлүүлмээр байна гомдолтой...” гэх мэдүүлэг /хх-н 37-38/,

 

Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч А.Аы өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 57 минутын орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр УБТЗ-ын галт тэрэгний төв буудлын баруун хойд уулзварын замд “Toyota Vitz” маркийн 98-08УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагын “Hyundai Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашиныг мөргөж машины зүүн хойд эд ангиудыг эвдэж гэмтээсэн байсан. Одоо манай газар зүүн хойд обудаа 55.000 төгрөгөөр, зүүн хойд дугуйгаа 35.000 төгрөгөөр, зүүн хойд амортизатороо 38.000 төгрөгөөр, зүүн хойд агааржуулагч сеткаа 5.000 төгрөгөөр, банкны тагийг 10.000 төгрөгөөр, багажны түгжээний хуванцар тагийг 30.000 төгрөгөөр, багажны зүүн доторлогоог 30.000 төгрөгөөр, зүүн хойд цахилгааны утсаа 20.000 төгрөгөөр, жолоочийн ослын дэрийг 65.000 төгрөгөөр, салоноо 80.000 төгрөгөөр, хойд тэвшийг 100.000 төгрөгөөр, зүүн хойд босоо тэнцүүлэгчийг 10.000 төгрөгөөр, зүүн хойд дагуу татуурга 25.000 төгрөгөөр, зүүн хойд хөндлөн татуурга 30.000 төгрөгөөр, урд аюулгүйн бүс 2 ширхэгийг 50.000 төгрөгөөр, зүүн хойд цапаа 50.000 төгрөгөөр, зүүн хойд дээд гарыг 40.000 төгрөгөөр, зүүн хойд доод гар 35.000 төгрөгөөр, хэвтээ тэнцүүлэгчээ 35.000 төгрөгөөр, хойд буферээ 130.000 төгрөгөөр, зүүн хойд буферыг тогтоогч замыг 25.000 төгрөгөөр, зүүн хойд гэрлийг 120.000 төгрөгөөр, хойд буферын хөөсийг 15.000 төгрөгөөр, зүүн хойд хаалгыг комоор нь 180.000 төгрөгөөр, зүүн хойд крело 280.000 төгрөгөөр, зүүн хойд дугуйны арк 80.000 төгрөгөөр, зүүн хойд хаалганы ховил 75.000 төгрөгөөр, зүүн хормой 10.000 төгрөгөөр, зүүн хойд лонжромоо 120.000 төгрөгөөр, зүүн хойд кузовын булангаа 68.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Мөн хойд кузовын гажаа гаргах 80.000 төгрөг будах 280.000, өнгө гаргах 80.000 төгрөг, эд анги солих 90.000 төгрөг, тэнхлэг шалгуулах 20.000 төгрөг зэрэг зардлууд гарсан. Түүнээс гадна явах эд ангийн оношлогооны 55.000 төгрөг, “Ашид билгүүн” ХХК-иар үнэлгээ хийлгүүлсний хураамж 108.000 төгрөг, тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны 110.000 төгрөг, ачилганы 180.000 төгрөг тус тус зарцуулсан. Ингээд нийт 2.849.000 төгрөгийн хохирол учирсан. Энэ 2.849.000 төгрөгийн хохирлоо буруутай жолоочоор төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-н 42-43/,

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Мийн өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашинтай харих гээд дүү О, эгч Б, Т нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын баруун хойд талын уулзвар замд явж байтал гэнэт пүс пас гээд явчихсан машин бүтэн эргээд зогссон. Тэгээд дүү О эгч Т Б нарын хамт машинаас буугаад хартал манай дүү Оын жолоодож явсан “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын суудлын автомашиныг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр вокзалын баруун хойд уулзвараар зүүн тийш эргэх үед 1 машин ирэн зүүн хойд хэсгийг хүчтэй мөргөсөн байсан. Мөргөсөн машин нь “Toyota Vitz” маркийн суудлын автомашин байсан...” гэх мэдүүлэг /хх-н 44/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Н.Д-ын өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын үед байх Жавка ахын хамт түүний эзэмшлийн 98-08УБИ улсын дугаартай “TOYOTA Vitz” маркийн суудлын автомашинтай харих гээд машиных нь хойд талын суудал дээр суугаад унтаад явж байтал гэнэт ойгоод босоод ирсэн. Сэрээд хартал Жавка ах машинтайгаа төмөр замын вокзалын баруун хойд уулзварын саадны дэргэд зогссон байсан. Буух гэсэн хаалга онгойхгүй байсан. Жавка ах буугаад хаалгыг гаднаас нь онгойлгосон. Би машинаас буугаад хүлээгээд зогсож байсан түргэний эмч ирэн Хуяг ах бид хоёрыг бас нэг машины жолооч гэх эрэгтэй хүний хамт аваад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Замдаа нөгөө ах гар хугарчихлаа гээд байсан. Тухайн үед Жавка ах нэг машинтай мөргөлдчихсөн байсан. Яг аль хэсгээрээ яаж мөргөлдсөн талаар надад үзэж харсан мэдэх зүйл байхгүй. Би Жавгарал ахыг Жавка гэж дууддаг юм...” гэх мэдүүлэг /хх-н 47/,

 

Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй гэрч Э.Хуягийн өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 50 миунтын үед байх харихаар ах Жавгаралын хамт түүний эзэмшлийн 98-08 УБИ улсын дугаартай “Тоёота витз” маркийн суудлын автомашинтай төмөр замын вокзалын баруун хойд уулзвар замд зүүнээсээ баруун тийш явж байтал гэнэт урдуур машин орж ирэн пүс хийх чимээ гарсан агаа баруун тийш даран уулзварын баруун хойд талын саадны төмөр сараалжин хашааны бетонон ханыг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-н 50/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. М.Оын биед баруун богтос ясны дистал төгсгөлийн шөвгөн сэртэнгийн хугарал, бугуйнд няцарсан шарх, сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ

3 Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 55/,

  - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг /хх-н 3-9/,

  - Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 81-84/ ,

  - Хохирлын баримтууд /хх-н 110-123, 127-128/,

  - Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 131-134, 138/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 150/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 154/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 160/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Х.Ж нь 2019 оны 3 дугаар сарын 30-ны орой 23:40 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар төмөр замын галт тэрэгний төв буудлын баруун хойд уулзвар замд “Тоёота витз” маркийн, 9808 УБИ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.18-т заасан “Гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор жолооч «Зогс-шугам» (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр гэрлэн дохио, зохицуулагчийн наана, эсхүл энэ дүрмийн 17.5-т заасны дагуу төмөр замын гарамын өмнө зогсоно” гэснийг зөрчсөний улмаас М.Оын жолоодож явсан Hyundai Grandeur маркийн 3140 УБУ улсын дугаартай Ватиканы католик шашны ТББ-ын машиныг мөргөж, жолооч М.Оын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Х.Жын “...2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 47 минутын үед байх харихаар өөрийн эзэмшлийн 98-08 УБИ улсын дугаартай “Toyota Vitz” маркийн суудлын автомашинаа жолоодон Баянгол дүүргийн нутаг дэвсгэр вокзалын баруун хойд уулзвар замд зүүнээсээ баруун тийш нэвтэрч гартал гэнэт хойноос хар машин гарч ирсэн сандран жолоог баруун тийш дартал нөгөө машины зүүн хойд хэсгийг машиныхаа урд гупер хэсгээр мөргөж эрчиндээ чигээрээ явж хашлага даван саадны төмөр сараалжин хашааг тулаад зогссон...” гэх мэдүүлэг,

 

хохирогч М.Оын “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашиныг жолоодон харихаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын хойд замд явж байгаад вокзалын баруун хойд талын уулзвараар зүүн тийш эргэтэл зүүн талаас 1 машин хурдтай орж ирэн урд гупер хэсгээрээ миний машины зүүн хойд хэсгийг хүчтэй мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч М.Бгийн “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим өөрийн байгууллагын “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашиныг төрсөн дүү Оаар жолоодуулан харих гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын баруун хойд талын уулзвараар зүүн тийш эргэтэл зүүн талаас 1 машин хурдтай орж ирэн урд гупер хэсгээрээ манай машины зүүн хойд хэсгийг хүчтэй мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмлжлэгч М.Тийн “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим дүү Оынд очихоор “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашинтай дүү О, Б, М нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын баруун хойд талын уулзвар замд явж байтал гэнэт түс тас гээд явчихсан машин бүтэн эргээд зогссон. Тэгэхээр нь дүү нарын хамт буугаад хартал манай дүү Оын жолоодож явсан HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын суудлын автомашиныг вокзалын баруун хойд уулзвараар зүүн тийш эргэх үед 1 машин ирэн зүүн хойд хэсгийг хүчтэй мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг,

 

иргэний нэхэмжлэгч А.Аы “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 57 минутын орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр УБТЗ-ын галт тэрэгний төв буудлын баруун хойд уулзварын замд “Toyota Vitz” маркийн 98-08УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай байгууллагын “Hyundai Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашиныг мөргөж машины зүүн хойд эд ангиудыг эвдэж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч М.Мийн “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын орчим “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын дугаартай суудлын автомашинтай харих гээд дүү О, эгч Б, Т нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт вокзалын баруун хойд талын уулзвар замд явж байтал гэнэт пүс пас гээд явчихсан машин бүтэн эргээд зогссон. Тэгээд дүү О эгч Т Б нарын хамт машинаас буугаад хартал манай дүү Оын жолоодож явсан “HYUNDAI Grandeur” маркийн 31-40УБУ улсын суудлын автомашиныг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр вокзалын баруун хойд уулзвараар зүүн тийш эргэх үед 1 машин ирэн зүүн хойд хэсгийг хүчтэй мөргөсөн байсан. Мөргөсөн машин нь “Toyota Vitz” маркийн суудлын автомашин байсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Н.Д-ын “...2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 50 минутын үед байх Жавка ахын хамт түүний эзэмшлийн 98-08УБИ улсын дугаартай “TOYOTA Vitz” маркийн суудлын автомашинтай харих гээд машиных нь хойд талын суудал дээр суугаад унтаад явж байтал гэнэт ойгоод босоод ирсэн. Сэрээд хартал Жавка ах машинтайгаа төмөр замын вокзалын баруун хойд уулзварын саадны дэргэд зогссон байсан. Буух гэсэн хаалга онгойхгүй байсан. Жавка ах буугаад хаалгыг гаднаас нь онгойлгосон. Би машинаас буугаад хүлээгээд зогсож байсан түргэний эмч ирэн Хуяг ах бид хоёрыг бас нэг машины жолооч гэх эрэгтэй хүний хамт аваад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Замдаа нөгөө ах гар хугарчихлаа гээд байсан. Тухайн үед Жавка ах нэг машинтай мөргөлдчихсөн байсан...” гэх мэдүүлэг,

 

насанд хүрээгүй гэрч Э.Хуягийн “...2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг 50 миунтын үед байх харихаар ах Жавгаралын хамт түүний эзэмшлийн 98-08 УБИ улсын дугаартай “Тоёота витз” маркийн суудлын автомашинтай төмөр замын вокзалын баруун хойд уулзвар замд зүүнээсээ баруун тийш явж байтал гэнэт урдуур машин орж ирэн пүс хийх чимээ гарсан агаа баруун тийш даран уулзварын баруун хойд талын саадны төмөр сараалжин хашааны бетонон ханыг мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хохирлын баримтууд, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Жд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Х.Жыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүний нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хэргийн хохирогч М.Оын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

шүүгдэгч Х.Жаас 2.396.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Ад олгож, иргэний нэхэмжлэгч М.Б, М.Т нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул нэр бүхий иргэний нэхэмжлэгч нарт шүүгдэгч нь төлөх төлбөргүй, харин хохирогч М.О нь цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатй гэж байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүхэд хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Х.Жд 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг тус тус гаргасан ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж учруулсан хохирлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн, үлдэгдэл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал зэргийг харгалзан 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Х.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Х.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүний нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Жыг 1.000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Жыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Жаас 2.396.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож, хохирогч М.О нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ