Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2026/0085

 

 

“Т” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний

 газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч,

улсын ахлах байцаагч болон хөдөлмөрийн

хяналтын улсын байцаагч нарт тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:                    Г.Банзрагч

Шүүгчид: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа

                                                     Д.Батбаатар

                                                              П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                         М.Батсуурь

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Зэнээмэдрээ

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0007 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2026/0249 дүгээр магадлал,

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0282 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б***(B***-цахимаар), түүний орчуулагч Т.Б***, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Даваасүрэн (№3024), С.Чинзориг (№2707), хариуцагч Ө.Б*** (цахимаар), Г.Г***, хариуцагчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр (№3720), гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш***, С.Э***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.А*** нарыг оролцуулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.    

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага:

1.“Т” ХХК-аас Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, улсын ахлах байцаагч Ө.Б***, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г*** нарт (цаашид “улсын байцаагч нар” гэх) холбогдуулан “... тус улсын байцаагч нарын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” 07*** дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, улсын ахлах байцаагч Ө.Б***, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г*** нар 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” 07*** дугаар актаар “... хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн ажиллуулсан гадаад иргэдийн ажлын байрны төлбөрийг орон нутгийн санд төлөөгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 43.2, 43.3 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнээд, 2025 оны 01-06 саруудад хуульд заасан хэмжээнээс хэтрүүлэн ажиллуулсан гадаад иргэдийн ажлын байрны төлбөр болох 1,062,468,000 (нэг тэр бум жаран хоёр сая дөрвөн зуун жаран найман мянган) төгрөгийг нөхөн барагдуулахыг “Т” ХХК-д хариуцуулжээ.

3.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0007 дугаар шийдвэрээр: Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53.1, 10 дугаар зүйлийн 10.4, 10.12.2, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.1.1, 43.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч улсын ахлах байцаагч Ө.Б***, хөдөлмөрийн улсын байцаагч Г.Г*** нарт холбогдуулан гаргасан 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 07*** дугаартай “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 221/МА2026/0077 дугаар магадлалаар: Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаагүй байна.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улсын дээд шүүх хүлээн авч, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ШХТ2026/0282 дугаар тогтоолоор “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” эсэх гэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

Хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэл:

6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, өмгөөлөгч Э.Даваасүрэн нараас Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 122/ШШ2026/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 221/МА2026/0249 дүгээр магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

6.1.Давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний талаарх энэхүү маргааны гол үндэслэл болсон Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсгийг зорилготой холбогдуулан тайлбарлахдаа ХЯНАВАЛ хэсгийн 11-д “... Хэрэв уг ажлын байрны төлбөр төлөх үүрэг туслан гүйцэтгэгчид хамаарахгүй гэж үгчлэн тайлбарлаваас, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаад ажилтныг түүгээр дамжуулан авч ажиллуулах замаар 10 хувийн босгыг алгасах, улмаар хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль хэрэгжихгүй байх эрсдэлд хүргэх тул Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “туслан гүйцэтгэгч” гэж оруулсан бодит ажиллах хүчний бүтцийг бүхэлд нь хянах зорилготой, хэтрүүлсэн ажлын байр тутамд ... ногдуулах ажлын байрны төлбөр туслан гүйцэтгэгчид ч мөн хамаарна гэж тайлбарлах нь хуулийн энэ зорилгод илүү нийцнэ” хэмээн дүгнэсэн нь хууль хэрэглээний хил хязгаар болон хууль ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүх хэдийгээр хуулийг тайлбарлан хэрэглэх эрхтэй ч аливаа хариуцлагын шинжтэй зохицуулалтыг өргөжүүлэн тайлбарлаж хуульд байхгүй үүрэг, хариуцлагыг үүсгэх эрхгүй бөгөөд зөвхөн хуульд заасан этгээдэд л хариуцлага ногдуулах зарчимтай.

6.1.1.Гэтэл давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 43.1.1-д зааснаас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх ... хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэх хариуцлагын шинжтэй зохицуулалтыг тайлбарлахдаа, хууль тогтоогчоос нэрлэн заасан хариуцлага хүлээх этгээд (тусгай зөвшөөрөл эзэмшигч)-ийн хүрээг өргөтгөн “туслан гүйцэтгэгч” гэх нэр томьёог шууд өөрөө нэмж тодорхойлон улмаар уг этгээдэд хуульд заагаагүй үүргийг шинээр үүсгэх замаар уг хэм хэмжээг “... хэтрүүлсэн ажлын байр тутамд ... ногдуулах ажлын байрны төлбөр туслан гүйцэтгэгчид ч мөн хамаарна гэж тайлбарлах нь хуулийн энэ зорилгод илүү нийцнэ” хэмээн тайлбарласан нь хууль тогтоомжийн эрхэд халдсан гэж үзэхийн зэрэгцээ хуульд байхгүй үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэж түүний эрх зүйн байдлыг нь дордуулсан дүгнэлт хийсэн ба энэ нь аливаа этгээдийн эрхийг хамгаалж, сэргээн эдлүүлэх шүүхийн эрхэм зорилгод нийцэхгүй гэж үзэж байна.

6.1.2.Хэрэв хууль тогтоогч, туслан гүйцэтгэгчид ажлын байрны төлбөр төлөх үүргийг хүлээлгэх зорилготой байсан бол тухайн этгээдийг хуульд шууд нэрлэн заах бүрэн боломжтой. Гэвч хууль тогтоогчоос ийнхүү холбогдох хариуцлагыг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногдуулж байгаа нь уул уурхайн салбарын нийтлэг зарчимтай холбоотойг ч үгүйсгэх боломжгүй юм.

6.1.3.Тодруулбал, тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг этгээд эзэмшиж, холбогдох хариуцлага ч хүлээдэг утгаараа, өөрөө бие даан сонгон авч гэрээний үндсэн дээр ажиллуулж буй туслан гүйцэтгэгчийнхээ хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн үр дагаврыг ашиг малтмал ашиглахтай холбоотой харилцааны үндсэн субъект болох тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрөө төрийн өмнө хариуцан төсөвт төлөх үүргийг хүлээх бөгөөд тэрээр тухайн төлбөрийн асуудлаа туслан гүйцэтгэгчтэйгээ иргэний эрх зүйн харилцааны хүрээнд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнийхээ дагуу шийдвэрлэх боломж нь уг этгээдэд нээлттэй.

6.1.4.Нөгөөтэйгүүр, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар “43.1 дэх хэсгийн “эзэмшигч” гэсний дараа “болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч” гэж нэмсэн улмаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар мөн хэсгийг “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх ба тухайн хуулийн этгээдийн ажиллах хүчний бүрэлдэхүүнд дараах шаардлага тавигдана” гэж өөрчлөн найруулсан ч уг шаардлагыг хангаагүйн үр дагавар болох төлбөр төлөх үүргийг ийнхүү шинээр нэмсэн туслан гүйцэтгэгчид хамааруулаагүй, харин хуучин зохицуулалтаараа буюу зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг төлбөрийг төлөх үүрэгтэй байгаа нь давж заалдах шатны шүүхийн ХЯНАВАЛ хэсгийн 11 дэх дүгнэлттэй харин ч нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

6.1.5.Хариуцагч улсын байцаагч нар нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж холбогдох төлбөрийг нөхөн төлүүлэхээр акт тогтоохдоо тухайн заалтыг буруу хэрэгжүүлж нөхөн төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн хууль хэрэглээний алдаа гаргасан байдаг. Тухайлбал, хуулийн дээрх зохицуулалтаар “гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй” байх шаардлагыг тавьсан. Гэтэл улсын байцаагч нарын гаргасан маргаан бүхий захиргааны актад хуульд зааснаас илүү хэмжээгээр ажиллуулсан гэх гадаад ажилтны тоог тогтоохдоо, тус хуулийн этгээдийн нийт ажилтны тооноос биш, зөвхөн монгол ажилтны тоотой харьцуулан төлбөрийн хэмжээг тогтоосон нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс энэхүү үндэслэлийг тайлбартаа дурдаж маргасаар байх атал шүүх тухайн асуудлаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан.

6.1.6.Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 122/ШШ2026/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 221/МА2026/0249 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Чинзоригоос шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

6.2.1.Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг шууд утгаар нь тайлбарлаж хэрэглээгүй, хуулийн маш тодорхой заалтыг хуулийн агуулгаас нь дэлгэрүүлж тайлбарлаж хэрэглээгүй, хуулийн маш тодорхой заалтыг хуулийн агуулгаас нь дэлгэрүүлж тайлбарлаж байгаа нь Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрхийг зөвхөн Монгол Улсын дээд шүүх эдэлж байгаа онцгой эрхийг хэрэгжүүлэн улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь заалтыг хууль тогтоогчоос баталсан хэмжээнээс хэтрүүлэн тайлбарлан хэрэглэж, төлбөр төлөх субъектийг хуульд байхгүй байдлаар буюу “туслан гүйцэтгэгч” нь төлбөр төлөгч байна хэмжээн хуулийг хэт дэлгэрүүлэн тайлбарласан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

6.2.2.Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал дурдсан алдааг зөвтгөх байдлаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 122/ШШ2026/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 221/МА2026/0249 дүгээр магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7.Хариуцагч, гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд холбогдуулж бичгээр тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

9.Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээхээр, 43.1.1-д гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй байхаар тус тус заасан бол мөн зүйлийн 43.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 43.1.1-д зааснаас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, ... хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэж зааж, 43.1.1-д заасан хэмжээнээс илүү тоогоор гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд төлбөр төлөх этгээдийг “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж тодорхойлжээ.

10.Хэрэгт авагдсан баримтаар, “Т” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Б***” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр С*** аймгийн *** сумын нутагт байрлах “****” ил уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажлыг туслан гүйцэтгэгчээр гүйцэтгэж байсан үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

11.Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт орохоос өмнө “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тэдгээрийн туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 10-аас дээшгүй хувь нь гадаадын иргэн байж болно”, 43.2 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадын иргэдийг энэ хуулийн 43.1-д зааснаас илүү хэмжээгээр авч ажиллуулсан тохиолдолд ажлын байр тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төлбөрийг сар бүр төлнө” гэж тус тус заасан.

12.Улсын Их Хурлаас 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар дээрх 43.1, 43.2 дахь хэсгийг нэгэн зэрэг бүхэлд нь өөрчлөн найруулж, 43.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх ба тухайн хуулийн этгээдийн ажиллах хүчний бүрэлдэхүүнд дараах шаардлага тавигдана”, 43.1.1-д “гадаад ажилтны тоо нийт ажилтны 10 хувиас хэтрэхгүй байх” гэж заасан бол 43.2-т уг шаардлагыг зөрчсөн тохиолдолд төлбөр төлөх этгээдийг “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж тусгайлан хуульчилсан байна.

13.Ийнхүү хууль тогтоогч Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2 дахь хэсгийг нэгэн зэрэг бүхэлд нь өөрчлөн найруулахдаа ажиллах хүчний бүрэлдэхүүнд тавигдах шаардлагыг зохицуулсан 43.1 дэх хэсэгт “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгч” гэж заасан боловч уг шаардлагыг зөрчсөн тохиолдолд төлөх төлбөрийг зохицуулсан 43.2 дахь хэсэгт “тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж төлбөр төлөх этгээдийг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр зохицуулалтууд нь системчлэлийн хувьд харилцан холбоотой боловч хэн ямар үүрэг хүлээхийг ялгаатай байдлаар тодорхойлсон байна.

14.Хууль тогтоогч Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасан гадаад ажилтны тоонд тавигдах шаардлага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгчид хамаарахаар заасан боловч 43.2 дахь хэсгийг өөрчлөн найруулахдаа 43.1 дэх хэсэгт нэрлэсэн “түүний туслан гүйцэтгэгч”-ийг төлбөр төлөгчөөр тусгаагүй, зөвхөн “тусгай зөвшөөрөл эзэмшигч”-д төлбөр төлөх үүргийг хүлээлгэсэн байх тул дээрх хоёр зохицуулалтын субъектийг адилтган ойлгох үндэслэлгүй байна.

15.Ийнхүү хуульд төлбөр төлөх этгээдийг тодорхой нэрлэн заасан байхад, анхан болон давж заалдах шатны шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн зорилготой уялдуулан системчилсэн аргаар тайлбарлахдаа “хуулийн 43.1-д заасан шаардлага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч болон түүний туслан гүйцэтгэгчид адил хамаарах тул 43.2-т заасан төлбөрийн үүрэг мөн туслан гүйцэтгэгчид хамаарна” гэж хуулийг өргөжүүлэн тайлбарласан нь буруу, хууль тайлбарлан хэрэглэх онол, арга зүйд нийцэхгүй.

16.Учир нь, “хууль дээдлэх” зарчмын дагуу захиргааны шийдвэр бүр хуульд үндэслэх ёстой бөгөөд хуульд заагаагүй үүргийг иргэнд хүлээлгэхгүй, хуульд заагаагүй үндэслэлээр эрхийг нь хязгаарлахгүй. Мөн эрх зүйн “тодорхой байх зарчим”, тэр дундаа татварын эрх зүйд аливаа татвар, төлбөр, хураамж тодорхой байх, тухайлбал, татвар төлөгчийг хуульд тодорхой заасан байх хатуу шаардлага тавигддаг. Эрх зүйт төрийн эдгээр зарчмаас үүдэлтэйгээр хууль хэрэглэгчийн зүгээс аливаа сөрөг нөлөөлөл бүхий хэм хэмжээг иргэний хувьд “явцууруулан тайлбарлах” зарчмыг баримталдаг. Тодруулбал, иргэнд дарамт учруулах, үүрэг ногдуулах, хариуцлага хүлээлгэх шинжтэй хэм хэмжээг/хуулийг зорилго болон системчлэлийн аргаар өргөжүүлэх байдлаар, эсхүл төсөөтэй хэрэглэх замаар хүн, хуулийн этгээдийн эсрэг үүрэг болгон тайлбарлах боломжгүй, үүрэг хүлээлгэхийн тулд тухайн үүргийг хуульд тодорхой заасан байх ёстой (lex certa). Харин эсрэгээрээ захиргааны байгууллагын хувьд “хуулийн дагуу ажиллах, хүний эрхийг хангах” үүргийг тодотгох зорилгоор хуулийг өргөжүүлэн тайлбарлаж хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөг.

17.Иймд шүүх хуулийг өргөжүүлэн тайлбарлах замаар хуульд заагаагүй этгээдэд төлбөр төлөх үүрийг бий болгож, эрх зүйн байдлыг нь дордуулах үндэслэлгүй. Хэрэв Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан төлбөрийн үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гадна түүний туслан гүйцэтгэгчид хүлээлгэх шаардлагатай гэж үзвэл хуульд тодорхой заах ёстой, энэ нь хууль тогтоогчийн эрх, үүрэг байна.

18.Уг хэргийн тухайд, нэхэмжлэгч “Т” ХХК нь ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч бус, “Б***” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр тус компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий “***” ил уурхайд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан төлбөр төлөх үүрэгтэй этгээдэд хамаарахгүй.

19.Иймээс маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт хууль бус тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн “... Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч төлбөр төлөхөөр тодорхой заасан байхад туслан гүйцэтгэгчид уг төлбөрийг ногдуулсан нь үндэслэлгүй ...” гэх агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.

20.Энэхүү тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т заасан төлбөрийг тухайн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид ногдуулах эсэх асуудлыг шийдвэрлээгүй бөгөөд уг асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий захиргааны байгууллага шийдвэрлэхэд энэ тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

21.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүний олонхи анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангахаар тогтов.

Энэхүү хэрэгт шүүх бүрэлдэхүүний нэг шүүгч тусгай санал гаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 127.2.4-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 122/ШШ2026/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 221/МА2026/0249 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Ө.Б***, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Г.Г*** нарын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Нөхөн төлбөр төлүүлэх тухай” 07*** дугаар актыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 (нэг зуун дөчин мянга дөрвөн зуу) төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БАНЗРАГЧ

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

              ШҮҮГЧИД                                                                 Д.БАТБААТАР

                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                                            М.БАТСУУРЬ