| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2019/0564/Э |
| Дугаар | 541 |
| Огноо | 2019-06-19 |
| Зүйл хэсэг | 14.4.1., 14.6.1., |
| Улсын яллагч | Г.Билгүүжин |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 541
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,
улсын яллагч Г.Билгүүжин,
шүүгдэгч Д.М,
шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас И.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
Д.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19050070400464 дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Боржигон овогт Ишгомбын Б,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, _ дугаарын регистртэй, Д.М,
Холбогдсон хэргийн талаар
- Шүүгдэгч И.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд иргэн С.Б-той маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
- Шүүгдэгч Д.М нь 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд иргэн Э.Бтой маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.М мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И.Б мэдүүлэхдээ:
“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч И.Бын өгсөн:
“...Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний 21 цагийн орчим зүс таних Б Б, Т нар З-лаа хамт орж ирсэн. Тэгээд тэд нар Монголын бааранд бид таксгүй ордог, такс төлөхгүй гээд хамгаалагч болон таксны залуучуудтай маргалдаад байсан бөгөөд энэ үед Т нь таксыг нь өгье гэхэд нь нөгөө такс тасалдаг залуус “ингэж хэл" амаар доромжлоод ийм байдлаар харьцаад байгаа учраас оруулахгүй гээд маргалдаж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Уг цагдаа нарыг манай ажилчдаас дуудсан юм шиг байсан. Ингээд тэр цагдаа нарт тэр залуус юу ч болоогүй, янз бүрийн юм болоогүй гээд цагдаа нарын хамт баарнаас гараад явсан. Гарч явахдаа Б та нар байж байгаарай эргэж уулзнаа гэсэн. Ингээд орой 23 цагийн орчим байхаа эдгээр залуус бараг 10-лаа болоод гаднаас манай баар луу орж ирээд заал руу орох хоорондоо замдаа тааралдсан зөөгч хамгаалагч хэн тааралдсаныг цохиод яваад байсан. Тэгэхээр нь би Б Б хоёртой барьцалдаж авсан. Тэгтэл тал талаас баахан залуус ирээд намайг цохиод байхаар нь би өмссөн байсан пиджакаа тайлж тэр залуусын голоос гарч ширээ тойрч зугатаасан. Энэ үед Б миний араас архитай шил барьчихсан цохих гээд хөөгөөд байхаар нь зугатаад ширээ тойроод эргэтэл өөдөөс Бтой тулсан. Тэгтэл Б намайг барьж хажуу тийш гуядахад би газар унангаа алдаад босож ирээд эргээгээд түүнийг суганаас нь тэвэрсэн. Ингээд барьцалдаж байгаад би түүнийг газар унахад би дээрээс нь унаж түүнийг дараад 2, 3 минут орчим хэвтэж байгаад босоод түүнийг хэвтэж байхад нь 2, 3 удаа өшиглөсөн. Энэ үед манай ажилтан бид хоёрыг салгахад би тэр газраас явсан. Ингээд цагдаа нар ирээд уг зодоон болох үед байсан Б, Б тэд нарын найз гэх эрээн хувцастай масктай мужаан гэх залуу, тэгээд би, надтай хамт М, Б бид нарыг тус хэлтэс дээр авч ирсэн. Тэгээд цагдаа нар Б, Б нарыг танхайрсан учраас эрүүлжүүлнэ гэтэл тэр хоёр намайг санал гомдолгүй гэчих л дээ, бид нарт санал гомдол байхгүй гээд гомдолгүй гээд салъя гээд гуйхаар нь бид нар гомдолгүй гэж Цагдаагийн хэлтсийн гадаа Б бид хоёр тамхи татаж “одоо салъя” гээд гар бариад салсан. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 32-33, 51-56/,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Мын өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 28-29 шилжих шөнө би өөрийн ажил болох Эргэн дурсахуй баарны хамгаалагчийн үүрэг Б, Н, Б, Лхагвасүрэн нарын хамт 4-лээ гүйцэтгэж байсан чинь зүс таних Б, Б нар, тарган шар залуугийн хамт 3-лаа орж ирсэн. Би тухайн өдөр таксан дээр зогсож байсан бөгөөд би Б, Б хамт явж байсан залуу 3-аас таксаа аваад орох талаар хэлсэн чинь Б нь би Монголын ямар ч бааранд мөнгө төлөн такс авч үзээгүй чи хэн бэ гэж хэлэн надруу дайрсан. Би Бод хандан таны хэн байхыг би мэдэхгүй та мөнгөө төлөн үйлчлүүл гэсэн шаардлага тавьсан. Үүнээс болон бид нарын хооронд маргаан үүссэн. Үүдний өлгүүр хэсэгт хамгаалагч Б зогсож байсан бөгөөд Б, Б нар очоод хэрүүл хийн салаавчаа гарган та нар бааранд оруулдаггүй хэн бэ гэж хэлэн хашгираад байсан. Тухайн үед ямар нэгэн зодоон болоогүй. Б, Б нар нь эргэж байгаад та нарыг ална харж байгаарай гэж заналхийлж байгаад гарсан.
Шөнийн 23 цагийн орчим Б, Б нар нь 6-н залуу дагуулчихсан орж ирэн өлгүүрийн урд байсан Н, Б нарын хамгаалагчийг нүүрэн тус газар луу цохин Б бид 2-ыг хаана байгаа талаар асуугаад баарнаас үүд хэсэг рүү гарч ирж байсан Б руу Б, Б 2 дайраад байсан. Би зодооныг салгаад явж байсан. Нэг харсан чинь Б гартаа архины шил барьчихсан Быг хөөж байсан. Харин Б буйдан тойрон зугатаасан бөгөөд 2-талаас нь Б, Боо нар барьж аван 3-лаа баарны шалан дээр унасан. Харин хамт байсан 6 залуу нь зогсоод хараад байсан. Хамт орж ирсэн бүдүүн залуу нь ойртвол ална шүү гэж хашгираад зогсож байсан. Быг манай зөөгч залуу татан босгосон. Харин Б, Б нар газар өнхрөөд зураалдаж байсан. Би Бын гарт байсан архины шилийг булааж авсан. Би Б Быг салгасан чинь Б нь Бын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон чинь Б уурлан харилцан зодолдсон. Харин Бын биеийн хаана хаана хэдэн удаа юугаар Б цохиж зодсон эсэхийг мэдэхгүй. Быг Баас өөр зодож цохисон хүн байхгүй. Би салгах гэсэн Боо нь амьсгаадчихсан үүдний довжоо хэсэг дээр сууж байхаар нь миний уур хүрээд чи олон хүмүүсийг өдөж бусдад гай болох гэж байгаа юм шиг хүмүүс дагуулан ирлээ гэж хэлээд Бын нүүр хэсэг рүү би гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б өөрийн ам хэсгээ даран сууж байснаа чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлэн амнаасаа хиймэл тагнаатай шүд гаргаж ирэхээр нь харсан. Би тухайн үед Быг хиймэл шүдтэй юм байна гэж бодсон. Тэгээд цагдаагийн байгууллагын алба хаагч нар ирсэн бөгөөд Б цагдаагийн алба хаагч нарыг хараад намайг зааж энэ хүн намайг зүгээр байхад зодчихлоо гэж худлаа хэлсэн. Мөн миний шүдийг хугалсан гомдолтой гэж хэлсэн. Энэ үед Б Б нарын дагуулан ирсэн хүмүүс зугтчихсан. Харин Б, би, Б, Б, Б нар цагдаагийн хэлтэс дээр ирэн гомдол гаргах гэж байгаад эвлэрэн цагдаагийн байгууллагад хандахгүй гэж хэлэн гарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-н 35-36, 61-63/,
Мөрдөн байцаалтад хохирогч С.Б-ын өгсөн:
“...Би 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр найз Б болон Э 2-той 22 цагийн орчим Эргэн дурсахуй бааранд орсон. Уг нь тэр бааранд манай найз Тэмүүжин байна гэсэн учраас тийшээ орсон бөгөөд анх тийш ороход такс аваад ор гэхээр хүн харчихаад гарнаа гэхэд оруулахгүй байсан бөгөөд үүдэн дээр зогсож байтал уг баарны хамгаалагч хар цамцтай өндөр шар, бага зэрэг махлаг залуу ирээд ар дагз руу цохих шиг болоод би газар унасан. Хэсэг ухаан ороход нүүр болон нуруу руу өшиглөөд байх шиг байсан. Тэгээд цагдаа нар ирээд бид нар уг баарнаас гараад явсан. Гараад явахад миний баруун нүд өвдөөд хавдсан бас нуруу хөндүүрлээд өвдөөд байсан учраас цагдаагийн байгууллагад хандаж шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоогоор надаас 300,000 орчим төгрөгийн зардал гарсан байгаа. Бас уг зодуулж байх хооронд миний хиймэл шүд унаж алга болсон . Би анх уг шүдээ 700,000 төгрөгөөр хийлгэсэн бөгөөд металл суурьтай 4 угсраа шүд байсан. Уг шүдийг хэрэглээд 3,4 орчим жил болж байсан. Тэгэхээр тэр шүдээ хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг /хх-н 12-13, 15-16/,
Мөрдөн байцаалтад хохирогч Э.Бын өгсөн:
“...Би 2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед Б, Т нартай манай найз Тэмүүжин гэх найз Эргэн дурсахуй бааранд байна гэхээр нь тэр бааранд ирсэн. Тэгээд үүдэн дээр нь очоод хүн харах гэсэн юм гэтэл тэд нар таксаа төлөө гээд оруулахгүй байсан бөгөөд улмаар Б тэд нар хүн хараатахъя гэж байхад яасан сүртэй юм энэ тэр гээд маргалдаж эхэлсэн. Энэ үед уг баарны хамгаалагч Б нь өлгүүрийн араас гарч ирээд Бын нүүр рүү цохиод дараа нь намайг цохиход тэнд байсан хамгаалагч нар тал талаас цохиж эхэлсэн. Тэгээд бид хоёр тухайн газар унахад бас л тал талаас өшиглөсөн. Нэг харахад Б нүүрээ таглахгүй байхаар нь би түүний дээрээс дараад хэвтчихсэн. Тэгтэл зохион байгуулагч гээд байсан залуу нь гарч ирээд уг зодооныг болиулсан. Тэгээд би тэд нарт “та нар яахаараа хүн зоддог юм бэ цагдаа дуудна” гэж хэлээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирэхээр нь би гомдолтой гэтэл Б би гомдолгүй гэхээр нь цагдаа нарыг буцааж явуулаад бид 3 баарнаас гарч нөгөө дуудаад байсан Тэмүүжин рүү ярьтал тэр ойрхон байрны хажууд машинтайгаа байж байсан. Ингээд уулзаад зодуулчихлаа гэтэл яагаад зоддог юм бэ буцаж очъё гээд Б, Т, би, Тэмүүжинтэй хамт явж байсан 2 залуу гээд нийтдээ 6-лаа Эргэн дурсахуй руу буцаж орсон. Тэгээд Бтай уулзах гэтэл дотроо байсан бөгөөд яваад ортол бид нараас зугатаад үйлчлүүлэгчийн ширээн дээрээс архины шил авч далайгаад цохих гэхэд нэг нь булаагаад авсан. Тэгээд Б нь Быг цохиод өөр нэг туранхай хамгаалагч намайг цохисон. Бусад нь хаагуур юу хийж байсныг хараагүй. Тэгтэл Б хаалгаа хааж бай бүгдийг нь алчихъя гээд орилоод дахин Быг цохиж унагаад өшиглөөд ухаан алдуулчихаар нь би дээрээс нь дарсан. Тэгээд л цагдаа орж ирсэн шиг санаж байна. Би зураг авхуулах гэж 200.000 төгрөг орчим л гаргасан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.
Миний шүд хиймэл байсан болохоор би шууд өөрийн таньдаг хүн дээр очин ямар нэгэн төлбөр төлөхгүйгээр хийлгэчихсэн. Би Мтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 19-22, 69-70/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Э-гийн өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө цагийг санахгүй байна. Манай баар 18 цагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тухайн өдөр зөөгчөөр Б Төрмөнх, Түмэндэмбэрэл нар харин хамгаалагчаар Б, М, Б нар ажиллаж байсан. Цагийг нь сайн санахгүй байна 2 согтуу 35-40 орчим насны ах хамгаалагч нартай баарны үүд хэсэгт маргалдаад байсан. Маргаан нилээн удаан хугацаанд үргэлжилсэн. Би удаан ажиллаж байгаа зөөгч болохоороо юу болж байгаа эсэхийг мэдэх зорилгоор үүд хэсэг рүү очиход Э.Б, Б / цагдаагийн байгууллага дээр ирэн нэрийг нь мэдэх болсон / нар такс буюу үйлчилгээний төлбөр өгөхгүй дотогш орох гээд маргалдаад байсан. Хамгаалагч М төлбөр болох хүн тус бүрийн 10.000 төгрөгийг өгөхгүй бол оруулахгүй гэж хэлэн маргалдаад байсан. Хамгаалагч Б, Б үүд хэсэгт сууж байсан. Би шөнийн цэнгээний газар байнга ийм маргаан гардаг болохоор тоохгүй дотогш орон ажлаа хийсэн. Хэсэг хугацааны дараа цагийг нь сайн санахгүй байна манай зөөгч Б ахаа үүд хэсэгт зодоон болоод байна гэж хэлэхээр нь би гүйгээд очсон чинь Б хамгаалагч руу Б гэх залуу дайраад гөлөг нохой гэж хэлэн хашгираад байсан. Тэгэхээр нь би Бын хойноос нь тэвэрч аван салгасан. Б арай тайвширахаар нь би тавьчихсан. Эргээд харсан чинь баарны үүд хэсэгт Хамгаалагч Б Бтой тэврэлдэн газар унасан байсан. Би Бын хөлнөөс нь татан салгасан. Быг тэврэн газраас босгосон чинь дахин Б хамгаалагч руу дайран ноцолдон 2-лаа газар унасан. Би салгах гээд дийлэхгүй болохоор нь хамгаалагч дуудахаар явсан. Хамгаалагч Быг дагуулан ирсэн чинь Б газар уначихсан Б нуруу хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөж байгаа харагдсан. Б бид 2 салгасан. Тэгээд Быг аваад гарсан чинь баарны үүд хэсэг Э.Б нь хамраас нь цус гарчихсан доош хараад сууж байсан. Зодоон дууссаны дараа Э.Быг хэн өшиглөсөн талаар асуусан чинь М би өшиглөчихсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 72-73/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Бын өгсөн:
“...2019 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө цагийг санахгүй байна. Би ажил дээрээ 20 цагийн орчим ирээд хувцас солих өрөөнд хувцсаа сольж байсан чинь согтуу эрэгтэй хүний аль ч бааранд таксгүй үйлчлүүлдэг гэж хашгирч байгаа сонсогдсон. Энэ үед би хувцсаа өмсөж дуусаад гараад ирсэн чинь ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй байхаар нь согтуу хүн орилоод байсан яасан бэ гэж асуусан чинь таксаа төлөхгүй хүн орилж байгаад гарлаа гэж хэлсэн. Энэ үйл явдал болсноос хойш 2-3 цагийн дараа манай баараар үйлчлүүлж байсан Э.Б, Б нар дахин согтуу орж ирэн таксгүй дотогш орох гээд уурлаад байсан. Би тухайн үед дотор зааланд ажиллаж байсан. Баарны үүд хэсэгт хамгаалагч М, Баатбаатар, Н нар үүрэг гүйцэтгэж байсан. Нэг мэдсэн зөөгч Энх-Амгалан над дээр ирээд үүдэнд зодоон болоод байна би салгаж чадахгүй нь гэж хэлэхээр нь очсон чинь Б Б нар газар уначихсан байсан бөгөөд Б газраас босож ирэн Бын нуруу хэсэг рүү 1-2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан. Би очиж салгаад Быг цааш аван явсан. Харин Б баарны үүд хэсэгт хэвтэж байсан. Би Быг ажилчдын өрөөнд оруулчихаад гараад ирсэн чинь Бын хамраас нь цус гарчихсан зогсож байснаа намайг хараад танай хамгаалагч чинь миний нүүр хэсэг рүү өшиглөчихлөө алнаа та нарыг гэж хэлэн хашгирч байсан. Тэгээд нэг мэдсэн чинь цагдаагийн алба хаагч нар ирээд Б, Б, Б, М нарыг авч явсан. Учир нь хэрүүл маргаан зодоон зөвхөн энэ 4 залуугийн хооронд болсон...” гэх мэдүүлэг /хх-н 74-76/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 1909 тоот:
1. С.Б-ын биед бүсэлхийн 1, 2 нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний гадна булан, хамрын нуруу, угийн зулгаралт, хамрын нурууны цус хуралт, зүүн гарын чигчий хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 24/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 1999 тоот:
1. Э.Бын биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, дээд уруулд өнгөц язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 26/,
- хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-н 100/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38, 40/
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 79, 88/
- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 80, 89/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
- Шүүгдэгч И.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд иргэн С.Б-той маргалдан, улмаар түүнийг зодож биед бүсэлхийн 1, 2 нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун нүдний гадна булан, хамрын нуруу, угийн зулгаралт, хамрын нурууны цус хуралт, зүүн гарын чигчий хурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч И.Бын “...Б намайг барьж хажуу тийш гуядахад би газар унангаа алдаад босож ирээд эргээгээд түүнийг суганаас нь тэвэрсэн. Ингээд барьцалдаж байгаад би түүнийг газар унахад би дээрээс нь унаж түүнийг дараад 2, 3 минут орчим хэвтэж байгаад босоод түүнийг хэвтэж байхад нь 2, 3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
шүүгдэгч Д.Мын “...Б, Б нар газар өнхрөөд зураалдаж байсан. ...Б нь Бын нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон чинь Б уурлан харилцан зодолдсон. ...Быг Баас өөр зодож цохисон хүн байхгүй...” гэх мэдүүлэг,
хохирогч С.Б-ын “...баарны хамгаалагч хар цамцтай өндөр шар, бага зэрэг махлаг залуу ирээд ар дагз руу цохих шиг болоод би газар унасан. Хэсэг ухаан ороход нүүр болон нуруу руу өшиглөөд байх шиг байсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Э.Бын “...Б нь Быг цохиод өөр нэг туранхай хамгаалагч намайг цохисон...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Э-гийн “...Б газар уначихсан Б нуруу хэсэг рүү нь 1-2 удаа өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Бын “...Б газраас босож ирэн Бын нуруу хэсэг рүү 1-2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 1909 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар,
- Шүүгдэгч Д.М нь 2019 оны 01 дүгээр сарын 29-нөөс 01 дүгээр сарын 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эргэн дурсахуй” бааранд иргэн Э.Бтой маргалдан, улмаар түүнийг зодож биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шанаанд зулгаралт, дээд уруулд өнгөц язарсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Д.Мын “...Бын нүүр хэсэг рүү би гуталтай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгтэл Б өөрийн ам хэсгээ даран сууж байснаа чи миний шүдийг хугалчихлаа гэж хэлэн амнаасаа хиймэл тагнаатай шүд гаргаж ирэхээр нь харсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Э.Бын “...Б нь Быг цохиод өөр нэг туранхай хамгаалагч намайг цохисон...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Э-гийн “...Быг аваад гарсан чинь баарны үүд хэсэг Э.Б нь хамраас нь цус гарчихсан доош хараад сууж байсан. Зодоон дууссаны дараа Э.Быг хэн өшиглөсөн талаар асуусан чинь М би өшиглөчихсөн гэж байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Б.Бын “...Би Быг ажилчдын өрөөнд оруулчихаад гараад ирсэн чинь Бын хамраас нь цус гарчихсан зогсож байснаа намайг хараад танай хамгаалагч чинь миний нүүр хэсэг рүү өшиглөчихлөө алнаа та нарыг гэж хэлэн хашгирч байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 1999 тоот зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч И.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүгдэгч И.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хэргийн хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Э.Бын биед хөнгөн хохирол тус тус учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хавтаст хэргийн 121 дүгээр талд хохирогч С.Б- “...Баас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт, 100 дугаар талд хохирогч Э.Б “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” тухай хэргийн материал танилцуулсан баримтад тус тус гаргасан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч И.Бт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Мд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, учруулсан хохирлыг төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч хувийн байдлын хувьд нийгэмд аюултай үйлдлийг удаа хийж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд хэрэгт авагдсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч И.Быг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Мд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.М, И.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Быг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б, И.М нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан флаш дискийг хэрэгт хадгалан үлдээж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол И.Б, И.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ