Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Д****** сумын 9 дүгээр багийн оршин суугч А.Бын нэхэмжлэлтэй; Хариуцагч: Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох; Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв. Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Б,түүний өмгөөлөгч А.Серикжан,С.Нургайып, хариуцагч Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь : Нэхэмжлэгч А.Баас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие А.Б Баян-Өлгий аймгийн Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үүрэгт ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдөж байлаа. Ингэснээр хуульд заасан эрхийнхээ дагуу шүүхэд хандсанаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0005 дугаар шийдвэр гарч, миний бие урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоогдсон юм. Тэгж байтал хариуцагч намайг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албаны өрөөнд дуудаж ирүүлээд сумын хэсгийн цагдаа Б.Ныг байлцуулж байгаад Д****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай 07 дугаар тогтоолыг гардуулж өгч, намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилсон болохыг тайлбарлаж өгсөн юм. Уг тогтоолтой танилцаж үзэхэд үндэслэх хэсэгт шүүхийн шийдвэрийг баримтлаагүй байсан. Хамгийн ноцтой нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон захиргааны актыг энэхүү тогтоолоор дахиад хүчингүй болгосон тухай заалт орсон байсан. Өөрөөр хэлбэл, намайг ажилд томилсон гэх дээрх тогтоол нь Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг ноцтой зөрчсөн байсан. Ингэснээр миний бие хариуцагчийг шүүхийн шийдвэрийг зүй ёсоор биелүүлээгүй гэж үзээд албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтээ шүүхэд гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж, одоо аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх ажиллагааг хийж байгаа болно. Энэхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан ИТХ-ын Тэргүүлэгчид ажил хүлээлцүүлэх комисс байгуулж 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр надад ажил хүлээлгэж өгсөн. Ингэхдээ ажил олгогч надад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тамгыг хүлээлгэж өгөөгүй, мөн 2017 оны үр дүнгийн гэрээ байгуулаагүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа одоо болтол бүрэн хийгдэж дуусаагүй байгаа. Нөгөө талаар ажил хүлээлцүүлэх комисс тэмдэглэлдээ зарим нэгэн зүйлүүдийг бодит байдлаас нь илт гуйвуулж бичсэн байна. Тухайлбал, уг тэмдэглэлээс үзэхэд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг ажилд томилсон тухай тогтоол гарч, ажил хүлээлцүүлэх комисс надад ажил хүлээлгэж өгөх гэтэл би зугтааж байсан агуулгатай бодит байдалд нийцээгүй зүйлүүдийг бичсэн байна. Бодит нөхцөл байдал ийм байхад Баян-Өлгий аймгийн Д****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид намайг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас минь халсан тухай огноо, дугааргүй тогтоол танилцуулж, гардуулж өгөөд байна. Миний бие уг сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, 1. Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0005 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа одоо болтол дуусаагүй байгаа; 2. Хэдийгээр Баян-Өлгий аймгийн Д****** сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон тухай шийдвэр гарсан боловч миний бие ажлаа 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор хүлээж авсан. Гэхдээ ажлаа бүрэн гүйцэт хүлээж аваагүй гэдгийг анхаарах. 3. Өөрөөр хэлбэл, миний бие 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй юм. Ажил олгогчийн ажилд эгүүлэн томилсон тухай шийдвэрийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээж авсан гэдгийг тухайн үед байлцсан сумын хэсгийн цагдаа Б.Н гэрчилнэ. Миний бие ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байсан. Үүнтэй холбогдуулан шүүхээс намайг дуудсан тухай мэдэгдэх хуудсыг сумын Засаг даргын Тамгын газрын даргад ирүүлсэн. Миний бие шүүхийн дуудсанаар 2017 оны 4 дүгээр сарын 06-наас 2017 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр аймгийн төвд буюу шүүхэд хүрэлцэн очиж хавтаст хэрэгтэй танилцаж, холбогдох бичиг баримтуудад гарын үсэг зураад явсан. Өөрөөр хэлбэл 2017 оны 4 дүгээр сард хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй. 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн дүүрэн хийгдээж дуусаагүй байхад тодруулбал, миний бие ажлаа бүрэн хүлээж аваагүй байхад ажил олгогч намайг өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлээгүй зэрэг зөрчил дутагдал гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна. Хуульд зааснаар ажил олгогч /хөдөлмөрийн/ үр дүнгийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй билээ. 5. Сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолын 3 болон 4 дэх заалт дахь асуудлууд Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0005 дугаар шийдвэрээр үгүйсгэгдэнэ. Үүн дээр нэмэлт тайлбар хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 6 дугаар зүйлийн 6.1-д менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ, 6.7-д гэрээний биелэлтийг дүгнэх Илтгэх хуудас>-нд талууд тус тусын гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно, 6.8-д Илтгэх хуудас>-ыг 3 хувь үйлдэж, менежер, төрийн албан хаагч үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна гэж тус тус зохицуулсан байдаг. Гэтэл ажил олгогч Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга надтай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхдээ дээрх журамд зааснаар надтай ярилцлага хийхгүйгээр буюу намайг байлцуулахгүйгээр дүгнэж үнэлгээ өгсөн, гэрээний биелэлтийг дүгнэсэн талаарх илтгэх хуудаст гарын үсэг зуруулаагүй, түүний 1 хувийг надад өгөөгүй юм. Тийм учраас тухайн үнэлгээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 6. 1600000 төгрөгийн эд хөрөнгийг хувьдаа завшсан гэх асуудалд тайлбар хэлэхэд, энэ нь саяхан болсон Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн болно. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэгч Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр одоогийн байдлаар бичгэн хэлбэрээр гараагүй байгаа. Миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулахаар Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хангуулахын тулд 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн албаны зөвлөлд хандаж гомдол гаргасан боловч 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 628 тоот хариу бичгээр шүүхэд хандахыг зөвлөсөн юм. Тийм учраас хуульд заасан үндэслэлээр ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байгаа болно. Иймд хууль бусаар гарсан Баян-Өлгий аймгийн Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай /огноо болон дугааргүй/ тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа: Миний бие 2012 онд Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдож, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хууль бусаар, намын үзэл бодлоор тухайн үед бий болсон засаг намайг ажлаас чөлөөлсөн тул би тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар шүүх намайг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр урьд эрхэлж байсан ажилд маань эгүүлэн тогтоосон юм. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан учраас намайг өмнөх ажилд авч ажиллуулна уу гэж сумын ИТХ-ын даргад хандсан байгаа. Урьд нь намайг хууль бусаар ажлаас чөлөөлөхдөө иргэний танхимын зохицуулагчаар томилсон байсан ба сумын ИТХ-ын дарга надад ... иргэний танхимын зохицуулагчаар ажиллуулж, цалин хөлсийг нэмж өгье, тэнд ажиллахгүй бол чамайг ИТХ-ын нарийн бичгийн даргаар авч ажиллуулах боломжгүй ... гэсэн юм. Дараа нь хэд хэдэн удаа очсон боловч намайг ажилд томилоогүй учраас би шүүхэд хандсан байгаа. Тэгээд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хандаж, шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаснаар тус аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс албан бичиг ирсэн байх тул 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр надад ажилд томилсон тогтоолыг өгсөн болно. Үүнээс өмнө надад ажилд томилсон тогтоол өгөөгүй байсан учраас тус сумын хэсгийн төлөөлөгч Б.Ныг дагуулж очиж, уг тогтоолтой танилцахад 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон мэт бичсэн байсан ба энэ тогтоолыг би хүлээн зөвшөөрөхгүй гэхээр нь авах юм бол ав, авахгүй бол зайл гэж намайг даргын албан өрөөнөөс гаргасан юм. Харин уг тогтоолыг хэсгийн төлөөлөгчийг байлцуулан надад хүлээлгэн өгсөн учраас би үүнийг хүлээж авсан. Тогтоолыг хүлээлгэн өдрөөс хойш сар гаруй хугацаанд ажил хүлээлцэж өгөөгүй, албаны өрөө байхгүй тул өглөө ажлын цагтаа ирж, энд тэнд суугаад ЗДТГ-ын цаг бүртгэгчид бүртгүүлээд явж байсан болно. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хэд хэдэн удаа албан бичиг очсоноор 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр надад ажил хүлээлгэн өгсөн боловч ажлаа бүрэн хүлээлгэж өгөөгүй, хагас дутуу хүлээлгэж өгсөн ба энэ талаар би тухайн үед аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өргөдөл, гомдол гаргасан байгаа. Тэгээд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн намайг ажиллуулж байгаад мөн оны 4 дүгээр сард сахилгын шийтгэл ногдуулж ажлаас дахин халсан ба ажлаас халсан тогтоолд хэд хэдэн төрлийн гүтгэлгийн шинжтэй зүйл дурдсан учраас үүнийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд урьд эрхэлж байсан Д****** сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн надад сахилгын шийтгэл ногдуулсан тогтоолыг хүчингүй болгож, тус сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлүүлж өгөхийг хүсье гэв. Хариуцагч Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ирүүлсэн тайлбартаа: Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Баян-Өлгий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 тоот шийдвэрээр А.Быг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар эгүүлэн томилсон юм. Томилогдсон өдөр ажил хүлээлцүүлэх комисс байгуулсан. Урьд нь А.Б иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2010-2016 он хүртэлх архивын бүх бичиг баримт, компьютер болон принтер бусад Хурлын эд хөрөнгийг авч явсныг нь эгүүлэн авч ирж ажлаа хүлээж ав гэсэн боловч тус өдөр үүдээс хойш ажилд ирээгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон ажил хүлээлцэх комисс 17 цаг хүртэл хүлээсэн боловч А.Б ажилд ирээгүй юм. Маргааш буюу 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бас ажилдаа ирээгүй. Ажилд томилсон 07 тоот тогтоолыг хэсгийн цагдаагаар өгч явуулахад А.Б гэртээ байхгүй байсан ба эхнэр нь хүлээж авахаас татгалзсан юм. 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл Засаг даргын Тамгын газрын ажилтан, хэсгийн цагдааг хэд хэдэн удаа гэрт нь явуулсан боловч гэртээ байхгүй, аймаг руу явсан гэж ажилдаа ирээгүй юм. А.Бын ажил тасалсны гайгаар 2016 оны ХАСХОМ-ийг оруулах хугацаа хожимдож аймгийн хэмжээнд зөвхөн Д****** сум дутуу оруулж байгаа талаар Авилгатай тэмцэх газар, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас дурдаж хугацаандаа амжиж оруулах талаар албан шаардлага ирүүлсэнийг хүлээн авч биелүүлсэн. Тухайн үед алдарт эхийн одон авах хүсэлттэй эхчүүдийн материалыг 02 дугаар сарын 15-ны өдөр хүртэл авах ёстой юм билээ. Тийм учраас Иргэний танхимын зохицуулагч Р.Архалыхт уг ажлыг даалгаж хугацаандаа амжиж хийлгэсэн юм. 2017 оны 04 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд шалтгаангүй ажил тасалсан, аймгийн шүүхээс дуудсан талаар мэдэгдэж чөлөө аваагүй, мөн Хурлын ажлын албанд мэдэгдээгүй, цагийн бүртгэл хийж байгаа ажилтан Н.Бауыржанд би аймагт ажлаар явлаа гэж цагийн бүртгэлээ бүртгүүлэх тухай мэдүүлээгүй юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Б ажилд эгүүлэн томилогдсон хугацаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон дарга нараас тавьсан үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй, төрийн албан хаагчийн ёс зүйн байдлаар дандаа зөрчил алдаа гаргаж ажиллаж ирсэн юм. Хугацаатай даалгавар өгч, хэд хэдэн удаа сануулж, сонсох ажиллагаа явуулсан. 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга А.Бын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх талаар ярилцлага хийсэн. Уг хуралд А.Б өөрөө оролцож байсан бөгөөд бодит хийсэн ажил байхгүй учраас хангалтгүй үнэлгээ авснаар 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. А.Б нэхэмжлэлдээ намайг байлцуулахгүйгээр дүгнэсэн гэж бодит байдалтай огт нийцэхгүй зүйл бичсэн байна. Үүнийг тухайн хуралд байсан Тэргүүлэгчид нотолж байна. А.Бахатыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар дээрхи хэд хэдэн зөрчил гаргасан учраас үүрэгт ажлаас халсан бөгөөд тухайн үед А.Б тогтоолын дугаар тавьж, ажлаа хүлээлцүүлж өгнө гэж яваад тэр чигтээ алга болсон. Уг нь А.Б нэгэнт нарийн бичгийн даргын ажлыг хийж байгаа учир тогтоолд дугаар тавих нь өөрийн үүрэг нь мөн юм шүү. А.Б нь 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...би үр дүнгийн гэрээ дүгнүүлсэн үйл ажиллагаанд байлцаагүй, надад дугааргүй тогтоол өгсөн... гэж сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд өөрөө сууж, гэрээний дүгнэлтийг зөвшөөрч зурсан мөртлөө, ажлаас халсан тогтоолд дугаар тавьж, эргэн ирж ажлаа хүлээлцүүлж өгнө гээд явж алга болсоныг нь шүүхэд илт худлаа хэлж тайлбар өгснийг шүүх хуулийн дагуу авч хэлэлцээд мөн Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Быг ажлаас халсан талаархи шийдвэрийг хэвээр нь баталж өгнө гэдэгт найдаж байна гэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып миний бие нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэгдүгээрт, нэхэмжлэгчийг ажлаас халж, хөдөлмөрлөх эрхэд халдсан тогтоолын хувьд хуульд заасан шаардлагыг хангаагүй, хууль бус тогтоол болсон гэж үзэж байгаа. Яагаад гэвэл сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол нь эрх зүйн баримт болохын хувьд хуульд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Гэвч төрийн жинхэнэ албан хаагчийн эрхийг зөрчиж тухайн тогтоолыг гаргасан учраас хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Уг тогтоол нь ямар байдлаар хуулийн шаардлагыг хангахгүй байгаа вэ гэвэл хэзээ гарсан, хаана үйлдэгдсэн нь тодорхой бус, огноо байхгүй байна. Одоо хүртэл хавтаст хэрэгт он, сар, өдөргүй тогтоол явж байгаа, ийм тогтоол байж болохгүй. Иймээс уг тогтоолыг хүчингүй болгох ёстой гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, тухайн тогтоолд заасан үндэслэлүүд нь тогтоогдоогүй байхад тогтоол гаргасан. Хариуцагч 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөн сарын 10-ны өдөр хүртэл нэхэмжлэгч ажлаас тасалсан гэж тухайн тогтоолд үндэслэсэн байгаа. Гэвч 2017 оын 02 дугаар сарын 01-ний өдрөөс тухайн тогтоолыг ажилтанд хүлээлгэж өгөөд гэрээ байгуулсны дараагаар нь төрийн жинхэнэ албан хаагч ажил тасалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа. Харин хариуцагчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр А.Б гэх ажилтанд тогтоолыг гардуулж өгөөд, цаашид ажиллана гэдгийг сануулсан асуудал бол хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэтэл 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр А.Бад тогтоол гардуулж, гэрээ байгуулах гэсэн боловч татгалзсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа учраас А.Б нь ажил таслаагүй гэж үзэхээр байна. Үүнтэй холбогдуулан талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан ба мөн оны 02 дугаар сард А.Бад цалин хөлсийг бүхэлдээ гаргаж өгсөн бол тухайн захирамжаар давхар нотлогдож байгаа юм. Нэгэнт хариуцагч 02 дугаар сарын цалин хөлсийг гаргаж өгсөн гэж хүлээн зөвшөөрч байгаа учраас тухайн сард нэхэмжлэгч ажил тасалсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Үүнээс гадна нэхэмжлэгч 2 хоног ажил тасалж, 2017 оны 4 дүгээр сард сахилгын арга хэмжээ авах үндэслэл бий болгосон гэж ярих боловч шүүхийн мэдэгдэх хуудсын дагуу Тэргүүлэгч нарт мэдэгдэж, чөлөө авч Өлгийд ирээд шүүх хуралдаанд оролцсон ба уг шүүх хуралдаанд А.Нурбек өөрөө ч гэсэн оролцож байсан юм. Тийм учраас А.Б нь байгууллагад мэдэгдээгүй явсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдохгүй байгаа. Мөн сумын ИТХ-ын ирсэн бичгийн бүртгэлд шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авч бүртгэж авсан байдал нь тэмдэглэгдсэн тул уг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Тэгэхээр А.Бын хувьд шүүхээс дуудсан цагт хүрэлцэн очих үүрэгтэй ба үүргээ биелүүлж шүүхээс дуудсан цагт очсоноор түүнийг ажил тасалсан гэж үзэж, арга хэмжээ авах үндэслэл үүсэхгүй гэдгийг хэлмээр байна. Үүнээс гадна А.Б нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, улс төрийн үйл ажиллагаанд оролцсон гэж хариуцагчийн хариу тайлбарт дурдсан боловч энэ талаарх нотлох баримтыг гарган өгч чадаагүй, дээрх нөхцөл байдлыг шүүхийн өмнө нотолж чадаагүй байгаа. Нэхэмжлэгчийн хувьд миний бие улс төрийн үйл ажиллагаанд оролцож байгаагүй, ажил таслаагүй гэж удаа дараа хэлж, үгүйсгэж байна. Төрийн жинхэнэ албан хаагч үр дүнгийн гэрээгээр ажилладаг бөгөөд 2016 оны үр дүнгийн гэрээг 2017 онд дүгнэсэн мэт болгож холбогдох материалыг гарган өгч тухайн тогтоолд дурдсан байгаа. Гэтэл үүнийг бид нар зөвшөөрөхгүй байгаа. Яагаад эс зөвшөөрч байгаа гэвэл 2016 оны үр дүнгийн гэрээ мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл байгуулагдсан ба уг гэрээний хугацаа дуусахаас өмнө дүгнэх ёстой. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусахаас өмнө ажил олгогч гэрээг цуцалж, тогтоол гаргаад А.Быг 2016 оны 9 дүгээр сард ажлаас халсан байдаг. Гэтэл 2016 оны үр дүнгийн гэрээг дахин үнэлж, дүгнээд гэрээтэй холбогдуулан ямар нэгэн асуудал хөндөх боломж аль аль талд байхгүй байна. Учир нь, 2016 оны 9 дүгээр сард сумын ИТХ-ын Тэргүүлэгчид өөрсдөө А.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан юм. Дараа нь тухайн тогтоолыг шүүхээс хүчингүй болгож, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон ба ажилд эгүүлэн тогтоосон явц нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжилсэн байгаа. Гэтэл ажил олгогч А.Бтай үр дүнгийн гэрээ байгуулах, цаашид ажиллуулахаас татгалзаж, дахин ажлаас халсан асуудал байгаа юм. Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам-ын 6.1-д ... Менежер нь гэрээний биелэлтийг дүгнэж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийнэ ... гэж заасан боловч ажил олгогч нь А.Бтай ямар нэгэн хэлбэрээр ярилцлага хийсэн зүйл байхгүй, ярилцлага хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Мөн дээрх журмын 6.7-д ... Гэрээний биелэлтийг дүгнэх "Илтгэх хуудас"-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно гэж заасныг хариуцагч мөн адилхан зөрчсөн байна. Яагаад гэвэл нэхэмжлэгчийн зүгээс би 2016 онд ажлаа дүгнүүлээгүй, ажлаас халагдсан учраас гэрээг дүгнэсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа бөгөөд А.Бын үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Харин 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэсэн, хангалтгүй гэж дүгнүүлсэн учраас үүнд арга хэмжээ тооцно гэж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар буюу ... хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн бол түүнд эрх бүхий этгээд үр дүнгийн гэрээний дагуу хариуцлага тооцох хууль зүйн үндэслэлтэй ба А.Бын зөвхөн 2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй дүгнэсэн боловч удаа дараа хангалтгүй биелүүлсэн асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл А.Б нь үр дүнгийн гэрээг удаа дараа хангалтгүй дүгнүүлсэн бол түүнийг ажлаас халах үндэслэлтэй гэж үзэхээр байгаа. Зөвхөн 2016 оны үр дүнгийн гэрээг хангалтгүй биелүүлснээр нэхэмжлэгчийг ажлаас халах тогтоолд энэ талаар дурдсан нь үндэслэлгүй байна. Иймээс Д****** сумын ИТХ-ын 2017 онд гаргасан он, сар өдөргүй төрийн жинхэнэ албан хаагч А.Быг ажлаас халсан тогтоол нь хууль бус байгаа тул уг тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсэж байна гэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч нь 5 төрлийн үндэслэлээр миний үйлчлүүлэгчийг төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан байдаг. Энэ талаар өмгөөлөгч С.Нургайып дэлгэрэнгүй тайлбарласан учраас түүний тайлбарт давхардуулахгүйгээр дараах саналыг хэлье. Гол асуудал бол үр дүнгийн гэрээтэй холбоотой ба бусад асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ерөнхийдөө нотлогдож байгаа. Тухайлбал, 1600000 төгрөг болон, нэхэмжлэгчийн ажил тасалсан гэх асуудал нь шүүхийн шийдвэрээр нотлогдож байгаа юм. Мөн хугацаатай үүрэг даалгаврыг биелүүлээгүй, сонгуулийн сурталчилгаанд оролцсон гэх тайлбарууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй учраас хамгийн гол асуудал болох 2016 оны үр дүнгийн гэрээг F үнэлгээгээр дүгнэсэн асуудалд тогтож ярья. Хавтаст хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээг дүгнэсэн талаарх баримт ямар баримт гэдгийг бид харах ёстой. Энэхүү баримт нь эрх зүйн ач холбогдолгүй баримт гэж би хувьдаа үзэж байгаа. Учир нь, үр дүнгийн гэрээг дүгнүүлээд, илтгэх хуудаст гарын үсэг зурагдсаны дараа зэрэг дэвийн нэмэгдэл олгох асуудал гарахад тухайн маягтыг бөглөөд Төрийн албаны салбар зөвлөлд илгээдэг хуудас юм. Уг хуудаст гарын үсэг зуруулсан боловч 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гарын үсэг зуруулаагүй байдаг. Миний үйлчлүүлэгчийг хэзээ халсан нь тодорхой бус, ажлаас халсны дараа гарын үсэг зуруулж авсан юм. Нэхэмжлэгчийн хувьд сумын ИТХ-ын дарга А.Нурбектэй 4 жил хамт ажилласан болохоор ямар нэгэн үл ойлголцох асуудал байхгүй, цаанаас нь Тэргүүлэгчид шаардсан болохоор өөрөө асуудалд орох гэж байгаа учраас та энэ баримтад гарын үсэг зураад өг гэснээр тухайн баримтад гарын үсэг зурсан байна. Гэтэл илтгэх хуудсыг тухайн үед миний үйлчлүүлэгчид үзүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гаргаж ирээд, ... та энэхүү хуудаст гарын үсэг зурах шаардлагатай байна, би үүнийг шүүхэд нотлох баримтаар өгнө... гэж 2017 оны 6 дугаар сарын эхэнд илтгэх хуудсын нэг хувийг авч ирж өгсөн байдаг. Харин миний үйлчлүүлэгч бол би илтгэх хуудаст гарын үсэг зурахгүй та нар намайг ажлаас чөлөөлсний дараа гарын үсэг зуруулах нь ямар учиртай юм вэ, та нар миний үр дүнгийн гэрээг албан ёсоор дүгнээгүй гэж хэлсэн байдаг. Иймээс уг илтгэх хуудсыг хожим бүрдүүлсэн нотлох баримт гэж үзэж байгаа. Бусад асуудлын талаар дүгнэж ярихад, нэгэнт А.Быг байлцуулахгүйгээр гэрээний биелэлтийг дүгнэсэн, илтгэх хуудаст гарын үсэг зуруулаагүй, түүний нэг хувийг гардуулж өгөөгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон учраас тухайн үнэлгээ хүчин төгөлдөр болоогүй гэж би хувьдаа үзэж байгаа. Тухайн акт нь хууль зүйн үндэслэл муутай, хугацаа, дугаар нь хүртэл тодорхойгүй, процессийн ажиллагааг зөрчиж гаргасан захиргааны акт болсон гэж үзэж байна. Тийм учраас энэхүү маргаан бүхий акт хүчингүй болох ёстой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гуравдугаар шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахтай холбоотой. 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр буюу өнөөдөр хүртэлх 3,842,415 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлавал, 2017 оны 4, 5, 6, 7 дугаар сарын цалинг бүтнээр, мөн оны 8 дугаар сард 21 хоногийн цалинг гаргуулах гэж байгаа бөгөөд үндэслэл нь хамгийн сүүлд авч байсан 3 сарын цалин хөлсний дунджаар тодорхойлоход 768,583 төгрөг, нэг өдрийн цалин 36,599 төгрөг, үүнийг 21 хоногоор үржүүлэхэд 768,583 төгрөг болж байна гэв. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. Хариуцагчийн өмгөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд Д****** сумын ИТХ-ын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахаар оролцож байгаа. Энэхүү маргааныг шүүх шийдвэрлэхдээ тал бүрээс нь судалж, нягт нямбай, хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэх ёстой гэж бодож байгаа. Миний бие хариуцагч талд зөвлөгөө өгч байгаа мэргэжлийн өмгөөлөгчийн хувьд шүүх уг маргааныг дараах байдлаар шийдвэрлэвэл зохимжтой гэсэн саналыг оруулж байна. Нэхэмжлэгч А.Бын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Учир нь, А.Б нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн нэхэмжлэлд ... миний бие хариуцагч шүүхийн шийдвэрийг зүй ёсоор биелүүлээгүй гэж үзээд албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн шүүхээс гүйцэтгэх хуудас бичиж, одоо тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдөр хүртэл бүрэн гүйцэд биелэгдээгүй, нөгөө талаас ажил хүлээлцэх комисс зарим нэгэн зүйлийг бодит байдлаас нь илт гуйвуулж бичсэн байна. Тухайлбал, уг тэмдэглэлээс үзэхэд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг ажил хүлээлцэх комисс гарч, ажил хүлээлцэх үед би зугтаж байсан зэрэг бодит байдалд нийцээгүй зүйлүүдийг бичсэн байна. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр надад ажил хүлээлгэж өгсөн, ажил олгогч тамгыг хүлээлгэж өгөөгүй, мөн 2017 оны үр дүнгийн гэрээг биелүүлээгүй ... гэж дурджээ. Мөн ... Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа одоо болтол дуусаагүй ... гэж байна. Дараа нь ... ажил бүрэн гүйцэд хүлээж аваагүй гэдгийг анхаар, ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүрэн хийгдэж дуусаагүй байхад миний бие ажлаа зохих ёсоор хүлээж аваагүй байхад ажил олгогч намайг өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй гэдэг зөрчил гаргасан гэсэн нь үндэслэлгүй байна ... гэжээ. Тэгэхээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай шийдвэр бодит байдлаар биелэгдээгүй гэж үзэж байна. Энэ хүн тамга, тэмдгийг хүлээж аваагүй, мөн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тогтоол дээр шүүхийн шийдвэрт дурдагдаагүй байна. Хоёрдугаарт, тухайн өдөр тогтоол гарсан нь эргэлзээтэй, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн гэсэн асуудал яригдаад явж байгаа. А.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай асуудал хэлэлцсэн хуралдаанаар А.Быг ажилд томилох биш, өөр ажилд шилжүүлэх, шүүхийн шийдвэрийг зохих түвшинд биелүүлээгүй гэж үзэж байгаа. Мөн Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн өгч байгаа мэдэгдэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэгдэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байгаа мэдэгдэх хуудас юм. Ийм учраас Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 5 дугаартай шийдвэр бид нар үнэлэлт, дүгнэлт өгөх боломж байхгүй, энэ нь хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр байгаа. Харин уг шийдвэр бодит байдлаар биелэгдээгүй байна, хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр дүр эсгэж, он, сар, өдөргүй тогтоол гарган явж байгаад дахин сахилгын шийтгэл ногдуулж байгаа нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж байгаа нэг арга, хэлбэр гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхийн шийдвэрийг бодитой биелэгдсэн байхыг шаарддаг. Бодитой биелэгдсэн гэдгийг нотлох баримт бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байх ёстой. Хамгийн гол нь энэ хүн тамгыг авах ёстой, зарим сарын цалин хөлстэй шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаан гаргаад явж байгаа. Тийм учраас ажил, албан тушаалаа зохих ёсоор хүлээж аваагүй хүнийг тухайн ажилд дахин эгүүлж томилно гэдэг нь учир дутагдалтай. Яагаад гэвэл гаргасан тогтоол нь огноогүй, энэ нь ажлаас чөлөөлсөн эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр мөн үү. Иймээс өмнөх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх алба биелүүлэх ёстой, нэхэмжлэгч 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр сарын цалин хөлсийг аваагүй байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийг дахин ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргах үндэслэлгүй гэж үзэж байна. А.Бын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна. Иймээс өмнөх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх алба биелүүлэх ёстой тул урьд эрхэлж байсан Д****** сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтрийн тооцож нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болох саналтай байна. Эцэст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд бодит байдлаар Хурлын нарийн бичгийн даргын ажил үүргийг энэ хүн албан ёсоор аваагүй байна. Үүний улмаас өнөөдөр ийм маргаан гарч байгаа ба түүнийг авахгүйн тулд ажил олгогч шалтаг зааж, өнөөдөр хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй учраас нэхэмжлэгчийг дахин ажилд эгүүлэн тогтоох гэсэн ойлголт байхгүй. Иймд дээрх байдлаар энэ хэргийг шийдвэрлүүлэх саналтай байгаа гэв. ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч А.Баас Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан гаргасан Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг даалгахтухай шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй гэж үзлээ. Хариуцагчаас гаргасан огноо, дугааргүй маргаан бүхий актаар[1] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийг ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтээр F үнэлгээ авсан, сонгуулийн сурталчилгаанд оролцсон, байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн завшиж үрэгдүүлсэн... зэрэг үндэслэлээр төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь дараахь байдлаар хууль бус байна. 1. Нэхэмжлэгч А.Быг тус захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 110/ШШ2017/0005 дугаар шийдвэр[2] гарсны дараа Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор томилсон, хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад[3] буюу 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр маргаан бүхий албан тушаалаас нэхэмжлэгчийг дахин халсан шийдвэрийг гаргасан нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэлээр[4] тогтоогджээ. Нэхэмжлэгчийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаар тогтоолоор[5] ажилд эгүүлэн томилсон гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тогтоол гарсан өдөр ажлаа хүлээж аваагүй, тогтоолыг албан ёсоор түүнд гардуулаагүй зэрэг нь хэрэгт авагдсан сумын хэсгийн цагдаа А.Ниязын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн баримт[6], ажил хүлээлгэж өгсөн комиссын 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн актаар[7] тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийг албан үүргээ гүйцэтгэж байсан үедээ буюу 2017 оны 02 дугаар сарын 01-нээс 02 дугаар сарын 10-ныг хүртэл ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч 2017 оны 04 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн хувиар хүрэлцэн ирсэн нь шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдэх хуудсаар[8] батлагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийг 2017 оны 4 дүгээр сард 2 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэсэн нь мөн хууль бус гэж үзлээ. 2. Нэхэмжлэгчийг 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, 2017 оны үр дүнгийн гэрээг байгуулахаас татгалзсан гэж хариуцагч тал тайлбарлажээ. Хэрэгт авагдсан үр дүнгийн гэрээг дүгнэсэн дүгнэлт[9], үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудас[10], гэрээний биелэлтийн үнэлгээ[11] зэргээс үзэхэд А.Бын 2016 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг F буюу хангалтгүй гэж дүгнэжээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт ... Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна гэж заасан. Үр дүнгийн гэрээний биелэлтийг хангалтгүй биелүүлсэн, үр дүнгийн гэрээ байгуулахаас татгалзсан гэх үндэслэл хуулийн дээрх заалтад хамаарахгүй, харин хуулийн дээрх заалтад заасан ...албан үүргээ биелүүлээгүй... гэдэгт хууль тогтоомжид болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийг гүйцэтгээгүй, хэрэгжүүлээгүй байхыг ойлгох бөгөөд дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь мөн үндэслэлгүй болжээ. 3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 327 дугаар шийдвэрээр[12] сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй А.Бад холбогдох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд учруулсан хохирол 1.600. 000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийн нэг болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 1.600.000 төгрөгний хохирол учруулсан гэх үндэслэл дээрх шийдвэрээр үгүйсгэгджээ. 4. Хариуцагч талаас тайлбарласан ...А.Б нь Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд оролцсон, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, ёс зүйгүй харьцдаг, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахидаггүй гэх үндэслэлүүд нь тодорхой нотлох баримтаар тогтоогдоогүй байна. 5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тус захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар шийдвэр биелэгдээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх тухай тайлбарласан. Захиргаанны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй, хариуцагч тал А.Быг шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий албан тушаалд томилсны дараа өөр үндэслэл, өөр захиргааны актаар сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халсан, нэхэмжлэгч уг актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй гэдгийг дурьдах нь зүйтэй. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасан ...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх төрийн жинхэнэ албан хаагчийн хуульд заасан нэмэгдэл баталгааг хариуцагч зөрчиж нэхэмжлэгчийг ажлаас халсан нь хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан ... хууль дээдлэх ... гэсэн төрийн албаны үндсэн зарчимд нийцээгүй байна. Иймээс дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актыг хууль бус, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн А.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, түүнийг урьд эрхэлж байсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 4 сар 21 хоногийн цалинг хэрэгт авагдсан цалингийн цэс[13] болон нийгмийн даатгалын НДД № А0332945 дугаар дэвтрийг[14] үндэслэн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.842.415 /гурван сая найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, , нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5- заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 27 дугаар зүйлийн 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д****** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын А.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолыг хүчингүй болгож, А.Быг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 4 сар 21 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.842.415 /гурван сая найман зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун арван таван/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлөхийг хариуцагчид даалгасугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, харуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША [1] Хэргийн 5-6 дугаар хуудас [2] Хэргийн 12-17 дугаар хуудас [3] Хэргийн 61-71 дүгээр хуудас [4] Хэргийн 43-50 дугаар хуудас [5] Хэргийн 19 дүгээр хуудас [6] Хэргийн 20 дугаар хуудас [7] Хэргийн 21-23 дугаар хуудас [8] Хэргийн 25 дугаар хуудас [9] Хэргийн 52 дугаар хуудас [10] Хэргийн 119-123 дугаар хуудас [11] Хэргийн 124 дүгээр хуудас [12] Хэргийн 56-58 дугаар хуудас [13] Хэргийн 105-113 дугаар хуудас [14] Хэргийн 114-116 дугар хуудас |