| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 102/2022/02712/И |
| Дугаар | 210/МА2025/02055 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/02055
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч О.Одгэрэл, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/07459 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг болон хохиролд 74,308,470 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-тай 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, барилгын ажилд шаардлагатай бараа материалыг түрээслүүлсэн. 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх Авлага өглөгийн товчоо-ны тооцоогоор нийт түрээсийн төлбөрт 57,054,875 төгрөг, эвдэрсэн барааны үнэ 60,000 төгрөг, нийт 57,114,875 төгрөг болсон. Үүнээс *******-ийн төлсөн 12,818,670 төгрөгийг хасч, нийт 44,296,205 төгрөг дээр барьцаа 3,000,000 төгрөгийн тооцоо гарсныг ******* хүлээн зөвшөөрч захирал ******* нь авлага өглөгийн товчоо болон тооцоо, үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж, баталгаажуулсан ба барьцаанд 3,000,000 төгрөгийг төлсөн.
1.2 Түүнчлэн, түрээсийн үргэлжлэл болох 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх бараа материалын тооцоогоор нийт түрээсийн төлбөрт 2,741,695 төгрөг дээр өмнөх 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх түрээсийн тооцооны үлдэгдэл 44,296,205 төгрөгийг нэмж, нийт төлбөл зохих үлдэгдэл 47,037,900 төгрөг болсон бөгөөд ******* нь уг үнийн дүнг хүлээн зөвшөөрч захирал ******* нь бараа материалын тооцоо болон тооцоо, үлдэгдлийн баталгаанд гарын үсэг зурж баталгаажуулсан.
1.3 Мөн түрээсийн үргэлжлэл болох өвөлжилтийн түрээсийг 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх авлага өглөгийн товчоо тооцоогоор нийт түрээсийн төлбөрт 2,109,070 төгрөг, түрээсийн үргэлжлэл болох авлага өглөгийн товчоо тооцоогоор 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх нийт түрээсийн төлбөрт 1,407,510 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх өмнөх түрээсийн тооцооны үлдэгдэл 47,037,900 төгрөг, мөн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх түрээсийн тооцооны дүн 2,109,070 төгрөгийг нэмж, нийт 50,554,480 төгрөгийг төлөөгүй. Үүн дээр дутсан борлуулсан барааны дүн 14 ширхэг барааны үнэ 590,700 төгрөг, эвдэрсэн 280 ширхэг барааны үнэ 1,347,000 төгрөг, нийт төлбөл зохих тооцооны үлдэгдэл 52,492,180 төгрөг төлүүлэхээс барьцаанд төлсөн 3,000,000 төгрөгийг хасч, нийт 49,492,180 төгрөгийн тооцоо гарсан.
1.4 Түрээсийн төлбөрийг төлөөгүй 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 685 хоногоор 1 хоногийн 0.5 хувиар тооцож үзэхэд 169,510,717 төгрөгийн алданги тооцож байна. Үүнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 49,492,180 төгрөгийн 50 хувиар тооцож алдангид 24,746,090 төгрөг гаргуулна.
Иймд *******-иас түрээсийн үлдэгдэл төлбөрт 49,492,180 төгрөг, алдангид 24,746,090 төгрөг, нийт 74,238,270 төгрөг, мөн *******-ийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, бүгд 74,308,470 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 *******-ийн одоогийн гүйцэтгэх захирал ******* 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлж, хуучин захирал *******аас компанийг шилжүүлэн авсан. Компаниа шилжүүлэн авах үед ******* нь ямар нэгэн өр, төлбөр тооцоогүй гэж хэлсэн ба байгууллагын нэр дээр хийгдсэн урт хугацаатай аливаа гэрээ, хэлцэл байгаагүй. Тухайн үед ******* нэхэмжлэгч компанитай байгуулсан түрээсийн гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөр дуусгавар болж, уг гэрээнд холбогдох төлбөр тооцоог гэрээ хийхдээ бүрэн төлсөн, талуудын хооронд төлбөрийн үлдэгдэлгүй байсан.
Мөн *******ийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр *******-ийг шилжүүлэн авснаас хойших хугацаанд нэхэмжлэгч компанийн нэг ч ажилтан манай байгууллага дээр биечлэн ирж түрээсэлсэн гэх бараа материалыг хүлээлцэж, орлого зарлагын баримт үйлдэж байгаагүй. Маргаан бүхий түрээсийн гэрээтэй холбоотой төлбөр тооцоо зэрэг нэхэмжлэлд дурдсан асуудлаар огт холбогдож байгаагүй.
2.2 ******* нь манай байгууллагатай түрээсийн гэрээ байгуулахдаа өөрт үлдэх хувийг 1 жилийн хугацаатай, харин манай компанид үлдэх хувийг 30 хоногийн хугацаатай хоёр өөрөөр хийсэн байна. *******-ийг ******* шилжүүлэн авснаас хойш *******-иас түрээсээр бараа материал хүлээн авч, хамтран ажилласан тохиолдол байхгүй. Өөрөөр хэлбэл, уг түрээсийн гэрээний 30 хоногийн хугацаа дуусгавар болж, түүнтэй холбогдох төлбөр тооцоог бүрэн төлж дуусгасан. Талуудын хооронд тооцооны үлдэгдэл байхгүй байхад нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ 1 жилийн хугацаатай байгуулагдсан мэт бодит байдлыг гуйвуулан нэхэмжлэл гаргасан байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч *******-иас 70,627,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,681,420 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,492 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 511,085 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болсон түрээсийн гэрээ нь хэрэгт хоёр байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн түрээсийн гэрээнд 1 жилийн хугацаатай гэж, хариуцагчаас гаргаж өгсөн гэрээнд 30 хоногийн хугацаатай гэж өөр өөрөөр бичигдсэн байхад нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээнд талууд гарын үсэг зурсан, хариуцагчаас гаргаж өгсөн гэрээнд талууд гарын үсэг зураагүй гэж үзэж нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн 1 жилийн хугацаатай гэж бичсэн гэрээг шийдвэрийн үндэслэл болгосон.
Гэтэл хариуцагчаас гаргаж өгсөн гэрээнд -ийн ******* баталж гарын үсэг зурж тамга дарсан, тус компани санхүүгийн тэмдэг дараад гарын үсэг зурагдсан байхад гарын үсэг зурагдаагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй. Харин нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гэрээний хувьд хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн ******* сүүлд надаар нөхөж гарын үсэг зуруулсан гэж мэдүүлсэн. Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон түрээсийн гэрээг нэхэмжлэлдээ бус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагчийн дараа гаргаж өгсөн болох нь уг гэрээг нөхөж хийсэн гэж гэрч *******ын мэдүүлэг үндэслэлтэй гэж үзэхээр байна.
4.2 Түүнчлэн, тооцоо нийлсэн гэх баримтууд болон орлого зарлагын падаан гэх санхүүгийн анхан шатны баримтууд дээр ******* нь өөрийн тамга, тэмдгээ дарж хэнд хүлээлгэж өгөөд, хэнээс аваад байгаа нь тодорхойгүй. Мөн өглөг, авлагын тооцоо нийлсэн гэх баримт нь хэзээ тооцоо нийлсэн талаар он, cap, өдөр бичээгүй байдаг бөгөөд баримтын тооцоо нийлсэн, тооцоог зөвшөөрсөн гэсний ард зурагдсан гарын үсэг нь хэнийх болох нь тодорхойгүй атлаа -ийн тамгыг дарсан байдаг. Нэхэмжлэгчээс компанийн хувьд анх түрээсийн гэрээг хийхдээ хариуцагч компанийн хэн гэх ямар ажил албан тушаалтанд сапуд төмрийг хүлээлгэж өгсөн баримт огт байхгүй байхад орлого, зарлагын гэх баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй байна.
4.3 Түрээсийн гэрээний 1.7-д Түрээсийн эд хөрөнгийг кино үйлдвэр Баянзүрх дүүргийн шүүхийн ард 12 давхар барилга тарвилин хийдийн зүүн талын барилгад ашиглана гэж бичсэн байдаг. Хариуцагч нь уг хаягт байрлах *******-тай байгуулсан гэрээ болон барилгын ажлыг дуусгаж хүлээлгэн өгч тооцоо нийлсэн 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн акт баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтаар гэрээний зүйл болох сапуд төмрийг 4-12 давхрын шалдан карказ угсрахад ашигласан байдаг. Энэ баримтаар *******-тай 1 жилийн хугацаанд гэрээг хийх шаардлагагүй болохыг нотолсон. Гэтэл энэ баримтыг анхан шатны шүүх хэрхэн үгүйсгэсэн талаар огт дурдаагүй байгаа нь хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болохыг харуулж байна.
4.4 Мөн *******-ийн захирал ******* нь анх компанийг авахад ямар нэгэн өр төлбөргүй байсан болохыг нотолсон санхүүгийн баталгаажсан тайланг шүүхэд нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн байхад дээрх баримтыг үнэлж дүгнээгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан, түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 49,492,180 төгрөг, алданги 24,746,090 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70,200 төгрөг, нийт 74,308,470 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. 1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар талд авагдсан, ******* болон *******-ийн хооронд 1 сарын хугацаатай байгуулагдсан гэх 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн, t292 дугаартай Түрээсийн гэрээ-д гэрээний талуудын хэн аль нь гарын үсэг зураагүй, тэмдэг дарж баталгаажуулаагүй байгаа нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт нийцээгүй байх тул анхан шатны шүүх уг гэрээг талууд байгуулаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, байгуулаагүй гэрээний дагуу талуудад үүрэг үүсэхгүй.
3.1 Харин 1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дугаар талд авагдсан, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ******* болон *******-ийн хооронд байгуулагдсан гэх t292 дугаартай түрээсийн гэрээнд *******-ийг төлөөлж захирал *******, *******-ийг төлөөлж ******* нар гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байгаа нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт нийцсэн байх тул анхан шатны шүүх уг гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.
Түүнчлэн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар *******-ийн гүйцэтгэх захирлаар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс *******, 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс *******ийг өөрчлөн бүртгэсэн нь тогтоогдсон. /1хх 33/ Өөрөөр хэлбэл, дээрх гэрээг байгуулах цаг хугацаанд ******* нь *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байсан. /1хх 34-35/ Иймд хариуцагчийн төлөөлөгчийн ...хариуцагчаас гаргаж өгсөн гэрээнд *******-ийн ******* баталж гарын үсэг зурж тамга дарсан, мөн тус компани санхүүгийн тэмдэг дараад гарын үсэг зурсан байхад гарын үсэг зураагүй мэт бичсэн нь үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй.
4. 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн t292 дугаартай түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч ******* нь гэрээний хавсралтад заагдсан барилгын бараа, материалыг нэр төрөл, хэмжээ, тоо ширхэгийн эд хөрөнгийг түрээслэгч *******-д 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлэх, түрээслэгч нь эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, түрээсийн төлбөрийг төлж, гэрээний хугацаа дууссанаар түрээсийн зүйлийг буцаан өгөхөөр харилцан тохиролцсон байна.
4.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
4.2 Нэхэмжлэгч нь гэрээнд заасан эд хөрөнгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн нь *******-ийн эд хөрөнгө түрээслэх болон дутагдуулсан хөрөнгийн үнийг төлүүлэх жагсаалт-аар тогтоогдож байх тул /1хх 165 талын арын нүүр/ нэхэмжлэгчийг гэрээний 2.1 дэх хэсэг болон Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан тодорхой хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
5. Гэрээний 3.5 дахь хэсэг болон мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээслэгч буюу хариуцагч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэрээний хавсралтаар талууд түрээслүүлж буй эд хөрөнгийг нэг бүрчлэн нэрлэн зааж, тоо, ширхэг болон хугацаа, мөн үнийг тохиролцсон байна.
5.1 *******-ийг төлөөлж тус компанийн нягтлан бодогч ******* болон *******-ийг төлөөлөгч ******* нар Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд 1821 бараа материалын төлбөрийн үлдэгдэл 47,037,900 төгрөг болох үнэн болно гэжээ. /1хх 11/
Мөн Бараа материалын тооцоо-д 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх тооцооны үлдэгдэл 44,296,205 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх тооцоо 2,741,695 төгрөгийг нэмж, 1821 бараа материалын төлбөр нийт 47,037,900 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг талууд харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж, тэмдэг болон дардас тус тус дарж баталгаажуулсан байна. /1хх 12/
5.2 Дээрх тооцооны үлдэгдлийн баримтад заасан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ******* улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа нь уг хэлцлийг төлөөлөх эрхгүй этгээд хийсэн гэж үзэхгүй. Учир нь, Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй. Өөрөөр хэлбэл, ******* нь *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй байхдаа түрээсийн гэрээг байгуулсан бөгөөд хожим уг эрх дуусгавар болсон цаг хугацаанд дээрх тооцооны үлдэгдлийн баримтыг үйлдсэнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.
Иймд анхан шатны шүүх хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд өөрчлөгдсөн эсэхийг нэхэмжлэгч мэдэх боломжгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас 47,037,900 төгрөгийг хангасан нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн ...орлого, зарлагын падаан гэх баримтыг нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Гэрээний 4.2-т Түрээсийн төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд тооцож алданги төлнө гэж заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй. Шүүх алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд тэнцүүлэн, хариуцагчаас алданги 23,518,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөрчөөгүй байна.
7. Нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг Хан-Уул, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШЗ2021/01426 дугаар шийдвэрээр *******-ийг эрэн сурвалжилсан байх бөгөөд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна. /1хх 19-20/ Нэхэмжлэгчийн дээрх улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн зардал нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэх зохицуулалт хамаарч байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 70,200 төгрөгийг шаардах эрхтэй.
8. Гэрч ******* нь 1 сарын хугацаатай болон 1 жилийн хугацаатай байгуулсан гэх түрээсийн гэрээг байгуулсан үйл баримтын талаар харилцан адилгүй мэдүүлсэн байхаас гадна /1хх 125-128, 249-205/ түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй байна. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн ...уг гэрээг нөхөж хийсэн гэж гэрч *******ын мэдүүлэг үндэслэлтэй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
9. *******-ийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 20/39 дугаар Тооцоо нийлсэн акт болон 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгүүлэх гэрээ гэх баримтууд нь уг маргаантай холбоотой гэх байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх тухайн баримтыг үнэлээгүй нь үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
10. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул уг хэсгийг хасаж, мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, мөн алданги 23,518,950 төгрөг гаргуулах хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүйг тогтоох хэсэгт нэмж баримталсан өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 192/ШШ2025/07459 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын 222 дугаар зүйлийн 222.7, гэснийг хасч, ...318.1 гэсний дараа , 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 529,492 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
М.БАЯСГАЛАН